Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2022/00163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төв, төлөөлөгч *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, төвийн сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Должинсүрэн нар оролцов. /Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвд холбогдуулан Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, төвийн сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд:

1.1. Миний бие анх 2009 оны 2 сарын 13-ны өдрийн 15 дугаар тушаалаар төвийн сүлжээний техникч албан тушаалд ажилд томилогдсон. Энэ хугацаанд орон тооны бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой өртөөний техникч хийж байгаад буцаад 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар сүлжээний техникчээр ажиллаж байгаад 2018 оны 06 сараас жирэмсний амралтаа авч 2020 оны 9 сарын 18-ны өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байсан.

1.2. Энэ хугацаанд бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор миний ажлын байр буюу сүлжээний техникч албан тушаал минь цомхотгогдсон байсан. Гэсэн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэгтэй, мөн 100 дугаар зүйлийн 100.1.Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсний дагуу намайг хүүхдээ 2 настай болоод ажилдаа орох хүсэлт гаргахад дарга чиний орон тоо цомхотголд орсон хүний нөөц, архив бичиг хэрэг нярвын ажилтан жирэмсэн тул түр тушаалаар энд ажиллаж бай, уг ажлын байрны чиг үүргийг 2 салгаж ажиллахаар байгаа тул чиг үүрэг хуваагдмагц чамайг ажиллуулна, түрдээ энэ албан тушаалд ажиллаж бай гэсэн тул миний бие нь даргын үгэнд итгэж уг албан тушаалыг эрхэлж байсан.

1.3. Ингээд би сүлжээний техникчийн ажлын байрнаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, жирэмсэн хүний оронд түр ажиллаж бай, энэ хугацаанд би өөр албан тушаалд томилно гэсэн үгэнд итгэсний дагуу жирэмсэн хүний ажлыг хийгээд байж байтал, ээлжийн амралтын хугацаа болж намайг ээлжийн амралттай байх хугацаанд буюу /2021 оны ээлжийн амралт 7 сарын 06-ны өдрөөс 8 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд / 8 сарын 02-ны өдөр тушаал гаргаж ажлаас хүний нөөц, архив бичиг хэрэг нярвын ажлаас чөлөөлсөн байна.

1.4. Миний хувьд үндсэн албан тушаал маань сүлжээний техникч бөгөөд уг албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, хүний оронд ажиллаж байгаад халагдсандаа гомдолтой байна.

1.5. Хэрвээ ийм нөхцөл үүсэх байсан бол би амралттай хүний оронд ажиллахгүй байсан. Өөр ажил албан тушаалд томилно гэсэн тул хүлээж байтал шууд ажлаас халсанд гомдолтой байна.

1.6. Мөн ээлжийн амралттай байхад чөлөөлсөн, мөн хууль бусаар худлаа хэлж хүний оронд ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн тул ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2021.08.2-ны өдрийн Б/42 дугаартай тушаалыг хүчингүй болгуулна.

1.7. 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ******* ажилдаа эргэж ороход нь сүлжээний техникчийн ажил албан тушаалаа хэрхэн яаж шийдвэрлэсэн, орон тооны цомхотголд орсон тухай болон ямар хөдөлмөрийн харилцаа, хуулийн дагуу *******ын тухайн ажил албан үүргээс чөлөөлж байгаа нь харагдахгүй байсан учир сүлжээний техникчийн ажилд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. *******ыг ажлаас халсан тушаал гараагүй бөгөөд өөрийгөө үндсэн ажилтан гэдэг ойлголттой явж байсан, тухайн үед тушаал гаргаж халагдаагүй ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэж ойлгоод даргынхаа өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэж байгаад ажлаас чөлөөлөгдөж ажилгүй болсон учир буцаад үндсэн ажилдаа буюу сүлжээний техникчээр ажилдаа эгүүлэн томилуулъя гэсэн хүсэлтийг гаргаж байна.

1.8. Сүлжээний техникчийн орон тоог цомхотгосон гэж хариуцагч тал тайлбарладаг бөгөөд миний хувьд энэ орон тоо цомхотгоогүй нэршил нь өөрчлөгдсөн гэж ойлгож байгаа. Тиймээс сүлжээний техникчийн ажлын чиг үүрэг шилжсэн албан тушаалд буцаан томилуулах саналтай байна.

1.9. Хэрэв нэхэмжлэгчийг ажил албан тушаалаас ажлын байрын цомхотголоор цомхотгосон бол тухай бүр ажил олгогч тушаал, шийдвэр гаргаж, тухайн хүний хөдөлмөрийн харилцаа хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар шийдвэр гаргаж тодорхойлж байх ёстой гэтэл ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Хариуцагчийн зүгээс дээрээс ирсэн орон тооны бүтцийн дагуу энэ хүнийг томилсон гэдэг нөхцөл байдал нь буруу. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухайн хуульд заасан энэ шийдвэрийг гаргахдаа заавал албажуулсан тухайн төвийн тушаал байх ёстой байтал ийм тушаал гараагүй учир өнөөдрийн маргаан үүссэн. Хэрэв энэ тушаал, шийдвэр гаргасан байсан бол өөр эрх зүйн харилцаа бүхий маргаан үүсэх байсан гэж харж байна.

1.10. 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаал гарснаас хойш хугацааны хүний нөөц, бичиг хэрэг, архив, нярвын ажил албан тушаалын цалингаас ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин болох 3823430 /гурван сая найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийн цалинг гаргуулна.

1.11. Миний хувьд тус төвд 2009 оны 2 сарын 03-ны өдөр сүлжээний техникчээр ажилд анх орж, тасралтгүй ажиллаж байгаад 2021 онд ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн амралтаа авсан бөгөөд 2021 оны 08 сарын 06-ны өдөр амралтын хугацаа дуусч, 2021 оны 08 сарын 09-ний өдөр ажилдаа очиход намайг чөлөөлсөн болохыг мэдсэн. ******* нь ******* уулзах гэхэд тэрээр ажилдаа ирээгүй байсан бөгөөд утсаар залгахад би ээлжийн амралттай байна гэж хэлсэн.Би тушаалаа авах талаараа удаа дараалан Оюунчимэг дарга руу утасдахад хөдөө байна гээд утсаа салгаад байсан. Ингээд тушаалаа авч чадахгүй байж байгаад 2021 оны 8 сарын 25-ны өдөр бичиг хэргээс хуулбар үнэн даруулан авсан. Улмаар нийгмийн даатгалын хэлтэст хандан ажилгүйдлийн тэтгэмжээ авах талаар хөөцөлдөх гэхэд ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор бичгийг бүрдүүлэх ёстой тул хугацаа хэтэрсэн байна гээд хүлээж аваагүй. Иймд ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалан ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй гэж үзэж байна. Иймд ажил олгогчоос дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд ажил олгогч нь тушаалаа өдөрт нь гаргаж өгөөгүй буруутай үйлдлээс болж хохирсон ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* хариу тайлбартаа:

2.1. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 тушаалаар *******ыг жирэмсэн амаржих амралттай Хүний нөөц архив бичиг хэрэг нярав ******* оронд түр томилж байсан. ******* 2021 оны 07 дугаар сарын 25-нд ажилдаа орох өргөдлөө өгсөн тул хуулийн дагуу ажилтнаа 2021.08.02-ны өдрийн Б/42 тоот тушаалаар ажилд нь томилсон. Иймд 2021.08.02 оны Б/42 тоот тушаалыг хүчингүй болгох боломжгүй.

2.2. ******* нь анх захирлын үед түр ажиллах тушаалтай байсан бөгөөд миний бие ажилд орсныхоо дараа сүлжээний операторын ажлаас нь техникч болгож байнгын ажлын байранд томилсон юм. Ингээд мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулахгүй болж байгаа талаар 2015 оноос хойш яригдаж байсан бөгөөд энэ талаар Насаа мэдэж байсан би ч түүнд мэргэжилтэй болох талаар нь хэлж сануулсаар байсан. Ингээд ******* нь нэг өдөр дарга би ашгүй жирэмсэн болчихсон гээд дээд газраас нэгдсэн журмаар операторгүй болгож байх үеэр жирэмсний амралтаа аваад явсан байдаг. Түүнээс хойш нэг удаа ажилдаа орох талаар өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй. Түүний амралтын хугацаа дууссаны дараа би түүнтэй таарч ажилгүй байхаар бичиг хэргийн орон тоо дээр ажиллуулах санал тавьсан.

2.3. Миний бие өнөөдөр ажлын байрны орон тоог цомхотгох эрх бүхий субъект нь биш бөгөөд улс орон даяар орон тооны цомхотголыг хаана ч хийдэг. Ажлыг байрыг нь цомхтогдлоо гэхэд тухайн хүн нь өөрөө өөрийгөө боловсруулаад, цаг уурын мэргэжлийг эзэмшээд адилтгах орон тооны ажилд ажиллах бүрэн боломж синоптик инженер, техникчийн ажлын байрын орон тоо байсан байсаар ч байгаа юм. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бичиг хэргийн ажилд эргүүлэн томилуулах байсан. Гэтэл ******* нь жирэмсний амралттай байх хугацаандаа ажилдаа буцаад оръё гэж нэг удаа өргөдөл өгөөгүй би өөрөө гудамжинд тааралдаж, жирэмсний амралтаа авах гэж байсан хүний оронд түр ажиллуулж байгаад чөлөөлсөн асуудал байдаг.

2.4. ******* нь энэ ажил орон тоо цомхотголд орж байгаа талаар өөрөө мэдэж байсан бөгөөд ажил албан тушаал байхгүй болж байна яах вэ гэж нэг удаа хандаж, өргөдөл өгч байгаагүй, 4 жилийн хугацаанд чимээгүй байж байгаад гэнэт гарч ирээд ингэж ярьж байгаа нь өрөөсгөл, бүдүүлэг юм уу гэж бодож байна. Хүний ёсоор хандаж хэлэхэд би ямар мэргэжилтэй билээ, би ямар өргөдөл өгсөн билээ, хаана ажиллаж байсан билээ, хэн билээ гэдгээ тооцож мөнгө нэхээсэй гэж бодож байна.

2.5. Нэхэмжлэгч талаас операторгүй болно, өөрийнх нь орон тоо нь хасагдана гэснийг мэдээгүй байсан гээд байна. Манай байгууллагад операторгүй болно гэсэн ойлголт нь 2016 оноос хойш яригдаж байсан бөгөөд ******* нь би мэргэжилгүй яана гээд явж байсан. Жирэмсний амралтаа аваад явсан хойгуур мэргэжлээрээ сураад ирээрэй гэж хэлсэн боловч өөрөө сураагүй. Мөн тэрээр 3 жилийн хугацаанд ажилдаа буцаж орох талаар нэг ч удаа өргөдөл өгч байгаагүй. Би өөрөө гудамжинд тааралдаж бичиг хэрэг амралтаа авч байгаа бичиг хэргийн эрхлэгч хийх үү гэж хэлж ажилд оруулсан. Түүнийг нягтлан мэргэжилтэй учир 2023 онд нягтлан тэтгэвэртээ гарвал нярав хийж байгаад нягтлан хийхийг сураад ав даа Насаа гэж хэлж байснаас албан тушаал амласан зүйл байхгүй.

2.6. ******* өргөдөл өгсөн эсэх, өргөдөл өгсөөр байтал би хохироосон эсэхийг хуулбар үнэн дарж тушаал хуулбарлаж өгсөн албан тушаалтан, ******* нарыг оролцуулж бодит үнэн зүйлийг ярих нь зүйтэй гэж бодож байна. Нэхэмжлэгч талаас намайг тухайн цаг хугацаанд утсаа авахгүй байсан гэж тайлбарладаг. Миний хувьд 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажлаа хийж байсан бөгөөд тухайн үед корона вирусийн үе байсан учир голдуу цахимаар ажиллаж байсан. Харин ч ******* төрийг хүндлэхгүй түлхүүрээ хаяад явсан байсан. Тухайн ажил мэргэжилд тохирох мэргэжилгүй хүнийг ажиллуулж байснаараа төрийг хуурсан нь миний буруу болж байгаа гэдгээ ойлгож байна. Би ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцах боломжгүй гэжээ.

 3. Нэхэмжлэгч *******аас шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, түүний нийгмийн даатгалын 000243281 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тушаал, 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/05 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаал, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаал, амрах эрхийн бичиг, Монголын улс төр, бизнесийн удирдлагын академийн 20170157 дугаар дипломын хуулбар, Монгол фермер коллежийн D200825590 дугаар бакалаврын дипломын хуулбар, *******ын ажилгүйдлийн тэтгэмж авах тооцооны баримт гэх нийгмийн даатгалын байцаагчийн тэмдэгтэй баримт 1 хуудас, итгэмжлэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, гэрээ зэрэг баримтуудыг,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ээс шүүхэд тухайн байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүний нөөц, архив, бичиг, нярав ******* ажилдаа эргэн орох өргөдөл, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/14 дүгээр тушаал, цаг уурын техникчийн ажлын байрны тодорхойлолт, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, гэрээ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дүгээр тушаал, түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 дугаар тушаал, түүний хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар тушаал, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар тушаал, түүний хавсралт, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/111 дугаар албан бичиг, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/83 дугаар тушаал, тушаалын хавсралтаар батлагдсан Баянхонгор аймгийн Ус ,цаг уур, орчны шинжилгээний төвийн 2019 онд мөрдөх орон тоо, албан тушаалын жагсаалт зэрэг 28 хуудас баримт, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/191 дугаар тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/225 дугаар тушаал, Баянхонгор аймгийн ус цаг уурын шинжилгээний газрын 2017 онд мөрдөх орон тоо, ажлын байрны жагсаалт /нийт-90 хүн/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *******аас шүүхэд анх Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж, мөн Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тус тус нэмэгдүүлсэн.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн маргааны тухайд нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж буй бол ямар ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, эрхээ хэрхэн сэргээлгэхээр маргаж буй хүсэл зоригоо нэхэмжлэлдээ хангалттай илэрхийлэх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч *******аас ямар ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсан болохоо тодруулахгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг нэхэмжлэгчид удаа, дараа сануулж, хангалттай хугацаа олгосон боловч тодруулах үүргээ хэрэгжүүлэхгүй байсаар шүүх хуралдаанд Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвд сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулсан.

Ийнхүү шүүхээс нэхэмжлэгч *******ын гаргасан Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, төвийн сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, нэмэгдүүлсэн болон тодруулсан шаардлагатай холбогдуулан хариуцагчийн төлөөлөгч *******ээс шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцсон, зохигчид энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй болно.

 Нэхэмжлэгч *******аас нэхэмжлэлийн үндэслэлээ Үндсэн ажилтнаар буюу сүлжээний техникчээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан, ажилдаа эргэн орох үед ажил олгогчоос сүлжээний техникчийн орон тоо хасагдсан гэж тайлбарлаад хүний нөөц, бичиг, хэргийн эрхлэгчээр түр ажиллаж бай, удахгүй байнгын ажлын байранд томилно гэж хэлсэн тул зөвшөөрч түр орон тоонд томилогдсон, Б/42 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж байгаа тул хүчингүй болгуулна, сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгоно, Б/42 дугаар тушаалыг хугацаандаа гаргаж өгөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй, үүнийг хохиролд тооцуулан гаргуулна, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 10, 11 дүгээр сарын цалингийн дунджаас тооцуулна гэж тайлбарласан,

Хариуцагчийн төлөөлөгч *******ээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 онд сүлжээний техникчийн орон тоог хассан, *******ыг ажилдаа эргэн ороход нь орон тоо нь байхгүй болсныг мэдэгдсэн, тухайн үед хүний нөөц, бичиг хэрэг, архивч ******* жирэмсний амралтаа авсан тул түүний оронд тоонд түр томилсон, ******* ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар *******ыг ажлаас чөлөөлсөн, сүлжээний техникчийн орон тоо хасагдсан учраас түүнийг байхгүй болсон албан тушаалд томилох боломжгүй, тухайн үед ямар нэг байдлаар маргаагүй атлаа одоо ажилд томилуулна гэж маргасныг хүлээн зөвшөөрөхгүй, ажилгүй байсан хугацааны цалин болон ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн төлөх үндэслэл байхгүй хэмээн татгалзаа тайлбарлажээ.

Зохигчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвд сүлжээний техникчийн албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр жирэмсний амралтаа авсан, ийнхүү 2020 оны 09 дүгээр сарын 18-нд ажилдаа эргэн ороход түүнийг эзгүй байгаа ажилтны оронд буюу хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр ажилд томилсон үйл баримтын талаар маргаангүй.

Харин Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн сүлжээний техникчийн орон тоо хасагдсан болох, эзгүй байгаа ажилтны орон тоонд түр томилогдохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн эсэх, нэхэмжлэгчийг сүлжээний техникчээр ажилд эгүүлэн тогтоох боломжтой эсэх, үүний үр дагаврын асуудал нь маргааны зүйл болсон байна.

Нэг. Хэргийн үйл баримтаар талаар.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/83 дугаар тушаалын 7 дугаар хавсралтаар Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2019 онд мөрдөх орон тоо, албан тушаалын жагсаалт-ыг батлахдаа тус төвийн сүлжээний техникчийн ажлын байрыг батлаагүй, хассан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн хүсэлтээр тус газраас тодруулахад Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/111 дүгээр албан бичгээр Тус газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээ дамжуулах горимд өөрчлөлт оруулах тухай А/191 дүгээр тушаалаар ус, цаг уурын ажиглалт шинжилгээний мэдээллийг интернэт орчинд веб суурилсан программ хангамжаар дамжуулан хүлээн авах Ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээ дамжуулах, хяналт тавих систем-ийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэнтэй холбогдуулан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн холбоо, сүлжээний техникч нарын ажлын байрны чиг үүрэг хасагдсан хэмээн холбогдох тушаалуудыг хавсарган ирүүлжээ.

2. Ийнхүү Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар тус газрын бүтэц орон тоог батлах үед Мэдээлэл үйлчилгээний хэлтэст байсан Холбоо, сүлжээний техникч-ийн 4 орон тоог Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус төвийн бүтэц орон тоог батлах үед хасаж баталсан, улмаар мөн төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар болон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тушаалаар батлагдсан Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн бүтэц, орон тоонд сүлжээний техникч гэсэн орон тоо байхгүй болох нь тогтоогдож байна.

3. Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, сүлжээний техникчийн 4 орон тоо хасагдсан байхад тус байгууллагын даргаас сүлжээний техникчийн орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гаргаагүй байх бөгөөд үүнийг хариуцагчаас ... нэхэмжлэгч ******* нь амаржсаны амралттай байсан ... гэж тайлбарласан.

4. Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярав *******д 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгож, тухайн өдрөөс эхлэн *******ыг хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын үүрэгт ажилд түр томилсон.

5. Хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярав *******ас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар ажилд нь томилж, *******ыг хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Дээр тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, сүлжээний техникчээр ажиллаж байсан нэхэмжлэгч *******ын амаржсаны амралттай байх хугацаанд Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн сүлжээний техникчийн орон тоо хасагдсан, ийнхүү нэхэмжлэгч *******ыг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр амралтаасаа ажилдаа эргэн ороход сүлжээний техникчийн орон тоонд томилох боломжгүй учраас түүнийг хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын ажилд, эзгүй байгаа ажилтны оронд түр томилсон, уг шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилласан, ажилдаа эргэн орох үед сүлжээний техникч-ээр эсхүл албан тушаалын чиг үүрэг нь шилжсэн үндэслэлээр өөр албан тушаалд томилогдох эсэх талаар маргаагүй үйл баримтууд тогтоогдож байна.

Хоёр: Хууль зүйн үндэслэлийн талаар.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, 36 дугаар зүйлийн 36.1-д ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй, 36.1.3-т хуульд заасан бусад тохиолдол гэж зааснаар амаржсаны амралттай ажилтан ажилдаа эргэн орох хүсэлт гаргавал ажилтныг ажил олгогч урьд эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярав ******* ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар түүнийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, түр томилогдсон *******ыг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн, нэгэнт дээр дурдсанаар Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар *******ыг эзгүй байгаа ажилтны оронд түр томилон ажиллуулсан учраас уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрх *******д байхгүй, иймд түүнийг хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байхаас гадна нэхэмжлэгч нь сүлжээний техникч-ээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаагаас үзвэл, түүнд хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярваар ажиллах ашиг сонирхол байхгүй, маргаан бүхий тушаал хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэлээс үзвэл, нэхэмжлэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр амаржсаны амралтаас ажилд эргэн орох үед хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярваар ажилд томилсон нь буруу, сүлжээний техникчээр томилогдох ёстой байсан гэх агуулгаар Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлээ тайлбарласан, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас тодруулахад нэхэмжлэлийн уг шаардлагын үндэслэлийг ...өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж, 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан.

Гэтэл Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар *******ыг сүлжээний техникчээр бус хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын орон тоонд түр томилсон байхад нэхэмжлэгч мэдсээр байж маргаагүй 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж, хүлээн зөвшөөрсөн атлаа одоо шүүхэд сүлжээний техникчээр ажилд томилогдох ёстой байсан гэж маргаж буйг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгч ******* өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргах хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, гомдол гаргах эрхээ алдсан байна.

Зүй нь нэхэмжлэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа эргэн орохдоо сүлжээний техникчийн орон тоо хасагдсан бол адилтгах албан тушаалд, эсхүл албан тушаалын чиг үүрэг нь шилжсэн гэж үзэж буй бол холбогдох албан тушаалд томилогдохоор маргах ёстой байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс ...сүлжээний техникчийн ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй учраас уг албан тушаалд ажиллаж байгаа гэж үзнэ гэсэн үндэслэлээр сүлжээний техникчийн орон тоонд ажиллах эрхтэй гэж маргах хэдий ч Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн сүлжээний техникчийн орон тоо 2019 онд хасагдсан болох нь хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогдсон.

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчоос тухайн ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гаргах үүрэгтэй, хариуцагчаас тус шийдвэрийг гаргаагүй буруутай байх боловч Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын орон тоонд томилж буй нь түүнийг сүлжээний техникчийн албан тушаалаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж буй үр дагаврыг үүсгэсэн шийдвэр гэж үзэх бөгөөд сүлжээний техникчийн орон тоо хасагдсан болохыг мэдсээр байж ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй үндэслэлээр хасагдсан орон тоонд өөрийгөө ажиллаж байгаа гэж тайлбарлах нь бодит байдалд нийцэхгүй байна.

Иймд сүлжээний техникчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасны дагуу нэхэмжлэгч *******ыг ажилдаа эргэн ороход нь түүнийг өөр ажилд буюу хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярваар түр томилон ажиллуулсан.

Мөн нэхэмжлэгчээс ...өмнө Мэдээлэл, үйлчилгээний хэлтэс 11 орон тоотой байсан одоо ч 11 орон тоотой ажиллаж байгаа, өөр албан тушаалд томилох боломжтой байсан, сүлжээний техникчийн чиг үүрэг өөр албан тушаалд шилжсэн байж боломжтой.... зэрэг үндэслэлээр шүүх хуралдаанд тайлбар гарган маргах ч нэгэнт нэхэмжлэгч сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор маргах эрхээ алдсан энэ тохиолдолд эдгээр үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, үүнээс гадна нэхэмжлэгчээс тус үндэслэлээ нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй, холбогдох баримтуудыг гаргуулахаар шүүхэд хүсэлтээ гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлээгүй учраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч *******аас нэхэмжлэлийн үндэслэлээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. гэж заасныг үндэслэн нэхэмжилж, Нийгмийн даатгалаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж зааснаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор бүртгүүлж чадаагүй, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан гэж тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгчээс өөрийг нь ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байгаа атлаа тус тушаалыг биелүүлж, ажилгүйдлийн тэтгэмжээ хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай зөрчилдсөн нэхэмжлэл гаргасан, тус тушаал хүчин төгөлдөр болоогүй, шүүхэд маргаантай байхад ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа гэх ойлголт үүсэхгүй.

Иймд нэхэмжлэгч *******ын Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг үндэслэн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед нээгдэх юм.

Хэрэв нийгмийн даатгалын байгууллагаас хугацаа алдсан үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд албан тушаалтны хууль бус ажиллагаанд гомдол гаргах эрхтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, ажилд буруу шилжүүлсэн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн энэ тохиолдолд ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гаргуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоох шаардлагын үр дагавар бөгөөд үндсэн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.

Иймд хуульд чөлөөлөхөөр заасан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76125 төгрөгийг хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, төвийн сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76125 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ