Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0593

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Э********

Хариуцагч: Гадаадын иргэн харьяатын газрын дарга хоорондын, сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, Э.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Э********аас Гадаадын иргэн харьяатын газарт холбогдуулан “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалин, хөлсийг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар “О.Э********т сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэгч О.Э******** нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Албан хаагчдыг томилох тухай” Б/48 дугаар тушаалаар Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн /хяналтын улсын байцаагч/-ээр томилогдсон.

Маргаан бүхий захиргааны акт болох, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “О.Э********т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/81 дүгээр тушаалаар “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0832 дугаар шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн дотоод хяналт шалгалтаар байгууллагын даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, “хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, дарамт үзүүлэх” төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр О.Э********т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Энэхүү тушаалыг нэхэмжлэгч О.Э******** эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/912 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхийг танд зөвлөе” гэсэн хариу өгсөн,

3/ Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч анх 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр “О.Э********т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, хууль зүйн үндэслэлгүй буюу хууль зөрчиж гарсан гэж үзэж байна. Гэрчээр гадаадын иргэн н. Г******** мэдүүлэхдээ “...ямар нэгэн зөрчил үйл явдалтай холбоотойгоор шалтгаант холбоо бол байхгүй, тэр хүнд учирсан хохирол байхгүй, надтай холбоотой гомдол санал байхгүй, өөрөө санаачилж гомдол гаргаагүй” гэдгээ бүрэн хэлж өгсөн боловч шүүхийн шийдвэр 2 сараар түдгэлзүүлэхээр гарсан.

"М*** **** ****" гэдэг компанийн нэр дээр 10 хүн ажлын визтэй орж ирсэн асуудлын 2   нь над дээр, 8 нь ахлах байцаагч Т****** дээр байсан. Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагаас "М*** **** ****" гэдэг компанитай холбогдуулан шалгаж байсан учраас тэрний хариуг иртэл тэр 10 хүмүүсийг нийтэд нь хүлээлгэж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-өөр завдсан гэх үндэслэл байхгүй гэж тогтоосон. Төрийн албаны тухай хуулиараа бол илтэд хууль бус гэдэг нь харагдаж байна лээ. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/79 дугаартай тушаалын үндэслэл дээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гээд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг эш татсан байх боловч энэ нь ажлаас халах биш цалингийн 20 хувиар, 3 сар гээд өөр өөр зохицуулалт байгаа.

2/ Сануулах шийтгэл хүлээлгэснээс хойш 1 жил, 1 хоног өнгөрсөн байхад дараагийнхаа халах тушаалд үндэслэл болгож оруулсан нь буруу, үндэслэл нь өөрчлөгдөөд байгаа. Өмнөх үндэслэл нь болохгүй болонгуут өөр үндэслэл гаргаж ирж байна гэж харж байна. Төрийн албаны тухай хуулийн 48.7-д сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан байдаг. Гэтэл 1 жил 1 өдөр өнгөрсөн байхад ийм тушаал гаргасан.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “1/ Гадаадын иргэн, харьяатын газрын даргын даргын 2021 оны Б/79 дүгээр тушаалыг эс зөвшөөрч иргэн О.Э******** нь 2021 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны Б/79 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх” тухай 0832 дугаартай шийдвэр гаргасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч О.Э********, түүний өмгөөлөгч Б.Даваажав нар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*** 2022 оны 01 дүгээр сарын 04 ний өдөр тус тус гардаж авсан ба нэхэмжлэгч О.Э******** нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзах хүсэлтээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргаснаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн "Гомдол гаргаагүйд тооцох тухай" 405 дугаар захирамж гарсан байдаг.

Нэхэмжлэгч О.Э******** нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газарт хандан “шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд авах” тухай өргөдөл гаргаснаар хариуцагч талаас захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй холбогдож "нэхэмжлэгч О.Э******** нь давж заалдах гомдлоосоо татгалзсаны дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 405 дугаартай захирамж гарч, дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон" талаар мэдсэн билээ.

Ийнхүү О.Э********ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд дуусгавар болсон тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0832 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсаны дагуу нөхцөл, байдлыг сайтар судалж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаал буюу шинэ захиргааны акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу Гадаадын иргэн, харьяатын газар нь 0832 дугаар шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу байгууллагын даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Дотоод хяналт шалгалт хийх тухай" 01-03/11" дугаартай удирдамж батлуулж, “Т******* *** *****" ХХК-ийн захирал /Gerilegigige/-д хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, орчуулагчтай оролцох нөхцөл боломжоор хангах зэрэг арга хэмжээг авч дотоод хяналт, шалгалтыг дахин зохион байгуулж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу О.Э********т сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр Б/81 дүгээр тушаалыг гаргасан болно.

Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаал нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинээр гаргасан захиргааны акт бөгөөд Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0832 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2/ Байгууллагын удирдлага түүнийг халах бодлого баримтлах байтугай тавьсан санал хүсэлтийг нь байнга дэмжиж ажиллаж ирсэн.

Хүсэлтийг нь үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Яагаад энэ өөрчлөлт хийгдэх болсон бэ гэхээр 2020 оны 12 дугаар сард Гадаадын иргэн, харьяатын газрын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж зарим чиг үүргүүд нэмэгдсэн. Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд О.Э********ын хүсэлтийг байгууллагын даргад уламжлаад байгууллагын дарга энэ хүний хүсэлтийг хангаад 3 дугаар сард Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газрын Төв аймаг хариуцсан ахлах мэргэжилтнээр шилжүүлэн томилсон.

Тэгэхээр энэ хүнийг халах бодлого огт баримтлаагүй. Энэ хүнийг халах хувийн болон албаны ямар нэг ашиг сонирхол байгаагүй. Өнөөдрийг хүртэл зөрчил шалган шийдвэрлэх газарт хяналтын улсын байцаагчийн 4 орон тоо дутуу ажиллаж байна. Тэгэхээр энэ хүрээнд өөрийнх нь шүүхэд тайлбарлаад байгаа шиг удирдлага халах ямар нэг бодлого баримтлаагүй.

3/ Хатуу хөл хорионы үеэр 7,7 хоногоор ээлжилж ажиллаж байсан гэж ярьж байна. Ийм зүйл байсан нь үнэн. Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг дарга, онцгой комиссын шийдвэрүүдээр ковид, цар тахлын нөхцөл байдлын улмаас албан хаагчдыг гэрээр ажиллах боломж хангаач гээд өгсөн захирамж тушаалуудыг үндэслээд гамшгаас хамгаалаг төв штаб байгуулсан.

Энэ төв штабыг тухайн үед байгууллагын даргын тушаалаар байгууллагын дэд дарга ахалж байсан. Миний бие бас нэг комиссын ахлагчаар ажиллаж байсан. 7,7 хоногоор ажиллах хуваарь гаргасан боловч төрийн алба тасралтгүй байх зарчмын дагуу онлайнаар гэрээсээ ажиллах шаардлагатай байсан. Тэгэхээр энэ бүх мэдээлэл, удирдлагын өгсөн үүрэг чиглэлүүдийг хэрэгжүүлэн ажиллах бүрэн боломж байсан гэж харж байгаа.

11 дүгээр сард хураагдаж авсан гадаадын иргэний бичиг баримтыг 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл энэ хүнийг ажлаас чөлөөлөх хяналт шалгалтыг эхлүүлэх хүртэл ямар нэг хяналт шалгалтын процесс ажиллагаа хийгдээгүй байсан. Хийгдээгүй гэдгийг саяны анхан шатны шүүгч н.Мөнх-Эрдэнийн гаргасан шийдвэрийн дагуу дахин шинжлэн, хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн дотоодын хяналт шалгалтын явцад энэ хүнийг гадаадын иргэн н. Г********тэй холбоотой зөрчлийг хянан шийдвэрлэх талаар хийсэн баримт материалыг цуглуулах гэж, дотоодын хяналт шалгалт хийсэн дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн н.Батбаярын хувьд бол байгууллагын төв архив, бичиг хэрэг, шууд харьяалах буюу зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Дөлгөөн, ахлах мэргэжилтэн н.Тамир нараас тайлбар тодруулга авахад архивын, бичиг хэргийн нэгжид хяналт шалгалт хийж энэ хүний н. Г********ийн баримт бичгийн зөрчил шалган шийдвэрлэхэд хийсэн илтгэх хуудас, бусад гаднын байгууллага лавлагаа, мэдээлэл авах албан бичиг боловсруулсан эсэх, хариу ирсэн эсэх гээд бүх талын зүйлсийг шалгаж хянасан боловч энэ хугацаанд эрхэлсэн ажил үүргээ гүйцэтгээгүй. Ийм байсныг нотлох баримтаар хавсаргаж шүүхэд өгсөн байгаа.

4/ Бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрхшээлдээ байлгах зорилгоор гадаадын иргэнтэй хувийн харилцаа тогтоохыг завдсан тул гэж байгаа. Яагаад завдсан гэсэн бэ гэхээр энэ хүн хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хийсэн үйлдлүүд нь байгаа. Сая шүүхэд тайлбар өгөхдөө н. Г******** өөрөө гомдол гаргаагүй гэсэн. н.М******** шүүгчийн хянан шийдвэрлэсэн хэргийн материал дотор байгаа. н. Г******** бол уйгаржин монгол бичгээр болон компаниа төлөөлөн крилл монгол бичгээр бичсэн өргөдөл гомдлуудыг байгууллагад өөрөө бичиж гаргасан байдаг. Мөн үүнийг өмнөх шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан.

Мөн ви чатны асуудал байгаа. Тэр хүн бол өөрөө гаргаж өгсөн. Манай байгууллагын дарга н.Ууганбаяр нь н. Г********ийн гар утсыг булааж аваад ви чатыг нь хэвлэж авсан зүйл байхгүй. Дотоод хяналт шалгалтын үеэр ви чатаас хуулбарлаж авсан тэр зурвас болон дүрст дуут мессэжүүдийг хуулбарлаж авсан албан тушаалтан тэр дээр албан бус орчуулга хийсэн.

Албан орчуулга хийсэн бүх зүйлүүд хэргийн материал дотор байгаа. Хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрхшээлдээ байлгах гэдэг нь энэ хүн ямар шалтгаанаар тухайн хүнийг хөөрхөн, муухай царай зүс, сайн муу дүү болооч ээ, нүдээ дарсан сармагчин, цай кофены дүрс илгээдэг мессэжүүд бол мэдээж албан харилцаа биш юм. Энэ харилцаанууд нь ч тэр дандаа ажлын бус цагаар буюу ихэвчлэн 22 цагаас хойш шөнийн цагаар ийм мессэжүүд бичдэг. Миний сайн дүү болооч ээ. Хэрвээ чи хүсэх юм бол. Чи их хөөрхөн юм аа зэргээр удаан хугацаанд үргэлжилсэн мессэжүүд байсан. Манай байгууллага үйл ажиллагаандаа баримталдаг хууль тогтоомж, бусад журам, стандартад бол энэ нь нийцэхгүй. Тэгэхээр энийг бол хувийн ашиг сонирхол гэж үзэж байгаа. н. Г********ийн өөрийн гаргасан гомдол зэргээр энэ нь хүссэн үр дүндээ хүрээгүй учраас эрх зүйн онолоо баримтлан бид завдсан гэж шийдвэр гаргасан.

Шийдвэр гаргахдаа байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар мөн хэлэлцсэн. Зөвлөл 9 гишүүнтэй. Хурлаар хэлэлцсэн тэмдэглэл, гаргасан саналуудыг байгууллагын зүгээс нотлох баримтыг шүүхэд гаргаж танилцуулж байсан. Сая Э.О*** төлөөлөгчийн тайлбарласны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан 2 тушаал хоорондоо ямар ч холбоогүй.

Бид шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг шат дараалан хэрэглэхгүй гэсэн энэ зарчмыг баримталсан учир тэр хариуцлагатай жижүүр хийж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхдаа үйлчлүүлэгчийн хүлээлгэж тааламжгүй харилцаа үүсгэсэн. Үйлчлүүлэгчид хүндрэл учруулсан зэрэг камерын бичлэгийг СД дээр хуулбарлан гаргаж өгсөн байгаа.

5/ О.Э******** бол энэ сахилгын шийтгэлийг би мэдээгүй гэж байна. Мэдээд хариу өгсөн байсныг Э.О*** төлөөлөгч сая ярьсан. Уг хүсэлт нь юу байсан бэ гэхээр хяналтын камерын бичлэгийг дахин үзэж шийдвэрийг нягталж үзнэ үү гэсэн хүсэлт байсан. Гэтэл дотоод хяналт шалгалтын хүрээнд авагдсан баримт материалууд дээр хяналтын камерын бичлэгийг шүүгээд СД дээр хуулбарлаад нотлох баримтаар тухайн үед хяналт шалгалтыг явуулж байсан дотоод аюулгүй байдал хариуцсан н.Гантулга гэх ахлах мэргэжилтэн хуулбарлаж авч энэ камерын бичлэг дээр үндэслэн илтгэх хуудас танилцуулга сахилгын арга хэмжээний саналаа бичсэн учраас бид О.Э********ын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм.

Гадаадын иргэн н. Г******** гэдэг эсрэг хүйсийн эмэгтэй хүнтэй албан бус харилцаа үүсгэсэн чат нь бол хувийн харилцаа юм. Албаны харилцаа бол зөвхөн паспорт, бичиг баримт, Монгол улсад оршин суух зөвшөөрлийн харилцаа байх ёстой. Гэтэл энэ хугацаанд хийсэн нэг ч нотлох баримт өнөөдрийг хүртэл манай байгууллагын архив, бичиг хэрэгт байхгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.О*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Нэмэгдүүлсэн шаардлага буюу сануулах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлагынх нь хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 48.9-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан журмын 8.1-д мөн үндэслэлгүй, буруу оногдуулсан гэж үзэх юм бол гомдлоо 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг.

Гэвч О.Э******** тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Өмнөх Б/79 дүгээр тушаалыг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр нэмэгдүүлсэн шаардлага гаргаад шийдвэрлүүлэх боломжтой байсан. Одоо бол энэ Б/81 тушаалтай огт холбоогүй нэхэмжлэл гаргасныг анх хүсэлт гаргахад нь хариуцагч талаас хэлж байсан.

Хариуцлагатай эргүүл жижүүрээр ажиллаж байх хугацаандаа байгууллагын үйлчилгээний стандарт үйлчлүүлэгчтэй эелдэг боловсон харьцах гэдэг ийм журмын заалтыг зөрсөн. Ковидын үед мөрдүүлж байсан зай барих, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм мөн өөрөө болохоор СД дээр байгаа бичлэг дээр харагдаж байгаа. Үйлчлүүлэгчийг орж ирэхэд хамгаалах хэрэгсэл буюу хамгаалалтын малгайгаа өмсөөгүй сууж байгаад л үйлчлүүлэгчийг 2 минут гаруй хугацаанд хүлээлгэж байгууллагын дарга яг хажуугаар нь зөрж яваад энэ зөрчлийг өөрийн биеэр харсан учраас үүн дээр дотоод хяналт шалгалт мөн явагдаж үндэслэлтэй байна гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Энэ нь Б/81 дүгээр тушаал буюу гадаадын иргэний асуудлыг шийдвэрлэхгүй удаасан гэдэг асуудлаар гаргасан Б/79 дүгээр тушаалтай ямар агуулгын хувьд шалтгаант холбоо байхгүй. Өөрөө бол өмнөх энэ хүсэлтийг гаргасан шүүх хуралдаан дээр би мэдээгүй байсан гэж хэлдэг. Мэдсэн байсан нь шүүхэд гаргасан хэргийн материалууд дотор тодорхой байж байгаа.

Хавтаст хэргийн 202 дугаар хуудас дээр сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал дээр өөрийн гараар дахин ийм зөрчил гаргахгүй гэж бичсэн байгаа тайлбараас харагдана. Мөн шүүхэд анх үндсэн шаардлагаа гаргаж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ бас тодорхой бичсэн байгаа юм. Тэр дээр Б/63 тоот тушаалаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ноогдуулж энэ тушаалыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж Төрийн албаны зөвлөлд хандан гомдлоо гаргах гэж байхад Б/79 дүгээр тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан гэж өөрөө бичсэн байгаа. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/79 дүгээр тушаал гарах үед сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан байсан гэдгийг мэдсэн бөгөөд энэ талаар бичгээр тайлбар хүсэлт бичсэн байгаа нь тодорхой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх юм бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалт байдаг. Иймд О.Э********ын шүүхэд гаргасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч О.Э********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Нэхэмжлэгч О.Э******** шүүхэд хандаж “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалин, хөлсийг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар “О.Э********т сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, эдгээр үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Тэр хүнд учирсан хохирол байхгүй, надтай холбоотой гомдол, санал байхгүй гэдгээ хэлсэн, анх гаргасан болон сүүлийн тушаалуудын үндэслэл нь өөрчлөгдөөд байгаа, Төрийн албаны тухай хуулийн 48.7-д зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болсон байхад өмнөх шийтгэлийг үндэслэн тушаал гаргасан нь хууль бус” гэж тодорхойлсныг, хариуцагчаас “..Гадаадын иргэн, харьяатын газар нь 0832 дугаар шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу...дотоод хяналт, шалгалтыг дахин зохион байгуулж, сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр Б/81 дүгээр тушаалыг гаргасан...,нэмэгдүүлсэн шаардлагын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалин, хөлсийг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох, Гадаадын иргэн, харьяатын газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “О.Э********т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/81 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.8 дахь хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.3.2, 1.3.3, 1.4, 1.5.3, 3.4.5-т заасныг тус тус үндэслэн “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0832 дугаар шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн дотоод хяналт шалгалтаар байгууллагын даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, “хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, дарамт үзүүлэх” төрийн албаны хаагчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр О.Э********т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу...сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх...халах;”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж тус тус заасан.

Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн”, 1.3.2-т “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн”, 1.3.3-т “хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албаны үүргээ биелүүлээгүй” бол гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “О.Э********т сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/63 дугаар тушаалаар “...Хариуцлагатай жижүүрийн үүрэг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон...” гэх үндэслэлээр түүнд “сануулах”,

Мөн Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “О.Э********т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/79 дүгээр тушаалаар “...Бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрхшээлдээ байлгах зорилгоор гадаадын иргэнтэй хувийн харилцаа тогтоохыг завдсан...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Э********ыг “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл тус тус ногдуулсан,

Нэхэмжлэгч  нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “О.Э********т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/79 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 0832 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг тус тус баримтлан...Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/79 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зааж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/79 дүгээр тушаал хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэсэн,

Ийнхүү шийдвэрлэхдээ “...уг тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д заасантай хэрхэн нийцэж байгаа талаар хангалттай нотлоогүй,....нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журам, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, албан тушаалын бүрэн эрхээ урвуулах ашиглах, хэтрүүлсэн, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах гэх нөхцөл байдлууд нь тогтоогдохгүй байхад бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрхшээлдээ байлгах зорилгоор гадаадын иргэнтэй хувийн харилцаа тогтоохыг завдсан гэх үндэслэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалган тогтоогоогүй,...хариуцагч нь дээрх процесс ажиллагааг хийлгүйгээр, эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжгүйгээр шалгалтыг хийж гүйцэтгэснийг зөвтгөх боломжгүй...Нөгөөтэйгүүр “ Т****** *** *****” ХХК-ийн захирал буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн  G**********  / Г******** гэх/ нэхэмжлэгчтэй холбогдуулж гомдол гаргаагүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн бөгөөд түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй, хэлмэрч, орчуулагчийг оролцуулалгүй тайлбар, мэдүүлэг авсан нь мөн хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нь зөрчлийг тал бүрээс нь үнэн бодитой тогтоох үүрэгтэйн хувьд уг ажиллагаанд гадаадын иргэн оролцож байгаа тохиолдолд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангах учиртай...Иймд хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны удирдамжаар, гадаадын иргэн оролцож байгаа тохиолдолд түүнд эрх үүргийг тайлбарлаж, хэлмэрч, орчуулагчийг оролцуулан дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй” гэж дүгнэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдов.

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч О.Э********аас хариуцагч байгууллагад хандаж “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд авах тухай” өргөдөл гаргасны дагуу хариуцагч байгууллага нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь давж заалдах гомдлоосоо татгалзсан үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаар захирамжаар, О.Э********ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд дуусгавар болсныг мэдсэн гэж хариуцагч тайлбарласан, уг тайлбартай нэхэмжлэгч маргаагүй.

Түүнчлэн Хариуцагч захиргааны байгууллагаас дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд дараахь үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн, үүнд:

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Дотоод хяналт шалгалт хийх тухай" 01-03/11" дугаар удирдамжийн дагуу 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Захиргаа удирдлагын газрын дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батбаяраас “ Т****** *** *****” ХХК-ийн захирал  Г********, /орчуулагч Н.Мөнхцэцэгийг оролцуулан/ Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбат болон Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Б.Тамир нартай тус тус ярилцлага хийж,

2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01-03/47 дугаар “Илтгэх хуудас”-аар “...О.Э******** нь Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа БНХАУлсын иргэн  G**********  / Г********/-т холбогдох зөрчлийг шалгахдаа Хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.1-д заасан “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүн хуулийн этгээдийн зөрчлийг шийдвэрлэх” гэх заалтыг хэрэгжүүлээгүй, БНХАУлсын иргэн  G**********  / Г********/-тэй эмэгтэй хүнийх нь хувьд илт сонирхсон агуулгатай мессеж бичсэн, хувийн харилцаа тогтоохыг оролдсон үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 (албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах)-д заасан үүргийг биелүүлээгүй, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасан “39.1.4.(албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр... эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх)-т заасныг тус тус зөрчсөн байна. Энэ нь... ярилцлагын тэмдэглэл, түүний ирүүлсэн wechat-аар О.Э********тай харилцсан мессежний хуулбар, түүнд хийсэн албан ёсны орчуулга... G**********  / Г********/-ийн удаа дараагийн тайлбар, ярилцлагын тэмдэглэл болон өөрийнх нь өгсөн тайлбар, хүсэлтээр тогтоогдож байна. О.Э********ын энэ үйлдэл нь гадаадын иргэнтэй албан бус хувийн харилцаа үүсгэснийг нотолж байна” гэж дүгнэн улмаар “...О.Э********т Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсныг харгалзан үзэх”-ийг санал болгосны дагуу хариуцагч уг маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

Түүнчлэн тус байгууллагаас 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр О.Э********т “төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” байгууллагын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаал батлагдсан талаар утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгчээс “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, гадаадын харьяат 10 хүний асуудал орж ирсний 2-ыг нь би шалгаж үлдсэнийг нь н.Тамир ахлах шалгасан, тухайн асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байсан тул тэндээс хариу ирэхийг хүлээж байсан…” гэж тайлбарлан маргасан боловч тэрээр БНХАУлсын иргэн  Г******** / G********** /-ийн асуудлыг хугацаанд нь шийдвэрлээгүй болох нь Дотоод хяналт шалгалтын явцад Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбатын “...О.Э********ын дуудаж иргэний асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх талаар үүрэг өгсөн...О.Э******** нь түүний ажлын байранд ажлын бус цагаар өөрийн найз гэх хүний хамт очсон, хоол унд архи дарсаар дайлуулсан, тодорхойгүй шалтгаанаар оройн цагаар залгадаг мессеж бичдэг, санал тавьдаг, вичат программаар холбогддог талаар ярьсан” гэж, Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Б.Тамирын “...хяналтын улсын байцаагч нь зөрчилтэй холбоотой асуудлыг хамгийн боломжтой богино хугацаанд шалгаж шийдвэрлэх үүрэгтэй...Гэтэл  Г********ийн виз, оршин суух зөвшөөрлийн ангилалтай холбоотой зөрчлийг шалгаж шийдвэрлэхгүйгээр шалгалтын ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, нэгжийн удирдлагад танилцуулаагүй 3 сар гаруй хугацаанд тухайн иргэний бичиг баримтыг өөр дээрээ хадгалсан байсан. Гадаадын иргэдийн асуудлыг 2021 оны 01 дүгээр сард манай алба хаагч нар бүгдийг шалгаж дууссан, харин О.Э********т яаралтай дуусгахыг шаардаж сануулан хэлж байсан” гэх тайлбаруудаар тус тус тогтоогдсон, энэ нь нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Нэхэмжлэгчээс, “би хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, дарамт үзүүлэх зөрчил гаргаагүй, тэр хүнд учирсан хохирол байхгүй, надтай холбоотой гомдол санал байхгүй, өөрөө санаачилж гомдол гаргаагүй гэдгээ бүрэн хэлж өгсөн” гэх үндэслэлээр тайлбар гаргаж маргасан боловч Дотоод хяналт шалгалтын явцад иргэн  Г******** / G********** /-тэй 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хийсэн ярилцлагад “...дарамттай байсан, тухайн үед ирүүлж байсан мессежний хуулбарыг хүсэлтийнхээ хамт байгууллагын захиргаанд өгсөн,...хяналтын улсын байцаагч О.Э******** миний бичиг баримтыг 2020 оны 12 дугаар сард байх аа хурааж авсан, Ууганбаяр гэдэг дарга 2021 оны 3 дугаар сарын дундуур надад өгсөн, 23 цагийн үед бичээд байдаг байсан, 2021 оны 01 дүгээр сарын эхээр манай үйлдвэр дээр 20 цагийн үед ирж хөзөр тоглож байгаад 01 цагийн үед явсан...” гэж мэдүүлснээс үзвэл нэхэмжлэгч О.Э********ын дээрх тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч О.Э********т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, Гадаадын иргэн харьяатын албаны даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Э******** нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг” болох 37.1.13-ын “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан төрийн албан хаагчид хориглосон үйлдэл гаргасан болох нь тус байгууллагын Дотоод хяналт шалгалтын явцад тогтоогдсон тул энэ үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т зааснаар О.Э********ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт хууль зөрчөөгүй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байна.

Хоёр. Нэхэмжлэгчээс гаргасан, “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “О.Э********т сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Дээрх захиргааны актаар нэхэмжлэгч О.Э********ыг “...Хариуцлагатай жижүүрийн үүрэг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон...” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1-д Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4а, 4.4, Байгууллагын даргын 2020 оны А/97 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1-д заасныг тус тус үндэслэн түүнд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б/63 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн Төрийн албаны зөвлөлд хандаж гомдлоо гаргах гэж байхад  2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/79 дүгээр тушаал гаргаж төрийн албанаас халсан, 1 жил дотроо сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно, 1 жил өнгөрсөн, нөгөө талаар би тухайн зөрчлийг гаргаагүй” гэж тодорхойлон маргасныг хариуцагчаас “...2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “О.Э********т сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/63 дугаар тушаалын талаар сонсох ажиллагаа явуулсан, тушаалын талаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан боловч нэхэмжлэл гаргаж маргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон...” гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч О.Э******** нь “...байгууллагын “Гамшгаас хамгаалах шуурхай штаб”-ын даргын 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан хуваарийн дагуу 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж, байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн халууныг хэмжиж бүртгэл хөтлөх хугацаандаа тухайн өдөр үйлчлүүлэхээр ирсэн иргэн /эмэгтэй/-г үл хүндэтгэн түүнийг дэргэдээ зогсоон хүлээлгэж 2 минутын турш гар утсаараа ярьсан, тухайн үйлдлийг байгууллагын дарга гарч ирж зогсоосон” гэх зөрчлийг гаргасан болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу явуулсан албаны шалгалтын талаарх “Илтгэх хуудас”, хариуцлагатай жижүүрийн хуваарь баталсан тушаал, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/199 дүгээр тушаалаар баталсан “Хариуцлагатай эргүүл, жижүүрийн ажиллах журам”-ын  “Гурав”-ын 3.2-т заасан “Үйлчлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч болон зочинтой зөв боловсон харьцаж, байгууллагын нэр хүндийг ямагт өндөрт авч явна” 7.1-д заасан “Хариуцлагатай жижүүр нь үүрэг гүйцэтгэж байхдаа бусдыг үл хүндэтгэх, зүй бус авир гаргах...зэрэг зүйлийг хориглоно” заалтуудаар тус тус тогтоогджээ.

Түүнчлэн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч О.Э********т дээрх шалгалтын материалыг танилцуулж улмаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулахаар тушаал гарч байгааг мэдэгдсэн байх ба үүний дараа хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б/79 дүгээр тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас халсан, нэхэмжлэгч 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр анх шүүхэд Б/79 дүгээр тушаалын талаар маргасан боловч “О.Э********т сануулах сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалын талаар гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байна.

Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;” гэж зааснаар нэхэмжлэгч нь Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан, сануулах шийтгэл хүлээснээс хойш 1 жил өнгөрсөн” гэж маргасан боловч нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл хүлээсний дараа дахин зөрчил гаргасны улмаас 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б/79 дүгээр тушаалаар төрийн албанаас халагдсан, уг асуудлаар маргаан үүсч цааш үргэлжилсэн, улмаар хариуцагчийн, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалын нэг үндэслэл болгосон байх тул  “сануулах” сахилгын шийтгэлийн тухайд хуулийн 48.7-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа үйлчлэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “...шүүх Б/79 дүгээр тушаалыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, хариуцагч шинэ акт гаргахгүй энэ хугацаа өнгөрсөн тул маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон” гэж тайлбарлан маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч О.Э******** нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны улмаас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа нөхцөлд хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээхгүй, шийдвэрт заасан 2 сарын хугацаа тоологдох эхлэхгүй.

 Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 405 дугаар захирамжаар гомдол гаргаагүйд тооцож шийдвэрлэснээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0832 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох тул ийнхүү шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө бичигдсэн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0097 дугаар “Гүйцэтгэх хуудас” болон 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2382 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж” эрх зүйн үйлчлэлгүй.

Ийнхүү 0832 дугаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хариуцагч захиргааны байгууллагад үүрэг ногдуулсан 2 сарын хугацаа тоологдож эхлэх ба хариуцагч захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулан улмаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаал гаргасан нь шүүхээс тогтоосон 2 сарын хугацааны дотор хамаарч байгаа нөхцөлд Б/79 дүгээр тушаалыг хүчингүй болсон гэж дүгнэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байх тул хүчингүй болгох боломжгүй, харин 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Э********аас гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалин, хөлсийг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э********аас гаргасан  “Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар “О.Э********т сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН