Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 213/МА2022/00018

 

С.*******ын нэхэмжлэлтэй

Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.*******, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2022/00163 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Сэмнээгийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд холбогдох

Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, төвийн сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тувааны давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туваан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр/ цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дамбажав. нар оролцов.

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анх 2009 оны 2 сарын 13-ны өдрийн 15 дугаар тушаалаар төвийн сүлжээний техникч албан тушаалд ажилд томилогдсон. Энэ хугацаанд орон тооны бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой өртөөний техникч хийж байгаад буцаад 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар сүлжээний техникчээр ажиллаж байгаад 2018 оны 06 сараас жирэмсний амралтаа авч 2020 оны 9 сарын 18-ны өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байсан.

Энэ хугацаанд бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор миний ажлын байр буюу сүлжээний техникч албан тушаал минь цомхотгогдсон байсан. Гэсэн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэгтэй, мөн 100 дугаар зүйлийн 100.1.Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсний дагуу намайг хүүхдээ 2 настай болоод ажилдаа орох хүсэлт гаргахад дарга чиний орон тоо цомхотголд орсон хүний нөөц, архив бичиг хэрэг нярвын ажилтан жирэмсэн тул түр тушаалаар энд ажиллаж бай, уг ажлын байрны чиг үүргийг 2 салгаж ажиллахаар байгаа тул чиг үүрэг хуваагдмагц чамайг ажиллуулна, түрдээ энэ албан тушаалд ажиллаж бай гэсэн тул миний бие нь даргын үгэнд итгэж уг албан тушаалыг эрхэлж байсан.

Ингээд би сүлжээний техникчийн ажлын байрнаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, жирэмсэн хүний оронд түр ажиллаж бай, энэ хугацаанд би өөр албан тушаалд томилно гэсэн үгэнд итгэсний дагуу жирэмсэн хүний ажлыг хийгээд байж байтал, ээлжийн амралтын хугацаа болж намайг ээлжийн амралттай байх хугацаанд буюу /2021 оны ээлжийн амралт 7 сарын 06-ны өдрөөс 8 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд / 8 сарын 02-ны өдөр тушаал гаргаж ажлаас хүний нөөц, архив бичиг хэрэг нярвын ажлаас чөлөөлсөн байна.

Миний хувьд үндсэн албан тушаал маань сүлжээний техникч бөгөөд уг албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, хүний оронд ажиллаж байгаад халагдсандаа гомдолтой байна.

Хэрвээ ийм нөхцөл үүсэх байсан бол би амралттай хүний оронд ажиллахгүй байсан. Өөр ажил албан тушаалд томилно гэсэн тул хүлээж байтал шууд ажлаас халсанд гомдолтой байна.

Мөн ээлжийн амралттай байхад чөлөөлсөн, мөн хууль бусаар худлаа хэлж хүний оронд ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн тул ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын 2021.08.2-ны өдрийн Б/42 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд томилуулж өгнө үү гэжээ.

2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр С.******* ажилдаа эргэж ороход нь сүлжээний техникчийн ажил албан тушаалаа хэрхэн яаж шийдвэрлэсэн, орон тооны цомхотголд орсон тухай болон ямар хөдөлмөрийн харилцаа, хуулийн дагуу С.*******ын тухайн ажил албан үүргээс чөлөөлж байгаа нь харагдахгүй байсан учир сүлжээний техникчийн ажилд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. С.*******ыг ажлаас халсан тушаал гараагүй бөгөөд өөрийгөө үндсэн ажилтан гэдэг ойлголттой явж байсан, тухайн үед тушаал гаргаж халагдаагүй ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэж ойлгоод даргынхаа өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэж байгаад ажлаас чөлөөлөгдөж ажилгүй болсон учир буцаад үндсэн ажилдаа буюу сүлжээний техникчээр ажилдаа эгүүлэн томилуулъя гэсэн хүсэлтийг гаргаж байна.

Сүлжээний техникчийн орон тоог цомхотгосон гэж хариуцагч тал тайлбарладаг бөгөөд миний хувьд энэ орон тоо цомхотгоогүй нэршил нь өөрчлөгдсөн гэж ойлгож байгаа. Тиймээс сүлжээний техникчийн ажлын чиг үүрэг шилжсэн албан тушаалд буцаан томилуулах саналтай байна.

Хэрэв нэхэмжлэгчийг ажил албан тушаалаас ажлын байрын цомхотголоор цомхотгосон бол тухай бүр ажил олгогч тушаал, шийдвэр гаргаж, тухайн хүний хөдөлмөрийн харилцаа хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар шийдвэр гаргаж тодорхойлж байх ёстой гэтэл ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Хариуцагчийн зүгээс дээрээс ирсэн орон тооны бүтцийн дагуу энэ хүнийг томилсон гэдэг нөхцөл байдал нь буруу. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухайн хуульд заасан энэ шийдвэрийг гаргахдаа заавал албажуулсан тухайн төвийн тушаал байх ёстой байтал ийм тушаал гараагүй учир өнөөдрийн маргаан үүссэн. Хэрэв энэ тушаал, шийдвэр гаргасан байсан бол өөр эрх зүйн харилцаа бүхий маргаан үүсэх байсан гэж харж байна.

2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаал гарснаас хойш хугацааны хүний нөөц, бичиг хэрэг, архив, нярвын ажил албан тушаалын цалингаас ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин болох 3823430 /гурван сая найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийн цалинг гаргуулна.

Миний хувьд тус төвд 2009 оны 2 сарын 03-ны өдөр сүлжээний техникчээр ажилд анх орж, тасралтгүй ажиллаж байгаад 2021 онд ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн амралтаа авсан бөгөөд 2021 оны 08 сарын 06-ны өдөр амралтын хугацаа дуусч, 2021 оны 08 сарын 09-ний өдөр ажилдаа очиход намайг чөлөөлсөн болохыг мэдсэн. С.******* нь Ч.******* уулзах гэхэд тэрээр ажилдаа ирээгүй байсан бөгөөд утсаар залгахад би ээлжийн амралттай байна гэж хэлсэн.Би тушаалаа авах талаараа удаа дараалан ******* дарга руу утасдахад хөдөө байна гээд утсаа салгаад байсан. Ингээд тушаалаа авч чадахгүй байж байгаад 2021 оны 8 сарын 25-ны өдөр бичиг хэргээс хуулбар үнэн даруулан авсан. Улмаар нийгмийн даатгалын хэлтэст хандан ажилгүйдлийн тэтгэмжээ авах талаар хөөцөлдөх гэхэд ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор бичгийг бүрдүүлэх ёстой тул хугацаа хэтэрсэн байна гээд хүлээж аваагүй. Иймд ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалан ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй гэж үзэж байна. Иймд ажил олгогчоос дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд ажил олгогч нь тушаалаа өдөрт нь гаргаж өгөөгүй буруутай үйлдлээс болж хохирсон ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.******* шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 тушаалаар С.*******ыг жирэмсэн амаржих амралттай Хүний нөөц архив бичиг хэрэг нярав Т.Мөнхтулгын оронд түр томилж байсан. Т.Мөнхтулга 2021 оны 07 дугаар сарын 25-нд ажилдаа орох өргөдлөө өгсөн тул хуулийн дагуу ажилтнаа 2021.08.02-ны өдрийн Б/42 тоот тушаалаар ажилд нь томилсон. Иймд 2021.08.02 оны Б/42 тоот тушаалыг хүчингүй болгох боломжгүй.

С.******* нь анх н.Жагварал захирлын үед түр ажиллах тушаалтай байсан бөгөөд миний бие ажилд орсныхоо дараа сүлжээний операторын ажлаас нь техникч болгож байнгын ажлын байранд томилсон юм. Ингээд мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулахгүй болж байгаа талаар 2015 оноос хойш яригдаж байсан бөгөөд энэ талаар Насаа мэдэж байсан би ч түүнд мэргэжилтэй болох талаар нь хэлж сануулсаар байсан. Ингээд С.******* нь нэг өдөр дарга би ашгүй жирэмсэн болчихсон гээд дээд газраас нэгдсэн журмаар операторгүй болгож байх үеэр жирэмсний амралтаа аваад явсан байдаг. Түүнээс хойш нэг удаа ажилдаа орох талаар өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй. Түүний амралтын хугацаа дууссаны дараа би түүнтэй таарч ажилгүй байхаар бичиг хэргийн орон тоо дээр ажиллуулах санал тавьсан.

Миний бие өнөөдөр ажлын байрны орон тоог цомхотгох эрх бүхий субъект нь биш бөгөөд улс орон даяар орон тооны цомхотголыг хаана ч хийдэг. Ажлыг байрыг нь цомхтогдлоо гэхэд тухайн хүн нь өөрөө өөрийгөө боловсруулаад, цаг уурын мэргэжлийг эзэмшээд адилтгах орон тооны ажилд ажиллах бүрэн боломж синоптик инженер, техникчийн ажлын байрын орон тоо байсан байсаар ч байгаа юм. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бичиг хэргийн ажилд эргүүлэн томилуулах байсан. Гэтэл С.******* нь жирэмсний амралттай байх хугацаандаа ажилдаа буцаад оръё гэж нэг удаа өргөдөл өгөөгүй би өөрөө гудамжинд тааралдаж, жирэмсний амралтаа авах гэж байсан хүний оронд түр ажиллуулж байгаад чөлөөлсөн асуудал байдаг.

С.******* нь энэ ажил орон тоо цомхотголд орж байгаа талаар өөрөө мэдэж байсан бөгөөд ажил албан тушаал байхгүй болж байна яах вэ гэж нэг удаа хандаж, өргөдөл өгч байгаагүй, 4 жилийн хугацаанд чимээгүй байж байгаад гэнэт гарч ирээд ингэж ярьж байгаа нь өрөөсгөл, бүдүүлэг юм уу гэж бодож байна. Хүний ёсоор хандаж хэлэхэд би ямар мэргэжилтэй билээ, би ямар өргөдөл өгсөн билээ, хаана ажиллаж байсан билээ, хэн билээ гэдгээ тооцож мөнгө нэхээсэй гэж бодож байна.

Нэхэмжлэгч талаас операторгүй болно, өөрийнх нь орон тоо нь хасагдана гэснийг мэдээгүй байсан гээд байна. Манай байгууллагад операторгүй болно гэсэн ойлголт нь 2016 оноос хойш яригдаж байсан бөгөөд С.******* нь би мэргэжилгүй яанаа гээд явж байсан. Жирэмсний амралтаа аваад явсан хойгуур мэргэжлээрээ сураад ирээрэй гэж хэлсэн боловч өөрөө сураагүй. Мөн тэрээр 3 жилийн хугацаанд ажилдаа буцаж орох талаар нэг ч удаа өргөдөл өгч байгаагүй. Би өөрөө гудамжинд тааралдаж бичиг хэрэг амралтаа авч байгаа бичиг хэргийн эрхлэгч хийх үү гэж хэлж ажилд оруулсан. Түүнийг нягтлан мэргэжилтэй учир 2023 онд нягтлан тэтгэвэртээ гарвал нярав хийж байгаад нягтлан хийхийг сураад ав даа Насаа гэж хэлж байснаас албан тушаал амласан зүйл байхгүй.

С.******* өргөдөл өгсөн эсэх, өргөдөл өгсөөр байтал би хохироосон эсэхийг хуулбар үнэн дарж тушаал хуулбарлаж өгсөн албан тушаалтан, С.******* нарыг оролцуулж бодит үнэн зүйлийг ярих нь зүйтэй гэж бодож байна. Нэхэмжлэгч талаас намайг тухайн цаг хугацаанд утсаа авахгүй байсан гэж тайлбарладаг. Миний хувьд 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажлаа хийж байсан бөгөөд тухайн үед корона вирусийн үе байсан учир голдуу цахимаар ажиллаж байсан. Харин ч С.******* төрийг хүндлэхгүй түлхүүрээ хаяад явсан байсан. Тухайн ажил мэргэжилд тохирох мэргэжилгүй хүнийг ажиллуулж байснаараа төрийг хуурсан нь миний буруу болж байгаа гэдгээ ойлгож байна. Би ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцах боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, төвийн сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76125 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Туваан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2022/00163 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус шийдвэрийг 2022 оны 5 сарын 4 ний өдөр гардан авсан болно.

С.*******ын зүгээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалан авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл мөн гаргасан.

С.******* нь анх 2009 оны 2 сарын 3 ны өдөр Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн захирлын тушаалаар сүлжээний техникчийн ажилд томилогдон тус албан тушаалд 2018 оны 6 сарын 20-нд жирэмсний болон амаржсаны амралтаа авч улмаар хүүхэд асрах чөлөө авсан.

Эргээд ажил албан тушаалдаа орох үед нь жирэмсний амралтаа авсан С.Мөнхтулга хүний оронд буюу хүний нөөц архив бичиг хэргийн ажилтны орон тоон дээр түр тушаал гарган ажиллуулсан байдаг.

Харин С.*******ын үндсэн ажлын байр болох сүлжээний техникчийн ажил албан тушаалаас чөлөөлсөн эсэх, шилжүүлсэн эсэх, цомхотгосон эсэх талаар ажил олгогчоос ямар нэгэн шийдвэр огт гараагүй болно.

Улмаар 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тус төвийн дарга тушаал гарган нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаандаа ажлаас чөлөөлсөн байна. Улмаар ажлаас чөлөөлсөн гэдгээ С.*******д мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажилдаа эргэн очиход дарга нь ээлжийн амралтаа аваад хөдөө явсан учраас тушаалаа гардан авч чадаагүй , харин 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа гардан авсан. Улмаар ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хугацаа дууссан буюу тушаал гарснаас хойш 14 хоногийн дотор хүсэлтээ өгөх хугацаа дууссан үндэслэлээр олгогдоогүй юм.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ингэхдээ сүлжээний техникчийн ажил албан тушаал цомхотгогдсон түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэснээс гадна ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан хохирол 1852616 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Учир нь ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрээ нэн даруй танилцуулах үүрэгтэй бөгөөд үүнээс үүдэн гарсан хохирлыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэсний дагуу нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байсан.

Ажил олгогчоос ажилтанд ажлаас чөлөөлсөн тушаалаа ажлаас чөлөөлснөөс 23 хоногийн дараа өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон юм.

Гэвч шүүхээс тухайн тушаал дээр маргаж байгаа тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжээ нэхэмжлэгчээс гаргуулах эрх үүсэхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хэрэв үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа хангаагүй тохиолдолд ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалан хохирол учирсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх байсан гэж үзэж байна.

Түүнчлэн С.******* нь тухайн байгууллагын үндсэн ажилтан бөгөөд ажлын байраар хангуулахыг даалгах гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргах бүрэн эрхтэй. Ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалан тухайн байгууллагын үндсэн ажилтан ямар нэгэн ажилгүй, тэтгэмжгүй хоцорсон нь тухайн байгууллагад хөдөлмөрийн харилцааны хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хэргийг бүхэлд нь хянаж Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14 ний өдрийн 131/ШШ/2022/00163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу Давж заалдах шатны шүүх нь   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тувааны давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд  нь хянахад:

Нэхэмжлэгч С.******* нь Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, сүлжээний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох   үндсэн нэхэмжлэлтэй,

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3823430 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан  ажилгүйдлийн тэтгэмжид 1852616 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг   хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.*******  тус тус эс зөвшөөрч маргаан үүсгэжээ.

Хэргийн зохигч талуудын тайлбараас харахад, нэхэмжлэгч С.******* нь Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвд сүлжээний техникчийн албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр жирэмсний амралтаа авсан, ийнхүү 2020 оны 09 дүгээр сарын 18-нд ажилдаа эргэн ороход түүнийг эзгүй байгаа ажилтны оронд буюу хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр ажилд томилсон үйл баримтын талаар маргаангүй.

Харин Баянхонгор аймгийн Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн сүлжээний техникчийн орон тоо хасагдсан болох, эзгүй байгаа ажилтны орон тоонд түр томилогдохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн эсэх, нэхэмжлэгчийг сүлжээний техникчээр ажилд эгүүлэн тогтоох боломжтой эсэх, үүний үр дагаврын асуудал нь маргааны зүйл болсон байна.

 Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/83 дугаар тушаалын 7 дугаар хавсралтаар  батлагдсан Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2019 онд мөрдөх орон тоо, албан тушаалын жагсаалтад тус төвд сүлжээний техникчийн ажлын байр хасагдсан байхад  Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь сүлжээний техникчийн орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гаргаагүй байна.

Харин Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярав Т.Мөнхтулгад 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгож, тухайн өдрөөс эхлэн С.*******ыг хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын үүрэгт ажилд түр томилж улмаар  Т.Мөнхтулга нь  2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Т.Мөнхтулгыг ажилд нь томилж, С.*******ыг хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, 36.1.3-т амаржсаны амралттай ажилтан ажилдаа эргэн орох хүсэлт гаргавал ажилтныг ажил олгогч урьд эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч С.******* нь  хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын орон тоонд түр томилогдсон болохоо мэдэж байсан төдийгүй  сүлжээний техникчийн орон тоо хасагдсан  тохиолдолд  адилтгах албан тушаалд, эсхүл албан тушаалын чиг үүрэг нь шилжсэн бол холбогдох албан тушаалд томилуулахаар  тухайн цаг үед гомдол гаргах байжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “ орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчоос тухайн ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гаргах үүрэгтэй байтал  шийдвэрийг гаргаагүй буруутай байх боловч Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.*******ыг хүний нөөц, архив, бичиг хэрэг, нярвын орон тоонд  түр томилж буй нь түүнийг сүлжээний техникчийн албан тушаалаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлж буй үр дагаврыг үүсгэсэн шийдвэр гэж үзнэ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтад зөв дүгнэлт хийсэн хэдий ч Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “ ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”,  Нийгмийн даатгалаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж  тус тус заасны дагуу  үзэхэд ажил олгогч байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалаа ажлаас чөлөөлснөөс  хойш 23 хоногийн дараа  гардуулж   хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн болохыг нь  анхаараагүй  байх тул  ажилгүйдлийн тэтгэмжийн 1852616 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин   хариуцагч байгууллагаас гаргах  ажилгүйдлийн тэтгэмжийн 1852616 төгрөгийн  улсын тэмдэгтийн хураамж  44591 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.3-т     заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2022/00163 дугаар шийдвэрийн  удирдлага болгох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 гэснийг 115.2.1 гэж  өөрчлөн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөгийг гаргуулах “ гэснийг хасаж, “болгосугай” гэснийг “болгож” гэж өөрчлөн “ажилгүйдлийн тэтгэмж 1852616 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай гэж нэмж тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 44591 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

        ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ