Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00058

 

 

 

 

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00058

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00370 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 01 дүгээр 24-ний өдрийн 58 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Орхон аймгийн *******т арга зүйчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын15-наас 12 дугаар сарын 24-нийг хүртэл хугацаанд Илтгэх урлагийн онол арга зүй, харилцааны ур чадвар сайжруулах 8 хоногийн сургалтад суралцсан. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхцэцэг нь 30 цаг 30 минутад ажил тасалсан, ёс зүйн алдаа гаргасан шалтгаанаар 2021 оны 12 дугаар сарын 24-нд ажлаас чөлөөлөх тушаал өгсөн. Би зөвшөөрөөгүй тул 2021 оны 12 дугаар сарын 28-нд өрөөний түлхүүрээ яг одоо өг гэж хэлж ажлын байрны дарамт үзүүлж орой ажил тарсны дараа 18 цагт өрөөний хаалганы цоожийг эвдэж ороод, цоожны голыг сольж хувийн эд зүйлсийг ялгах болно гэсэн захиа миний утсанд бичсэн. Эрхлэгч Б.Энхцэцэг нь 2021 оны 12 сарын 14, 15-нд чөлөөтэй байсан тул би сурах хүсэлтээ албан бичгээр бичиж 2021 оны 12 дугаар сарын 16-ны 13 цагт эрхлэгчийн өрөөний хаалганд нааж зургаар баталгаажуулсан. Иймд ёс зүйгүй зан авир гаргадаг *******ийн эрхлэгч Б.Энхцэцэгт гомдолтой байна. Намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож ажил эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

*******ийн 2022 оны 01 дүгээр 24-ний өдрийн 58 дугаартай тушаалыг хүчингүй болгох, сарын цалин хөлс 1.100.000-1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Шүүхэд гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг нөхөн олгуулах саналтай байна. 2021 оны 12 дугаар сарын 1-3-ны хооронд ажлын таслалт байхгүй сургалтад суусан. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Би 2021 оны 12 дугаар сарын 15-аас 24-ийг хүртэл сургалттай байсан, 2021 оны 12 сарын 23-нд ажил дээрээ бүтэн ажилласан. Нийт сургалтын цаг 18 цаг 50 минут, энэ хугацаанд би өөрийн ажил үүргийн дагуу сургалтад суух хүсэлтээ бичээд *******ийн эрхлэгчийн үүдэнд нааж орхиод, өдөр цайндаа гарахгүй ажилладаг байсан. Жижүүрт сургалтад сууж байгаа гэдгээ албан ёсоор хэлээд цагийн бүртгэлд бүртгүүлээд сургалтад явсан. Ажил таслалт, хоцрогдлын шалтгаан бол байхгүй. Харин минутын хоцрогдол байгаа, энэ минутын хоцрогдлыг цайны цагаар нөхөөд ажилладаг. Зарим үед цэцэрлэгт ирж байхад цэцэрлэгийн үүдэнд асран хамгаалагч нар надтай уулзаж зөвлөгөө зөвлөмж авах, эцэг, эхтэй ярилцаж байгаад 3 минут, 5 минут хоцрогдол гардаг байсан. Ийм хоцрогдол дээр ач холбогдол өгдөггүй. Яагаад гэвэл өдөр цайныхаа цагаар нөхдөг. Иймээс надад ажил таслах, ажлаас хоцрох шалтгаан байхгүй гэж үзэж байна. Намайг ажил тасалсан гээд буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сургалтад сууж байгааг багш нар болон эрхлэгч мэдэж байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-нд өглөө 07 цаг 55 минутад ирээд, орой 17 цаг 20 минутад явсан. Энэ өдөр би цайндаа яваагүй ажлын байрандаа байсан. Яагаад гэвэл би 12 сарын эхний 7 хоногийн Мягмар гаригт ажилтай байх юм бол заах аргын нэгдлийн ажлыг багш нар зохион байгуулах ажил үүргийн хуваарьтай байдаг. Иймээс заах аргын нэгдлийнхээ сургалт явуулах сэдэв, төлөвлөлтөө боловсруулсан учраас ажлаас гараагүй. 2021 оны 12 сарын эхний 7 хоногт цайндаа явалгүй ажилласан. Ер нь бол миний бодож байгаагаар Б.Энхцэцэг эрхлэгч, багш В.Одонцэцэг, М.Мөнхгэрэл нар эдгээр 3 хүн намайг нэр төр гутаасан гэж байгаа боловч би нэр төр гутаагаагүй. Яагаад гэвэл үндэслэлтэй ажлын байранд бусармаг ёс зүйгүй асуудал гаргасан учраас энэ асуудлыг өөрөө нүдээрээ хараад энэ талаар эрхлэгчид хэлсэн. Жишээ нь М.Мөнгэрэл багш хүүхдийн нууц эрхтнийг оролдож байхад нь би өөрөө орж харсан. Яагаад гэхээр 2 цаг 30 минутаас 2 цаг 40 минутын хооронд хүүхэд босоод өдрийн гимнастик, чийрэгжүүлэх үйл ажиллагааг явуулахад би хамтран ажиллах буюу зөвлөн туслах хяналт тавих ажил үүргийн хуваарьтай байдаг. Энэ чиглэлээр ангиудаар явахад М.Мөнхгэрэл багш н.Маралжингоо гээд 3 настай хүүхдийн дотуур өмдийг нь тайлаад нууц эрхтнийг нь оролдож байхыг өөрийн нүдээр харсан. Яагаад ингэж байгаа юм бэ, болохгүй ш дээ гэж хэлээд анхан шат буюу эрхлэгчид хандсан. Хүүхдийн нууц эрхтнээр оролдож байна багш хүн, эмэгтэй хүн ийм байж болохгүй гэхэд эрхлэгч надад ийм асуудал байж болохгүй гэж хэлээд өөрөө уулзъя гэж байсан. Маргааш нь ямар шийдэлд хүрсэн талаар хариу асуухад албан ёсны хариу хэлээгүй. Иймээс би дараагийн шат буюу Уурхайчин багийн хүүхдийн илч гэдэг шатанд хандсан. Энэ бол байж болохгүй дараагийн шатанд хандах ёстой гээд Нийгэм хамгааллын хэлтэст хандсан. Нийгэм хамгааллын хэлтэс Засаг даргаар ахлуулаад Цагдаагийн газарт хүсэлтээ өгсөн. Яагаад гэвэл миний ажил үүргийн хуваарьт хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллана, багш нартай хамтарч ажиллана. Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй багш нь ч тэр, туслах багш нь ч, арга зүйч нь ч байсан хамгаалах ёстой гэж боддог. Би багш нартаа хэлдэг та нар хүний хүүхдийг зодох нь бүү хэл загнах эрхгүй. Бид нар хүний хүүхдийг сурч хөгжүүлэх үүрэгтэй. В.Одонцэцэг багш дуу хөгжмийн багш биш боловч дуу хөгжмийн багшийн ажлыг хийж байгаа. Гэтэл Миний гэр бүл сэдвийн хүрээнд 1 сарын сургалтын төлөвлөлтийг надаар батлуулаагүй, манайх 5 дахь өдөр бүр багш ажилчдынхаа 30 хоногийн төлөвлөлтийг 14 хоногоор хувааж батлуулдаг. Зарим ажлын ачаалал ихтэй үед 1 дэх өдөр батлуулж болдог гэтэл 2 удаа шаардлага тавихад батлуулаагүй, өөрөө орж шалгаж үзэхэд миний гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Анх сургууль төгсөөд ирэхэд багш нар бидэнд үүрэг өгч байхдаа 1 өдрийн сургалтын төлөвлөгөөг батлуулаагүй хичээл заасан тохиолдолд ажил тасалсанд тооцно гэсэн би тэр зарчмыг одоо ч баримталдаг. Тэгээд би эрхлэгч рүү В.Одонцэцэг багшийг дагуулж ороод миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна, 1 сарын төлөвлөлт батлуулаагүй байн гэхэд, эрхлэгч яагаад арга зүйчийн гарын үсгийг дуурайж зурж байгаа юм бэ, гэхэд В.Одонцэцэг багш надад миний дуу хөгжмийн зааланд сургалтын хөтөлбөр ил байдаг. Өөр багш нар ороод таны гарын үсгийг дуурайлган зурсан юм болов уу гэдэг хариултыг Б.Энхцэцэг эрхлэгчийн хажууд хэлсэн. Би юу гэж өөр багш нар чиний хөтөлбөр төлөлтийг батлаагүй байна гээд гарын зурахав дээ гэсэн. Гэвч иймэрхүү чиглэлээр надад энэ 3 хүн надад ингэж ханддаг. Ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл цэцэрлэгт дээд хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Гэвч би шантрахгүйгээр ажлаа хийсээр байсан. Ажлынхтайгаа хамтарч ажиллах үүргийн хувьд шаардлагаа тавиад ажилладаг. М.Мөнхгэрэл, В.Одонцэцэг гэдэг 2 багш бол ерөнхийдөө арга зүйчийн зүгээс тавьсан сургалтын чиглэлийн ажлыг хоцруулах, үл тоох тиймэрхүү нөхцөлүүд гарч ажиглагдаж байсан. 2021 оны 12 сарын 24-ний өглөө эрхлэгч миний өрөөнд арга зүйч ороод ир гэсэн ороход наад бичиг баримттайгаа танилц гэсэн албан бичиг өгсөн. Би 2022 оны 01 дүгээр сарын 01-оос тэргүүлэх зэрэгт орохоор материалаа бүрдүүлээд сургалтаа явуулж байсан болохоор намайг тэргүүлэх зэргийн тушаалыг гаргаж өгч байгаа юм байна гэсэн бодлоготой, горьдлоготой тухайн тушаалыг уншихад 12 сарын 01-25-ны хооронд ажлаас чөлөөлөх буюу багшийн ёс зүйн алдаа гаргасан буюу багш хамт олныг гүтгэн доромжлох шалгаан заалтуудыг бичээд ажлаас халсан тушаал байсан би тухайн үед уншиж танилцаад ажлаас чөлөөлөх тухай тушаалд гарын үсэг зурахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна яагаад гэвэл би сургалтдаа суусан. Сургалтдаа суухдаа зохих хэмжээний чөлөөгөө бичгээр гаргасан. Мөн жижүүр, багш нарт хэлээд өөрийн цагаа бүртгүүлээд сургалтад суусан. Сургалт надад хэрэгтэй би ажлын байран дээр сурч хөгжиж боловсрох гээд заагаад өгчихсөн учраас сургалтад суусан, ажлаас халагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд Сертификат авах байсан учраас 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 55 минут гэж ажлаас гарсан. Иймээс намайг эргүүлж ажилд маань оруулж өнгө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

*******г 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 28 дахь тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Учир нь ажил тасалсан. 2021 оны 12 сарын 03 ний өдөр 08 -16 цаг 25 минут хүртэл нийт 7 цаг 25 минутын ажил тасалсан, 12 сарын 08-ны өдөр 13-15 цаг хүртэл ажилдаа ирээгүй, 12сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутаас 17 цаг, 12 сарын 16-ны өдөр 14 цаг 35 минутаас-17 цаг хүртэл ажилдаа ирээгүй, 12 сарын 17-ны өдөр 12 цаг 10 минутаас 17 цаг 00 минут хүртэл, 12 сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутаас 17 цаг 00 минут хүртэл, 12 сарын 22-ны өдөр 14 цаг 30 минутаас 17 цаг хүртэл, ямар сургалт явагдах талаар Орхон СӨБ, и-оффисоор мэдээлэл ордог, 12 сарын 23-ны өдөр 08 цагаас 10 цаг 25 минут хүртэл ажилдаа ирээгүй, нийт цагийг тооцохоор 30 цаг 30 минут ажил тасалсан гэж үзсэн.Ямар сургалт явагдах талаар мэдээ мэдээллийг И-оффис эсхүл Орхон СӨБ эрхлэгч арга зүйч гэсэн фейсбүүк группээр сургалтын талаар болон бусад мэдээ мэдээллийг цахимаар ирдэг. Энэ *******гийн сургалтын талаар мэдээд мэдээлэл ирээгүй, энэ 2 сайтаар ирсэн мэдээ мэдээллийг нэгтгээд үзсэн и-оффист 12 сард нийт 23 мэдээлэл ирсэн сургалттай холбоотой 5 мэдээлэл байсан. Орхон СӨБ эрхлэгч арга зүйч гэсэн фейсбүүк группээр 12 сард 63 мэдээлэл ирсэн сургалттай холбоотой 10 мэдээлэл байсан. *******гийн суусан сургалтыг талаар ямар ч мэдээ мэдээлэл энэ 2 группт байхгүй байсан. *******тай холбоотой асуудалд хамт олно гүтгэдэг, сошиал орчинд худлаа мэдээлэл тавих, зохих албан тушаалтанд худал гүтгэсэн гомдол гаргах, багшийн ёс зүй зөрчсөн үйлдлийг олон удаа гаргасан. Сошиалаар нийт 2021 оны 06 сараас хойш СӨБ-ын багш нарын нэгдсэн групп, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэсэн 2 групп байдаг. Үүн дээр СӨБ-ын багш нарын нэгдсэн группт 13 мэдээлэл, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэсэн группт 11 мэдээлэл оруулсан. 2-г нь дурдъя, бусдыг нь хавтаст хэрэгт өгсөн. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл гэсэн группэд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 38 минутад манай цэцэрлэгт багш нь хүүхдийн нууц эрхтэн оролдож байсан зөрчил гарсан. Зөрчлийг эрхлэгч нь нуун дарагдуулсан. Би тэмцээд яваад байгаа, эрхлэгч, СӨБ-ын мэргэжилтэн 2 намайг цааш мэдэгдэх юм бол намайг гишгэх газаргүй болгоно гэж дарамталсан гэсэн хэдий ч би тэмцээд байгаа гэж бичсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5 жил тутам авдаг урамшууллыг албан тушаалаа урвуулан ашиглан авдаг, Солонгос яваад ирсэн багшаас мөнгө авдаг цэцэрлэгийн эрхлэгч байна. Өгөхгүй бол дарамталж өгнө дөө, ингэж муухай гүтгэж байгаа. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн боловсролын төрөл удирдах болон бусад ажилчдын ёс зүйн дүрэм гэж байдаг. Үүний 4.3.1-т Эцэг, эх, асран хамгаалагч, хамтран ажиллагсдыг доромжлох, нэр төрөөр гутаахгүй байх, 4.3.4-т өөрийн болон байгууллагын нэр хүнд амжилтын төлөө хамт олон, хувь хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх заалтуудыг зөрчсөн учраас ажлаас нь халах үндэслэл болсон. Мөн ******* нь *******ийн багш ажилчдын мөрдөх ёс зүйн журам байдаг. Үүний 2.10-т Байгууллагын ажилчдын нэр хүндийг гутаан доромжлох нэр хоч өгөх,гүтгэхгүй байх. Үүний хариуцлага тооцох хэлбэрт нь ийм зөрчил гаргасан хүнийг ажлаас нь чөлөөлнө гэсэн үндэслэл байна. ******* нь сошиал орчинд худал мэдээлэл тараахаас гадна өөрийн танил Доржпалам овогтой Мөнхтуяад манай цэцэрлэгт ус алдсан талаар мэдээлэл өгсөн. Энэ Д.Мөнхтуяа нь 2021 оны 11 сарын 04-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаараа манай ******* ус алдсан талаарх мэдээлэл тавьсан байгаа гээд энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь уншиж танилцуулав. Үүнд: 4 настай хүүхдүүдийн ангид ус алдаж, 3 өдөр өөр ангид хичээллэснээс 1 өдөр нь бүтэн багшгүй байсан. Энэ ангийн эд зүйлс хэзээ бүрэн хатаж халдвар хамгааллын дэглэм ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Мөн ахлах бүлгийн угаалгын өрөөнд ус алдсан гэвч энийг угаалгын өрөө гэхгүй ариун цэврийн өрөө гэнэ, учир нь тэнд хүүхдүүд орж гараа угааж бие засдаг. Бусад өрөөнд энэ ус нь ороогүй хамгийн муухай болсон ус алдсан хэсгийг нь тавиад засвар хийсэн хэсгийнх нь зургийг оруулаагүй байсан. Орхон аймгийн Засаг даргын орлогч н.Түвшинбаяр намайг дуудсан би 16 өнгөрөөж очиход *******гийн өргөдлийг өгсөн. Мөн та нар арга зүйчийн өрөөнд орж болохгүй орвол ажлаас хална гэж дарамталдаг гэж үндэслэлгүй гүтгэсэн. Ажил тасалсан, багшийн ёс зүй зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн зэрэг заалтуудыг зөрчсөн учраас *******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар гаргасан. Засаг даргын орлогч Түвшинбаяр нь *******гийн гомдлын хариуг ирүүлсэн байхад дахин дахин гомдол гаргадаг. Хөдөлмөрийн гэрээний 4.3-н 1 дэх заалт энэ өргөдлийг энэ хүн өөрийн удирдлагад ажилладаг 4 үндэслэлээр М.Мөнхгэрэлийг хүүхдийн нууц эрхтэнг оролдсон, мөн хүүхэдтэй чанга дуугаар харьцдаг гээд байгаа нь үндэслэлгүй, сэтгэл санааны дарамтад оруулж байна. Ийм үндэслэлээр энэ багшийг гүтгэсэн гээд энэ асуудал цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 4.3-4 энэ заалтыг Засаг даргад гаргасан гомдол дээр надад байгууллагын урамшуулал олгоогүй бусад хүмүүст илүү олгосон гэх нэр дурдсан хүмүүсийг Хөдөлмөрийн дотоод журам 9.3.2, 9.2.2. Багш ажилчдын ажилд 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан бол ажлаас хална гэж заасан байдаг. Нийт 30 цаг 30 минут ажил тасалсан нь 3 өдөр 6 цаг ажил тасалсанд тооцож байгаа. *******ийн багш ажилчдын нэр хоч өгөхгүй байх гэдэг нь *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр байгуулсан багшийн ёс зүй ноцтой зөрчил гаргасан гэдгийг баталж байгаа, дотоод журамдаа заасан 15-аас эхэлсэн гэж хэлээд байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс энэ хүн цагийн бүртгэлийг эрхлэгч хөтөлдөггүй гэсэн. Цагийн бүртгэлийг жижүүр хөтөлдөг хааяа жижүүр багш хөтөлдөг эрхлэгч 7,7 хоногоор цагийн бүртгэлтэй танилцдаг хариуцагч дурдаагүй орхичихлоо чөлөө зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн явсан. Байгууллагын асуудлыг бусдад дэлгэж сайныг хэлэхгүй саарыг нь хэлсэн. Хаалттай группт болсон байгууллагын дотоод асуудлыг өөр хүнд дэлгэсэн. Д.Мөнхтуяагийн нийтлэл Орхон аймгийн одод цэцэрлэгийн хамгаалагч унтаж байхад ус алдсаны улмаас хүүхдийн эрх зөрчигдөж байна гэсэн. Энэ постны комментыг харахад байгууллагыг муулсан хүмүүс маш их мөн буруу ойлголттой байна. Иймээс худал мэдээлэл өгч байгууллагын нэр төрд халдсан асуудал яригдаж байна. Хүүхдийн байгууллагад удирдлагын дарамт шахалт гэсний үндсэн дээр Манай цэцэрлэг дээр охин хүүхдийн нууц эрхтэн оролдсон хэрэг гарсан эрхлэгч тоохгүй би тэмцээд байгаа гэсэн. Гэтэл хүүхдийг зодох нь битгий хэл чанга ч дуугардаггүй. Хүүхдийн эрхийг зөрчөөд байгаа асуудлаар ******* дээр арга хэмжээ, хяналт шалгалт хийхэд зөрчил илэрдэггүй арга хэмжээ авагддаггүй. Ус алдсантай холбоотой цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх хүүхэд хохирсон талаар ямар гомдол гараагүй байхад олон нийтэд тарааж байгаа нь хамт олон сургуулийн орчны нэр төрд халдсан асуудал, С.Атараа гээд ахлах бүлгийн ангид ус алдсанаас болоод дунд бүлгийн ангид хичээл орсон нь үнэн боловч ямар нэгэн асуудал гараагүй хүүхдүүдийг харгалзах багшгүй харгалзах хүнгүй орхиогүй. Гэтэл энэ нь олон нийтийн анхаарлыг хандуулах зөрчил мөн үү асуудлаа дор дор нь шийдээд хивсээ цэвэрлээд ангиа тэр дор нь ариутгаад асуудлыг шийдсэн байна. Энэ хүнд арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Миний ярьсан 2 фактаар энэ бүх зөрчил нотлогдож байна гэж үзэж байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00370 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******гийн хариуцагч Орхон аймгийн *******т холбогдуулан гаргасан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, эрхлэгчийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус шийдвэрийн 7 хуудасны 09 дэх хэсэгт ...Нийт 3 өдөр 6 цаг 30 минут ажил тасалсан болох нь цагийн бүртгэл .ажилчдын хөдөлгөөний бүртгэл баримт болон зохигчдын тайлбараа нотлогдож байна гэх дүгнэлтийг шүүх хийсэн . Гэтэл эдгээр нотлогдож байна гэж үзэж байгаа нотлох баримт хууль ёсны шаардлага хангаж байгаа эсэхийг шүүх анхаарч үзээгүй. Учир нь нэхэмжлэгч шүүхэд 2021.12.30 ны өдөр нэхэмжлэл гаргахдаа өгсөн хавтаст хэргийн 7 хуудаст ажилчдын хөдөлгөөний бүртгэл дэвтрийн хуулбарын дээрээс 6 гэж дугаарласнаас доош 5 мөртөд огт үг бичигдээгүй байж байгаад 1 гэж дугаарлагдан М.Отгонтуяа гэх агуулгатай бичвэр бичигдсэн байх ба хариуцагч баримтын эх хувийг гаргаж байна гэх 52 хх авагдсан баримтаас 1 гэж дугаарлагдсан М.Отгонтуяагийн дээд мөрөнд дахин 1 гэж дугаарлан ******* гэж 83 -1623 гэж бичвэрийг Б.Энхцэцэг хариуцагч өөрөө нэмж бичсэн баримт нь хуурамч гэж нэхэмжлэгч үзэж байх ба . тухайн ажилчдын бичвэрт эрхлэгч бичвэр хийдэггүй гэх боловч өөрийнх нь бичиг болохыг нэхэмжлэгч шууд таньж байгаа энэхүү баримт нотлох баримтын шаардлага хангасан эсэх ялангуяа 2021.12.03-ны өдөр ажил тасалсан гэж зохиож бичсэн энэхүү бичвэр бүхий баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шүүх анхаарч шийдвэрлээгүй байна. 2021.12.03-ны өдөр бүтэн ажилдаа ирээгүй гэх цагийн бүртгэл гэх цэнхэр дэвтэр ажиллагсдын ирсэн явсан цагийг бүртгэдэг гэх ба голын мөрөнд цайны завсарлагын цагийн бичдэг гэх боловч тухайн дэвтрийн 09,10,11 саруудын баримтыг харвал голын 2 мөрийн бичвэр хийгддэггүй , 2022.12 сарын бүртгэлдээ ганцхан *******гийн цайндаа гарсан явсан цагийн яс бүртгэсэн мэт бичвэрүүдийн нөхөж бичсэн байна гэж нэхэмжлэгч үзэх ба 2012.02.03 гэж ганцхан *******г гарч явсан мэт тухайн өдрийн тэмдэглэл явсан цагт зориуд бичвэрийг арилгагчаар дарж засвар хийж 17 2 гэж бичсэн тэмдэглэл бүхий баримтыг шүүх үнэн зөв гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шүүх анхаарсангүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн нь хууль зөрчжээ гэж үзэж байна. Хавтаст хэргийн 53 хуудасны эхний мөрт байх 16-ны гэх өдрийн тэмдэглэлийн *******гийн хөдөлгөөнийг бүртгэсэн гэх мөр хэсэг /1 мөр / т мөн арилгагч хэрэглэн засвар хийсэн байх ба баг, 11.00 гэх бичвэрийг дарж, ирээгүй гэж бичвэр бичсэн нь хууль ёсны дагуу баримт гэж үзэх боломжгүй байгааг шүүх анхаарч шийдвэрлээгүй ба шүүх хуралдаанд уг баримт завсарлагдсан талаар тайлбарлахад анхаарч шийдвэрлээгүй билээ. Мөн хавтаст хэргийн 132 хх *******тай ажиллахгүй гэх ажилчдын нэрсийн жагсаалт гэх баримтад ******* гарын үсэг зурсан байх жишээтэй баримт ашиглан хуурамч баримт бүрдүүлдэг гэж нэхэмжлэгч гомдоллодог зэрэг тайлбарыг шүүх анхаараагүй.Хавтаст хэргийн 52 хх ард байх 2021.12 .15-ны өдрийн ажиллагсдын бүртгэлийн доод хэсэгт 7 гэж дугаарлагдсан Цогзолмаа а/з 133 сургалттай гэх бичвэрийг хариуцагч Б.Энхцэцэг өөрийн гараар бичсэн байгааг нэхэмжлэгч тайлбарлах ба тухайн өдөр чөлөө авсныг мэдэж хариуцагч өөрөө тэмдэглэл хөтөлсөн нь нотлогдож байгаа энэхүү баримтыг шүүх үнэлээгүй ба Б.Энхцэцэг ажил дээрээ байсан өрөөний үүдэнд наасан чөлөө хүссэн зөвшөөрлийг авсан болох нь , мөн сургалттай гэх үндэслэлээр чөлөө өгч, энэ тухайгаа тэмдэглэсэн байгаа зэрэг баримт чөлөө зөвшөөрөл авалгүйгээр өөрийн дураар сургалтад суусан гэсэн дүгнэлт хийснийг үгүйсгэсэн баримт байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитой анхаарч дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Эрхлэгч Б.Энхцэцэг /хариуцагч/ нь тухайн чөлөө хүссэн баримтыг ажлаас халагдсаны дараа оройн цагаар байгууллагын хаалганд наасан байсан тухай шүүх хуралдаанд тайлбар гаргадаг ба уг чөлөө хүссэн баримтыг мэдэж ярьж байгаа байдлыг шүүх анхааралгүй , ******* эрхлэгчтэйгээ уулзаж чөлөө авах хүсэлт гаргаагүй мэтээр нотлох баримтыг үзэж тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн хариуцагч цагийн чөлөөг бичгээр авах шаардлагагүй гэх тайлбарыг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч 2021.12.15,16,17,20,21,22-ны өдрийн үдээс хойш 6 өдрийн 14 цагаас -18 цагийн хооронд болох сургалтын цагаас бусад цагт ажил дээрээ ажлаа хийж байсан байдалд хариуцагч маргадаггүй. Өөрөөр хэлбэл 2021.12.15-ны 13.30 ажлаас явж сургалтад суухдаа хуулиар олгогдсон 1 цагийн цайны цагийн завсарлагыг авалгүй ажлаа хийж байгаад, сургалтад явсан цаг буюу түүний ажиллавал зохих 14-17 цагийн хооронд цайны завсарлагыг оруулж ажиллах ёстой байсан цагийг тооцвол 1 цаг 30 минут, 2021.12.16-ны өдөр цайны завсарлага авалгүй 13.25 цагт сургалтад явсан цагийг ажиллавал зохих цагт харьцуулан тооцвол 1 цаг 35 минут , 2021.12.17-ны өдөр цайны завсарлага авалгүй 13.10 цагт сургалтад явсан цагийг ажиллавал зохих цагт харьцуулан тооцвол 1 цаг 50 минут , 2021.12.20-ны өдөр цайны завсарлага авалгүй 13.10 цагт сургалтад явсан цагийг ажиллавал зохих цагт харьцуулан тооцвол 1 цаг 50 минут , 2021.12.21-ны өдөр цайны завсарлага авалгүй 13.25 цагт сургалтад явсан цагийг ажиллавал зохих цагт харьцуулан тооцвол 1 цаг 35 минут , 2021.12.22-ны өдөр цайны завсарлага авалгүй 13.35 цагт сургалтад явсан цагийг ажиллавал зохих цагт харьцуулан тооцвол 1 цаг 25 минут болж байх ба ******* тухайн 6 хоногт ажиллавал зохих цагаас 8 цаг 25 минут ажил дээрээ байгаагүй байна. Авбал зохих 1 цагийн цайны завсарлага 6 өдрөөр 6 цагийг нэмбэл 14 цаг 25 минут байгаагүй байхад шүүх 3 өдөр 6 цаг 30 минут гэж үндэслэлгүй дүгнэлт тооцоо гаргасан байна. *******ийн эрхлэгч Б.Энхцэцэгийн 2021.12.24-ны өдрийн ажлаас халах тушаал хууль бус байхад нэг зөрчил нь тогтоогдож байна гэх байдлаар тушаалыг хэвээр үлдээсэн. Гэтэл уг тушаалд багшийн ёс зүйн ноцтой зөрчлийг удаа дараа давтан гаргасан нөхцөл хэрэгт нотлогдоогүй байдалд шүүх дүгнэлт хийсэн атлаа тушаалыг хууль зүйн үндэслэлтэй байдлаар хүчинтэй үлдээж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хуулийн дагуу хангаж шийдвэрлээгүй гэж үзэж байна. *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.2 дахь заалтыг шүүх буруу тайлбарласан. Учир уг заалтад шалтгаангүйгээр тасалсан бол гэх ойлголтод *******гийн сургалтад суусан нь тогтоогдож буй үйл баримт хамаарах эсэхийг шүүх дүгнээгүй. Шалтгаантай бол тасалсан гэх ойлголт байхгүй гэж үзэхүйц давхар агуулгатай энэхүү ойлголтыг шүүх хэрхэн яаж тайлбарлан хэрэглэхээ огт дурдаагүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.11-ны өдөр 142/ШШ2022/00370 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

*******ийн эрхлэгч ,хариуцагч Б.Энхцэцэгийг цагийн бүртгэлийг өөрөө бичсэн,зассан,арилгасан гэх зэргээр нотлох баримтыг үгүйсгэжээ.Хариуцагч нь энэ талаар тайлбарлахдаа ажилтнуудын цагийг жижүүр бүртгэдэг бөгөөд энд эрхлэгч огт оролцдоггүй гэсэн тайлбарыг өгч байна. Нэхэмжлэгч тал гол нотлох баримт болох цагийн бүртгэлийн талаар ийм байр суурьтай байсан бол хэн бичсэнийг болон хэн яаж зассаныг шинжээч томилуулаад тогтоолгох боломжтой байсан даа уг нь.Энэ талаар огт мэтгэлцээгүй юм.Тэгж засаж арилгаж янзалсан зүйл байхгүй баримтыг шүүхэд өгсөн.Хэрэв ийм их зассан арилгасан зүйл байгаа бол нэхэмжлэгчийг хардах үндэслэл гарч ирж байна. Ажлаас чөлөө хүссэн тухай баримтыг хаалганд наасан байсныг хариуцагч ажлаас халагдсан орой наасныг мэдэж байсан мэтээр тайлбар өгсөн гэжээ.Хариуцагч Б.Энхцэцэг нь *******г ажлаа халагдсан оройгоо өрөөндөө орох гэж очоод ороод гарсан байсан тэхдээ тэр бичгээ наагаад зургийг н.ь авч хавсаргасан байж болзошгүй гэж хэлсэн болно. Өргөдөл хүсэлтийг ингэж өгдөг гэж үү. Шүүх *******гийн ажил тасалсан тухай цагийн бүртгэлийг үндэслэн тооцож гаргасан бөгөөд үндэслэлтэй тооцоо. Нэхэмжлэгч ******* нь багшийн ёс зүйн зөрчлийг маш олон удаа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. ******* нь сургалтад оролцох тухайгаа эрхлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй,чөлөө зөвшөөрөл аваагүй тул түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ үү. Шүүх хуралд хариуцагчийн хамт оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Орхон аймгийн *******т холбогдуулан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, эрхлэгчийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан *******гийн хариуцагч Орхон аймгийн *******т холбогдуулан гаргасан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Орхон аймгийн *******ийн эрхлэгч Б.Энхцэцэг нь *******тай 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан цэцэрлэгийн арга зүйчээр ажиллуулжээ.

Орхон аймгийн *******ийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.3.1., 4.3.4. дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.2., 9.2.3. дахь заалт, *******ийн багш ажилчдын ёс зүйн дүрмийн 2.10. дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.2.4.-ийн Г, З, 2.3.-ын А, Д заалтуудыг баримтлан ******* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 23-ны өдрийг дуустал хугацаанд нийтдээ 30 цаг 30 минут буюу 3 өдөр 6 цаг 30 минут ажил тасалсан, хамт ажилладаг багш ажилчдыг хэл амаар доромжлох, нэр төрийг нь гутаах зэрэг асуудлыг одон удаа гаргасан, байгууллагын талаар үндэслэлгүй мэдээлэл өгч, байгууллага хамт олны нэр хүндийг гутаах, худал гүтгэх зэргээр багшийн ёс зүйн ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Орхон аймгийн *******ийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаалд ...хамт ажилладаг багш ажилчдыг хэл амаар доромжлох, нэр төрийг нь гутаах зэрэг асуудлыг одон удаа гаргасан, байгууллагын талаар үндэслэлгүй мэдээлэл өгч, байгууллага хамт олны нэр хүндийг гутаах, худал гүтгэх зэргээр багшийн ёс зүйн ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан ... гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа боловч нь энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж тус цэцэрлэгийн арга зүйч *******г ажил тасалсан сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар дараах үндэслэлээр давж заалдсан гомдол гаргажээ.

Ажилчдын хөдөлгөөний бүртгэлийн дэвтрийн хуулбар дээр хийгдсэн бичвэр хуурамч, цагийн бүртгэлийн дэвтэр дээр хийгдсэн бичвэрийг арилгагчаар дарж засвар хийсэн, хавтаст хэргийн 53 хуудсанд авагдсан баримт завсарлагдсан, 132 дугаар хуудас *******тай ажиллахгүй гэх ажилчдын нэрсийн жагсаалт гэх баримтад Цогзолмаа гарын үсэг зурсан байх жишээтэй баримт ашиглан хуурамч баримт бүрдүүлсэн, 52 дугаар хуудасны ард байх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажиллагсдын бүртгэлийн доод хэсэгт 7 гэж дугаарлагдсан Цогзолмаа а/з 133 сургалттай гэх бичвэрийг хариуцагч Б.Энхцэцэг өөрийн гараар бичсэн гэх агуулгатай давж заалдах гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүхийн шатанд энэ талаарх хүсэлтийг гаргаагүй, шүүх хуралдаан дээр талууд мэтгэлцээгүй, мөн шинжээч томилуулж тогтоолгох боломжтой байжээ.

Нэхэмжлэгч албан ёсоор чөлөө авсан гэж байгаа боловч Орхон аймгийн ОДОД цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.3.-т мэргэжил дээшлүүлэх чиглэлээр сургалт, семинар, хурал, цуглаанд оролцохоор бол байгууллагын удирдлагад мэдэгдэж түр чөлөө авна гэж заажээ .Иймд нэхэмжлэгчийн сургалтанд суух чөлөө хүссэн өргөдлөө эрхлэгчийн өрөөний үүдэнд нааж үлдээсэн нь түр чөлөө авсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүд нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байх тул нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР