Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1447

 

                  

 

 

 

 

  2020          12             2                                             2020/ДШМ/1447                               

Э.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг, 

шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/777 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Хд холбогдох 2005002801066 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мянган овгийн Э.Х, 1988 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2а хэсэг гудамжны 30 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД:УВ88020533/;

Э.Х нь 2020 оны 1 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй шөнийн цэнгийн газарт Н.Хангайбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар түүний нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь “уруулын няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт, дээд эрүүний баруун хажуугийн 1, 2, 3 дугаар шүднүүд хөндлөн хугарсан” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол прокурорын газраас: Э.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мянган овгийн Э.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Хангайбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Хангайбаатарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогч Н.Хангайбаатар нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэхдээ, цагдаад өгсөн өргөдөлдөө “...тус баарны хамгаалагч 25 орчим насны 180-аас 190 орчим өндөртэй, хар өнгийн хувцастай, хар масктай залуу. ...”/хх 11/,

2020 оны 2 дугаар сарын 6 -ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...баримт бичиг шалгаж байсан нэг өндөр шар царайтай, хар маск зүүсэн 25 орчим насны эрэгтэй хамгаалагч гээд залуу намайг салгах үед ам руу гараараа цохисон. .../хх 72/, гэрч О.Цэрэндоржийн “...Хангайг нүүрэндээ маск зүүсэн махлаг шар царайтай хамгаалагч заамдаад салгах гэж байх үедээ гараараа ам, нүүр орчим нь ёвроод авсан. ...” гэх мэдүүлэг.

Хэрэг маргаан болж байхад өөр зодож цохисон хүн байсан уу гэхэд “...хамгаалагч гээд хар маск амандаа зүүсэн залуу ам руу нь заамдсан байхдаа түншээд авсан, харин өөр зодоон гээд байх зүйл болоогүй ба гадаа гарахад үүдэнд байсан нэг үл таних залуу Хангайг нэг үл таних залуу цохисон тэр нь хамар дээр нь цохисон гэж Хангай дараа нь ярьж байсан. ...” /хх 41-42/,

гэрч Л.Очирбаатарын “...гэнэт хажуугаар нь Ногоёо гээд согтуу залуу Хангайг нүүр орчим нь цохих шиг болсон. ...”, гэрч Б.Мөнх-Оргилын “...манай бааранд үйлчлүүлж байсан нэг махлаг шар царайтай онигор, нүүрэндээ маск зүүсэн залуу чи хүн алах хүн мөн үү гээд нөгөө залуугийн нүүр лүү нэг удаа цохисон бөгөөд цохиулсан залуу нүүрээ дараад доошоо тонгойгоод суусан. ...” гэх мэдүүлэг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны  1 дүгээр сарын 8-ны өдрийн дугааргүй шинжээчийн дүгнэлтээр “...Н.Хангайбаатарын биед уруулын няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт, дээд эрүүний баруун хажуугийн 1, 2, 3 дугаар шүднүүд хөндлөн хугарсан гэмтэл тогтоогдлоо. ...” гэжээ.

Харин 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд “уг гэмтэл нь ямар багаж зэвсэг, хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр, хэзээ, ямар цаг хугацааны өмнө үүссэн байж болох вэ гэсэн асуултын хамгийн гол хэдэн удаагийн үйлчлэлээр гэдэг асуултад шинжээч хариулаагүй бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ээдрээ төвөгтэй байдал бий болгосон.

Учир нь, хохирогч нь олон тооны гэмтэл авсан юм бол энэ нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох нь чухал бөгөөд гэрч нар гадаа хүнд цохиулж байсныг харж гэрчилдэг бөгөөд мөрдөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа сунгаж байсан, мөн Ногоёо гэх залууг олж тогтоох ажиллагаа явуулж байсан зэргээс харахад түүнд хэн гэмтэл учруулсан болохыг олж тогтоолгүйгээр Эрдэнэбаяр гэгчээс байцаалт авч Хуншагайг гэмт хэрэгтэн болгож гэм буруутайд тооцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж бодит, үнэн зөв дүгнэлт гаргасангүй гэж үзэж байна. /Д.Хуншагай нь 32 настай, хар, бор царайтай 160 см орчим өндөртэй, тэр өдөр маскгүй байсан гэх./

Гэрч болон хохирогч нь шар царайтай, 180 см өндөртэй 25 орчим насны нүүрэндээ хар маск зүүсэн гэж маш тодорхой хэлж байхад, мөн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгт хар маск зүүсэн хамгаалагч хэн байв, хэн, хэн хаана зогсож байсан болон тэнд байгаа хүмүүсийг ямар хувцас өмссөн болон нас, царай зүс, ямар үйлдэл хийж ямар оролцоотой болохыг таньж олуулах ажиллагаа хийж, хэн болохыг тогтоох шаардлагатай ажиллагааг хийж тогтоогоогүйгээс хэрэгт ямар ч оролцоогүй хүнийг гэм буруутай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хавтас хэргийн материалд Э.Эрдэнэбаярыг  Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №1505653 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байдаг. Тэгвэл Эрдэнэбаяр зодоогүй юм бол түүнд ямар үндэслэлээр шийтгэл оногдуулав, мөн хэргийн хугацаа сунгахдаа Э.Эрдэнэбаярын хувийн байдлыг тогтоох шаардлагатай гэх болов, мөн тухайн үед 3 хамгаалагч ажиллаж байсан юм бол хохирогч, гэрч нараар таниулах ажиллагаа яагаад хийлгээгүй, яагаад Э.Эрдэнэбаяр мэдүүлгээ өөрчлөх болов гэх мэт олон зүйлийг шалган тогтоогүйгээс гэм буруутай этгээд ял завших боломжийг бий болгож, хэргийн шийдвэр эргэлзээтэй дүгнэлтэд хүрсэн бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Хангайбаатарт учирсан гэмтлүүдийг Э.Х учруулсан болох нь бүрэн тогтоогдсон. Камерын бичлэгээс харахад Ногоёо гэх хүн хохирогчийн зүүн тал руу цохиж байгаа нь харагддаг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн баруун уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогддог. Мөн гэрч нарын зүгээс хохирогчийг бааранд байсан хамгаалагч цохисон талаар мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Э.Х нь 2020 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй шөнийн цэнгийн газарт хохирогч Н.Хангайбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар түүний нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь “уруулын няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт, дээд эрүүний баруун хажуугийн 1, 2, 3 дугаар шүднүүд хөндлөн хугарсан” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Хангайбаатарын “...Намайг ороход хүмүүсийн бичиг баримт шалгаж байсан нэг махлаг өндөр шар царайтай хар маск зүүсэн 25 орчим насны эрэгтэй хамгаалагч гээд залуу намайг салгах үед ам руу гараараа цохисон бөгөөд энэ үед миний аманд юм бужигнаад явчихаар нь алган дээрээ шүлсээ гаргаж харахад миний шүднүүд цустай хамт гараад ирсэн. ...” /хх-69-75, 76-77, 78-80/,

гэрч О.Цэрэндоржийн “...Хангайг нүүрэндээ маск зүүсэн махлаг шар царайтай хамгаалагч заамдаад салгах гэж байх үедээ гараараа ам, нүүр орчим нь ёвроод авсан, энэ үед Хангай цаашаа ханараад хаалгаар гарсан би араас нь хаалгаар гараад манай найзыг яаж байгаа юм гээд хэлсэн ба энэ үед хүмүүс салсан. Харин Хангай шүд цохичихлоо гээд амнаас нь цус гарсан байдалтай үүдэн шүднээс нь лав хоёр унасан харагдаж байсан санагдаж байна. ...” /хх-40-42/,

гэрч Л.Очирбаатарын “...Намайг харахад амнаас нь цус гарсан байсан бөгөөд “энэ хамгаалагч намайг цохичихлоо” гэж хэлсэн. ...” /хх-43-45/,

гэрч Р.Баясгалангийн “...Уг баарны гадна эргүүлээр очиход  20 настай Хангайбаатар гэх залуу “энэ баарны хамгаалагч нь намайг зодсон, тухайн зодооны үеэр хамгаалагч нь хажуугаас цохисон” гэж хэлсэн. ...  ” /хх-48-50/,

гэрч Э.Эрдэнэбаярын “...Үүдэнд шүргэлцээд маргаан болсон бөгөөд тэр хоёр хоорондоо ганц нэг гар зөрүүлээд байж байхад нь манай хамгаалагч Мөнх-Оргил, Лхагва-Очир нартай хамт очиж салгасан. ...” /хх-54-56, 57-58/,

Э.Хгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед уруул язарсан гэх гэмтэл болон 1, 2, 3 дугаар шүдний хөндлөн хугарал нь миний цохилтоос үүссэн гэмтэл гэж бодож байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин хамрын нурууны хугарлыг би учруулаагүй. ...” /хх-84-90/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Хангайбаатарын биед уруулын няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт, дээд эрүүний баруун хажуугийн 1, 2, 3 дугаар шүднүүд хөндлөн хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 1219 дугаартай дүгнэлт /хх-62-65/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-81-82/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-101/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Э.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/777 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ