Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0684

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     О.Э-ын нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 593 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч О.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч О.Э,

Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх, цалин, хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 593 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2022/0468/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 593 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Э-аас гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх, цалин, хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: О.Э нь 2009 оноос эхлэн Гадаадын иргэн, харьяатын газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад Гадаадын Иргэн харьяатын газрын даргын 2021 оны 03-р сарын 11-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Агаарын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн /хяналтын улсын байцаагч/-аар томилогдон ажилласан. О.Э нь ажил үүргээ хууль тогтоомжид заасны дагуу үнэнч шударгаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэж байхад Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 03-р сарын 15-ны өдрийн Б/63 тоот тушаалаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн "сануулах" сахилгын шийтгэл оногдуулж энэхүү тушаалыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Төрийн албаны зөвлөлд хандан гомдлоо гаргах гэж байхад гадаадын Иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 03-р сарын 22-ны өдрийн Б/79 тоот тушаалаар "төрийн албанаас халах" сахилгын шийтгэл оногдуулсан О.Э миний бие нь энэхүү тушаалыг эс зөвшөөрч төрийн албаны зөвлөлд хандан, дараа нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл 2 гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 07-ны өдрийн 0832 дугаар шийдвэрээр: "...Төрийн албаны тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.4, 48-р зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг баримтлан О.Э-ын нэхэмжлэлтэй Гадаадын Иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 03-р сарын 22-ны өдрийн Б/79 тоот тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-р зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 03-р сарын 22-ны өдрийн Б/79 дүгээр тушаал хүчингүй болсонд тооцсугай..." гэж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч О.Э би эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан 2 сарын хугацаа өнгөрсөн тул гаргасан тушаал нь хүчингүй болсон гэж үзэн давж заалдсан гомдлоосоо татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02-р сарын 17-ны өдрийн 405 дугаар "давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай" захирамж гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, Гадаадын Иргэн, харьяатын газраас шүүхийн шийдвэрт заасны дагуу дахин шинэ акт гаргаагүй тул "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03-р сарын 17-ны өдрийн 2382 дугаар захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болно. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03-р сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр "О.Эт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал гарч, энэхүү тушаалыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04-р сарын 20-ны өдөр 224/220 тоот "шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол" гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдсэн.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03-р сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр "О.Эт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал нь нь шүүхийн шийдвэрийг ул хүндэтгэсэн, хууль зүйн үндэслэлгүй буюу хууль зөрчиж гарсан гэж үзэж байна. "Т" ХХК-иас О.Эыг сахилгын зөрчил гаргасан гэх гомдлыг 2021 оны 03-р сарын 01-нд өгсөн гэх, зөрчил гаргасан гэх зөрчил нь 2020 оны 11-р сард болсон гэх бөгөөд энэхүү гомдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас 2021 онд шалгасан, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дахин 2022 онд шалгасан гэх нь өөрөө хууль зөрчиж явагдсан гэж үзэхээс өөр арга үгүй болно. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "...мэргэшсэн, тогтвортой байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах...ил тод байх нь төрийн албаны үндсэн зарчим мөн", 48.5.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. 48.6.Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно, 48-р зүйлийн 48.7-т "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно", 49.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, хориглоно, 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн түр чөлөөлөх, халахыг албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх ...зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зорчих"-ийг хориглосон эрх зохицуулалтуудыг үл хэрэглэн, хууль бус акт гаргаж, холбогдох зүйн хуулиудыг зөрчсөн байна.

Үүнээс болж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан "Шударга ёс...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн суурь зарчим алдагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.1-д "Хуульд үндэслэх", 4.2.5-д "бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэсэн тусгай зарчмуудыг хариуцагч тал илт зөрчсөн нь тодорхой байна. Анхан шатны шүүх үйл баримтыг тогтоогоогүй байтлаа хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмыг зөрчсөн, Захиргааны Ерөнхий хуулийн 40-р зүйлийн 40.4-т "Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана" 47-р зүйлийн 47.2. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.47.3.Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.47.4.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно... гэснийг тус тус зорчин ойлгомжгүй, үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан, бодит байдалд нийцүүлэн үнэлээгүй хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг хангах боломжтой байтал тэдгээрийг анхаарч үзэлгүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

 Мөн нэхэмжлэгч О.Э нь 2022 оны 08 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаа оролцох хүсэлттэй байна, манай өмгөөлөгч орон нутагт явж байгаад машин эвдэрч замын унаанд суугаад ирж байгаа бөгөөд шүүх хуралд хараахан амжиж ирж чадахгүй талаараа хэлэхэд шүүгч та өөрөө эрх зүйч мэргэжилтэй хүн байна, удаан өмгөөлөгчгүй оролцох боломжтой гэдэг асуудал ярьж шүүх хурал эхэлсэн болно. ажилласан

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. 20.1.3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй, 34-р зүйлийн 34.1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 34.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. 34.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. 34.4. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий уйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. 34.5. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зорчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. 91-р зүйлийн 91.3.Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана. 121-р зүйлийн 121.3.1.анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Гомдлын шаардлага: Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч,  түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч О.Э-аас Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх, цалин, хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0832 дугаар шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн дотоод хяналт шалгалтаар байгуулсан даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, “хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, дарамт үзүүлэх” төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг зөрчсөн тул нэхэмжлэгч О.Эт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

4. Давж заалдах гомдолд “... Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаал нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, Төрийн албаны тухай хуулийн 48.5, 48.7-д заасныг үл хэрэглэн сахилгын зөрчил гарснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад 2022 онд шалгаж шийдсэн нь хууль зөрчсөн” гэжээ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0832 дугаар шийдвэрээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны Б/79 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч О.Э уг шийдвэрт гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсаныг тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаар захирамжаар гомдол гаргаагүйд тооцжээ.

6. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар “О.Э-т халах сахилгын шийтгэл ногдуулсныг дээрх шүүхийн шийдвэрийн 3-т “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд  хариуцагч нь ... дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяаллын газрын даргын 2021 оны Б/79 дүгээр тушаал хүчингүй болсонд тооцсугай” гэж заасан 2 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

7. Учир нь тухайн 2 сарын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцох бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг гомдол гаргаагүйд тооцсон захирамж гаргаснаас хойш 2 сарын хугацаа дуусаагүй байхад хариуцагч дахин шинэ актаа гаргасан байх тул анхан шатны шүүхийн энэ талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

8. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл хүлээсний дараа дахин зөрчил гаргасны улмаас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б/79 дүгээр тушаалаар төрийн албанаас халагдсан, уг тушаалын талаар нэхэмжлэгч шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн, шүүхийн шийдвэрт заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл хэргийн нөхцөл байдлыг шалгасан байх тул уг хугацааг Төрийн албаны тухай хуулийн  48.5, 48.7-д заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй болон шийтгэлгүйд тооцох хугацаанд оруулан тооцохгүй, шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй.

9. Мөн нэхэмжлэгч нь “... анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан, үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ... нотлох баримтыг дутуу цуглуулсан, бодит байдалд нийцүүлэн үнэлээгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангах боломжтой байхад хангаагүй” гэх зэргээр гомдол гаргажээ.

10. Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын дарга нь шүүхийн 2021 оны 832 дугаар шийдвэрт “... О.Эт холбогдох сахилгын хэргийг шалгахдаа удирдамжгүй хийсэн, мөн түүний талаар гомдол гаргасан гадаадын иргэнээс тайлбар авахдаа орчуулагч оролцуулаагүй тул хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулж дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж заасны дагуу хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр удирдамж баталж, хяналт шалгалт явуулж, “Т” ХХК-ийн захирал, БНХАУ –ын иргэн Gerileqiqige /Г/-ийг орчуулагч Н.М-г оролцуулан тайлбар авч, О.Э нь “... тус иргэний виз, оршин суух зөвшөөрлийн талаарх асуудлыг шийдвэрлэхгүй 3 сар гаруй хугацаанд өөр дээрээ хадгалсан, түүний ажлын байранд ажлын бус цагаар очсон, тодорхойгүй шалтгаанаар оройн цагаар залгадаг, албаны бус шалтгаанаар мессеж бичдэг” зэрэг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг зөрчсөн сахилгын зөрчил гаргасныг тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт болох Б/81 дүгээр тушаал гаргасныг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Мөн давж заалдах гомдолд “... шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох эрх хангаагүй” гэх боловч өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ гаргасан боловч хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан үргэлжлүүлэх талаар тайлбар гаргасны дараа өмгөөлөгчгүйгээр өөрөө оролцоод явах боломжтой талаар тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

12. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ