Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/00370

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух,  ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-өндөр сум ******* багт байрлах, “*******” /РД:*******/цэцэрлэгт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай  үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 01 дүгээр 24-ний өдрийн 58 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Орхон аймгийн ******* цэцэрлэгт арга зүйчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 24-нийг хүртэл хугацаанд Илтгэх урлагийн онол арга зүй, харилцааны ур чадвар сайжруулах 8 хоногийн сургалтанд суралцсан. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нь 30 цаг 30 минутад ажил тасалсан, ёс зүйн алдаа гаргасан шалтгаанаар 2021 оны 12 дугаар сарын 24-нд ажлаас чөлөөлөх тушаал өгсөн. Би зөвшөөрөөгүй тул 2021 оны 12 дугаар сарын 28-нд өрөөний түлхүүрээ яг одоо өг гэж хэлж ажлын байрны дарамт үзүүлж орой ажил тарсны дараа 18 цагт өрөөний хаалганы цоожийг эвдэж ороод, цоожны голыг сольж хувийн эд зйүлсийг ялгах болно гэсэн захиа миний утсанд бичсэн. Эрхлэгч нь 2021 оны 12 сарын 14, 15-нд чөлөөтэй байсан тул би сурах хүсэлтээ албан бичгээр бичиж 2021 оны 12 дугаар сарын 16-ны 13 цагт эрхлэгчийн өрөөний хаалганд нааж зургаар баталгаажуулсан. Иймд ёс зүйгүй зан авир гаргадаг ******* цэцэрлэгийн эрхлэгч т гомдолтой байна. Намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.  Мөн ******* цэцэрлэгийн 2022 оны 01 дүгээр 24-ний өдрийн 58 дугаартай тушаалыг хүчингүй болгох, сарын цалин хөлс 1.100.000-1.200.000 төгрөгний цалин авдаг байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн намайг арга зүйчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах саналтай байна. 2021 оны 12 дугаар сарын 1-3-ны хооронд ажлын таслалт байхгүй, би  2021 оны 12 дугаар сарын 15-аас 24-ийг хүртэл сургалттай байсан, 2021 оны 12 сарын 23-нд ажил дээрээ бүтэн ажилласан. Нийт сургалтын цаг 18 цаг 50 минут, энэ хугацаанд би өөрийн ажил үүргийн дагуу сургалтанд суух хүсэлтээ бичээд ******* цэцэрлэгийн эрхлэгчийн үүдэнд нааж орхиод жижүүрт сургалтанд сууж байгаа гэдгээ албан ёсоор хэлээд цагийн бүртгэлд бүртгүүлээд сургалтанд явсан. Ажил таслалт, хоцрогдлын шалтгаан бол байхгүй. Харин минутын хоцрогдол байгаа, энэ минутын хоцрогдлыг цайны цагаар нөхөөд ажилладаг. Зарим үед ажилдаа ирж байхад цэцэрлэгийн үүдэнд асран хамгаалагч нар надтай уулзаж зөвлөгөө зөвлөмж авах, эцэг, эхтэй ярилцаж байгаад 3 минут, 5 минут хоцрогдол гардаг байсан. Ийм хоцрогдол дээр ач холбогдол өгдөггүй. Яагаад гэвэл өдөр цайныхаа цагаар нөхдөг. Иймээс надад ажил таслах, ажлаас хоцрох шалтгаан байхгүй гэж үзэж байна. Намайг ажил тасалсан гээд буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сургалтанд сууж байгааг багш нар болон эрхлэгч мэдэж байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-нд өглөө 07 цаг 55 минутанд ирээд, орой 17 цаг 20 минутанд явсан. Энэ өдөр би цайндаа яваагүй ажлын байрандаа байсан. Яагаад гэвэл би 12 сарын эхний 7 хоногийн Мягмар гаригт ажилтай байх юм бол заах аргын нэгдлийн ажлыг багш нар зохион байгуулах ажил үүргийн хуваарьтай байдаг. Иймээс заах аргын нэгдлийнхээ сургалт явуулах сэдэв, төлөвлөлтөө боловсруулсан учраас ажлаас гараагүй. 2021 оны 12 сарын эхний 7 хоногт цайндаа явалгүй ажилласан. Ер нь бол миний бодож байгаагаар эрхлэгч, багш , эдгээр 3 хүн намайг нэр төр гутаасан гэж байгаа боловч би нэр төр гутаагаагүй. Яагаад гэвэл үндэслэлтэй, ажлын байранд бусармаг ёс зүйгүй асуудал гаргасан учраас энэ асуудлыг өөрөө нүдээрээ хараад энэ талаар эрхлэгчид хэлсэн. Жишээ нь М.Мөнгэрэл багш хүүхдийн нууц эрхтнийг оролдож байхад нь би өөрөө орж харсан. Яагаад гэхээр 2 цаг 30 минутаас 2 цаг 40 минутын хооронд хүүхэд босоод өдрийн гимнастик, чийрэгжүүлэх үйл ажиллагааг явуулахад би хамтран ажиллах буюу зөвлөн туслах хяналт тавих ажил үүргийн хуваарьтай, энэ чиглэлээр ангиудаар явахад багш н.Маралжингоо гээд 3 настай хүүхдийн дотуур өмдийг нь тайлаад, нууц эрхтнийг нь оролдож байхыг өөрийн нүдээр харсан. Яагаад ингэж байгаа юм бэ, болохгүй шүү дээ гэж хэлээд анхан шат буюу эрхлэгчид хандсан. Хүүхдийн нууц эрхтнээр оролдож байна багш хүн, эмэгтэй хүн ийм байж болохгүй гэхэд эрхлэгч надад ийм асуудал байж болохгүй гэж хэлээд өөрөө уулзъя гэж байсан. Маргааш нь ямар шийдэлд хүрсэн талаар хариу асуухад албан ёсны хариу хэлээгүй. Иймээс би дараагийн шат буюу ******* багийн Хүүхдийн илч гэдэг шатанд хандсан. Энэ бол байж болохгүй дараагийн шатанд хандах ёстой гээд Нийгэм хамгааллын хэлтэст хандсан. Нийгэм хамгааллын хэлтэс Засаг даргаар ахлуулаад Цагдаагийн газарт хүсэлтээ өгсөн. Яагаад гэвэл миний ажил үүргийн хуваарьт хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллана, багш нартай хамтарч ажиллана. Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй багш нь ч тэр, туслах багш нь ч, арга зүйч нь ч байсан хамгаалах ёстой гэж боддог. Би багш нартаа хэлдэг “та нар хүний хүүхдийг зодох нь бүү хэл загинах эрхгүй, бид нар хүний хүүхдийг сургаж хөгжүүлэх үүрэгтэй” гэж хэлдэг. багш дуу хөгжмийн багш биш боловч дуу хөгжмийн багшийн ажлыг хийж байгаа. Гэтэл “Миний гэр бүл” сэдвийн хүрээнд 1 сарын сургалтын төлөвлөлтийг надаар батлуулаагүй, манайх 5 дахь өдөр бүр багш ажилчдынхаа 30 хоногийн төлөвлөлтийг 14 хоногоор хувааж батлуулдаг. Зарим ажлын ачаалал ихтэй үед 1 дэхь өдөр батлуулж болдог. Гэтэл 2 удаа шаардлага тавихад батлуулаагүй, өөрөө орж шалгаж үзэхэд миний гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Анх сургууль төгсөөд ирэхэд багш нар бидэнд үүрэг өгч байхдаа 1 өдрийн сургалтын төлөвлөгөөг батлуулаагүй хичээл заасан тохиолдолд ажил тасалсанд тооцно гэж, би тэр зарчмыг одоо ч баримталдаг. Тэгээд би эрхлэгч рүү багшийг дагуулж ороод миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна, 1 сарын төлөвлөлт батлуулаагүй байна гэхэд, эрхлэгч яагаад арга зүйчийн гарын үсгийг дуурайж зурж байгаа юм бэ, гэхэд багш “миний дуу хөгжмийн зааланд сургалтын хөтөлбөр ил байдаг, өөр багш нар ороод таны гарын үсгийг дуурайлган зурсан юм болов уу” гэдэг хариултыг эрхлэгчийн хажууд хэлсэн. Би юу гэж өөр багш нар чиний хөтөлбөр төлөвлөлтийг батлаагүй байна гээд гарын үсэг зурах вэ дээ гэсэн. Гэвч иймэрхүү янзаар  энэ 3 хүн надад ингэж ханддаг. Ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл цэцэрлэгт дээд хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Гэвч би шантрахгүйгээр ажлаа хийсээр байсан. Ажлынхантайгаа хамтарч ажиллах, ажил үүргийнхээ хуваарийн дагуу шаардлагаа тавиад ажилладаг. , гэдэг 2 багш бол ерөнхийдөө арга зүйчийн зүгээс тавьсан сургалтын чиглэлийн ажлыг хоцруулах, үл тоох хандлагууд гаргадаг. 2021 оны 12 сарын 24-ний өглөө эрхлэгч намайг өрөөндөө дуудсан, ороход наад бичиг баримттайгаа танилц гээд бичиг өгсөн. Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс тэргүүлэх зэрэгт орохоор материалаа бүрдүүлээд сургалтаа явуулж байсан болохоор миний тэргүүлэх зэргийн тушаалыг гаргаж өгч байгаа юм байна гэсэн бодолтой, горьдлоготой тухайн тушаалыг уншихад 12 сарын 01-24-ний өдрийн хооронд ажил тасалсан, багшийн ёс зүйн алдаа гаргасан буюу багш хамт олныг гүтгэн доромжлох шалтгаан заалтуудыг бичээд ажлаас халсан тушаал гаргасан байсан. Би тухайн үед уншиж танилцаад ажлаас чөлөөлөх тухай тушаалд гарын үсэг зурахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна, яагаад гэвэл би сургалтандаа суусан, сургалтандаа суухдаа зохих хэмжээний чөлөөгөө бичгээр гаргасан, мөн жижүүр, багш нарт хэлээд өөрийн цагаа бүртгүүлээд сургалтанд суусан. Сургалт надад хэрэгтэй би ажлын байран дээр сурч хөгжиж боловсрох эрхтэй учраас сургалтанд суусан, ажлаас халагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд  Сертификат авах байсан учраас 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 55 минут гэж ажлаас гарсан. Иймээс намайг эргүүлж ажилд маань оруулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

 

 3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* цэцэрлэгийн эрхлэгчийн нэхэмжлэгч Ш.*******г ажлаас халсан 2021 оны 12 сарын 24-ний өдрийн тушаал үндэслэлгүй гэж гарсан  үзэж байна. Ажлаас халах тушаал гарахдаа хэд хэдэн заалт шийдвэрийг үндэслэсэн байдаг. Багшийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод дүрэм журам, хөдөлмөрийн гэрээ зэрэг дээр зохицуулалтын хувьд удаа дараа зөрчил гаргасан үндэслэлээр учраас ажлаас халах арга хэмжээ авсан гэж үзэж байна. Гэтэл зөрчил яаж гаргасныг нотлох зүйл байсангүй. Хоёр хоног шалтгаангүй ажил тасалсан гэдэг заалт дээр сургалтанд суусан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Энэ тухайгаа эрхлэгчид мэдэгдэх гэхэд эрхлэгч байхгүй байсан тул хаалган дээр нь хүсэлт бичиж орхисон. Үдээс хойш гарч байгаа асуудал дээр цайны цагаараа нөхөж суугаад хийх ёстой зүйлсээ хийж дуусгаад сургалтандаа суух гээд гарсан асуудал байсан. Мөн яагаад ажилтан ажилдаа ирэхгүй байгааг тодруулах ажиллагаа хийлгүй шууд ажлаас халсан асуудал байна. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.2.2 дах заалтыг баримталсан, ажилтнуудтай ёс зүйгүй харьцсан гэж үзэх баримт байхгүй бөгөөд баримталж байгаа үндэслэл нь тодорхойгүй байна. Сургалтад суусан хугацаа тодорхой байхад,энэ хугацаанд ажил тасалсан гэсэн нь үндэслэлгүй байна. Ёс зүйгүй харьцсан гэж яриад байгаа асуудал дээр яагаад ямар шалтгаанаар, хэзээ хэнтэй ёс зүйгүй харьцсан нь тодорхойгүй байна. Хамт ажилладаг багш ажилчдыг хэл амаар олон удаа доромжлох гэдэг нь хэзээ хэдэн удаа хэнийг доромжилсон бэ гэдэг нь тодорхойгүй байдаг бөгөөд нотлогдохгүй байна. Иймээс энэ тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага, ажлаас халагдсан өдрөөс хойших цалингийн 1680000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.

 

4.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.*******г 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 58 дахь тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Учир нь ажил тасалсан. 2021 оны 12 сарын 03-ны өдөр 08 -16 цаг 25 минут хүртэл нийт 7 цаг 25 минутын ажил тасалсан, 12 сарын 08-ны өдөр 13-15 цаг хүртэл ажилдаа ирээгүй, 12 сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутаас 17 цаг, 12 сарын 16-ны өдөр 14 цаг 35 минутаас 17 цаг хүртэл ажилдаа ирээгүй, 12 сарын 17-ны өдөр 12 цаг 10 минутаас 17 цаг 00 минут хүртэл, 12  сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутаас 17 цаг 00 минут хүртэл, 12 сарын 22-ны өдөр 14 цаг 30 минутаас 17 цаг хүртэл, 12 сарын 23-ны өдөр 08 цагаас 10 цаг 25 минут хүртэл ажилдаа ирээгүй, нийт цагийг тооцохоор 30 цаг 30 минут ажил тасалсан гэж үзсэн. Ямар сургалт явагдах талаар мэдээ мэдээллийг И-оффис эсхүл Орхон СӨБ-ын эрхлэгч арга зүйч гэсэн фэйсбүүк группээр сургалтын талаар болон бусад мэдээ мэдээлэл цахимаар ирдэг. Энэ Ш.*******гийн сургалтын талаар мэдээлэл ирээгүй, энэ 2 сайтаар ирсэн мэдээ мэдээллийг нэгтгээд үзсэн и-оффист 12 сард нийт 23 мэдээлэл ирсэн сургалттай холбоотой 5 мэдээлэл байсан. Ш.Цогзомаагийн суусан сургалтын талаар ямар ч мэдээ мэдээлэл энэ 2 группт байхгүй байсан. Ш.Цозломаатай холбоотой асуудалд хамт олноо гүтгэдэг, сошиал орчинд худлаа мэдээлэл тавих, зохих албан тушаалтанд худал гүтгэсэн гомдол гаргах, багшийн ёс зүй зөрчсөн үйлдлийг олон удаа гаргасан. Сошиалаар нийт 2021 оны 06 сараас хойш СӨБ-ын багш нарын нэгдсэн групп, Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэсэн 2 группт мэдээлэл тавьсан. СӨБ-ын багш нарын нэгдсэн группт 13 мэдээлэл, Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэсэн группт 11 мэдээлэл оруулсан. Үүнээс 2-г нь дурдъя, бусдыг нь хавтаст хэрэгт өгсөн. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэл гэсэн группт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 38 минутанд “манай цэцэрлэгт  багш нь хүүхдийн нууц эрхтэн оролдож байсан зөрчил гарсан. Зөрчлийг эрхлэгч нь нуун дарагдуулсан. Би тэмцээд яваад байгаа, эрхлэгч, СӨБ-ын мэргэжилтэн 2 намайг цааш мэдэгдэх юм бол гишгэх газаргүй болгоно гэж дарамталсан, гэсэн хэдий ч би тэмцээд байгаа” гэж бичсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “5 жил тутам авдаг урамшууллыг албан тушаалаа урвуулан ашиглан авдаг, Солонгос яваад ирсэн багшаас мөнгө авдаг цэцэрлэгийн эрхлэгч байна. Өгөхгүй бол дарамталж өгнө дөө” ингэж муухай гүтгэж байгаа. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн боловсролын байгууллагын удирдах болон бусад ажилчдын ёс зүйн дүрэм гэж байдаг. Үүний 4.3.1-т Эцэг, эх, асран хамгаалагч, хамтран ажиллагсдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх, 4.3.4-т өөрийн болон байгууллагын нэр хүнд амжилтын төлөө хамт олон, хувь хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх гэх заалтуудыг зөрчсөн учраас ажлаас нь халах үндэслэл болсон. Мөн Ш.******* нь ******* цэцэрлэгийн багш ажилчдын мөрдөх ёс зүйн журмын 2.10-т Байгууллагын ажилчдын нэр хүндийг гутаан доромжлох, нэр хоч өгөх, гүтгэхгүй байх заалтыг зөрчсөн, үүний хариуцлага тооцох хэлбэрт нь ийм зөрчил гаргасан хүнийг ажлаас нь чөлөөлнө гэж заасан үндэслэл байна. Ш.******* нь сошиал орчинд худал мэдээлэл тараахаас гадна өөрийн танил м овогтой д манай цэцэрлэгт ус алдсан талаар мэдээлэл өгсөн. Энэ нь 2021 оны 11 сарын 04-ний өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа манай ******* цэцэрлэгт ус алдсан талаарх мэдээлэл тавьсан байгаа Үүнд 4 настай хүүхдүүдийн ангид ус алдаж, 3 өдөр өөр ангид хичээллэснээс 1 өдөр нь бүтэн багшгүй байсан. Энэ ангийн эд зүйлс хэзээ бүрэн хатаж, халдвар хамгааллын дэглэм ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Мөн  ахлах бүлгийн угаалгын өрөөнд ус алдсан, гэвч үүнийг угаалгын өрөө гэхгүй, ариун цэврийн өрөө гэнэ, учир нь тэнд хүүхдүүд орж гараа угааж бие засдаг. Бусад өрөөнд энэ ус нь ороогүй гээд хамгийн муухай болсон ус алдсан хэсгийн зургийг нь тавиад засвар хийсэн хэсгийнх нь зургийг оруулаагүй байсан. Орхон аймгийн Засаг даргын орлогч намайг дуудсан би 16 өнгөрөөж очиход Ш.*******гийн өргөдлийг өгсөн. Мөн та нар арга зүйчийн өрөөнд орж болохгүй орвол ажлаас хална гэж дарамталдаг гэж үндэслэлгүй гүтгэсэн. Ажил тасалсан, багшийн ёс зүй зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчсөн учраас Ш.*******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. Засаг даргын орлогч Түвшинбаяр нь Ш.*******гийн гомдлын хариуг ирүүлсэн байхад дахин дахин гомдол гаргадаг. Энэ хүн өөрийн удирдлагад ажилладаг багш ийг хүүхдийн нууц эрхтнийг оролдсон, мөн хүүхэдтэй чанга дуугаар харьцдаг гээд байгаа нь үндэслэлгүй, сэтгэл санааны дарамтанд оруулж байна. Энэ үндэслэлээр энэ багшийг гүтгэсэн гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгагдаж байгаа. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам 9.2.2, 9.2.3-т Багш ажилчдыг 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан бол ажлаас хална гэж заасан байдаг. Нийт 30 цаг 30 минут ажил тасалсан нь 3 өдөр 6 цаг ажил тасалсанд тооцож байгаа. ******* цэцэрлэгийн багш ажилчдын ёс зүйн журамд багш ажилчдад нэр хоч өгөхгүй байх талаар заасан бөгөөд Ш.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд багшийн ёс зүй ноцтой зөрчил гаргасан гэдгийг баталж байгаа.  Цагийн бүртгэлийг жижүүр хөтөлдөг, хааяа жижүүр багш хөтөлдөг,  эрхлэгч 7 хоногоор цагийн бүртгэлтэй танилцдаг. Хариуцагчийн төлөөлөгч сая дурдсангүй, Ш.******* чөлөө зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн явсан.   Байгууллагын асуудлыг бусдад дэлгэсэн. гийн бичсэн нийтлэл байгаа. Орхон аймгийн ******* цэцэрлэгийн хамгаалагч унтаж байхад ус алдсаны улмаас хүүхдийн эрх зөрчигдөж байна гэсэн.  Энэ постны коммэнтийг харахад байгууллагыг муулсан хүмүүс маш их, мөн буруу ойлголттой байна. Иймээс худал мэдээлэл өгч байгууллагын нэр төрд халдсан асуудал яригдаж байна. Хүүхдийн байгууллагад удирдлагын дарамт шахалт их байна, манай цэцэрлэг дээр охин хүүхдийн нууц эрхтэн оролдсон хэрэг гарсан, эрхлэгч тоохгүй байна, би тэмцээд байгаа гэсэн. Гэтэл хүүхдийг зодох нь битгий хэл чанга ч дуугардаггүй.  Хүүхдийн эрх зөрчөөд байгаа асуудлаар ******* цэцэрлэг дээр арга хэмжээ, хяналт шалгалт хийхэд зөрчил илэрдэггүй, арга хэмжээ авагддаггүй. Ус алдсантай холбоотой цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх хүүхэд хохирсон талаар ямар ч гомдол гараагүй байхад олон нийтэд тарааж байгаа нь хамт олон, цэцэрлэгийн нэр төрд халдсан асуудал. гээд ахлах бүлгийн ангид ус алдсанаас болоод дунд бүлгийн ангид хичээл орсон нь үнэн боловч ямар нэгэн асуудал гараагүй, хүүхдүүдийг харгалзах багшгүй, харгалзах хүнгүй орхиогүй. Гэтэл энэ нь олон нийтийн анхаарлыг хандуулах зөрчил мөн үү асуудлаа дор дор нь шийдээд хивсээ цэвэрлээд ангиа тэр дор нь ангиа ариутгаад асуудлыг шийдсэн байна. Иймд Ш.*******д арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Миний ярьсан 2 фактаар энэ бүх зөрчил нотлогдож байна гэж үзэж байна гэв

 

6. Нэхэмжлэгчээс: ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 сарын 24ний өдрийн 58 дугаартай Ш.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-5/, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаартай захирамж /хх-12/, батламж /хх-72/, Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын ******* цэцэрлэгийн ажилтнуудын сахилга, хариуцлага, үйл ажиллагаатай танилцсан тухай ажлын хэсгийн илтгэх хуудас,

 

хариуцагчаас: ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 9 сарын 24-ний өдрийн 47 дугаартай Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, Багш ажилчдын мөрдөх ёс зүйн журам, хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан баримт, ажилтнуудын ирцийн бүртгэлийн дэвтэр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн боловсролын төвийн багш, удирдах бусад ажилтны ёс зүйн дүрэм, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/292, А/525 дугаартай тушаалаар батлагдсан түр журам, коронавируст халдвар /ковид-19/-ын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам, багш ажилчдын хөдөлгөөний тэмдэглэл, арга зүйчийн ажлын байрны тодорхойлолт, Ш.*******д тушаал гардуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээ  /хх-22-63/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 5/122 дугаартай тогтоол, Орхон аймгийн Засаг даргад Ш.*******гаас гаргасан гомдол, багш ажилчдын нэгдсэн хурлын тэмдэглэл, Ш.*******гийн багш ажилчдын талаар багш Ч.Батцэцэгтэй чатаар харьцсан бичвэрүүд, *******гийн  тайлбар, багш ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран гаргасан шаардлага, багш ажилчдын нэгдсэн хурлын тэмдэглэл, багш ажилчдын шаардлага, багш , ийн өргөдөл, дунд бүлгийн хүүхэд Энхцацралын ээж гийн  тайлбар, хүүхдийн 2 ширхэг гэрэл зураг, бэлтгэл бүлгийн хүүхэд Сүлд-Эрдэний ээж С.Бямбадолгорын өргөдөл, ******* цэцэрлэгийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 54 дугаартай албан бичгээр шүүхэд гаргасан тайлбар, м гэдэг фэйсбүүк хаягнаас хуулбарлаж авсан баримтууд /хх-75-155/, хивс цэвэрлүүлсэн төлбөр төлсөн баримт, хивс цэвэрлүүлсэн газрын тухай баримт, Орхон аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт нотлох баримт гаргуулахаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт, Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 51 дугаартай гомдлын хариу албан бичиг, Прокурорын 2022 оны 01 сарын 14-ний 77 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

7. Шүүх зохигчийн хүсэлтээр: Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансорын 2021 оны 11 дүгээр сарын 29-нд батласан Илтгэх урлагийн онол арга зүй харилцааны ур чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөрийн хуулбар, Харилцааны гайхамшиг НҮТББ-с тухайн сургалтанд хамрагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

            8. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс: цалин хөлсний тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, хариуцагчаас:  Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 02и/2102 дугаартай албан бичиг,  Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Багшийн ёс зүйн зөвлөлийн 2021 оны 11 сарын 16-ны өдрийн дүгнэлт, хурлын тэмдэглэл, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 3в/1394, Орхон аймгийн ЗДТГ-ын 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 05/356, Орхон аймгийн ГБХЗХГазрын 2022 оны 3 сарын 10-ны 193 дугаартай албан бичгүүд, цэцэрлэгийн Е оффисс программд ирсэн сургалтын талаарх мэдээлэл гэсэн баримт, шүүх хуралдаанд гаргах тайлбарыг гаргаж өгсөн.

           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            1.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Орхон аймгийн ******* цэцэрлэгт холбогдуулан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг  эрхлэгчийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж нэмэгдүүлсэн.

 

            2. Хариуцагчийн төлөөлөгч Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгч Ш.*******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

            3. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгч нь тус цэцэрлэгийн арга зүйч Ш.*******тай 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.3.1, 4.3.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.2, 9.2.3 дахь заалт, ******* цэцэрлэгийн багш ажилчдын ёс зүйн дүрмийн 2.10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.2.4-ийн Г, З, 2.3-ын А, Д заалтуудыг баримтлан “Ш.******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 23-ны өдрийг дуустал  хугацаанд нийтдээ 30 цаг 30 минут буюу 3 өдөр 6 цаг 30 минут ажил тасалсан, хамт ажилладаг багш ажилчдыг хэл амаар доромжлох, нэр төрийг нь гутаах зэрэг асуудлыг одон удаа гаргасан, байгууллагын талаар үндэслэлгүй мэдээлэл өгч, байгууллага хамт олны нэр хүндийг гутаах, худал гүтгэх зэргээр багшийн ёс зүйн ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан” үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, арга зүйчийн ажлаас чөлөөлсөн байна.

 

            4. Нэхэмжлэгч Ш.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...ажил таслаагүй, чөлөө зөвшөөрлөө аваад сургалтанд суусан, мөн байгууллагын хамт олны тухай ор үндэсгүй худал мэдээлэл тараагаагүй, болсон зөрчлийг байгууллагын дарга шийдвэрлэхгүй болохоор нь шат шатны хандах ёстой газарт нь хандсан, би ёс зүйн зөрчил гаргаагүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна...”гэж тайлбарладаг.

 

            5. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар татгалзлын үндэслэлийг “...Ш.******* нь сургалтанд суухдаа хөдөлмөрийн дотоод журамд зааснаар эрхлэгчээс чөлөө зөвшөөрөл аваагүй, 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд нийт 3 өдөр 6 цаг 30 минут ажил тасалсан, мөн байгууллага болон ажилчдын нэр хүндийг гутааж олон нийтийн сүлжээгээр  худал мэдээлэл тараасан, холбогдох газруудад ор үндэслэлгүй гомдол гаргаж ёс зүйн зөрчил удаа даргаа гаргасан учраас түүнийг ажлаас халсан...”гэж тайлбарладаг.

 

            6. Ажил олгогч ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заасан бөгөөд гэрээний 2.2.4-т дараах тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасанд тооцон гэрээг цуцална., 2.2.4-ийн А-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 хоног ажил тасалсан, 2.2.4-ийн  Г-д багшийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, 2.3-т Ажилтны хүлээх үүрэг, 2.3-ын А-д байгууллагын нэр хүндийг өндөрт авч явах, нууцлалыг чандлан хадгалах, 2.3-ын Д-д боловсролын байгууллагын ажилтны ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих гэж заажээ.

 

7. Мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.2-т “Багш, ажилтан 2 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан бол тухайн сарын цагийн бүртгэлээр нийлбэр дүнгээрээ 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө.”, 9.2.3-т “хүүхдийн байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эцэг эх, багш ажиллагсадтай ёс зүйгүй харьцсан, хүүхдийн эрх ашигт харш үйлдэл хийсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан ажилтныг албан тушаал бууруулах, үйлдлийг давтан үйлдвээс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө.” гэж тус тус заажээ.

           

            8. Хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.******* нь цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьдаг, өөр хүмүүст мэдээллэдэг, мөн хамт ажиллаж байгаа багш нар, цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой гомдол, хүсэлтийг орон нутгийн холбогдох байгууллагуудад гаргаж байсан болох нь тогтоогддог хэдий ч ажил олгогч нь түүний багшийн ёс зүйн зөрчил гаргасан байдлыг шалгаж тогтоогоогүй, уг зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй, ёс зүйн зөрчил гаргасан талаар тухайн байгууллагын ажилтнуудын ёс зүйн хорооноос шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, өөрөөр хэлбэл Ш.******* нь багшийн ёс зүйн зөрчил удаа дараа гаргасныг  нотолсон нотлох баримт хэргийг материалд авагдаагүй, нотлогдоогүй байна.

 

            9. Харин ажил олгогчийн тушаалын үндэслэлд заасан “ Ш.******* нь удаа дараа ажил тасалсан буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хоорондох хугацаанд Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.2-т “Багш, ажилтан 2 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан бол тухайн сарын цагийн бүртгэлээр нийлбэр дүнгээрээ 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол...” гэж заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу нийт 3 өдөр 6 цаг 30 минут ажил тасалсан болох нь цагийн бүртгэл, багш ажилчдын хөдөлгөөний бүртгэлийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

            10. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойш 14-18 цагийн хооронд Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын баталсан Илтгэх урлагийн онол аргазүй харилцааны ур чадварыг сайжруулах сургалтанд оролцож байсан гэж тайлбарласан ба дээрх хугацаанд Ш.******* нь уг сургалтанд хамрагдаж оролцсон болох нь тогтоогдож байгаа хэдий ч тэрээр Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.3-т “мэргэжил дээшлүүлэх чиглэлээр сургалт... оролцохоор бол байгууллагын удирдлагад  мэдэгдэж түр чөлөө авна.” гэж зааснаар цэцэрлэгийн эрхлэгчид мэдэгдэж чөлөө аваагүй байх бөгөөд тэрээр “...2021 оны 01 сарын 15-ны өдөр 13,00 цагт эрхлэгчээс чөлөө авах гэхэд эрхлэгч байгаагүй тул сургалтанд суух чөлөө хүссэн өргөдлөө эрхлэгчийн өрөөний үүдэнд нааж үлдээсэн...” гэж тайлбарлаж байх боловч тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч ажил дээрээ байсан болох нь цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байна.  Иймд нэхэмжлэгч нь чөлөө зөвшөөрөл авалгүйгээр өөрийн дураар сургалтанд хамрагдсан тул түүнийг ажил тасалсан гэж үзнэ.

 

            11. Ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр буюу багш ажилтан 2 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан буюу тухайн сарын цагийн бүртгэлийн нийлбэр дүнгээрээ 2 ба  түүнээс дээш өдрийн ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай үндэслэлтэй гарсан байна гэж дүгнэлээ.

 

            12. Иймд дээрх  үндэслэлээр нэхэмжлэгч Ш.*******гийн хариуцагч Орхон аймгийн ******* цэцэрлэгт холбогдуулан гаргасан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох,   эрхлэгчийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөгийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /2011 оны/ -ийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ш.*******гийн хариуцагч Орхон аймгийн ******* цэцэрлэгт  холбогдуулан гаргасан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох,   эрхлэгчийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ