Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 195

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч: Т.Ганхуяг, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг /1898/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Түмэнжаргалын Ганхуягт холбогдох 2015 2602 2154 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Баян зоог” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 3, ээж, 5 настай охины хамт одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Эрхэс Од байрны 52 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар Т3 77081117, Чонос овогт Түмэнжаргалын Ганхуяг.

 

Шүүгдэгч Т.Ганхуяг нь бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Ганхуяг мэдүүлэхдээ:

Энэ хэрэг гарсан өдөр би найзтайгаа Маск караокед сууж байсан. Тэгэхэд 2 залуу, 2 хүүхэн тооцоогоо хийхгүй маргалдаад хохирогч нь зөөгч 2 охин болон бармен руу илүү мөнгө авлаа гээд дайраад байхаар нь би тооцоогоо хий гэдэг шаардлага тавьсан. Тэр залуу хүн, хүн рүү орилоод, тэнд суухад хэцүү байсан. Тэгээд би гадаа тамхилж байтал нөгөө хүмүүс гарч ирэхээр нь буруу хараад зогссон. Тэгтэл нөгөө залуу намайг ар талаас багалзуурдахаар гарыг нь автал тэр хүн шатаар унасан. Хохирогчийн найз болох Баадай гэх хүн тухайн үед хохирогчийг түшиж явсан бөгөөд тэд хамтдаа бие биенээсээ зууралдаад шатны уруу унасан. Хохирогч хөл дээрээ тогтох чадваргүй согтуу байсан. Тэнд ямар нэгэн зодоон болоогүй. Тэр даруй цагдаа, эмнэлэг дуудсан. Би тэр өдрөө цагдаагийн газар мэдүүлэг өгөөд тэндээ хоносон. Би одоогоор бодит хохиролд 2 300 000 төгрөг өгсөн. Би хохирогчид учруулсан гэмтлийн улмаас дахин эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг нь төлнө. Хохиролд нэмж 1 000 000 төгрөгийг 3 сарын дотор төлөхөөр тохирсон. Одоогоор би өөрөө мөнгөгүй тул манай найз 5 дугаар сарын 11-ний өдөр Солонгос улсаас ирээд 1 000 000 төгрөг хохирогчид өгнө. Дараа нь би найздаа мангийг нь төлж өгөх юм. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 5 настай охин, ээжийн хамт амьдардаг. Би гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ нэг нэгээр нь авсан. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Я.Энхбат мэдүүлэхдээ:

2015 оны 10 сарын 11-ний өдөр манай танил Баадай над руу яриад “2 эмэгтэй байна уулзах уу, яах вэ, уулзья гээд байна гэхээр нь за яахав уулзаж үзье гээд би Баянбүрдийн орчимд очиж Баадайтай уулзаад, нөгөө 2 хүүхнийг нэг цаг орчим хүлээгээд нэг цагийн дараа өөрсдийгөө Отгоо, Жавзаа гэх 2 эмэгтэй ирсэн. Караокед орьё гээд Хайлаастын хуучин эцэст нэрийг нь мэдэхгүй нэг караокед орж сууцгаасан ба 1 шил архи хувааж уусан. Тэгээд караоке хаах болоод Баадайн машинд суугаад хорооллын эцэст байрлах Маск нэртэй караокед очсон. 03 цагийн орчим байсан байхаа бүгдээрээ гарцгаах болоод нөгөө хоёр хүүхэн түрүүлээд гадагшаа гарчихсан. Тэгээд би бага зэрэг согтсон байсан учир төлбөр тооцоо хийгээгүй байсан болоод тэр үү текний ажилтантай маргаан үүссэн. Караокений хажуу талын ширээнд архи, пиво уун байсан нэрийг нь сүүлд мэддэг болсон Ганаа гэх залуу босч миний хажууд ирээд “идэж ууснаа төлж чадахгүй бол үхсэн хүүрээ хийж идэж уудаг юм бэ бас хүүхэн дагуулчихаад” гэхээр нь би “чамд хамаагүй, чи зүгээр дуугүй зайл, бид нар төлбөрөө өгчихнө, чамд ямар ч хамаа байхгүй” гэхэд нөгөөх Ганаа гэгч залуу гараад явчихсан ба шатан дээр тамхи татаад намайг хүлээж байсан юм байна лээ. Тооцоог хийчихээд гараад иртэл коридорийн шатан дээр Ганаатай тааралдсан ба согтуу байсан учраас дахиад л элдвээр маргалдаад байж байхад Баадай бид хоёрын голоор орж салгатал Ганаа намайг баруун хөлөөрөө цээжин бие хавьцаа тийрэхээр нь би шатны уруу унасан ба шатны доод давхарт унаад өвдөлтөндөө болоод орилох гэтэл хоолой гарахгүй болохоор нь би хүчээр орилсон. Өдөр 12 цагийн орчим гаднаас танихгүй 50 орчим насны ах, эгч хоёртой Ганаа гэх залуу орж ирсэн ба намайг Гэмтлийн эмнэлэгт аваачиж томографийн зураг авахуулсан ба эмнэлэгт түргэний машинаар ирж хэвтсэн гэжээ. (хэргийн 10-12, 78 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Баадай мэдүүлэхдээ:

...тэндээсээ гараад Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Маск” караокед орсон. 02, 03 цагийн орчим бид караокенаас гарах гээд тооцоо хийх болсон. Тэгтэл Я.Энхбат нилээн согтоод эхэлсэн, би “чи нилээн согтож байна, одоо архи уухаа боль” гэж хэлээд, машин ойртуулж ирэхээр гарсан. Нэг их удалгүй буцаад караоке руу яваад орсон чинь Я.Энхбат текэн дээр төлбөрөөс болоод зөөгчтэй маргалдаад “бид нар ийм их юм идэж уугаагүй” гээд байсан юм. Тухайн үед Я.Энхбат хүмүүсийг доромжлоод байсан чинь ширээнд сууж байсан нэг танихгүй залуу босч ирээд үгийн зөрүүгүй л Я.Энхбат руу дайраад байсан. Тэр залуугийн хэрэлдэж маргалдаад байсан утгыг сайн мэдэхгүй байна. Миний ойлголтоор уг газрын ажилчдыг л өмөөрсөн бололтой. Бид тооцоогоо хийгээд 1 давхар луу уруудаад буусан чинь нөгөө Я.Энхбаттай маргалдаад байсан залуу Я.Энхбатын шанаан тус газар нь гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нөгөө залууд хандаад “чи яагаад согтуу хүнтэй маргалдаад байгаа юм бэ” гээд нэг гараараа нөгөө залууг бариад, нөгөө гараараа Я.Энхбатыг бариад авчихсан зогсож байтал тэр залуу миний суган доогуур хөлөө явуулаад Я.Энхбатын цээж рүү тийрсэн. Тэгтэл Я.Энхбат 2 давхарын шатнаас 1 давхар луу шатны уруу ар нуруугаараа унаад, сүүлд нь дагзаараа доод ханыг мөргөсөн. Тэгээд уначихаад “яая” гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би Я.Энхбатыг босгохгүй хэвтүүлж, түргэн болон цагдаа дуудсан. Удалгүй түргэн, цагдаа ирсэн. Миний харснаар уг залуу Я.Энхбатын шанаан тус газар 1-2 удаа цохиод, шатны уруу руу өшиглөөд унагаасан. Я.Энхбатын нуруу хүчтэй гэмтчих шиг болсон гэжээ. (хэргийн 13, 14, 77 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Отгонжаргал мэдүүлэхдээ:

  1. 2015 оны 10 дугаар сарын 11-ний орой Жаргалмаа, Ч.Баадай, Я.Энхбат гэдэг залуу, бид дөрөв 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг “Маск” караокед орсон. Өрөөнд орж 1 цаг дуулж, 1 шил архи ууцгаасан бөгөөд Ч.Баадай, Я.Энхбат 2 тооцоо хийхээр болж Жаргалмаа бид 2 караокены үүдэнд 2 давхарт шатны хажууд зогсож байсан. Тэгтэл дотроос Я.Энхбат зааланд сууж байсан залуутай муудалцаад, маргалдаад гараад ирсэн. Тэгээд Ч.Баадай дундуур нь орж салгаад байж байтал Ч.Баадайгийн хажуугаар Я.Энхбатын ташаа, гуя хэсэг рүү хөлөөрөө тийрч шатны уруу унагаачихсан. Я.Энхбат шатны доор очоод босохгүй хэвтээд орилоод байсан. Тухайн үед Т.Ганхуяг “битгий баашлаад бай” гээд дайраад байсан. Ч.Баадай, “Я.Энхбатыг хөдөлгөж болохгүй” гээд түргэн дуудаж, Гэмтлийн эмнэлэг рүү түргэнээр авч явсан гэжээ. (хэргийн 118-120 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Октябрь мэдүүлэхдээ:

...2015 оны 10 дугаар сар шиг санагдаж байна. Өөрийн ажиллуулдаг “Маск” караокед ажиллаж байхад манай бармен, зөөгчтэй нэг залуу тооцооноос болж маргалдаад хараалын үг хэлээд, “та нар тооцоо нэмсэн байна” гэж хэрэлдээд хэсэг маргалдаж байгаад 30 000 төгрөгийн тооцоог тэр гэмтдэг залуу хийсэн. Хамт 2 хүүхэн явж байсан. Тооцоогоо хийчихээд маргаж байхад Ганаа гэх манай доод талын тогооч зааланд хараад сууж байсан бөгөөд “тооцоогоо хийгээч” гэж хажуунаас нь хэлэхэд мөн өөдөөс нь хэрэлдээд хүн болгон руу орилж чарлаад байсан. Тэгээд Ганаа тамхилах гээд гарсан бөгөөд коридорт хүмүүс шаагилдаад шуугилдаад байхаар нь гараад коридор луу хартал нөгөө залуу шатны доор хэвтчихсэн харагдаж байсан тэгээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа Ганааг аваад явсан. Би тэр залууг 103 дуудаж үзүүлсэн. Тэр залуу босч чадахгүй “ёо ёо” гэж хэвтэж байсан гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Уранбаяр мэдүүлэхдээ:

...2015 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7, 9, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат-113 чиглэлд хэв журмын офицер ахмад Жононгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат-10-аас “Маск” караокед зодоон болоод байна” гэх дуудлагын дагуу очиж шалгахад зодуулсан гээд байгаа залуу нь шатны доод хэсэгт дээшээ харсан байдалтай босч чадахгүй байна гээд хэвтэж байсан ба зодсон гээд байгаа залуугийн нэрийг нь санахгүй байна. 170 орчим см өндөртэй, 30 гаруй насны мах мариа дунд зэргийн цайвар цагаандуу царайтай залууг Тайшир-20-д саатуулсан шиг санаж байна. Нуруу нь гэмтсэн залууг 103 дуудаж хүлээлгэж өгсөн ба уг “Маск” караокены эзэн Б.Октябрь гэх залууд захиж хэлсэн. Караокены шат нь 2 хэсэг эргэлдсэн байрлалтай чулуун тавцантай байсан ба гол хэсэгт нь хэвтэж байсан  гэжээ. (хэргийн 15, 16 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-С.Сүхбаатар мэдүүлэхдээ:

...2015 оны намар шиг санагдаж байна. Манай хамаатны ах Р.Батцэнгэл над руу залгаад “урьд шөнө зодоон болсон юм, нэг хүнийг буудалд авчирсан байна, чи нэг үзээд өгөөч” гэсэн. Өглөө нь очтол хорооллын эцэст нэг буудалд нэг эрэгтэй архи, согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд би эмч хүн учраас “ямар зовиур байна” гэж асуутал зовиур их байгаа мэт харагдсан. Тэгэхээр нь би нурууг нь үзтэл ил харагдах шарх, сорви байгаагүй. Тэгэхээр нь өвчин намдаах тариа хийж өгөөд, “яаралтай томографийн зураг авахуул” гэж хэлээд зургийг нь авахуулсан. Зургийг харахад нурууны бүсэлхийн нуруунд шахагдсан хугарал харагдсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт аваачиж өгчихөөд явсан ба 2, 3 хоногийн дараа эмнэлэг дээр эргэж очиход хагалгаанд орох гэж байгаа гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 17, 18 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Батцэнгэл мэдүүлэхдээ:

...Гэртээ унтаж байтал шөнийн 03 цагийн алдад хохирогч гээд байгаа залуугийн найз нь над руу залгаад “манай найзыг танай тогооч зодчихлоо, бэртсэн байна эмнэлэг дээр хүрээд ирээч” гэхээр нь би Гэмтлийн эмнэлэг дээр очтол эмнэлгийн орон дээр шал согтуу, тасарсан байдалтай залуу байсан. Эмч нар “энд байлгах аргагүй байна, оношийг тогтоогоод өглөө эрт авчир” гэхээр нь бид нар ажлын ард талын буудалд аваачиж хонуулаад хажууд нь хохирогчтой хамт явж байсан 2 хүүхэн хоносон. Харин нөгөөх намайг дууддаг залуу болохоор Гэмтлийн эмнэлэг дээрээс хаяад явчихсан. Харин би цайны газартаа очоод эргээд буудалд очиход хохирогч ухаан орсон янзтай ганцаараа хэвтэж байсан ба нөгөө 2 хүүхэн нь утас, бичиг баримтыг нь аваад явчихсан байсан. Тэр 2 хүүхэн согтуу байсан ба тэр 2 хүүхний утсыг нь олоод залгаад “яагаад хаяад явчихаж байгаа юм бэ, эмнэлгийн истори болон утсыг өгөөч” гэхэд “таксинд хаячихсан, бид 2 очиж чадахгүй” гэж хэлсэн. Өглөө нь би Ганаагийн эгчтэй хамт томографийн зургийн оочер авахаар эмнэлэг явсан хойно буудлын өрөөний утаснаас яриад “бие өвдөөд байна” гээд байхаар нь хамаатны дүү С.Сүхбаатарыг “очоод үзээд эм, тариа хийж өгөөд, байж бай” гэж дуудсан. Түүнийг Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад томографийн зураг 120 000 төгрөгөөр авахуултал нурууны нугалам хугарсан гэсэн онош гарахаар нь Гэмтлийн эмнэлэгт аваачиж хэвтүүлэх гэтэл нөгөө хохирогч залуу гэртээ харина гээд байхаар нь Ганааг цагдаагийн хэлтэс дээрээс ирж аваад Хайлаастад байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Т.Ганхуягтай хамт үлдээгээд Гэмтлийн эмнэлэг дээр ирж зургийг нь үзүүлтэл зайлшгүй хэвтүүлэх шаардлагатай гэхээр нь түргэн дуудаад хэвтүүлсэн. Нөгөө хохирогч залуу сахиур байхгүй гээд байхаар нь Т.Ганхуягаар сахиулж 3, 4 хонуулсан гэжээ. (хэргийн 20, 21 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Бат-Оргил мэдүүлэхдээ:

...тэгтэл 2 эмэгтэй, нэг эрэгтэйн хамт явж байсан нэг залуу барментай маргалдаад тооцоогоо хийхгүй зогсоод байсан. ...тухайн үед Ганхуягт ч биш бүх хүмүүст агсан тавиад байсан. ...Тэгэхээр нь би Ганхуягийг наадах чинь согтуу байна, битгий юм ярь, хаячих гэсэн. ...тэгтэл Ганхуяг хамт гарч тамхилах уу гэхээр нь би тамхи татдаггүй болохоор үлдээд ...Энхбат тамхиа бариад гарсан. ...зөөгч охин над руу хүрч ирээд “танай найз руу согтуу ах оччихсон муудалцаад байна” гэхээр нь би шууд босоод хаалгаар гартал Ганхуяг тамхи татдаг шалан дээр тамхиа барьчихсан зогсож байхаар нь “нөгөө залуу чинь хаана байна” гээд шатны уруу заасан тэгтэл Энхбат доош урууддаг шатны караоке гэсэн бичгийн доор доошоо хараад ёолоод үхлээ гээд хэвтээд байхаар нь би босгох гэтэл босохгүй байсан...гэжээ. (хэргийн 198, 199 дүгээр хуудас)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16496 тоот дүгнэлтэд:

1. Я.Энхбатын биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад шинжээч-Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ:

Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл, биеийг шатны уруу унах үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байгаа. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. 1 сараас дээш хугацаанд эдгэрэх боломжтой. Эмчилгээний чанараас хамаарч түргэн буюу удаан эдгэрэх боломжтой гэжээ. (хэргийн 79 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Ганхуяг ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Ганхуяг нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Маск” караокенд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хохирогч Я.Энхбаттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний шанаа руу цохих, цээжин тус газар тийрч өшиглөн шат руу унагааж хүч хэрэглэн бие махбодид нь бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.Энхбат, гэрч Ч.Баадай, Б.Отгонжаргал, Б.Октябрь, Б.Уранбаяр, С.Сүхбаатар, Р.Батцэнгэл, Б.Бат-Оргил, шинжээч Т.Чимэд-Очир нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16496 тоот дүгнэлт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 10950 дугаартай өвчний түүх, хэрэг учрал болсон гэх газар оронд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Ганхуягийг бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Я.Энхбатыг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд 1 699 446 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон боловч Т.Ганхуяг эмчилгээний зардалд 2 300 000 төгрөгийг сайн дураар төлсөн тул түүнд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй ба мөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 3 сарын дотор хохирогч Я.Энхбатад 1 000 000 төгрөг төлнө гэж баталгаа гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, өндөр настай ээж, бага насны охиноо ганцаар тэжээн тэтгэдэг ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэн, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.