Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/00936

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 06 өдөр

                Дугаар 183/ШШ2022/00936

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч овогтой, Б.Т-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 80.800.800 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э.

Гэрч: Х.Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Т нь “Х” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 80.800.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн багцын Г блокт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Х” ХХК-ийн саналын дагуу Б.Т нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 57 дугаар гудамж, 7 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2201025416 тоот дугаартай, нэгж талбарын 18635312815998 дугаартай 390 м.кв газар болон Ү-2201039233 тоот гэрчилгээтэй, 27 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг “Х” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хооронд баригдах 2017 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох 3 өрөө, 40 м.кв талбайтай, 58.000.000 төгрөгийн орон сууцаар солихоор харилцан тохиролцсон. Ингээд “Х” ХХК, Б.Т нар 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 1/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г тус тус байгуулсан. Гэтэл “Х” ХХК нь гэрээний дагуу орон сууцаа барихгүй байсан ба 2016 оны зун уулзахад “одоо барилга эхлэх гэж байна, газраа чөлөөлж, нүүгээрэй” гэж хэлсний дагуу Б.Т нь нүүж, 2017 оны 01 дүгээр сараас эхлэн Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, 510 дугаар байр, 111 тоот 37.9 м.кв талбайтай, 2  өрөө байрыг сарын 500.000-750.000 төгрөгөөр хөлсөн, уг хаягт амьдарч байна. Гэтэл “Х” ХХК нь одоо хүртэл орон сууцаа барьж, ашиглалтад оруулсангүй. Иймд 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.3.1.1-т зааснаар орон сууцыг барьж, ашиглалтад оруулаагүй тул уг орон сууцны үнэ болох 58.000.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.6-д заасны дагуу түр суурьшуулах зардал буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд орон сууц хөлсөлсөн зардал /57 сарыг 400.000 төгрөгөөр тооцон/ 22.800.000 төгрөг, нийт 80.800.800 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Б.Т-ийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа ба гэрээнээс татгалзаагүй гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х” ХХК, Б.Т нар 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээ”, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээ’’-г тус тус байгуулсан боловч 3 талт гэрээний нэг тал болох Гэр хорооллын хөгжлийн газар нь гэрээний дагуу дэд бүтцийн буюу цэвэр усны шугамын барилга угсралтын ажил, бохир усны шугамын барилга угсралтын ажил, цахилгааны шугамын барилга угсралтын ажил, холбоо дохиоллын шугамын ажлуудыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас төслийн үйл ажиллагаа хойшилсон. Манай компанийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны төсөл хэрэгжүүлэх хэсэгчилсэн талбайд улсаас гүйцэтгэх ёстой дэд бүтцийн ажил шийдэгдэхийг хүлээж байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй. Түүнчлэн иргэн Б.Т-ийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 57 дугаар гудамж 7 тоотын 390 м.кв газрыг албан ёсоор чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй бөгөөд тус хороонд нэг ч айлын газрыг чөлөөлөөгүй болно. Өөрөөр хэлбэл 2 талт гэрээний 2.6-д заасныг хэрэгжүүлэхэд иргэнд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж, тус газарт буй үл хөдлөх хөрөнгийг буулгах, нүүлгэх ажлыг хийж эхэлснээс хойш түр суурьшуулах зардлыг төлж эхлэх юм. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс “Х” ХХК, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, “Х” ХХК, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”, гэрээг хүлээлгэн өгсөн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/02 дугаар баримт, Б.Т-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 57 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 000356535 дугаар гэрчилгээ, мөн уг хаягт байршилтай, 18635312815998 нэгж талбарын дугаартай, 390 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 000267464 дүгээр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Х” ХХК-д төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 2014 оны Батламж, Б.Т, Х.Д нарын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”, Түрээсийн гэрээний төлбөр тооцоо хийсэн баримт, фото зураг, Орон сууцны бодлогын газрын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 03/361 дүгээр “Тодорхойлолт” гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Х.Дэлгэрмааг оролцуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Т-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 80.800.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.3.1.1-т зааснаар орон сууцыг барьж, ашиглалтад оруулаагүй тул уг орон сууцны үнэ болох 58.000.000 төгрөг, мөн гэрээний 2.6-д заасны дагуу түр суурьшуулах зардал буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орон сууц хөлсөлсөн зардалд /57 сарыг 400.000 төгрөгөөр тооцон/ 22.800.000 төгрөг, нийт 80.800.800 төгрөгийг гаргуулах гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ’’-ний нэг тал болох Гэр хорооллын хөгжлийн газар нь гэрээний дагуу дэд бүтцийн буюу цэвэр усны шугамын барилга угсралтын ажил, бохир усны шугамын барилга угсралтын ажил, цахилгааны шугамын барилга угсралтын ажил, холбоо дохиоллын шугамын ажлуудыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс төслийн үйл ажиллагаа хойшилсон. “Х” ХХК-ийн зүгээс дээрх дэд бүтцийн ажил шийдэгдэхийг хүлээж байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй. Мөн “Х” ХХК нь газраа чөлөөлөхийг албан ёсоор Б.Т-д мэдэгдээгүй, тус хороонд нэг ч айлын газрыг чөлөөлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

4.1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Х” ХХК, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, “Х” ХХК, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”, гэрээг хүлээлгэн өгсөн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/02 дугаар баримт, Б.Т-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 57 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 000356535 дугаар гэрчилгээ, мөн уг хаягт байршилтай, 18635312815998 нэгж талбарын дугаартай, 390 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 000267464 дүгээр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Х” ХХК-д төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 2014 оны Батламж, Б.Т, Х.Д нарын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”, Түрээсийн гэрээний төлбөр тооцоо хийсэн баримт, фото зураг, Орон сууцны бодлогын газрын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 03/361 дүгээр “Тодорхойлолт”, гэрч Х.Д-ийн мэдүүлэг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.2. Б.Т нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 57 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн уг хаягт байршилтай, 18635312815998 нэгж талбарын дугаартай, 390 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Х” ХХК-ийн өмчлөлд, “Х” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдах /2017 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох/ барилгаас 58.000.000 төгрөгийн үнэтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Т-ийн өмчлөлд харилцан шилжүүлэхээр талууд тохиролцож, 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г байгуулсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хүчин төгөлдөр “Арилжааны гэрээ”-г байгуулсан байна гэж дүгнэв.

 

“Х” ХХК, Б.Т нар уг гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлээгүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж “Х” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд барилга барьж, ашиглалтад оруулаагүй талаар зохигч маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Б.Т нь уг гэрээний 2.3.1-д заасан “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдах барилгаас олгох 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ 58.000.000 төгрөг”-ийг хариуцагч “Х” ХХК-иас шаардах эрхгүй юм.

 

4.3. “Х” ХХК, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/02 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.6-д “Газар, үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон тохиолдолд түр суурьшуулах асуудлыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов. Хэрвээ газар чөлөөлтөд орсон тохиолдолд түр суурьшуулах зардлыг төсөл хэрэгжүүлэгч “Х” ХХК хариуцна” гэж заасны дагуу Б.Т-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 57 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 18635312815998 нэгж талбарын дугаартай, 390 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь “газар чөлөөлтөд орсон” болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Т нь уг гэрээний 2.6-д зааснаар “...түр суурьшуулах зардалд 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орон сууц хөлсөлсөн 57 сарыг 400.000 төгрөгөөр тооцон 22.800.000 төгрөг”-ийг хариуцагч “Х” ХХК-иас шаардах эрхгүй болно.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар Б.Т-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 80.800.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 561.954 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан Б.Т-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 80.800.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 561.954 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД