Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 60

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/02257 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч З.О-т холбогдох

 

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 4 давхарт 403 тоот 63.29 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй

 

Төлбөрт хүлээлгэн өгөх байрны талбайн зөрүүд 6 863 500 төгрөг, олох байсан орлого 11 700 000 төгрөг гаргуулж, Улсын бүртгэлийн Ү-2205066250,Ү-2205066259,Ү-2205066238,Ү-05066251, Ү-2205066244 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хариуцагч З.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.О- нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр надад өөрийн барьж байгаа барилгад талбай худалдан авах санал гаргасан. Үүний дагуу би 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах гэрээ байгуулсан. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 4 давхрын 309.64 м.кв талбайг 2016 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр тохирч, 1 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр үнэлж, нийт 309 640 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч  барилга ашиглалтад орохгүй удааширч 2017 оны 11 дүгээр сар хүргэсэн. Би гэрээгээр тохиролцсон 309 640 000 төгрөгийг хугацаанд нь төлсөн. Гэрээний дагуу байрны нийт талбайг 6 хэсэг болгон тус тусад нь гэрчилгээ гаргуулахаар хэмжилт хийлгэсэн. З.О- 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирж уулзахдаа улсын комисс орсон, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ авах болсон гээд шаардагдах хүсэлтийг авсан. Гэтэл З.О- нь надаас авсан хүсэлтээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар өгөлгүй өөрийн нэр дээр манай 6 байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хэмжсэн талбайн дагуу гаргуулан авсан байсан. 2017 оны 12 дугаар сард З.О-тай уулзахад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан гэсэн тул би даруй нэр дээр шилжүүлэхийг шаардаж цагдаад өгнө гэснээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзаж нотариатаар гэрээ байгуулан 6 бус 5 байрыг хэмжилтийн дагуу бэлэглэлийн гэрээний үндсэн дээр гэрчилгээний нэрийг шилжүүлсэн. Учрыг лавлахад 403 тоот буюу хамгийн том талбай бүхий байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаад “БИД ББСБ” ХХК-ийн барьцаанд тавьж мөнгө зээлсэн, удахгүй танд гаргаж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийг хүртэл гэрчилгээ гараагүй учир түрээслэж ашиг олох боломжгүй.

Иймд Б.Б- намайг дээрх Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва гудамж 7 дугаар байр, 4 давхрын 403 тоот, 63.29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах гэрээг Б.Б-тай хийсэн. Гэрээгээр барилгын 4 давхрыг бүхэлд нь буюу 309.64 м.кв талбай авна гэсэн болохоос 6 өрөө гэж тохиролцоогүй. Б.Б-тай хамтран ажиллахаар мөнгө зээлсэн боловч бэлэглэлийн гэрээгээр халхавчлан бидний санхүүгийн хүндрэлтэй байдлыг далимдуулж төсөвт өртгөөс доогуур үнээр дээрх хөрөнгүүдийг өмчлөлдөө авах гэж буйг зөвшөөрөхгүй. Нэхэмжилж буй талбай нь ариун цэврийн өрөө болон коридорт багтдаг. Нэхэмжлэгч цэвэр талбай тооцоод нийтийн эзэмшлийн талбайгаа оруулан тооцохгүй, ариун цэврийн өрөө, коридорын хэсгийг авахгүй гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч З.О- шүүхэд гаргасан болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнд нэхэмжлэгч нь 309 640 000 төгрөгийн хөрөнгө оруулж, барилгын 4 давхрын 309.64 м.кв талбайг худалдаж авахаар тохиролцсон. Тэрээр хөрөнгө оруулалтаа мөнгөн хөрөнгөөр оруулах байсан боловч зарим хэсгийг нь Алтай хотхонд баригдсан орон сууцаар оруулна гэснээс уг орон сууцны үнийн хэмжээнд санал зөрсөн. Иймд түүний орон сууцыг 1 м.кв-г нь 1 850 000 төгрөг буюу хэт өндөр үнээр үнэлж миний байрыг 1 м.кв-г нь 1 000 000 төгрөгөөр тус тус үнэлж гэрээнд тусгасан. Үүнээс үзвэл тухайн гэрээ надад илтэд хохиролтой нөгөө талд илт ашигтай болсон. Нэхэмжлэгчийн надад өгсөн байр нь 46.36 м.кв 46.7 м.кв талбайтай байх ёстой боловч гэрчилгээгээр 44.63 м.кв, 44.72 м.кв болж 3.71 м.кв-аар буюу 6 863 500 төгрөгөөр хохирсон тул тус үнийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн 5 өрөөнөөс 37 м.кв талбай дутсан гэж талбайн зөрүүд алданги 18 000 000 төгрөгийн хамт нийт 45 000 000 төгрөг төлүүлсэн. Мөн гэрээнд 4 давхрын 309.64 м.кв талбайг худалдаж авна гэсэн боловч нэхэмжлэгчийн шахалтаар 209.33 м.кв талбай бүхий 5 өрөөг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Барилгын 4 давхар нь нийтдээ 400 орчим м.кв талбайтай бөгөөд гэрээнд заасан 309.64 м.кв талбайд ариун цэврийн өрөө, коридорын талбай зохих хэмжээгээр орно. Гэвч  нэхэмжлэгч зөвхөн ашигтай талбай авахаар тулган 6 дахь өрөөг авахаар нэхэмжилсэн. Гэрээнд 309.64 м.кв талбайд ямар талбай хамаарах талаар нарийвчлан тодорхойлоогүй. Коридорын зохих хэсэг, ариун цэврийн өрөө дээрх 309.64 м.кв талбайд орох учир 6 дахь өрөөг өгөх боломжгүй. Барилгын 4 давхрын коридорын талбай нийт 98.5 м.кв, 2 ариун цэврийн өрөө 14.5 м.кв тул коридор болон ариун цэврийн өрөөг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, 309.64 м.кв-д оруулах нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ. Нэхэмжлэгч барилгыг барьж байхад 4 давхрын зохион байгуулалтыг анх хийгдсэн зураг төслөөс нь өөрчилж өөрийн хүсэлтээр өрөөний зохион байгуулалтыг хийлгэсэн. 5 өрөөний өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй. Учир нь тус барилгын 5 өрөөний өмчлөлийг шилжүүлэх гэрээ хэлцэл худалдах-худалдан авах гэрээгээр хийгдэх боловч энэ гэрээг халхавчилж, татвараас зайлсхийж, түүний шахалтаар бэлэглэлийн гэрээ хийж хууль зөрчсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.4-д худалдан авагч тал өмчлөх эрхийг бүртгүүлэхэд гарах бүх зардлыг бүрэн хариуцна гэж заасан боловч нэхэмжлэгч татвар хураамжийг төлөхгүй зөвхөн нотариат, үл хөдлөхийн гэрчилгээний үнийг төлнө гэж маргаснаар бэлэглэлийн гэрээ хийсэн. Иймд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Энэ хэлцэл хийгдсэнээс хойш надад элдэв төрлийн дарамт үзүүлж, өрөөний талбайн зөрүү 45 000 000 төгрөг төлүүлж, байрны ашиглалтын зардал дээр маргаан үүсгэж, өөрийн эзэмшиж буй давхрынхаа цэвэрлэгээг хүртэл манай компаниар хийлгэж, нөхөр нь янз бүрээр дарамталж миний итгэлийг эвдэх зэргээр хохироосон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрх үүссэн гэж үзнэ. Иймд гэрээнд заасны дагуу надад хүлээгэн өгөх “Тайгам Алтай” ХХК-ийн байрны 3.71 м.кв талбайн зөрүүд 6 863 500 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 403 тоот 63.29 м.кв талбайг сарын 900 000 төгрөгөөр түрээслүүлэн 13 сарын турш олох байсан орлого 11 700 000 төгрөгийг гаргуулан, Улсын бүртгэлийн Ү-2205066250,Ү-2205066259,Ү-2205066238,            Ү-05066251, Ү-2205066244 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан 1 м.кв нь 1 000 000 төгрөг гэх саналыг зөвшөөрсөн. Мөн гэрээний төлбөрийг орон сууцаар бартердах саналыг хариуцагч өөрөө гаргасан. 2016 оны 6 дугаар сард хариуцагчийн боловсруулсан гэрээний загварын дагуу байр захиалан бариулах гэрээг байгуулсан. 4 давхрын талбайн хэмжээ 309.64 м.кв гэсэн. Барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй. Харин төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу болон зарим үед хариуцагчийн гуйлтаар хугацаанаас нь өмнө төлж байсан. Барилга хугацаандаа ашиглалтад ороогүй тул хариуцагчаас барилгыг хурдан ашиглалтад оруулахыг удаа дараа шаардсан. 2017 оны 2 дугаар сард “давхрынхаа баруун урд булангийн өрөөнд нягтлангаа оруулъя, шалыг нь паркетлаад, обойдоод өгөөч, бас ариун цэврийн өрөөг бэлэн болгоод өгөөч” гэж гуйн, хагас дутуу цонх нь сийгэлттэй, хана нь цуурхай нэг өрөөг ашигласан. Тэр үед барилга бүхлээрээ дуусаагүй, өрөөнүүдэд нь шал хийгээгүй, обойгүй, ариун цэврийн өрөө нь бэлэн биш, лифтгүй, цонхнууд нь тохиргоо хийгдээгүй, их хүйтэн, гэрэл чийдэнгүй, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан.

2017 оны 7 дугаар сарын эхээр хариуцагч нь үл хөдлөхийн гэрчилгээ авна гэсний дагуу би үл хөдлөхийн газраас ямар материалууд компанийн талаас хэрэгтэй талаар лавлахад өрөө бүр дээр үл хөдлөхийн гэрчилгээ олгогдоно, харин ариун цэврийн өрөө, коридор нийтийн эзэмшил тул гэрчилгээ олгодоггүй, нэг бол бүтэн давхраараа нэг гэрчилгээ олгогдоно, тэгвэл өрөөгөөр нь салгаж зарах боломжгүй гэснээр талбайн хэмжилт, баталгаажуулалтын эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэж өрөө тус бүрийн талбайг хэмжүүлэхэд өрөөнүүдийн хэмжээ талбай нь бага, мөн коридор, ариун цэврийн өрөөний м.кв хасагдаж 37.02 м.кв-ын зөрүү гарсан. Энэ талаар хэлэхэд хариуцагч мөнгийг нь төлнө гэсэн. Иймд бичиг баримтаа бүрдүүлж, компани дээрээ 6 өрөө үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. 2017 оны 7 дугаар сард гэрчилгээ гарчихсан байхад З.О- худал хэлж, үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, гэрчилгээг зээлийн барьцаанд тавьсан. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзаж “бэлэн байгаа байрнуудын үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авъя” гэхэд “татвар төлж чадахгүй, мөнгө муу байна, нэгэнт би өөрийн нэр дээр гаргасан учир үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхэд ямар нэгэн гэрээ хийх ёстой гээд бэлэглэлийн гэрээ хийе” гэж хэлснийх нь дагуу нотариатаар гэрээ байгуулан 6 биш 5 байрыг хэмжилтийн дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч нь дараа ямар нэгэн байдлаар бэлэглэлийн гэрээний талаар маргаан үүсгэхгүй гэж тодорхойлолт бичсэн. Мөн барилга гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ороогүй учир хариуцагчид шаардлага тавьж гэрээнд зааснаар 2016 оны 11 дүгээр сараас алданги тооцох байсан ч 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс алданги тооцно гэж мэдэгдэж уг алдангийг м.кв-ын зөрүү мөнгөний хамт төлөхөөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээнд ашиглалтын зардлыг хасч тооцно гэж заасны дагуу 17 444 752 төгрөгийг тооцуулан хасалт хийлгэсэн үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа бэлэглэлийн гэрээ байгуулсан учир хүчингүйд тооцох үндэслэлгүй. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж 7 дугаар байр, 4 давхрын 403 тоот өрөөг мөнгөөрөө худалдаж авсан тул өмчөө хамгаалж лацадсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ыг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 63.29 м.кв талбайтай, 403 тоотын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Б.Б-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 6 863 500 төгрөгийг гаргуулан хариуцагч З.О-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  11 700 000 төгрөгийг гаргуулах, үл хөдлөх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 543 200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 263 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 543 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д, нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 124 766 төгрөгийг гаргуулж хариуцагч З.О-т тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч З.О- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан худалдаа үйлчилгээний зориулалттай байрны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Саппоро төвийн урд баригдаж буй 5 давхар барилгын 4 давхрыг бүхэлд нь худалдахаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн хүсэлтээр өрөө бүрийг гипсэн ханаар тусгаарлаж, гэрчилгээг өрөөнүүдийг хэмжсэн хэмжилтээр гаргуулсан. Хэмжилт хийх үед м.кв-ын зөрүү гарсан байдлыг нэхэмжлэгч ашиглан ариун цэврийн өрөө болон коридорын м.кв-ыг тооцож авахгүй гэсэн. Коридор, ариун цэврийн өрөө нь тухайн 4 давхрын бүрдэл хэсэг бөгөөд худалдан авч буй м.кв-д зайлшгүй орох салшгүй хэсэг. Коридор, ариун цэврийн өрөөний хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн “Хос бэрс” ХХК-ийн зөвшөөрөл шаардлагатай.

Мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь 70 200 төгрөг, 473 000 төгрөг нийт 543 200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн хүний нэр нь н.Отгонцэцэг гэж байна. Иймд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж нь н.Отгонцэцэг гэх хүн өөр маргаанаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боломжтой, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бус болжээ.

            Хариуцагч З.О- нь нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулан, гэрээнээс учирсан хохирол буюу олох ёстой орлогод 11 700 000  төгрөг, арилжаагаар солилцсон байрны талбайн зөрүүд 6 863 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

            Талууд 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний талбай захиалан бариулах” гэрээгээр Б.Б- нь З.О-ын барьж буй Саппоро төвийн урд Гурвалжин-2 төвийн баруун талд баригдаж буй 5 давхар худалдаа үйлчилгээний барилгын 4 давхрыг бүхэлд нь 1 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр тооцон нийт 309.64 м.кв талбайг 309 640 000 төгрөгөөр худалдаж авахаар, мөн төлбөр төлөх нөхцлийг гэрээний 2.2 дахь заалтаар буюу гэрээний үнээс 137 479 000 төгрөгийг нь 2016 оны 6 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 10-ны хооронд сар бүр 27 495 800 төгрөг төлөхөөр, үлдэх 172 161 000 төгрөгт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тайгам алтай” ХХК-ийн барьж буй 126 айлын орон сууцны 8 давхрын 46, 47 тоот 46.36, 46.70 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-г нь 1 850 000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцжээ.

            Улмаар худалдан авагч Б.Б- нь худалдан авсан хөрөнгийн үнэ болон орон сууцыг худалдагч З.О-т шилжүүлэн өгч, З.О- нь үйлчилгээний барилгын 4 давхраас 209,33 м.кв талбайг Б.Б-ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 11-21 дэх тал/ Талуудын гэрээний агуулга, үүрэг гүйцэтгэх хугацаа зэргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах болон арилжааны гэрээний холимог шинжийг агуулсан байна.

            Иймээс Б.Б-, З.О- нарын хооронд худалдах-худалдан авах, арилжааны гэрээний дагуу хүлээх үүрэг тул дээрх харилцааг зохицуулсан холбогдох заалтыг уг маргаанд хэрэглэх учиртай.

            Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 309.64 м.кв үйлчилгээний талбайг шилжүүлэх үүргээ гүйцэт биелүүлээгүй, нэхэмжлэгч Б.Б- нь орон сууцны үнэ болох 309 640 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийг 4 давхрын талбайгаас ашигтай талбайг нь тооцоод, нийтийн эзэмшлийн талбайг оруулахгүй байгааг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            Хэргийн 111 дүгээр талд авагдсан барилгын 4, 5 давхрын байгууламжийн зургаас үзвэл 4 давхрын өрөө тасалгаанд ариун цэврийн өрөө, үйлчилгээний павильон, хонгил, шатны хонгил зэрэг багтсан байх бөгөөд нийт талбайн хэмжээг 396.38 м.кв гэж тодорхойлжээ. Зохигчид гэрээгээр үйлчилгээний барилгаас 4 давхрыг бүхэлд нь буюу 309.64 м.кв үйлчилгээний талбайг худалдахаар тохиролцож нэхэмжлэгч үнийг төлсөн байна. Иймд нэхэмжлэгч Б.Б- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас худалдан авсан зүйлийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй. /хх 6 дугаар хуудасны ар тал/

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн худалдан авсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авахаар буюу гэрээний үүргийг шаардаж байхад уг маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу байна. Уг заалт нь эдийн баялагийн эрхийн хүрээнд эд хөрөнгө өмчлөгчийн бусад этгээдэд гаргах шаардлагын үндэслэлийг тогтоосон. Гэхдээ маргааны үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 5 өрөөний өмчлөл шилжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээгээр хийх ёстой байхад бодит байдлыг нуун татвараас зайлсхийж халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн хийсэн ..., ... маргаж буй 403 тоотыг түрээслэх боломжгүйгээр цоожилсон, ... арилжаагаар солилцсон байрны талбай дутуу байсан ...” гэж тайлбарласан.

            Хэргийн баримтаас үзвэл талууд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нэртэй 5 гэрээ байгуулж, маргааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Үйлдвэрийн баруун бүсэд байрлах үйлчилгээний барилгын 4 давхраас 40,91 м.кв талбай бүхий 406 тоот, 39,86 м.кв талбай бүхий 404 тоот, 48,25 м.кв талбай бүхий 402 тоот, 37,09 м.кв талбайтай 405 тоот, 43,22 м.кв талбай бүхий 401 тоот оффисын зориулалттай өрөөг нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцон, улмаар хариуцагч З.О- нь уг гэрээний үүргээ биелүүлж, дээрх эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-12-21 дэх тал/

Уг гэрээний агуулга, хариуцагчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн үйл баримт зэргээс дүгнэвэл зохигчдын байгуулсан бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагаврыг үүсгэх зорилготой байна. Түүнчлэн, хариуцагч З.О- нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцлийн үр дагаврыг шаардаагүй, хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус гэсэн агуулгатай тайлбар гаргасан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон шүүхийн дүгнэлт зөв.

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдаж буй хөрөнгөө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үйл баримт нотлогдсон. Иймд худалдан авагч тал болох нэхэмжлэгч Б.Б-ыг хариуцагч З.О-ын уг байрыг бусдад түрээслэн олох байсан орлогыг хааж, түүнд 11 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

            Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас талбайн зөрүү гаргуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцээгүй хэдий ч хариуцагч тал энэ талаар гомдол гаргаагүй, үүнийг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн энэ хэсгийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/02257 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2-т” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Ч.ЦЭНД