Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ганхуягт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

ялтан Т.Ганхуягийн өмгөөлөгч Ж.Уранчимэг,

хохирогч Я.Энхбат,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Ганхуягийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201526022154 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овогт Түмэнжаргалын Ганхуяг, 1977 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Баян зоог” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоон 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Эрхэс од” байрны 52 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТЗ77081117/;

            Т.Ганхуяг нь 2015 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Маск” нэртэй караокений үүдэнд иргэн Я.Энхбатын зохисгүй харьцааны улмаас түүнтэй маргалдан улмаар нүүрэн тус газар цохиж, тийрч өшиглөн шат руу унагааж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Ганхуягийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Т.Ганхуягийг 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Ганхуягт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1.699.446 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 40а-7 тоотод оршин суух хохирогч Я.Энхбатад олгож, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Т.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Т.Ганхуягийн өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ганхуяг нь хохирогч Я.Энхбатын зүй бус үйлдлийг таслан зогсоохоор зүй ёсны шаардлагыг түүнд тавихад хохирогч илтэд дургүйцэн Т.Ганхуягийг шатны хажууд найз Бат-Оргилын хамт тамхи татаад зогсож байхад араас нь ирж хүзүүнээс нь багалзуурдахаар нь гарыг нь тавиулахаар түлхтэл хохирогч Я.Энхбат нь найз Баадайн хамт шатны уруу давхралдаж унасан. Гэрч Баадай нь хамт унаснаа хэлдэггүй. Тухайн үед шатан дээр хамт байсан гэх Бат-Оргил болон хоёр зөөгч охиныг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр асуулгүй орхигдуулж, хохирогчийн найз Баадай, Отгонжаргал нарын үгсэн хуйвалдсан мэдүүлгээр хэт нэг талыг барьж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд гэрч оролцуулах хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хангалгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн. 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Т.Ганхуягаас тайлбар авахад нь хохирогч Я.Энхбатыг хүзүүнээс багалзуурдан авч, хүзүүнд гарын ор гарч, улаан толбо үүсгэснийг харуулж тайлбартаа хэлсээр байтал тэр тайлбар нь хэргийн материалд авагдаагүй. Т.Ганхуяг тухайн үед Цагдаагаас огт дуудахгүй болохоор нь Эрдэнэт хотод ресторанд ажиллахаар явсан бөгөөд тэр үед барьж байсан утасны дугаар нь одоог болтол ажиллаж байхад сэжигтнээр татаж байцаалт аваагүй мөртлөө оргодлоор эрэн сурвалжилсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл юм. Мэдүүлгийн зөрүүтэй байдлуудыг бүрэн гүйцэд шалгаагүй. Тухайлбал, гэрч Отгонжаргал “...Энхбатын ташаа, гуя руу хөлөөрөө тийрсэн...”, гэрч Баадай “...цээжин тус газар луу хөлөөрөө тийрсэн...”, Т.Ганхуягийн “...Би огт өшиглөөгүй...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсээр байтал мэдүүлгийн зөрүүг шалгаж арилгаагүй. Хэргийн материалд шүүгдэгчийн хувийн байдал, зан чанарын тодорхойлолт гэх мэт цагаатгах талын 1 ширхэг ч нотлох баримт байдаггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “энэ хэргээс өмнө би хальтирч унаад хуруугаа гэмтээж, зүүн гар маань бүтэн гипстэй байсан болохоор шүүгдэгчийг боох боломжгүй” гэж мэдүүлдэг. Гипсээ гэмтлийн эмнэлэгт хийлгэсэн гэж мэдүүлэхэд, өмгөөлөгч миний бие нуруугаараа унасан уу гэж асуухад прокурор эсэргүүцэж, шүүгч тэр дундуур орж “гартаа л гэмтэл авсан уу, өөр газраа гэмтэл аваагүй биз дээ” гэж хөтөлж асуусан. Дээрх хохирогчийн мэдүүлгээс дүгнэхэд хохирогч урьд нь гэмтэл авсан байж болзошгүй бөгөөд Т.Ганхуяг тухайн хүндэвтэр гэмтэл учруулсан эсэхэд эргэлзээ төрж байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин нягталж шалгуулах хүсэлтэй байна. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан шийтгэх тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй гэсэн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Т.Ганхуяг нь бага насны охин, тэтгэвэрт гарсан ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд “Баян зоог” цайны газарт тогоочоор ажиллаж амьдрал  ахуйгаа тэжээн тэтгэж авч явдаг өрх толгойлсон эцэг юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо өөрчилж байна. Хохирогч Я.Энхбат нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирол, гомдолгүй гэсэн хүсэлтээ өгсөн. Мөн анхан шатны шүүх Т.Ганхуягаас 1.600.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн боловч Т.Ганхуяг хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн. Т.Ганхуяг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Т.Ганхуяг нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшсэн. Тэрээр гэмт хэрэгт холбогдох үедээ 24 цагийн зоогийн газарт ажиллаж байсан бөгөөд өөрийн сахарын өвчтэй эх, бага насны охин нарын хамт амьдардаг байсан...” гэв.

Хохирогч Я.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ганхуягийн ах, эгч нар намайг эмнэлэгт хэвтэж байхад “чиний үхэх, сэхэх бидэнд хамаагүй. Бид нар дүүгээ авч явлаа” гэж хэлээд Т.Ганхуягийг намайг сахиж байхад авч явсан. Намайг хагалгаанаас гарч ирэхэд ядаж утасдаж биеийн байдлыг минь асуугаагүй. Өмнө нь эмчилгээний зардал огт өгөөгүй байсан. Над руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэж баримтыг нь авчирч өгсөн. Мөнгө нь одоогоор миний банкны данс руу ороогүй байна. Орсон эсэхийг мэдэхгүй байна. “Капитал” банкнаас “Капитрон” банк руу шилжүүлсэн гэсэн. Би эмчилгээнд 1.699. 000 төгрөг зарцуулсан. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа. Шилжүүлсэн гэх мөнгө нь миний данс руу орчихвол хохирол барагдана. Анхан шатны шүүх намайг иргэний шүүхэд хандаж хохирлоо гаргуул гэсэн. Би Т.Ганхуягийг өрх толгойлсон эцэг гэж ойлгож байна. Энэ хүнийг шоронд хориулаад байх шаардлагагүй. Би гэмтэл авсны улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, амьдрах итгэлгүй болоод асуудал ихтэй байна. Т.Ганхуягт 1 жил 6 сарын хорих ял оногдуулсанд харамсаж байна. Түүнийг шоронд хориулах хүсэлгүй байна. Би илүү зүйл нэхэж, шуналын сэтгэлээр хандсан зүйл байхгүй...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Т.Ганхуягийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Давж заалдах шатны шүүх Т.Ганхуягт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэрэг үйлдсэн сэдлийн тухайд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогч бааранд тооцоо хийх асуудлаас болж хүмүүстэй маргалдаж, доромжлоод байхаар нь Т.Ганхуяг түүнтэй  маргалдаж, тухайн газрын ажилчдыг өмөөрсөн үйлдэл гаргасан. Гэмт хэргийн объект нь олон нийтийн газар боловч хохирогч нь бусадтай зүй бус харьцсанаас үүдэн уг гэмт хэрэг гарсан. Иймд гэмт хэрэг гарахад хохирогчийн идэвхтэй үйлдэл байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн. Т.Ганхуягийн гэм буруу нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад, хохирогч Я.Энхбат нь төлбөр тооцооны асуудлаар караокений ажилтантай маргасан ба уг газрын ажилчдыг тэнд үйлчлүүлж байсан Т.Ганхуяг өмөөрч “идэж ууснаа төлж чадахгүй юм бол үхсэн хүүрээ хийж идэж уудаг юм бэ, хүүхэн дагуулчихаад” гэж хохирогчтой маргалдсан, үүний дараа хохирогч Я.Энхбат нь төлбөр тооцоог дуусган хамт яваа хүмүүсийнхээ хамтаар 2 дугаар давхраас 1 дүгээр давхар луу уруудах үед Т.Ганхуяг, Я.Энхбат нар нь барьцалдан авахад нь тэднийг гэрч Ч.Баадай салгасан байхад Т.Ганхуяг нь Я.Энхбатын нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, цээж рүү нь тийрч шатны уруу унагасан үйл баримт тогтоогдож байна.

Ийм байхад прокуророос Т.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Ялтан Т.Ганхуягийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлсэн караокены бармен, зөөгч нарыг асуух шаардлагатай ба асуулгүй орхигдуулжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэдэнд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нь тайлбарлана” гэсэн үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлээгүй байгааг тэмдэглэв.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Ганхуягт холбогдох эрүүгийн 201526022154 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.Ганхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУУЛ

        

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ