Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0479/З |
Дугаар | 128/ШШ2022/0688 |
Огноо | 2022-09-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2022/0688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Т********, Б.У****, Б.У********, Г.Ч********, Б.У****** нар
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г****, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У****** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/1177 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд тус бүр 600 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай 204 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул Г.Т********, Б.У****, Б.У********, Г.Ч********, Б.У****** нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн,
3. Үүнийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С********т хандсан байх боловч хариу өгөөгүй тул 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...1/ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. "Хот, тосгон, бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасныг өмнөх Засаг дарга буюу 2018 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Б*******дээрх хуулийн заалтыг зөрчиж олгосон гэж үзэж бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлөвлөгөө батлах тухай 02/23 дугаар тогтоолоор Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байдаг бөгөөд уг тогтоолын хавсралтын 76 дугаарт нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг Буянт-Ухаа Тайнь, Бурхант гэх газруудад нийт 1,5 га газрыг 20 иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн байгааг олж харж болно. Улмаар Нийслэл дэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэнд газар эзэмшүүлэх асуудал хэлэлцэгдэн дэмжигдэж зөвшөөрсөн тэмдэглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамж гарч байсан.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн хууль, эрх зүйн үндэслэх хэсэгт дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн байх боломжгүй юм.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан /40.1.1-40.1.7/ тохиолдолд л газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий Засаг дарга хүчингүй болгох эрхтэй ч хуульд заасан 7 үндэслэлээс харахад дээрх тохиолдлууд нь зөвхөн эрхийн гэрчилгээ эзэмшигчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой тохиолдолд л хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас өөр үндэслэлээр бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл огт байхгүй, нийслэлийн Засаг даргын А/204 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт болох нь илэрхий харагдаж байгаа болно.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/204 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэх хэсэгт дурдсан Газрын тухай хуулийн 39.1.4, 56.1, 61.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь газар эзэмшигч нэр бүхий 5 иргэний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд Нийслэлийн Засаг даргаас халдах хуульд заасан үндэслэл болохгүй, тийм үндэслэл байхгүй болохыг харуулж байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь Засаг даргаас өмнө нь өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалт бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, уг захирамж түүний хавсралтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг өнөөдөр ч хүчинтэй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У****** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх" талаар зохицуулсан боловч газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаас өөр байршлын газрыг эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй буюу хэрэв газрыг шилжүүлэн авч буй этгээдэд тухайн шилжүүлж буй газраас өөр газарт газар эзэмшүүлэхээр тохиолдолд газар эзэмших хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргахаар хуульчилсан байдаг.
Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолын 23 дахь зүйлд ...Харин тодорхой нэгж талбарын газрыг шилжүүлж байгаа нэрээр өөр нэгж талбарын газрын эзэмших эрх бусдад үүсгэх/ шилжих боломжгүй бөгөөд хууль зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй гэж заасан байх тул хууль бусаар нэхэмжлэгч нарт шилжсэн газрыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн тогтоолоор уг газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хуульд зөвшөөрөгдөөгүй хэмээн үзсэн байх тул хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргасан болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Т********, Б.У****, Б.У********, Г.Ч********, Б.У****** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч нар нь шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...өмнө ажиллаж байсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчиж гаргасан гэх үндэслэлээр бидний газар эзэмших хууль ёсны эрхэд халдах үндэслэлгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, бусдын газар эзэмших эрхийг хөндөөгүй, хууль ёсоор эзэмшиж байгаа... гэж тодорхойлсныг хариуцагч ...Улсын Дээд шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолын 23 дахь зүйлд ...газрыг шилжүүлж байгаа нэрээр өөр нэгж талбарын газрын эзэмших эрх бусдад үүсгэх/ шилжих боломжгүй бөгөөд хууль зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй гэж заасан тул нэхэмжлэгч нарт хууль бусаар шилжсэн газар гэж үзэж шийдвэрээ зөвтгөсөн... гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/1177 дугаар захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу хавсралтад заасан 134 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн, уг хавсралтын 119, 121, 122, 125, 128-д нэхэмжлэгч нарын нэрс багтжээ.
Тухайлбал, уг захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/270 дугаар захирамжаар О.М*****д олгогдсон 700 м2 газрыг иргэн Г.Т**********, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны А/322 дугаар захирамжаар Д.Жамсранд олгогдсон 700 м2 газрыг иргэн Б.У****д, уг захирамжаар иргэн П.Д*******д олгогдсон 700 м2 газрыг иргэн Б.У******д, иргэн Т.М******д олгогдсон 700 м2 газрыг Г.Ч**********т, Х.О******ад олгогдсон 700 м2 газрыг Б.У******т тус тус шилжүүлэн эзэмшүүлэхээр өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарт эдгээр газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн уг захирамжийн дагуу нэхэмжлэгч тус бүрд иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулсан байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.У******т Хан-Уул дүүрэгт орших нэгж талбарын 1781210792 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 000011574 дүгээр гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн Э-2********** дугаарт бүртгэж, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 35400 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01-нд 35400 төгрөг, 2021 оны 9 сарын 24-нд 5319 төгрөг, 3540 төгрөг, 3540 төгрөг, 5340 төгрөг, 2021 онд мөн дээрхи хэмжээний үнийн дүнгээр газрын төлбөрийг тус тус төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй,
Нэхэмжлэгч Б.У****д Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1********* дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 000011568 дугаар гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн Э-2206000328 дугаарт бүртгэж, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 35400 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2124 төгрөг, мөн өдөр 1416 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 35400 төгрөгийн газрын төлбөрийг тус тус төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй,
Нэхэмжлэгч Г.Ч**********т Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1781210795 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 0********* дүгээр гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн Э-2********* дугаарт бүртгэж, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 35400 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 35400 төгрөг, 2021 оны 9 сарын 24-ний өдөр 21240 төгрөг, мөн өдөр 2320 төгрөгийн газрын төлбөр тус тус төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй,
Нэхэмжлэгч Б.У******д Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 17********* дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 00********* дүгээр гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн Э-2********* дугаарт бүртгэж, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 35400 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 35400 төгрөг, 2021 оны 9 сарын 24-ний өдөр 14160 төгрөг, 21240 төгрөгийн газрыг төлбөрийг тус тус төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй,
Нэхэмжлэгч Г.Т********** Хан-Уул дүүрэгт орших нэгж талбарын 1781210805 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 00********** дугаар гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн Э-2********* дугаарт бүртгэж, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 35400 төгрөг тус тус төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/23 дугаар бүхий Төлөвлөгөө батлах тухай тогтоолоор Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тогтоолын 3.1, 3.2 дахь заалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг...журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б******од даалгасан байх ба уг тогтоолын хавсралтын 76-д Хан-Уул дүүргийн 16 дүгээр хороонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Буянт ухаа, Тайнь, Бурхант гэх газруудад 20 иргэнд 1,5 га газрыг олгохоор төлөвлөгдсөн болох нь тогтоогдов.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж тус тус заасан.
Иймд дээр дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/1177 дугаар захирамж нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн хууль зүйн үндэслэлтэй, Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосноороо эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд нэхэмжлэгч нар нь тухайн эрх олгосон шийдвэрийн дагуу газраа хуульд заасан журмын дагуу эзэмшиж, газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, тухайн тохиолдолд захиргаа нь зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дугаар зүйлийн 48.2.1-48.2.5-д заасан нөхцөл байдал үүссэнээр уг захиргааны актыг хүчингүй болгох боломжтой, харин эдгээрээс бусад нөхцөлд эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн; 48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй; 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн; 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж тус тус заасан, маргаан бүхий захиргааны акт эдгээрийн алинд ч хамаарахгүй байна.
Харин маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай 204 дүгээр захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг тус тус үндэслэн ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
Тухайн актын үндэслэл болгосон, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: гэж, 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасан.
Дээрхи хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гол үндэслэлээ өмнөх Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн гэж тодорхойлсон байх боловч хуулийн энэ заалт нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааг хот тосгоны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж хэрэгжүүлэхээр заасан ерөнхий заалт бөгөөд энэ нь газар эзэмших эрх авсан, хууль ёсны эзэмшигч этгээдийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд заасан тохиолдлуудад хамаарахгүй тул хуулийн энэ заалт нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагч нь өмнөх Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн ...өөрөө хүчингүй болгох заалтыг баримтлах учиртай атал уг заалтыг баримтлаагүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-ийг баримтлах тохиолдолд тухайн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д зааснаар хүчингүй болгох учиртай бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...газрыг шилжүүлж байгаа нэрийдлээр өөр нэгж талбарын газрын эзэмших эрх бусдад үүсгэх/ шилжих боломжгүй...гэж Дээд шүүхийн тогтоолд заасан гэх тайлбар энэ маргааны тухайд хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, маргаан бүхий актад энэ үндэслэлийг дурдаагүй, хүчингүй болгож буй захиргааны актаа тухайлан заагаагүй зэргээс уг акт утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл үүсээгүй байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл уг захиргааны актаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч нарт анх газар эзэмших эрх олгосон өмнөх Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжийг хэрхэх талаар тусгаагүй орхигдуулснаас гадна газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон агуулгаар гаргасан гэх атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүйгээс тухайн захиргааны акт чухам ямар үндэслэл зорилгоор, хэнд чиглэж, хаяглагдаж гарсан нь тодорхойгүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж, 4.2.1-д хуульд үндэслэх 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэж, 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай 204 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасан ...хууль, захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан гэх нөхцөлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, уг заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл биш.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Т********, Б.У****, Б.У********, Г.Ч********, Б.У****** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай 204 дүгээр захирамжийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Т********, Б.У****, Б.У********, Г.Ч********, Б.У****** нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/204 дүгээр захирамжийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН