Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 213/МА2022/00016

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

Г.*******д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 131/ШШ2022/00155 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Суурийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******н *******д холбогдох

Малын үнэ 1.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч С.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дамбажав нар оролцов.

Нэхэмжлэгч С.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Г.******* надад өгөх ёстой өр болох 5 хонийг найзуудын хувьд өсгөж өгье гэж тохиролцон дараа авъя гэж үлдээсэн юм. Ингээд 2017 онд *******тай тааралдаж Миний хонь хир олон болж өссөн бэ гэж асуухад 6, 7 юм байгаа гэж хэлсэн юм. Ингээд 2018 оны намар малаа авъя гэж очиход авгай нь 5 хонь чинь л байгаа өөр юм байхгүй гэсэн. Тэгвэл 5 хонио авъя гэхэд одоо мал янзалж өгөх хүн бүл алгаа одоо удахгүй аймагт байдаг манай хүү идэш хоолоо авахаар ирнэ тэгэхээр нь түүгээр явуулъя гэхээр нь би үнэмшээд буцсан боловч юу ч өгөөгүй өнгөрсөн. Жил малаа уруудуулж олон мал алдсан одоо цөөхөн малтай учир энэ удаа өгч чадахгүй гэсэн. Ингэхэд нь би 2 жил дараалан цаг заваа үрэн 800 гаран км явлаа тэгвэл бензиний мөнгөө авъя гэхэд 2 жижигхэн эр ямаа өгсөн. Ингээд сая 2021 оны 11 дүгээр сарын 22-нд утас руу нь нэрээ хэлээд мэнд мэдэлцээд би одоо малаа авъя гэхэд ямар ч хариугүй шууд утсаа тасалсан дахин утсаа аваагүй учир би шүүхэд хандсан юм. Ингэж миний малыг өгөхгүй янз бүрээр худал хэлж аргалж байснаа одоо болохоор гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулсан зүйл байхгүй гэдгээр шалтаг хийж шууд луйвар хийж байна гэж би үзэж байна. 5 хонь гэдэг 16 жил болоход жил 2 төл авсан гэж бодоход 30 гаран хонь болох учиртай боловч би хэлсэн ёсоор нь 7 хонь авъя гэж бодсон юм. Өнөөдрийн зах зээлийн ханшаар хонины махны бөөний үнэ 8000 төгрөг байгаа нэг хониноос 22-38 кг мах гардаг дунджаар 25 кг гэж бодоход 1 хонины үнэ 200000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн үнээр бол 300000 төгрөг болж байгаа. Ингээд жижиглэнгийн үнээр бодоход 1 хонины үнэ 200000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн үүнээр бодоход 7200000= 1400000 болох тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 ...би Бууцагаан суманд олон жил наймаа хийсэн бөгөөд Улаанбаатар хотоос малчдад хэрэгтэй бүх төрлийн барааг авчирч зарж борлуулдаг байсан. Хөдөөгийн малчид надад барааны оронд ноос, ноолуур, арьс, шир, мал зэрэг түүхий эд оронд нь өгч наймаалцдаг байсан. Манай гэр бүл 2005 онд Баянхонгор аймагт шилжиж ирсэн бөгөөд 2004 онд хариуцагчийн гэрийг нүүлгэж өгөөд түүний хөлс болох 1 хонь түүн дээр урьд нь өгөх ёстой байсан 4 хонь нийт 5 хонь хариуцагчаас авахаар болж хариуцагч найзуудын хувьд өсгөж өгье гэж тохиролцон дараа авъя гэж үлдээсэн юм. Ингээд 2017 онд *******тай тааралдаж Миний хонь хир олон болж өссөн бэ гэж асуухад 6, 7 юм байгаа гэж хэлсэн. Уг нь 13-14 жил өнгөрч байхад ядаж 40-50 мал болж өсөх боломж байсан. Ингээд 2018 оны намар малаа авъя гэж очиход авгай нь 5 хонь чинь л байгаа өөр юм байхгүй гэсэн. Тэгвэл 5 хонио авъя гэхэд одоо мал янзалж өгөх хүн бүл алгаа одоо удахгүй аймагт байдаг манай хүү идэш хоолоо авахаар ирнэ тэгэхээр нь түүгээр явуулъя гэхээр нь би үнэмшээд буцсан боловч юу ч өгөөгүй өнгөрсөн. Тэгээд 2019 онд миний бие хүүтэйгээ хамт хариуцагчийнд ирээд 5 хонио авах талаар хэлтэл эхнэр нь Манайх жил малаа уруудуулж олон мал алдсан одоо цөөхөн малтай учир энэ удаа өгч чадахгүй гэсэн. Ингэхэд нь би 2 жил дараалан цаг заваа үрэн 800 гаран км явлаа тэгвэл бензиний мөнгөө авъя гэхэд 2 жижигхэн эр ямаа өгсөн. Ингээд сая 2021 оны 11 дүгээр сарын 22-нд утас руу нь нэрээ хэлээд мэнд мэдэлцээд би одоо малаа авъя гэхэд ямар хариугүй шууд утсаа тасалсан дахин утсаа аваагүй учир би шүүхэд хандсан юм. Ингэж миний малыг өгөхгүй янз бүрээр худал хэлж аргалж байснаа одоо болохоор гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулсан зүйл байхгүй гэдгээр шалтаг хийж шууд луйвар хийж байна гэж би үзэж байна. Мөн намайг хариуцагчийнд очиход *******ы хөл нь өвдсөн байсан би Улаанбаатар хотоос 40.000 төгрөгөөр хөл ороодог боолт аваад хариуцагчийн хүүгээр өгч явуулж байсан. Энэ мөнгийг бас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Өргөдөлд дурдсанаар манайхыг 5 мал өгч өгсөж өгье гэж хэлсэн гэж худал гүтгэн бичсэн байна. Аймаг, сумын хэмжээнд 2001-2002 онд зуд болж, мал цөөрч айл болгон цөөхөн хэдэн малтай үлдэж байсан бөгөөд манайх сумын төвийн ойрхон өвөлжөө авч, 2004 онд иргэн С.Пэлжээгээр нүүлгүүлж, бензин масло хийж өгч, хөлсөнд нь нэг эр хонь өгч байсан. С.Пэлжээ нь 2019 онд малаа авъя гээд ирж байсан харин манайх тухайн үедээ нүүлгэж өгч тустай байсан гэж бодон сайхан сэтгэл өвөрлөж, 2 эр ямаа гаргаж өгөөд явуулж байсан.

С.Пэлжээ нь өөрөө Бууцагаан сумын харьяат бөгөөд ах дүү хамаатан садангийндаа очих далимаар буюу 2019 онд манайд ирж 2 ямаа авсан гэж ойлгож байна. Манай сум аймгийн төвөөс 180 км зайтай байдаг бөгөөд сумын төвөөс өвөлжөө, зуслан 10-11 км зайтай байдаг. Гэтэл ямар ч үндэслэлгүй өөрийн ажлыг бүтээх зорилгоор Бууцагаан сумд ах дүү хамаатан садангийндаа ирсэн зардлаа манайхаас малаа авах гэж ирсэн гэж ямар ч нотлох баримтгүй худал гүтгэн мөнгө нэхэмжилж байгаад үнэхээр гомдолтой байна. Миний бие нь нэр төрд халдсан, гүтгэсэн хэмээн холбогдох байгууллагад гомдол гарган гэж бодож байна.

Бид ямар нэгэн бичгээр гэрээ хэлцэл хийж, хэдэн жилийн дараа хэд болгож өсгөж өгнө гэх мэт тохиролцож, нотариатаар батлуулсан зүйл юу ч байхгүй. Манай хувьд нүүлгэж өгсөн гэж тухайн үедээ талархаж нэг эр хонь өгч, сүүлд 2019 онд ирэхэд нь хэцүү үед нүүлгэж өгсөн тусыг нь бодож 2 ямаа гарган өгч байсан гэтэл худал гүтгэн хүний нэр төрд халдаж байгаад үнэхээр гомдож байна. Харин ч үндэслэлгүй өргөдөл гаргаснаас болж манай эхнэр сумаас 3 удаа аймагт, аймгаас сум руу 3 удаа буцсаны зардал буюу 108000 төгрөгийг, миний бие нь аймагт ирж нэхэмжлэл гардан авсан тул мөн ирж, буцах унааны зардал 40000 төгрөгийг тус тус иргэн С. Пэлжээгээс гаргуулах хүсэлттэй байна.

Иймд иргэн С.Пэлжээгээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлсүрэн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

С.******* нь 1999-1998 оны үед худалдаа наймаа хийдэг байсан бөгөөд манайх тэр үед нь хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ авдаг байсан. Манайх нэхэмжлэгчээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүний хөлсийг нь цаг тухай бүрд нь өгдөг байсан. 2004 онд нэхэмжлэгчээр нэг удаа гэрээ нүүлгүүлсэн бөгөөд хөлсөнд нь нэг эр хонь өгөх талаар тохиролцоод өгөх ёстой байсан нэг хониноос бусад нэхэмжлэлийн шаардлага болох 5 хонийг өсгөж үржүүлж өгнө гэж тухайн үед хэлсэн зүйл байхгүй. 2019 онд нэхэмжлэгч нь манайд хүүтэйгээ ирсэн Ганзориг гэх хүн ирээгүй бөгөөд манайд ирэхэд нь гэр нүүлгэж өгсний хөлс болох нэг хонины оронд 2 ямаа махалж өгсөн. Мөн нэхэмжлэгч манай нөхөрт хөл ороодог хар өвдгөвч өгч байсан бөгөөд тэр өвдгөвч нь тухайн үед тэтгэврийн насны ахмадуудад үнэ төлбөргүй тарааж байхад нь нэхэмжлэгч авчихаад манай нөхөрт 40.000 төгрөгөөр зарах гээд байгаа юм. Нэхэмжлэгч бас манайд ирж очсон бензиний мөнгөө нэхэмжилж байна. Манайх сумын төвөөс 15км зайтай байдаг тул 800 гаран км явах ямар ч боломжгүй. Иймд одоо нэхэмжлэгчид өгөх өр авлагын зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч Г.*******д холбогдуулан гаргасан Малын үнэ 1,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Би Бууцагаан сумын 2 дугаар багийн малчин *******н *******аас малын үнэ 1.400.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан миний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Би Г.*******аас өрөндөө 5 хонь авах ёстой байсан юм. Эдгээр хонийг Г.******* найзуудын хувьд өсгөж өгнө гэхээр нь малд нь үлдээсэн юм. 2017 онд Г.*******тай тааралдаад манай хонь байгаа юу гэхэд байгаа 6-7 хонь болсон гэж хэлсэн юм. Тэгээд хонио авъя гэхэд одоо хонь гаргах хүн байхгүй. Миний хүү удахгүй идшээ авна тэгэхээр нь янзлаад явуулна гэхээр нь орхисон юм. Тэгээд тэр үеэс хойш малаа шуурганд алдсан гэх зэргээр худлаа хэлээд байдаг байсан. 2018 онд малаа авах гээд очиход ******* танай 5 хонь байгаа санаа зоволтгүй гэж байсан. Тэгээд 2020 онд малаа өгч чадахгүй бол мөнгийг нь авъя гэхэд 2 ямаа төхөөрч өгсөн. Хариуцагч Г.******* намайг 2019 онд малаа авъя гээд ирж байсан гэж тайлбар өгсөн байсан. Тэр үеэс хойш малаа авах гээд чадахгүй байж байгаад шүүхэд хандсан юм. Би 2020 оноос хойш миний эрхийг зөрчиж байна даа гэж бодсон. Гэтэл шүүх зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж буруу дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар хуульчилсан байна. Хөөн хэлэлцэх хугацааг эрхээ зөрчсөнөө мэдсэн мэдэх ёстой байсан үеэс тоолдог. Би *******д малаа авч чадахгүй бол мөнгөө авъя гэдгийг 2019 онд хэлсэн, Г.******* тайлбар өгөхдөө намайг 2019 онд малаа авъя гээд манайд ирсэн гэж хэлсэн байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Миний 5 хонь Г.*******ыд байгаагүй гэж үзэж байгаа юм бол *******ых яагаад хонины оронд 2 ямаа өгөөд байгаа , Би тэднийхээс малаа авна гэж шатахууны зардал гаргаад байхуу *******ы шүүхэд гаргасан тайлбарт - ******* 2019 онд малаа авна гэж манайд хүүтэйгээ хамт ирсэн гэж хэлээд байгаа олон асуудал байхад шүүх ...хариуцагч талаас 16 жилийн хугацаанд мал авах талаар хэлж байгаагүй гэж тайлбар гаргасан гэж зөрүүтэй , үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Миний мал *******ыд байсан, малаа авахаар очсон талаар гэрч О.Ганзориг, Маам нарын мэдүүлгийг шүүх үнэлсэнгүй. Шүүх гэрчийн мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаагаа шийдвэртээ тодорхой бичсэнгүй. Миний нэрийг хариуцагч тайлбар дээр бичихдээ Пэлжээ гэж буруу бичиж алдаатай тайлбар өгсөн байхад шүүх шийдвэртээ Пэлжээ гэж буруугаар бичсэн, хариуцагчийн талаас *******гийн мал байхгүй байсан гэдгээ нотлоогүй байхад тэр тайлбарыг үнэлж шийдсэн шийдвэр зөрчилтэй байна. ******* бид нарын хооронд гэрээнд үйлчилгээ үзүүлж хөлс төлөх талаар ямар хэлцэл хийгээгүй байхад шүүх хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 онд наймаа хийж амьдардаг бизнесмен хүн байсан, *******тай наймаа хийж байхдаа 100 километр газар гэрийг нь нүүлгэж өгч байсан түүний хөлсөнд 2 хонь авна гэж хэлсэн ...минийх 5 хонь болсон ...*******ы эхнэр таны 7 хонь байхгүй 5 хонийг чинь өгье гэсэн ...анхан шатны шүүх шийдэхдээ Пэлжээ гэсэн хүний нэр дээр шийдвэрлэсэн байдаг. Энэ хүмүүст маш их гомдож байгаа би эцсээ хүртэл явна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сумынхан энэ хүнийг голдуу ******* биш Пэлжээ гэж дууддаг...энэ хүнээр гэр нүүлгээд өгөөч ээ нэг эр хонь өгье гэж хэлээд нүүлгүүлсэн. ...манайх энэ хүнийг ирэхэд хоттой хониноосоо шилж өгөөд явуулж байсан худлаа биднийг гүжирдэж гүтгэж байгаа юм гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч С.*******гийн давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох 1998-1999 онд бараа худалдсаны үнэнд 3 толгой хонь, 2004 онд гэрийг нь нүүлгэж өгсөн ажлын хөлсөнд 2 толгой хонь, нийт 5 толгой хонийг 16 жилийн хугацаанд 7 ширхэг хонийн үнэлгээгээр тооцож, нийт 1.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч С.*******гийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Талуудын тайлбаруудыг харахад:

нэхэмжлэгч С.******* ..1998-1999 онд бараа худалдсаны үнэнд 3 толгой хонь, 2004 онд гэрийг нь нүүлгэж өгсөн ажлын хөлсөнд 2 толгой хонь, нийт 5 толгой хонийг 16 жилийн хугацаанд 7 ширхэг хонийн үнэлгээгээр тооцож, нийт 1.400.000 төгрөгийг Г.*******аас гаргуулна гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэлсүрэн нь худалдаж авсан барааны төлбөрийг тухай бүрд нь мал өгч төлсөн, 2004 онд гэр нүүлгэж өгсөн хөлсийг өгсөн гэж маргаан үүсгэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулж өгөх үүрэгтэй бөгөөд түүний шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нь нотлох бичмэл нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан гэрч О.Ганзориг, Д.Маам нарын мэдүүлэг нь 1998-1999 онд бараа худалдсаны үнэнд 3 толгой хонь, 2004 онд гэрийг нь нүүлгэж өгсөн ажлын хөлсөнд 2 толгой хонь өгөхөөр тохиролцож байсан үйл баримтыг харсан, үзсэн гэрч бус харин 2018-2019 онд 5 хонь өгнө гэж хэлсэн гэх үйл баримтын талаар сонссон гэх мэдүүлгүүд хэрэгт нотолгооны ач холбогдолгүй юм.

Нөгөө талаар шүүх О.Ганзориг, Д.Маам нарын гэрчээр оролцож мэдүүлсэн мэдүүлгүүдийг нотлох, давхар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэх нь хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэн хэсэгт ... нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж, хариуцагч Г.*******д ямар бараа бүтээгдэхүүн шилжүүлсний төлбөрийн үлдэгдэлд 3 хонь, гэр нүүлгэх ажлын хөлсийг 2 хониор тооцож авахаар тохиролцсон тохиролцоог нотлох учиртай... гэх зөв дүгнэлтийг хийжээ.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч С.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 10 жил өнгөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 131/ШШ2022/00155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

В.ЦЭЦЭНБИЛЭГ