Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2022/00155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ЧП50021074 регистрийн дугаартай Түмэн домбоо овогт Суурийн Тэлжээ,

Хариуцагч: багт оршин суух, ВЙ65090716 регистрийн дугаартай Тэмээчин овогт Галтайн Мянган

Нэхэмжлэлийн шаардлага: Малын үнэ 1,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Тэлжээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Тэлжээ нь хариуцагч Г.Мянганд холбогдуулан Малын үнэ 1400000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Г.Мянган надад өгөх ёстой өр болох 5 хонийг найзуудын хувьд өсгөж өгье гэж тохиролцон дараа авъя гэж үлдээсэн юм. Ингээд 2017 онд Мянгантай тааралдаж Миний хонь хир олон болж өссөн бэ гэж асуухад 6, 7 юм байгаа гэж хэлсэн юм. Ингээд 2018 оны намар малаа авъя гэж очиход авгай нь 5 хонь чинь л байгаа өөр юм байхгүй гэсэн. Тэгвэл 5 хонио авъя гэхэд одоо мал янзалж өгөх хүн бүл алгаа одоо удахгүй аймагт байдаг манай хүү идэш хоолоо авахаар ирнэ тэгэхээр нь түүгээр явуулъя гэхээр нь би үнэмшээд буцсан боловч юу ч өгөөгүй өнгөрсөн. Жил малаа уруудуулж олон мал алдсан одоо цөөхөн малтай учир энэ удаа өгч чадахгүй гэсэн. Ингэхэд нь би 2 жил дараалан цаг заваа үрэн 800 гаран км явлаа тэгвэл бензиний мөнгөө авъя гэхэд 2 жижигхэн эр ямаа өгсөн. Ингээд сая 2021 оны 11 дүгээр сарын 22-нд утас руу нь нэрээ хэлээд мэнд мэдэлцээд би одоо малаа авъя гэхэд ямар хариугүй шууд утсаа тасалсан дахин утсаа аваагүй учир би шүүхэд хандсан юм. Ингэж миний малыг өгөхгүй янз бүрээр худал хэлж аргалж байснаа одоо болохоор гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулсан зүйл байхгүй гэдгээр шалтаг хийж шууд луйвар хийж байна гэж би үзэж байна. 5 хонь гэдэг 16 жил болоход жил 2 төл авсан гэж бодоход 30 гаран хонь болох учиртай боловч би хэлсэн ёсоор нь 7 хонь авъя гэж бодсон юм. Өнөөдрийн зах зээлийн ханшаар хонины махны бөөний үнэ 8000 төгрөг байгаа нэг хониноос 22-38 кг мах гардаг дунджаар 25 кг гэж бодоход 1 хонины үнэ 200000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн үнээр бол 300000 төгрөг болж байгаа. Ингээд жижиглэнгийн үнээр бодоход 1 хонины үнэ 200000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн үүнээр бодоход 7*200000= 1400000 болох тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч С.Тэлжээ шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Миний бие Бууцагаан суманд олон жил наймаа хийсэн бөгөөд Улаанбаатар хотоос малчдад хэрэгтэй бүх төрлийн барааг авчирч зарж борлуулдаг байсан. Хөдөөгийн малчид надад барааны оронд ноос, ноолуур, арьс, шир, мал зэрэг түүхий эд оронд нь өгч наймаалцдаг байсан. Манай гэр бүл 2005 онд Баянхонгор аймагт шилжиж ирсэн бөгөөд 2004 онд хариуцагчийн гэрийг нүүлгэж өгөөд түүний хөлс болох 1 хонь түүн дээр урьд нь өгөх ёстой байсан 4 хонь нийт 5 хонь хариуцагчаас авахаар болж хариуцагч найзуудын хувьд өсгөж өгье гэж тохиролцон дараа авъя гэж үлдээсэн юм. Ингээд 2017 онд Мянгантай тааралдаж Миний хонь хир олон болж өссөн бэ гэж асуухад 6, 7 юм байгаа гэж хэлсэн. Уг нь 13-14 жил өнгөрч байхад ядаж 40-50 мал болж өсөх боломж байсан. Ингээд 2018 оны намар малаа авъя гэж очиход авгай нь 5 хонь чинь л байгаа өөр юм байхгүй гэсэн. Тэгвэл 5 хонио авъя гэхэд одоо мал янзалж өгөх хүн бүл алгаа одоо удахгүй аймагт байдаг манай хүү идэш хоолоо авахаар ирнэ тэгэхээр нь түүгээр явуулъя гэхээр нь би үнэмшээд буцсан боловч юу ч өгөөгүй өнгөрсөн. Тэгээд 2019 онд миний бие хүүтэйгээ хамт хариуцагчийнд ирээд 5 хонио авах талаар хэлтэл эхнэр нь Манайх жил малаа уруудуулж олон мал алдсан одоо цөөхөн малтай учир энэ удаа өгч чадахгүй гэсэн. Ингэхэд нь би 2 жил дараалан цаг заваа үрэн 800 гаран км явлаа тэгвэл бензиний мөнгөө авъя гэхэд 2 жижигхэн эр ямаар өгсөн. Ингээд сая 2021 оны 11 дүгээр сарын 22-нд утас руу нь нэрээ хэлээд мэнд мэдэлцээд би одоо малаа авъя гэхэд ямар хариугүй шууд утсаа тасалсан дахин утсаа аваагүй учир би шүүхэд хандсан юм. Ингэж миний малыг өгөхгүй янз бүрээр худал хэлж аргалж байснаа одоо болохоор гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулсан зүйл байхгүй гэдгээр шалтаг хийж шууд луйвар хийж байна гэж би үзэж байна. Мөн намайг хариуцагчийнд очиход Мянганы хөл нь өвдсөн байсан би Улаанбаатар хотоос 40.000 төгрөгөөр хөл ороодог боолт аваад хариуцагчийн хүүгээр өгч явуулж байсан. Энэ мөнгийг бас гаргуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.

2. Хариуцагч Г.Мянган шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Пэлжээгээс Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлтэй танилцлаа.

Өргөдөлд дурдсанаар манайхыг 5 мал өгч өгсөж өгье гэж хэлсэн гэж худал гүтгэн бичсэн байна. Аймаг, сумын хэмжээнд 2001-2002 онд зуд болж, мал цөөрч айл болгон цөөхөн хэдэн малтай үлдэж байсан бөгөөд манайх сумын төвийн ойрхон өвөлжөө авч, 2004 онд иргэн С.Пэлжээгээр нүүлгүүлж, бензин масло хийж өгч, хөлсөнд нь нэг эр хонь өгч байсан.

С.Пэлжээ нь 2019 онд малаа авъя гээд ирж байсан харин манайх тухайн үедээ нүүлгэж өгч тустай байсан гэж бодон сайхан сэтгэл өвөрлөж, 2 эр ямаа гаргаж өгөөд явуулж байсан.

С.Пэлжээ нь өөрөө Бууцагаан сумын харьяат бөгөөд ах дүү хамаатан садангийндаа очих далимаар буюу 2019 онд манайд ирж 2 ямаа авсан гэж ойлгож байна.

Манай сум аймгийн төвөөс 180 км зайтай байдаг бөгөөд сумын төвөөс өвөлжөө, зуслан 10-11 км зайтай байдаг.

Гэтэл ямар ч үндэслэлгүй өөрийн ажлыг бүтээх зорилгоор Бууцагаан сумд ах дүү хамаатан садангийндаа ирсэн зардлаа манайхаас малаа авах гэж ирсэн гэж ямар ч нотлох баримтгүй худал гүтгэн мөнгө нэхэмжилж байгаад үнэхээр гомдолтой байна.

Миний бие нь нэр төрд халдсан, гүтгэсэн хэмээн холбогдох байгууллагад гомдол гарган гэж бодож байна.

Бид ямар нэгэн бичгээр гэрээ хэлцэл хийж, хэдэн жилийн дараа хэд болгож өсгөж өгнө гэх мэт тохиролцож, нотариатаар батлуулсан зүйл юу ч байхгүй. Манай хувьд нүүлгэж өгсөн гэж тухайн үедээ талархаж нэг эр хонь өгч, сүүлд 2019 онд ирэхэд нь хэцүү үед нүүлгэж өгсөн тусыг нь бодож 2 ямаа гарган өгч байсан гэтэл худал гүтгэн хүний нэр төрд халдаж байгаад үнэхээр гомдож байна.

Харин ч үндэслэлгүй өргөдөл гаргаснаас болж манай эхнэр сумаас 3 удаа аймагт, аймгаас сум руу 3 удаа буцсаны зардал буюу 108000 төгрөгийг, миний бие нь аймагт ирж нэхэмжлэл гардан авсан тул мөн ирж, буцах унааны зардал 40000 төгрөгийг тус тус иргэн С.Пэлжээгээс гаргуулах хүсэлттэй байна.

Иймд иргэн С.Пэлжээгээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлсүрэн хариу тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд 1999-1998 оны үед нэхэмжлэгч нь худалдаа наймаа хийдэг байсан бөгөөд манайх тэр үед нь хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ авдаг байсан. Манайх хариуцагчаас худалдаж авсан бараа бүтээгдэхүүний хөлсийг нь цаг тухай бүрд нь өгдөг байсан. 2004 онд нэхэмжлэгчээр нэг удаа гэрээ нүүлгүүлсэн бөгөөд хөлсөнд нь нэг эр хонь өгөх талаар тохиролцоод өгөх ёстой байсан нэг хониноос бусад нэхэмжлэлийн шаардлага болох 5 хонийг өсгөж үржүүлж өгнө гэж тухайн үед хэлсэн зүйл байхгүй. 2019 онд нэхэмжлэгч нь манайд хүүтэйгээ ирсэн Ганзориг гэх хүн ирээгүй бөгөөд манайд ирэхэд нь гэр нүүлгэж өгсний хөлс болох нэг хонины оронд 2 ямаа махалж өгсөн. Мөн нэхэмжлэгч манай нөхөрт хөл ороодог хар өвдгөвч өгч байсан бөгөөд тэр өвдгөвч нь тухайн үед тэтгэврийн насны ахмадуудад үнэ төлбөргүй тарааж байхад нь нэхэмжлэгч авчхаад манай нөхөрт 40.000 төгрөгөөр зарах гээд байгаа юм. Нэхэмжлэгч бас манайд ирж очсон бензиний мөнгөө нэхэмжилж байна. Манайх сумын төвөөс 15км зайтай байдаг тул 800 гаран км явах ямар ч боломжгүй. Иймд одоо нэхэмжлэгчид өгөх өр авлагын зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг гаргаж байна.

3. Нэхэмжлэгч С.Тэлжээгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлгийн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар гэсэн баримтуудыг, хариуцагч Д.Мянганаас иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус гаргаж өгсөн.

4. Шүүхээс нэхэмжлэгч С.Тэлжээгийн хүсэлтээр гэрч О.Ганзориг, Д.Маам нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Тэлжээгээс Малын үнэ 1,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Г.Мянганд холбогдуулан гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ ...Г.Мянганаас 7 ширхэг хонь авах ёстой, үүнээс 1998-1999 онд худалдсан барааны төлбөрт 3 ширхэг хонийг, 2004 онд гэрийг нь нүүлгэж өгсөн ажлын хөлсөнд 2 ширхэг хонь авах ёстой, 16 жилийн хугацаанд 5 ширхэг хонь өсөх ёстой тул 7 ширхэг хонины үнэлгээг нийт 1,400,000 төгрөгөөр тооцож гаргуулна... гэж тодорхойлсон, үүнийг эс зөвшөөрч хариуцагч Г.Мянганаас ...худалдаж авсан барааны төлбөрийг тухай бүрд нь мал өгч төлсөн, 2004 онд гэр нүүлгэж өгсөн хөлсөнд 1 хонь өгөхөөр тохиролцсон боловч оронд нь 2 ямаа өгсөн, одоо нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй... гэж маргажээ.

Талуудын гаргасан тайлбараас үзвэл, нэхэмжлэгч С.Тэлжээ нь хариуцагч Г.Мянганд 1998-1999 онуудад бараа бүтээгдэхүүн худалдаалж, төлбөрийг хониор тооцож авдаг байсан, мөн 2004 онд гэрийг нь нүүлгэж өгч байсан үйл баримтын талаар маргаангүй, харин нэхэмжлэгч С.Тэлжээ нь ямар бараа бүтээгдэхүүн хариуцагч Г.Мянганд шилжүүлсний төлбөрийн үлдэгдэлд 3 хонь авахаар тохиролцсон, гэр нүүлгэсэн ажлын хөлсөнд 2 хонь авах ёстой эсэх нь маргааны зүйл болсон байна.

Хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор ямар нэг баримт хавсаргаж өгөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр О.Ганзориг, Д.Маам нарыг асуулгасан, үүнээс өөрөөр түүний шаардах эрхийг нотлох баримт байхгүй, гаргаж өгөх өөр баримт байхгүй талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

Зохигчдын дээрх маргаангүй тайлбараар талуудын хооронд нэг талаас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, нөгөө талаас төлбөрийг хониор тооцож харилцан шилжүүлэх үүрэг хүлээх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний шинжтэй харилцаа, мөн гэр нүүлгэх ажлыг гүйцэтгэсний хөлсөнд хонь өгөхөөр тохиролцсон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй харилцаа тус тус үүссэн байх ба хариуцагч Г.Мянганаас 1998-1999 онд шилжүүлэн авсан барааны төлбөрийг тухайн бүрт нь хониор тооцож барагдуулсан, гэр нүүлгэсний хөлсөнд 1 хонь өгөх ёстойгоос оронд нь 2 ямаа өгч хөлсийг тооцсон, одоо өгөх төлбөр байхгүй гэж маргасан энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Тэлжээд 5 хонийг шилжүүлэн авахаар тохиролцсон үйл баримтыг нотлох үүрэг ногдоно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Тэлжээ нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж, хариуцагч Г.Мянганд ямар бараа бүтээгдэхүүн шилжүүлсний төлбөрийн үлдэгдэлд 3 хонь, гэр нүүлгэх ажлын хөлсийг 2 хониор тооцож авахаар тохиролцсон тохиролцоог нотлох учиртай.

Гэтэл дээр дурдсанаар хэргийн материалд гэрчүүдийн мэдүүлгээс өөр нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт авагдаагүй, хэдийгээр гэрч О.Ганзориг ...2018 оны 11 сард С.Тэлжээ нь Г.Мянганд хандан малаа авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Мянган дуугараагүй, харин эхнэр нь Манайх 8 мал өгөхгүй, 5 мал өгье. Маргааш юм уу нөгөөдрөөс манай хүүхэд ирнэ тэгэхээр нь өгөөд явуулъя гэж, гэрч Д.Маам ...Г.Мянганаас 5 ширхэг хонь авах ёстой, ...2019 онд С.Тэлжээ хүү С.Пүрэвсүхтэй Г.Мянганых руу явж 2 ширхэг ямааны мах авч ирсэн... гэж мэдүүлэх боловч тэдний мэдүүлгийг харьцуулан үзэх өөр бичгийн нотлох баримтууд байхгүй, зөвхөн гэрчийн мэдүүлгийг дангаар нь үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, 1998-1999, 2004 онд үйл баримтыг тогтоох боломжгүйгээс гадна гэрчүүд нь тухайн цаг хугацаанд хамаарах үйл явдлыг биш хожим 2018 онд талуудын хооронд болсон үйл баримтын талаар мэдүүлсэн байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэлж, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй.

Ийнхүү нэхэмжлэгч С.Тэлжээгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч Г.Мянганаас 5 хонь, улмаар 16 жилийн хугацаанд өсөх ёстой гэж тооцож 2 хонь, нийт 7 хонь авах ёстой үйл баримтыг нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн хариуцагч талаас ...энэ 16 жилийн хугацаанд хонь авах талаар хэлж байгаагүй... гэж тайлбар гаргах ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., 60 дугаар зүйлийн 60.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тэлжээгийн хариуцагч Г.Мянганд холбогдуулан гаргасан Малын үнэ 1,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тэлжээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ