Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2022/00222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , , Т*******,*******, ******* тоотод байрлах, Б******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: , , ******* тоотод байрлах, Г******* ХХК /РД:*******/-д холбогдох

 

Гэрээ цуцалснаас учирсан хохирол 6976940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О,

Хариуцагчийн төлөөлөгч А.Д,

Иргэдийн төлөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г*******” ХХК-тай 2020 оны 6 сарын 30 өдөр цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээ байгуулж 6976940 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл “Г*******” ХХК нь ажлаа дутуу хийж гүйцэтгэсэн. Манай компаны зүгээс 2020 оны 9 сарын 14 өдөр “С” ХХК-тай 9,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Г*******” ХХК-ийн хийгээгүй орхисон, ажлуудыг гүйцэтгүүлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч уг гүйцэтгэлийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасныг үндэслэн гуравдагч этгээдээр үүргийн гүйцэтгүүлж учирсан хохирол 6976940 төгрөгийг хариуцагч “Г*******” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгож хохиролгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн хохирол болох 9,00000 төгрөгөөс  “Г*******” ХХК-ны хийж гүйцэтгүүлсэн дутуу ажлын дүн болох 2526060 төгрөгийг хасаж “Б*******” ХХК-д учирсан хохирол 6976940 төгрөг гэж тооцож гаргасан гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 6 сарын 30 өдрийн хийсэн гэрээгээр манай гүйцэтгэл маш сайн байсан бөгөөд захиалагчийн хүлээлтэд хүрсэн тул дахин 6 давхрын ажлыг нэмж хийлгэх хүсэлтийг захиалагчаас гаргаж, 2 тал гэрээ хийж тохиролцсон. Уг гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад захиалагчийн зүгээс гэрээний тоо хэмжээний зөрүү гарсан тул уг ажлыг үнэлүүлж тооцуулахтай холбоотой болсон шалтгаанаас 2 тал тохиролцоогүй ба 2020 оны 8 сарын 12 өдөр “Б*******” ХХК-ийн захирал Хтэй, өөрийн болох Л гэх хүнтэй хамт очиж уулзаж, ажлыг цааш үргэлжлүүлэхгүйгээр тохиролцож салсан.  Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. Үүний дагуу захиалагч гэрээг цуцалсан. Гэхдээ бид Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасны дагуу “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасан миний зүгээс очиж шаардсан.  Гэтэл миний шаардлагыг хүлээж аваагүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1 дэх хэсэгт “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгээгүй. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.2 дахь хэсэгт “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” гэж заасны дагуу хугацаанд нь санаатай болон санаатай бусаар хүлээж аваагүй. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.4 дэх хэсэгт “ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах” гэж заасны дагуу би тухайн үед бүх асуудлуудыг графикт бичсэн маань асуудлын жагсаалт гэдэг зүйлээр баталгаажиж байгаа. Мөн захиалагч талаас ямар нэг зөрчилтэй бичиг баримт байхгүй. Хэрэв тийм зөрчил гаргасан баримт бичиг байвал манай талыг ажил дутуу гүйцэтгэсэн гэж үзнэ. Гэтэл тийм зүйл байхгүй. 2020 оны 6 сарын 30 өдөр, 7 сарын 20 өдөр тус тус гэрээ хийгдсэн. Энэ 2 гэрээний үнэ тусдаа. 2020 оны 6 сарын 30 өдөр хийгдсэн гэрээ нь нийт 4942950 төгрөгийн гэрээ байсан. Үүнээс манайх гүйцэтгэлийн 50 хувийг эхлээд авчихсан. Тэр нь нийт 1976940 төгрөгийг 2020 оны 7 сарын 07 өдөр авсан. 6 давхрын гэрээг гараар хийснээр урьдчилгаа болох 5000000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Уг 2020 оны 6 сарын 30 өдөр явуулсан үнийн саналын дагуу энэ гэрээ хийгдсэн. ...  Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” заасан. Би захиалагчид нэн даруй мэдэгдсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу явуулсан төсвийг үндэслэн уг төсвийг зохиогоод үүний дагуу үнийн санал батлагдсан. Гэрээ байгуулах үед урьдчилан төсөөлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид мэдэгдэнэ. Захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэлийн ажлын хөлсийг гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй. Гэтэл үүнийгээ төлөөгүй. .. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна .гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэгч талын нэхэмжлэл бодитой бус, тооцоогүй, судалгаагүй байна. Өөр компанитай гэрээ байгуулах нь тухайн компанийн шийдвэр тул хариуцагч тал буруугүй” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, “Б ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, 2020 оны 6 сарын 30 өдрийн цахилгааны ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, шилжүүлгийн баримт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2020 оны 07 сарын 09 өдрийн гэрээ, богино захидлын хуулбар, дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тоот, нэмэлт тайлбар, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, “С” ХХК-ийн тодорхойлолт, ажил гүйцэтгэх гэрээ, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, ашигласан материалын лавлагаа зэргийг хэрэгт баримтаар ирүүлжээ.  /хэргийн 3-20, 138-147, 169-171-р хуудас/

 

5.Хариуцагч талаас Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, цалин хоолны дансны хуулга, дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж туршсан акт, угсралтын ажлын гэрэл зургийн тайлан, үнийн санал, түүнд хавсаргасан баримтууд зэргийг хэрэгт ирүүлжээ. / хэргийн 34-100, 172-179-р хуудас/

 

6.Шүүх хариуцагч талын хүсэлтээр П.О, П.Л нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ. /хэргийн 123-126-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч тал хариуцагч “Г*******” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас гуравдагч этгээдээр ажил гүйцэтгүүлсний хохирол 6976940 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлжээ.

 

  1. Хариуцагч тал ажил гүйцэтгэх үед урьдчилан тооцох боломжгүй төсвийн хэмжээ нэмэгдсэнийг захиалагч тал зөвшөөрөөгүй. Захиалагч тал гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч “Г*******” ХХК-тай 2020 оны 06 сарын 30 өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 3-р хороо, Т******* үйлчилгээний зориулалттай барилгын 1 давхрын гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн ажлыг гүйцэтгүүлэх, 3953880 төгрөгийг ажлын хөлс төлөх нөхцөлтэй, 2020 оны 07 сарын 09 өдөр плаза 6 давхрын гал тогоо, ресторан, хурлын заал, бусад нийтийн эзэмшлийн хэсгийг давхрын цахилгааны самбар угсралт дуустал бүх цахилгааны угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгүүлэх, 9000000 төгрөгийн ажлын хөлс төлөх  нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ. /хэргийн 8-9, 13-р хуудас/

 

-Ажил гүйцэтгэхэд шаардагдах  материалыг захиалагч тал хангахаар тохирсон талуудын байгуулсан гэрээний 2-р зүйлийн 2.4-д заасан “захиалагч:  ажлыг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэх нөхцөлөөр тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч тал 2020 оны 06 сарын 30 өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хөлс 1976940 төгрөг, 2020 оны 07 сарын 09 өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хөлс 5000000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн. /хэргийн 10-11-р хуудас/

 

-Нэхэмжлэгч “Б ” ХХК нь “С” ХХК-тай 2020 оны 02 сарын 10 өдөр /хариуцагч “Г*******” ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 1, 6 давхрын дутуу монтажийг дуусгах ажлыг 9500000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирчээ. /хэргийн 169-171-р хуудас/

 

-Ажил гүйцэтгэгч “С” ХХК нь  1 давхрын зүүн хэсгийн цахилгаан холбоо дохиоллын угсралт, 1-р давхрын камерын сувагчлал, цахилгааны тоноглол, 6-р давхрын цахилгааны холбоо дохиоллын дутуу монтажийг дуусгах, тоноглолын угсралт суурилуулалт гүйцэтгэх, 8-р давхраас дээш давхруудын цахилгаан босоо шугамын кабелиудыг В1 давхрын цахилгааны өрөө уруу оруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлсөнд 2020 оны 09 сард 3500000 төгрөг, 10 сард 6000000 төгрөг авсан тухай 2022 оны 03 сарын 22 өдрийн 22/018 дугаартай албан бичгийг ирүүлсэн байна.  /хэргийн 138-р хуудас/

 

  1.  Иргэний хуулийн 343 дугаар 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 343.3.Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.” гэж заажээ.

 

Гүйцэтгэсэн ажлыг үе шаттайгаар захиалагчийн хариуцагч т хүлээлгэн өгөх гэрээний үүргээ “Г*******” ХХК биелүүлсэн болох нь  гэрч П.Лгийн “Ажил гүйцэтгэсэн мөнгөө авахын тулд захиалагч компанийн Пд ажил гүйцэтгэсэн хуудсыг нэг удаа хүргэж өгч байсан. ..баталсан талаар нь мэдэхгүй. П нь авч үлдсэн” гэх, гэрч П.Оын “..өгсөн. П т амаар хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. /хэргийн 122-126/

 

Харин захиалагч “Б ” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “ ажлаа дутуу хийсэн учраас хүлээлцээгүй” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заажээ.

 

Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар харилцан өөр мэтгэлцээний байр суурьтай /нэхэмжлэгч тал эхний гэрээнээс 1500000 төгрөгийн ажил дутуу /53 хувийн гүйцэтгэлтэй/, 2-р гэрээнээс 5500000  төгрөгийн ажил дутуу /39 хувийн гүйцэтгэлтэй/ гэж тайлбарласан бол хариуцагч тал эхний гэрээний 80 хувь буюу 2558304 төгрөгийн ажил хийсэн, 2-р гэрээний 50 хувь буюу 4500000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэх тайлбар гаргасан/ байгаа бөгөөд талуудын хэн аль нь ажлын гүйцэтгэлийг хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч талын “ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг  нэхэмжлэгч тал хангаж өгөөгүй, ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. Үүний дагуу захиалагч гэрээг цуцалсан.” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал  нотлох баримтаар няцаагаагүй болно.

 

Хариуцагч “Г*******” ХХК хэдий хэмжээний ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь,  нэхэмжлэгч тал “С” ХХК -аар хийж гүйцэтгүүлсэн хэдий хэмжээний ажил  “Г*******” ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг болох /хохирол учирсан/ нь,  мөн хариуцагч талын буруугаас ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан болох нь нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогч шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч зохигч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч талын нэхэмжлэл бодитой бус, тооцоогүй байна. Ямар хохирол хэдэн төгрөгийн ажил хийлгэсэн талаар бодитой үнэлэлт дүгнэлт байхгүй. Ажлаа дүгнүүлэхээр очиход ажлыг нь дүгнэж өгөөгүй байна.  Нэхэмжлэгч тал өөр компанитай гэрээ хийх нь тухайн компанийн шийдвэр тул хариуцагч тал буруугүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126600 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ” ХХК хариуцагч “Г*******” ХХК-д холбогдох хохирол 6976940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126600 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАЯРДАВАА

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ТҮВШИНТӨГС

 

 

                                               ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ