Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01211

 

 

 

 

 

2022 06 27 210/МА2022/01211

 

Б.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/00936 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Тийн хариуцагч ХП ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 80,800,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн багцын Г блокт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ХП ХХК-ийн саналын дагуу Б.Т нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2201025416 тоот дугаартай, нэгж талбарын 18635312815998 дугаартай газар болон Ү-2201039233 тоот гэрчилгээтэй, 27 үл хөдлөх хөрөнгийг ХП ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хооронд баригдах 2017 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох 3 өрөө, 40 м.кв талбайтай, 58,000,000 төгрөгийн орон сууцаар солихоор харилцан тохиролцсон. Ингээд ХП ХХК, Б.Т нар 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/02 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 1/02 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г тус тус байгуулсан. Гэтэл ХП ХХК нь гэрээний дагуу орон сууцаа барихгүй байсан ба 2016 оны зун уулзахад одоо барилга эхлэх гэж байна, газраа чөлөөлж, нүүгээрэй гэж хэлсний дагуу Б.Т нь нүүж, 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2 өрөө байрыг сарын 500,000-750,000 төгрөгөөр хөлслөн, амьдарч байна. Гэтэл ХП ХХК нь одоо хүртэл орон сууцаа барьж, ашиглалтад оруулсангүй. Иймд орон сууцыг барьж, ашиглалтад оруулаагүй тул уг орон сууцны үнэ болох 58,000,000 төгрөг, түр суурьшуулах зардал буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд орон сууц хөлсөлсөн зардал 22,800,000 төгрөг, нийт 80,800,800 төгрөгийг ХП ХХК-аас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Б.Тийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа ба гэрээнээс татгалзаагүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХП ХХК, Б.Т нар 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/02 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1/02 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээ-г тус тус байгуулсан боловч 3 талт гэрээний нэг тал болох Гэр хорооллын хөгжлийн газар нь гэрээний дагуу дэд бүтцийн буюу цэвэр усны шугамын барилга угсралтын ажил, бохир усны шугамын барилга угсралтын ажил, цахилгааны шугамын барилга угсралтын ажил, холбоо дохиоллын шугамын ажлуудыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас төслийн үйл ажиллагаа хойшилсон. Манай компанийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны төсөл хэрэгжүүлэх хэсэгчилсэн талбайд улсаас гүйцэтгэх ёстой дэд бүтцийн ажил шийдэгдэхийг хүлээж байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй. Түүнчлэн иргэн Б.Тийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 57 дугаар гудамж 7 тоотын 390 м.кв газрыг албан ёсоор чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй бөгөөд тус хороонд нэг ч айлын газрыг чөлөөлөөгүй болно. Өөрөөр хэлбэл 2 талт гэрээний 2.6-д заасныг хэрэгжүүлэхэд иргэнд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж, тус газарт буй үл хөдлөх хөрөнгийг буулгах, нүүлгэх ажлыг хийж эхэлснээс хойш түр суурьшуулах зардлыг төлж эхлэх юм. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тийн нэхэмжлэлтэй, ХП ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 80,800,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Төөс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 561,954 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх хуулийг буруу тайлбарласан талаар: 2017 оны 3 дугаар улиралд орон сууцыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, заасан хугацаанд орон сууцанд оруулаагүй, Б.Тийг 2017 онд газраа чөлөөлж нүүгээрээ гэж хэлж нүүлгүүлэн, хохироосон бодит байдлаг үнэлээгүй шударга бус шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэсэлхэ хэсэгт гаүар чөлөөлөлтөнд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хариуцагч талын залилангийн үйлдлийг зөвтгөж тайлбарлаж болохгүй бөгөөд хариуцагч талаас нүүгээрээ гэж хэлээгүй бол бүхэл бүтэн 5 жил түрээсийн буюу хөлсний байранд амьдарч, эд хөрөнгө, санаа сэтгэл бүх зүйлээрээ 73 настай нэхэмжлэгч хохирохгүй байсан. Мөн хэрэгт авагдсан түрээсийн гэрээ болон тооцоо нийлсэн акт, гэрчийн мэдүүлэг зэргээр үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болж хугацаандаа ашиглалтанд орж чадаагүй, түүнээс үүдэн улмаар байр хөлсөн амьдарч, төлбөр төлсөн болох нь нотлогддог. Орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй бол гэрээнд заасан мөнгөн дүнгээр тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж хүсэж байна.

4.б. Нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ямар нэг барилга бариагүй гэж хэлээгүй, мөн Орон сууц бодлогын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 03/361 дугаар албан бичигт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд барилгаа баригдаагүй гэсэн агуулга байхгүй. Харин Баянгол 57 дугаар гудамэ 7 тоот хаягт байрлах газар дээр барилга баригдаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хашааны ойр орчимд олон сууц баригдсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан 2 талт гэрээг арилжааны гэрээ гэж тодорхойлсон. Арилжааны гэрээ нь тухайн арилжсан зүйлийг хүлээлцэж өгсөн, нөгөө талд тухайн арилжах эд зүйл бий болсон бол солилцох харилцаа. Гэтэл гэрээ хүчин төгөлдөр, арилжааны эд хөрөнгө болох орон сууц нь нэхэмжлэгчийн газарт барьж байгуулагдаагүй. Иймд шүүхээс шаардах эрхгүй гэсэн шийдвэр гаргасан. 2014 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан журам болон, 2018 онд Барилга хот байгуулалтын сайдын батлагдсан журам. Энэхүү 2 журмаар төлөвлөлтийн дагуу мэдэгдэл хүргүүлэн оршин суугчдыг нүүлгэх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцана гэж тодорхойлсон. Иймд төсөл хэрэгжүүлэгч нүүлгэх түр байршуулах асуудлыг шийдвэрлэнэ. Үүний тулд бид объект түрээслэж оршин суугчдаас нүүх зөвшөөрлийг авна. Эс зөвшөөрвөл нөхөх олговорыг өгдөг. 5 дугаар хороонд суугаа бүх айлд нүүлгэх тухай мэдэгдэл өгөөгүй. Энэ талаар нэхэмжлэгч нь өөрийн саналаар нүүсэн гэх тайлбар хэлдэг. Ямар шалтгаан, үндэслэлээр нүүсэн нь тодорхойгүй. Баригдсан болон баригдаж байгаа орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй. Гэрээний үүргийг зөрчсөн эсхүл нэхэмжлэгчийн хашаа байшинг нурааж ажил хийж гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцны үнийг шаардах эрх үүснэ. Компаниас нүүх талаар холбогдох мэдэгдэл өгсний дараа, нэхэмжлэгч хүлээж авсан акт үйлдэгдсэн тохиолдолд шаардана. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Б.Т нь өөрийн сайн дурын үйлдлээс болж хохирсон. Энэхүү буруу ойлгосон ойлголтоо тухайн хүн өөрөө хүлээх нь зүйтэй. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.Т гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг, хохиролд 22,800,000 төгрөг, нийт 80,800,800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/02 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 2.3.1.1-д зааснаар орон сууцыг барьж ашиглалтад оруулаагүй тул уг орон сууцны үнэ болох 58,000,000 төгрөг, мөн гэрээний 2.6-д заасны дагуу түр суурьшуулах зардал буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орон сууц хөлсөлсөн 22,800,000 төгрөг, нийт 80,800,800 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/02 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний нэг тал болох Гэр хорооллын хөгжлийн газар нь гэрээний дагуу дэд бүтцийн буюу цэвэр усны шугамын барилга угсралтын ажил, бохир усны шугамын барилга угсралтын ажил, цахилгааны шугамын барилга угсралтын ажил, холбоо дохиоллын шугамын ажлуудыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс төслийн үйл ажиллагаа хойшилсон, дэд бүтцийн ажил шийдэгдэхийг хүлээж байгаа, ХП ХХК нь газраа чөлөөлөхийг Б.Тт мэдэгдээгүй, тус хороонд нэг ч айлын газрыг чөлөөлөөгүй байгаа гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/02 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг ХП ХХК-тай байгуулж, уг гэрээгээр Б.Тийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 57 дугаар гудамж, 7 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Б.Тийн эзэмшлийн уг хаягт байршилтай, 18635312815998 нэгж талбарын дугаартай, 390 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг ХП ХХК-ийн өмчлөлд, ХП ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдах /2017 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох/ барилгаас 58,000,000 төгрөгийн үнэтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Тийн өмчлөлд харилцан шилжүүлэхээр талууд тохиролцсон.

Нэхэмжлэгч Б.Т нь ХП ХХК болон Нийслэлийн Засаг даргатай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/02 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулсан байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-д Нийслэлийн Засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлнэ гэж заажээ.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/361 дугаар албан бичигт Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн Б1 хэсэгчилсэн талбайд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр гадна инженерийн шугам сүлжээний ажил болон газар чөлөөлөлт хийгдээгүй гэжээ.

Дээрхээс дүгнэхэд Нийслэлийн Засаг дарга гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу инженерийн шугам сүлжээний ажил хийгдээгүйгээс ХП ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

4.а. Арилжааны гэрээгээр гэрээний талууд харилцан нөгөө талын өмчлөлд бараа, эд хөрөнгийг шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. Зохигчдын хооронд байгуулагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр талууд газар болон үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон байна. Иймд шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ гэж зөв тодорхойлжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ нь мөн хуулийн тусгай ангид тусгайлан хуульчлаагүй гэрээ юм. Харин зохигчдын байгуулсан арилжааны гэрээний хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд тусгайлан хуульчилсан байх тул мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заажээ. Энэ нь тодорхой тохиолдолд арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэнэ гэсэн үг юм. Нэхэмжлэгч арилжааны гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан ба шүүх Иргэний хуульд заасан арилжааны гэрээний зохицуулалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талуудын хооронд үүссэн маргаанд худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй байна.

Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт арилжааны гэрээгээр харилцан тохиролцож байгаа хөрөнгүүд үнийн хувьд зөрүүтэй бол зөрүүг мөнгөөр тооцож болохоор тусгажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан хоёр талт гэрээнд газар болон үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон байх ба харин эдгээр эд хөрөнгийн үнийн зөрүү буюу үлдэгдэл мөнгийг нэмж төлөх тохиролцоо тусгагдаагүй байна.

Иймд шүүх Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1, 274 дүгээр зүйлийн 274.3, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь заалтыг тус тус хэрэглэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан гэх гомдол үндэслэлгүй.

4.б. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.3.1-д зааснаар хариуцагч нь 2017 оны 3-р улиралд ашиглалтад орох байрнаас 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээжээ. Хариуцагч нь Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг барих ажлыг хэрэгжүүлээгүй тул орон сууцны барилгыг барьж, ашиглалтанд хүлээлгэж өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн тайлбар Орон сууцны бодлогын газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/361 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2017 онд газраа чөлөөлж нүүгээрэй гэж хэлж нүүлгүүлж хохироосон гэж тайлбарлаж уг тайлбараа нотлохоор түрээсийн гэрээ, төлбөр тооцоо хийсэн баримтыг шүүхэд гаргаж өгч, гэрч Х.Дэлгэрмаагаас мэдүүлэг авахуулжээ. Гэвч эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгчийг орон сууц хөлсөлснийг нотолж байх боловч газар чөлөөлөлт хийгдсэнийг нотлоогүй байна.

Хариуцагч нь иргэн Б.Тийн газрыг албан ёсоор чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй буюу тус хороонд нэг ч айлын газрыг чөлөөлөөгүй гэж тайлбарласан байх ба түүний тайлбар Орон сууцны бодлогын газрын дээрх албан бичигт Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн Б1 хэсэгчилсэн талбайд ... газар чөлөөлөлт хийгдээгүй байна гэснээр нотлогдож байна.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн буруугаас орон сууц баригдаагүй гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч нь орон сууцны үнэ болох 58,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй байна. Иймд 3 өрөө орон сууцны үнэ болох 58,000,000 төгрөгийг гаргуулах тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

Мөн хоёр талт гэрээний 2.6-д Хэрвээ газар чөлөөлөлтөнд орсон тохиолдолд түр суурьшуулах зардлыг төсөл хэрэгжүүлэгч Хера Пропертийз ХХК хариуцана гэсэн байх ба газар чөлөөлөлтөнд орсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул орон сууц хөлсөлсөн төлбөр болох 22,800,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

4.в. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр Б1 блокод баригдах байрнаас 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр талууд тохиролцсон байх ба тухайн талбайд гадна инженерийн шугам сүлжээний ажил болон газар чөлөөлөлт хийгдээгүй талаар Орон сууцны бодлогын газрын дээрх албан бичигт дурджээ. Иймд гэрээнд заасан талбайд орон сууц баригдаагүй нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул хариуцагч тал Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэдэн айлыг чөлөөлж, хэдэн орон сууцыг барьсныг тодорхой болгоогүй гэх гомдол үндэслэлгүй.

4.г. Хэргийн оролцогч нар шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхтэй бөгөөд энэ эрхийг эдлүүлээгүйгээс давж заалдах гомдол гаргах үндэслэлээ хязгаарлуулсан талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурджээ. Хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүйгээс гадна уг зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/00936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 561,960 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.