Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Т нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа 

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Л

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох

Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлага: “... нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/0001 дугаар захирамжийн Н.Т, Б.У, Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах, гуравдагч этгээд Л.Б-н нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Б-н “Г” ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 935 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2022/0479/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Т , Б.У , Б.У , Б.Ч , Б.У нар нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, гуравдагч этгээд нар нь “нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/0001 дугаар захирамжийн Н.Т, Б.У , Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах, гуравдагч этгээд Л.Б-н нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Б-н “Г” ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлагыг тус тус гарган маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 935 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Б.Ч , Г.Т , Б.У  нарын эзэмшил газрын гуравдагч этгээд Л.Б-н хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хэвээр үлдээж, үлдэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Л.Б-д газар олгохоос татгалзсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Б-н “Г” ХХК-ийн үйлдсэн 700м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгаж, гуравдагч этгээд Г.Э, Б.Г нарын нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/0001 дугаар захирамжийн Н.Т, Б.У , Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнэхдээ ... Тухайн маргаан бүхий актын үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа түүний нэгж, удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль, тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот тосгон бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжпийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

3.2. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гол үндэслэлээ өмнөх нийслэлийн Засаг даргын 2018 оны А/0001 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн гэж тодорхойлсон байх боловч хуулийн энэ заалт нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж хэрэгжүүлэхээр заасан ерөнхий заалт бөгөөд энэ нь газар эзэмших эрх авсан, хууль ёсны эзэмшигч этгээдийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд заасан тохиолдлуудад хамаарахгүй тул энэ хуулийн энэ заалт нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэсэн.

3.3. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар иргэн Г.Т , Б.У , Б.У , Б.Ч , Б.У нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.4. Тухайн маргаан бүхий захирамжийг гаргахдаа нийслэлийн Засаг даргад Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Э, Б.Г, Л.Б нар болон эдгээр иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Н нар нь тухайн газар дээр 2009 оноос хойш амьдарч байгаа гэх гомдлыг нийслэлийн Засаг даргад удаа дараа гаргасан бөгөөд тухайн гомдлын дагуу хээрийн судалгаа хийхэд амьдарч байгаа нь тогтоогдсон болно. Мөн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/0001 дугаар захирамжаар иргэн Г.Т , Б.У , Б.У , Б.Ч , Б.У нарт газар эзэмших эрх олгохдоо иргэдийн амьдарч байгаа газарт давхцуулан эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/000 дүгээр захирамж гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй зорилгодоо нийцсэн захиргааны акт байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0935 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Г.Т , Б.У , Б.У , Б.Ч , Б.У нар нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, гуравдагч этгээд нараас “нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/0001 дугаар захирамжийн Н.Т, Б.У , Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах, Л.Б-н нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгах” шаардлагыг тус тус гарган маргасан байна.   

2.2. Анхан шатны шүүх “... нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Б.Ч , Г.Т , Б.У  нарын эзэмшил газрын гуравдагч этгээд Л.Б-н хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хэвээр үлдээж, үлдэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, гуравдагч этгээд Л.Байгалмаад газар олгохоос татгалзсан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.Б-н “Г” ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгаж, гуравдагч этгээд Г.Э, Б.Г нарын нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/0001 дугаар захирамжийн Н.Т, Б.У , Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.3. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, Төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй” гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж тус тус заасан.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/23 дугаар бүхий тогтоолоор нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тогтоолын 3.1, 3.2 дахь заалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байх ба уг тогтоолын хавсралтын 76-д Хан-Уул дүүргийн 16 дүгээр хороонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20 иргэнд 1.5 га газрыг олгохоор төлөвлөгдсөн байна.

2.5. Улмаар нэхэмжлэгч Г.Т нь Хан-Уул дүүрэгт орших нэгж талбарын 1781210805 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар, нэхэмжлэгч Б.У нь Хан-Уул дүүрэгт орших нэгж талбарын 1781210792 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар, нэхэмжлэгч Б.У  нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1781210798 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар, нэхэмжлэгч Б.Ч  нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1781210795 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар, нэхэмжлэгч Б.У  нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1781210799 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус эзэмшиж, газрын гэрээ байгуулж, гэрээний үүргээ зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

2.6. Иймд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/0001 дугаар захирамж нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд чиг үүрэгтэй нийцүүлэн гаргасан. Дээрх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосноороо эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар иргэн Г.Т , Б.У , Б.У , Б.Ч , Б.У нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ... Мөн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/0001 дугаар захирамжаар иргэн Г.Т , Б.У , Б.У , Б.Ч , Б.У нарт газар эзэмших эрх олгохдоо иргэдийн амьдарч байгаа газарт давхцуулан эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/000 дүгээр захирамж гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

2.8. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг тус тус үндэслэн ... нийслэлийн Засаг даргын 2018 оны А/0001 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн ... гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

2.9. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно” гэж, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

2.10. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлээ нийслэлийн Засаг даргын 2018 оны А/0001 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн гэж тодорхойлсон байна. Уг хуулийн заалт нь хууль ёсны дагуу газар эзэмших эрх авсан эзэмшигч этгээд нарын эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд заасан үндэслэлд хамаарахааргүй байна. Харин маргаан бүхий актад дурдагдаагүй, гомдол дурдсан нэхэмжлэгч Г.Т , Б.У , Б.У , Б.Ч , Б.У нарт газар эзэмших эрх олгохдоо иргэдийн амьдарч байгаа газарт давхцуулан эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

2.11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

2.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.13. Мөн түүнчлэн, Г.Т нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутын 5 дахь хурлаар товлогдсон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л-с шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг боломжит хугацааны өмнө шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаан эхэлснээс хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 19 минутад ирүүлсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ