Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2323

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/02323

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн оршин суух Н овогт З-ийн Н /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн оршин суух Т овогт Ц-ийн Д /РД: /-д холбогдох

            зээлийн гэрээний үүрэгт 31.050.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч З.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Ц.Дгийн гуйлтаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд цувуулан нийт 21.200.000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэйгээр зээлдүүлж байсан. Уг мөнгийг зээлэх үедээ өөрт мөнгө байхгүй байсан ч “Начин заан”ББСБ-ын байгууллагаас сарын 2.5 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийн зээл авч Ц.Дд өгч байсан. Авсан зээлийн үндсэн хүүг З.Н одоо ч төлсөөр байгаа. Ц.Д нь зээл авах эхэн үедээ хүү төлж байгаад үндсэн зээлээс 500.000 төгрөг төлснөөс хойш сүүлийн 4 сарын хугацаанд үндсэн зээл, хүү хоёроо төлөхгүй байсаар утсаа ч авахгүй чимээгүй болсон. Иймд хариуцагч Ц.Дгаас үндсэн зээлийн үлдэгдэл 20.700.000 төгрөг, Иргэний хуульд заасны дагуу үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 10.350.000 төгрөгийн алданги, нийт 31.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Ц.Д шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие З.Нгээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3.500.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4.200.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 17.700.000 төгрөгийг зээлж авсан юм. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Миний бие зээлсэн мөнгөний сар тутамд 9 хувийн хүүтэйгээр, дараах байдлаар зээлийг төлсөн юм. 2016 оны 03 дугаар сарын 07-ны  өдөр 3.000.000 төгрөгийн хүү сарын 270.000 төгрөг, нийт 24 сарын 6.480.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийн хүү сарын 180.000 төгрөг, нийт 19 сарын 3.420.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгийн хүү сарын 270.000 төгрөг, нийт 3 сарын 810.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4.200.000 төгрөгийн хүү сарын 378.000 төгрөг, 2 сарын нийт 756.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийн хүү сарын 180.000 төгрөг, 2 сарын 360.000 төгрөг, нийт зээлийн хүү 16.051.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж төлсөн юм. Мөн 17.700.000 төгрөгийн зээлээс 500.000 төгрөгийг төлж, нийт 16.551.000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг. Миний бие хүү гэж 16.051.000 төгрөг төлсөн байгаа учир 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тохиролцож тооцоо нийлсэн үлдэгдэл 16.000.000 төгрөгийн хагас болох 8.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөг зээлдэн авсан зүйл байхгүй гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Ц.Дгаас зээлийн гэрээний үүрэгт 31.050.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 16.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэн 15.050.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

        Зохигчдын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдаж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3.500.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4.200.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 17.700.000 төгрөгийг хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч З.Нгээс сарын 9 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан болох нь хариуцагчийн тайлбар, мөнгө зээлсэн тухай баримтаар нотлогдож байна.

            Хэдийгээр нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Ц.Дд нийт 21.200.000 төгрөг зээлдүүлсэн, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Начин заан” финанс ББСБ-аас 5.000.000 зээлдэн авсныг хариуцагч Ц.Дд хүлээлгэн өгсөн гэж маргаж байвч нэхэмжлэгч З.Н нь нийт 21.200.000 төгрөгийг хариуцагч Ц.Дд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй, Начин заан” финанс ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь хариуцагч Ц.Дтай зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэл болохгүй.

            Харин 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн мөнгө зээлсэн тухай баримт нь хариуцагч Ц.Д нэхэмжлэгч З.Нгээс 17.700.000 төгрөгийг зээлдэн авсан гэх нотолгоо болно.

            Иймд нэхэмжлэгч нь нийт зээлдүүлсэн 17.700.000 төгрөгөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм.

Талуудын хооронд хийгдсэн мөнгө зээлсэн тухай гэгч бичгийн баримт нь зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан тооцох үндэслэл болж чадахгүй, уг баримт нь алданги шаардах эрхийг үүсгэхгүй болно.

            Зохигчид урьд төлөгдсөн төлбөрийн хэмжээн дээр маргахгүй байх ба хариуцагч нь дээрх зээлийн хүүнд 16.051.000 төгрөг, үндсэн зээл 500.000 төгрөг, нийт 16.551.000 төгрөг төлсөн бөгөөд хүүнд төлөгдсөн 16.051.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй гэж үзлээ.

            Учир нь хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдаагүй боловч зээлдэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч  сар бүр хүү төлж байсан байна.

            Хариуцагч Ц.Д 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөнгө зээлсэн тухай баримтаар үндсэн зээлийг үлдэгдэлийг 16.000.000 төгрөг гэж тооцон тодорхой графикийн дагуу төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул зээлийн үлдэгдэл төлбөр 16.000.000 төгрөгийг нэхэмжлэгч З.Нд төлж барагдуулах үүрэгтэй байна.

         Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 16.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 237.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Дгаас 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.050.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 313.200 төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дгаас 237.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХБАЯР