Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2018/02257

 

 

 

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2018/02257

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:З.О-т холбогдох

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 4 давхарт 403 тоот 63,29 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Онь 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдөр надтай уулзан өөрийн барьж байгаа барилгадаа талбай худалдан аваач, манай барилгын ажил хөрөнгө мөнгөгүй болоод зогсоод байна гэж санал тавьсны дагуу Б.Бминий бие 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах гэрээ байгуулсан.

Гэрээний зүйл нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж. 7 дугаар байрны 4 давхрын 309.64 м кв талбай болно.

Уг талбайн 1 м.кв-ийг нь нэг сая төгрөгөөр үнэлж, нийт 309.640.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Гэрээний хугацаа нь 2016 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр тохирч гэрээ байгуулсан боловч ашиглалтад оролгүй сунжирсаар 2017 оны 11 дүгээр сар хүргэсэн.

Гэрээний дагуу байрны нийт талбайг 6 хэсэг болгон тус тусад нь гэрчилгээ гаргуулахаар болж, талбай тус бүрт хэмжилт хийлгэсэн. З.О2017 оны 7 дугаар сарын 28-нд ирж уулзахдаа комисс орчихсон, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ авах болсон. Үл хөдлөхөд материалаа нийтээр нь цуг өгнө гээд үл хөдлөх хөрөнгийн газар өгөхөд шаардагдах хүсэлт болон албан тоотыг аваад явсан. Түүнээс хойш ордер гарсан уу гэж асуухаар гараагүй байна гэж хэлдэг байсан.

Гэтэл З.Онь надаас авсан албан тоот, хүсэлтийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар өгөлгүй өөрийн нэр дээр манай 6 байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хэмжсэн талбайн дагуу гаргуулан авсан байсныгаа бидэнд мэдэгдэлгүй, ордер гараагүй л байна гэж худал хэлж залилан мэхэлсээр байсан.

2017 оны 12 дугаар сард З.О-ыг дуудан уулзахад ҮХЭХГэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байгаа гэж хэлсэн тул би даруй нэр дээр шилжүүлэхийг шаардаж цагдаад өгнө гэснээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзаж нотариатаар гэрээ байгуулан 6 биш 5 байрыг хэмжилтийн дагуу бэлэглэлийн гэрээний үндсэн дээр гэрчилгээний нэрийг шилжүүлэн өгсөн.

Учрыг лавлан асуухад 4 давхарын 403 тоот буюу хамгийн том талбай бүхий /63,29 м.кв/ байрны гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргаад БИД ББСБ-ын барьцаанд тавьж мөнгө зээлсэн учир удахгүй танд гаргаж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн болно. Өнөөдрийг хүртэл гэрчилгээ гараагүй учир ашиглаж ашиг олох /түрээслэх/ боломжгүй байна.

З.О нь бартерээр авсан байрны зөрүүг өгчих юм бол бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбар өгсөн байгаа бөгөөд гэрээний 2.1.6-д үйлчилгээний барилгын талбай 309,64 м.кв гэж тохирсон байгаа юм.

Иймд Б.Бнамайг дээрх Баянгол дүүргийн 20 дугаар хороо. Москва гудамж 7 дугаар байр, 4 давхрын 403 тоот, 63.29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

З.Онь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах гэрээг Б.Бтай хийсэн нь үнэн.

Гэрээгээр бол уг барилгын 4 давхрыг бүхэлд нь буюу 309,64 м.кв талбайг авахаар тохирсон, 6 өрөө гэж тохироогүй.

Бид иргэн Б.Б-ыг залилан мэхлээгүй хамтран ажиллахаар мөнгө зээлсэн боловч бэлэглэлийн гэрээгээр халхавчлан бидний санхүүгийн байдал хүндрэлтэй байдлыг далимдуулсан төсөвт өртгөөс доогуур үнээр дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авах гэж цагдаа, шүүх, хууль хяналтын байгууллагаар дарамталж буй тул хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй талбай нь нойл болон коридортоо багтаж байгаа юмаа.

Нэхэмжлэгч цэвэр талбайгаараа тооцоод нийтийн эзэмшлийн талбайгаа оруулан тооцохгүй, нойл, коридор авахгүй гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч З.О шүүхэд гаргасан болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Бын гаргасан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Москва гудамжны 7 дугаар байрны 4 давхрын 63,29 мкв талбайтай 403 тоот өрөөний өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Бид 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, иргэн Б нь 309.640.000 төгрөгийн хөрөнгө оруулж, миний бариулж байсан барилгын 4 дүгээр давхрын 309,64 мкв талбайг худалдаж авахаар тохирсонд тэрээр хөрөнгө оруулалтаа төгрөгөөр /бэлэн мөнгө/ хөрөнгө оруулах ёстой байсан боловч зарим хэсгийг нь Алтай хотхонд баригдсан орон сууцаар оруулахаар болж уг орон сууцны үнэ дээр санал зөрөлдсөн.

Ингээд арга буюу түүний орон сууцыг 1 метр квадратыг 1.850.000 төгрөгөөр хэтэрхий өндөр үнэлж авахаар гэрээнд тусгасан. Тэгсэн атлаа миний байрыг 1 метр квадратыг 1,0 сая төгрөгөөр үнэлж авахаар гэрээнд тусгагдсан. Үүнээс харахад надад илтэд хохиролтой нөгөө талд илтэд ашигтай гэрээ болсон.

Б.Б-ын надад өгсөн байр нь 46,36 м.кв 46,7 м.кв талбайтай байх ёстой боловч гэрчилгээгээр 44,63 м.кв, 44,72 м.кв болж 3,71 м.кв-аар буюу 6.863.500 төгрөгөөр хохирсон тул түүнийгээ нэхэмжилж байна.

Тэгсэн мөртлөө түүнд өгсөн 5 өрөөнөөс 37 м.кв талбай дутлаа гэж намайг янз бүрээр дарамталсаар нэг компаниар хэмжилт хийлгэсэн гэж тулган шаардаж гарын үсэг зуруулан, талбайн зөрүүд 37,0 сая төгрөг алдангид 18,0 сая төгрөг бүгд 45,0 сая төгрөг төлүүлсэн байгаа юмаа.

Бидний хооронд хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээнд 4 давхрын 309,64 мкв талбайг худалдаж авна гэж заасан боловч Б-ын шахалтаар 209,33 мкв талбай бүхий 5 өрөөг бэлэглэлийн гэрээгээр өгсөн.

Барилгын 4 давхар нь нийтдээ 400 орчим мкв талбайтай бөгөөд гэрээнд заасан 309,64 мкв талбайд ариун цэврийн өрөө, коридорын талбай зохих хэмжээгээр орох ёстой боловч Б зөвхөн ашигтай талбай авахаар тулган шаардаж, 6 дахь өрөөгөө авахаар нэхэмжилж байгааг яагаад ч зөвшөөрч болохгүй.Тэгээд ч гэрээнд 309,64м.кв талбайд чухам ямар талбай орох талаар тодорхой заагаагүй, коридорын зохих хэсэг, ариун цэврийн өрөө түүний авах ёстой талбайд орох ёстой гэж үзсэн учраас 6 дахь өрөөг боломжгүй гэж үзсэн.

Барилгын 4 давхрын коридор 98,5 м.кв талбайтай, 2 ариун цэврийн өрөө нь 14,5м.кв талбайтай байгаа тул түүний талд бүх зүйл яагаад ашигтай байх ёстой гэж, гэрээний талууд адил тэгш эрхтэй байх ёстой.

Баянзул нь барилгыг барьж байхад 4 давхрын зохион байгуулалтыг зураг төслөөс нь өөрчлүүлж өөрийн хүсэлтээр өрөөний зохион байгуулалтыг хийлгэсэн.

Баянзулд 5 өрөөний өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах бүрэн үндэстэй гэж үзэж байна.

1. Тус барилгын 5 өрөөний өмчлөлийг шилжүүлэх гэрээ хэлцэл мөн чанартаа худалдах худалдан авах гэрээгээр хийгдэх ёстой боловч энэхүү гэрээг халхавчилж, бодит байдлыг нууж, татвараас зайлсхийж, түүний шахалтаар бэлэглэлийн гэрээгээр хийгдэж хууль зөрчсөн болно.

Хөрөнгө оруулалтын гэрээний 3.4 дэх заалтад худалдан авагч тал өмчлөх эрхийг бүртгүүлэхэд гарах бүх зардлыг бүрэн хариуцна гэж заасан боловч Баянзул татвар хураамжийг төлөхгүй зөвхөн нотариат, үл хөдлөхийн гэрчилгээний үнийг төлнө гэсэн гэж маргаж бэлэглэлийн гэрээ хийлгэсэн.

Иймээс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр иргэн Б, О нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

2.Энэхүү хэлцэл хийгдсэнээс хойш надад элдэв төрлийн шахалт дарамт үзүүлж, өрөөний талбайн зөрүү 45,0 сая төгрөг төлүүлж, байрны ашиглалтын зардал дээр маргаан үүсгэж, өөрийн эзэмшиж буй давхрынхаа цэвэрлэгээг хүртэл манай компаниар хийлгэж, нөхөр нь янз бүрээр дарамталж миний итгэлийг эвдэж олон талаар гомдоосон тул Иргэний хуулийн 280.1, 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Иймд дараах шаардлагуудыг гаргаж байна.Үүнд:

1.Гэрээнд заасны дагуу надад хүлээгэн өгөх байрны /Тайгам Алтай ХХК-ийн байр/ талбайн зөрүүд 3,71 м.кв талбайн 6.863.500 төгрөгийг гаргуулах,

            2.Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 403 тоот 63,29 м.кв талбайг сарын 900.000 төгрөгөөр түрээслүүлэн 13 сарын турш олох байсан орлого 11.700.000 төгрөгийг гаргуулах,

            3.Улсын бүртгэлийн Ү-2205066250,Ү-2205066259,Ү-2205066238, Ү-05066251, Ү-2205066244 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Анх Б.Б би өөрийн найз Б.Гэрэлмаагаар дамжуулж З.Отай танилцсан бөгөөд З.О эхнэртэйгээ хамт манай оффис дээр ирж нөхөр бид хоёртой уулзсан. Уулзахдаа барилга маань зогсоод маш хэцүү байна, та нэг өрөө ч хамаагүй аваач, нэг эмэгтэйтэй хамтарч барьж байгаа, газар нь тэр эмэгтэйгийнх, та 1 мкв талбайг нь нэг сая төгрөгөөр аваач гэж ирсэн.

З.О нь анх бидэнд барилгаа санал болгохдоо м.кв нь нэг сая төгрөг гэж өөрөө хэлсэн, Б.Гэрэлмаа ч үүнийг мэднэ, барилгаа босгох гээд зүтгэж ядаж байгаа юм байна гэж бодоод бид хоёр энэ үнэнээс нь буулгая ч гэж хэлээгүй, хэлсэн үнийг нь зөвшөөрсөн.

Хэд хоногийн дараа О ын барилгыг очиж үзээд 4 давхрын тал талбайг ч авсан болох юм байна гэхэд О хамаагүй ээ, та 2 талбай нэмж авч л байвал сайн байна гэсэн.

Тэгээд 2, 3 хоносны дараа О над руу залгаж, Гэрэлээ эгч та нарт байр байгаа гэсэн, бид 2 байр түрээсэлж амьдардаг юм, байраа оролцуулаад бартердвал болох уу гэсэн. Тэгэхээр нь бид хоёр болно, манайхаас бараа байнга авдаг харилцагч Тайгам Алтай компаниас бартердаж авсан, төлбөр нь хийгдээд дууссан, ашиглалтад ороод айлууд нь орчихсон, ордер нь гарах гэж байгаа, зэргэлдээ 2 байр байгаа, чи гэрээт үнээр нь авч болно гээд уг байруудыг мөн төлбөр хийсэн баримт, Тайгам-Алтай компанитай хийсэн гэрээгээ үзүүлж, ийм үнээр авсан гээд квитанцаа ч үзүүлсэн.

Тэгэхэд О уг хоёр байрыг авъя гэсэн тул Тайгам Алтай ХХК-тай хийсэн гэрээгээ тэр чигээр нь нэг ч үг, өгүүлбэр нэмж хасалгүй байгаа гэрээг тэр хэвээр нь О-т шилжүүлэн өгсөн. Ингээд хоёр тал харилцан тохиролцсон гэж үзэн 2016 оны 6 дугаар сард бид хоёр О-ын боловсруулсан гэрээний загвартай танилцан байр захиалан бариулах гэрээг тохиролцон байгуулсан.

З.О нь 4 давхрын талбайн хэмжээг 309,64 мкв болно, манай инженер хэмжсэн гэж өөрөө хэлсэн болохоос бид нар барилга баригдаж байхад манай зүгээс талбайг цуг хэмжилцсэн зүйлгүй. О-ын хэлсэн талбайн мкв хэмжээгээр дээрх гэрээг байгуулж таван давхрынхаа зохион байгуулалттай адилхан өрөөгөө хуваагаад хийчихээрэй л гэж манай зүгээс От хэлсэн.

Байрны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр 2016 оны 3-р улиралд ашиглалтад орох байсан боловч хугацаандаа ороогүй. Бид төлбөрөө гэрээнд заасны дагуу, зарим үед О-ын гуйлтаар төлбөрийг гэрээнд заасан хуваариас ч өмнө хийж байсан.

Барилга хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас бид банкны зээл, зээлийн хүү төлж, мөнгө түгжигдэж үйл ажиллагаа маань доголдон алдагдалд орсон. Тэгээд От энэ тухайгаа хэлж, хурдан ашиглалтад оруулахыг шаардаж байсан.

2017 оны 2 дугаар сард давхрынхаа баруун урд булангийн өрөөнд нягтлангаа оруулъя, чи шалыг нь паркетлаад, обойдоод өгөөч, бас ариун цэврийн өрөөгөө бэлэн болгоод өгөөч гэж гуйж байж хагас дутуу цонх нь сийгэлттэй, хана нь цуурхай нэг өрөөг ашиглаж эхэлсэн. Тэр үед барилга бүхлээрээ дуусаагүй, өрөөнүүдэд нь шал хийгээгүй, обойгүй, ариун цэврийн өрөө нь бэлэн биш, лифтгүй, цонхнууд нь тохиргоо хийгдээгүй, их хүйтэн, гэрэл чийдэнгүй, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан.

2017 оны 7 дугаар сарын эхээр О нь үл хөдлөхийн гэрчилгээгээ авах гэж байгаа, таниас үл хөдлөхөд өгөх бичиг материалууд авна гэсэн. Тэгэхээр нь би улсын бүртгэл үл хөдлөхийн газраас ямар материалууд компаний талаас хэрэгтэй талаар лавлаж асуухад өрөө бүр дээр үл хөдлөхийн гэрчилгээ олгогдоно, харин ариун цэврийн өрөө, коридор нийтийн эзэмшил тул гэрчилгээ олгодоггүй, нэг бол бүтэн давхраараа нэг гэрчилгээ олгогдоно, тэгвэл өрөөгөөр нь салгаж зарах боломжгүй гэсэн тул бид талбай хэмжилт, баталгаажуулалтын эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэн өрөө тус бүрийн талбайг хэмжүүлснээр өрөөнүүдийн бодит хэмжээ гарсан.

Ингэхэд З.О-ын хэлсэн өрөөнүүдийн хэмжээнүудээс талбай нь бага байсан, мөн коридор, ариун цэврийн өрөөний мкв хасагдан 37,02 м.кв зөрүү гарсныг От хэлэхэд за, би мөнгийг буцааж өгнөө гэсэн.

Ингээд манайх бичиг баримтаа бүрдүүлээд, компани дээрээ зургаан өрөө үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх хүсэлтээ албан бичгээр бичээд От өгч явуулсан. Үүнээс хойш гэрчилгээ гарсан уу гэхэд гараагүй ээ л гээд байсан, харин 2017 оны 7 дугаар сард гэрчилгээнүуд гарчихсан байхад О нь биднийг залилан мэхэлж, худал хэлж, бидний худалдан авсан өмчийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлээд зогсохгүй гэрчилгээг барьцаанд тавин мөнгө зээлж өөртөө хэрэглэж байсан байдаг.

Энэ тухай бид сүүлд 2017 оны 10 дугаар сард мэдэж гэрчилгээнүүдийг нэр дээрээ шилжүүлэхийг шаардан цагдаад өгнө гэснээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзаж бэлэн байгаа байрнуудын үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авъя гэсэн чинь би татвар төлж чадахгүй, мөнгө муу байгаа гэхээр нь чи ингэж татвар төлөхгүй байсан юм бол анхнаасаа манайх албан тоот хүсэлт ээ өгөөд явуулж байхад яагаад өөр дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан юм бэ, хэрэв хөрөнгө оруулалтын гэрээгээрээ гэрчилгээ гаргаж бидний нэр дээр гаргаж өгсөн бол татварын асуудал гарахгүй байсан шүү дээ, энэ татвар бол чиний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж хэлтэл нэгэнт би өөрийн нэр дээр гаргасан учир үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхэд ямар нэгэн гэрээ хийх ёстой учир ахин худалдах худалдан авах гэрээ хийлтэй нь биш бэлэглэлийн гэрээ хийе гэж хэлсэн.

Тухайн үед ямар ч байсан гэрчилгээ нь байгаа үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж авахгүй бол барьцаанд тавиад юу ч үгүй болгох хүн байна гэж бодон нотариатаар гэрээ байгуулан 6 биш 5 байрыг хэмжилтийн дагуу бэлэглэлийн гэрээний үндсэн дээр гэрчилгээний нэрийг шилжүүлэн өгсөн.

Гэхдээ дараа нь чи ямар нэгэн маргаан гараад чи энийгээ буцаана энэ тэр гэх юм биш биз дээ гэхэд тэгэхгүй гээд надад тодорхойлолт бичиж үүнийг нь нотариатч баталсан.

Дөрвөн давхрын 403 тоот буюу хамгийн том талбай бүхий /63.29 м.кв/ байрны гэрчилгээг асуухад өөрийн нэр дээрээ гаргаад БИД ББСБ-ын барьцаанд тавьж мөнгө зээлсэн учир удахүй танд гаргаж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн болно.

Мөн барилга гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад орохгүй удаж бид алдагдалд орон хохирч байсан тул О-т шаардлага тавьж гэрээнд зааснаар 2016 оны 11 дүгээр сараас алданги тооцохоор байсан ч бид 2017 оны 3 дугаар сарын 01-нээс алданги тооцно гэж мэдэгдэж уг алдангийг мкв-ын зөрүү мөнгөний хамт 2018 оны 3 сарын 01-ний дотор төлөхөөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.

Гэсэн хэдий ч гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир шүүхийн шийдвэр гарч О нь 45.037.592 төгрөгийг даруй төлөх хэрэгтэй болсон учир гэрээнд ашиглалтын зардлыг хасаж тооцно гэснийг далимдуулан манайд төлөх мөнгөө аль болох багасгаж тооцон, 17.444.752 төгрөгийг ашиглалтын зардалд тооцуулан хасалт хийлгэсэн үйлдлээрээ 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээ хүлээн зөвшөөрсний илрэл болно.

Дараах үндэслэлүүдээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй болно. Үүнд:

1.Хариуцагч З.О нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг бидэнд хэлэлгүйгээр залилан мэхэлж өөрийн нэр дээр 2017.07.26-ны өдөр гаргалгүйгээр Байрны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр /2016.06.29/ хүлээсэн үүргийнхээ дагуу миний нэр дээр гаргасан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

2.З.Оөөрийн гараар бичсэн тодорхойлолтод дурьдсанаар бэлэглэлийн гэрээ хийсэн нь миний буруугаас болсон учир ахин маргаан гарган буцааж бэлэглэлийн гэрээг цуцлахгүй гэж бичсэн тодорхойлолт байгаа болно.

3.Байрны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа бэлэглэлийн гэрээ байгуулсан учир хүчингүйд тооцох үндэслэлгүй.

4.2018 оны 6 дугаар сарын 04-ны өдөр эвлэрүүлэн зуучлах төвд гаргасан тайлбартаа хоёр байрны м.кв хэмжээний зөрүүг төлсөн тохиолдолд 403 тоотын гэрчилгээг гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо. Москва гудамж 7 дугаар байр, 4 давхрын 403 тоот өрөөг бид мөнгөөрөө худалдаж авсан тул өмч хөрөнгөө хамгаалан лацадсан.

З.О өнөөдөр барилга нь босчихсон ашигаа өгөөд эхэлчихсэн болохоор хүн чанараа алдаж, Б.Бын мөнгөөрөө авсан өмчийг нотлох баримтууд байсаар байтал О бидэнд өөрөө бэлэглэсэн, бэлэглэснээ буцаан авна хэмээн аашлаж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Гэрээгээр тохирсон үүргээ биелүүлэхгүйгээр бусдын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, миний эрх ашгийг хохироосон байж өөрөө хохирсон гэдэг байдлаар мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

НЭГ.Үндсэн нэхэмжлэлийн тухайд.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.О-т холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 4 давхарт 403 тоот 63,29 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч З.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 1.1.-д заасны дагуу хариуцагч /гүйцэтгэгч/ З.О нь Саппоро төвийн урд Гурвалжин-2 төвийн баруун талд Иек Монгол ХХК-ийн зуун талд баригдаж буй 5 давхар худалдаа үйлчилгээний барилгыг барьж гүйцэтгэн ашиглалтад өгөх, өөрөөр хэлбэл захиалагчийн хөрөнгөөр түүний захиалсан худалдаа үйлчилгээний байрны энэхүү гэрээгээр тохирсон 309,64 м.кв талбайтай хэмжээгээр, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэх бөгөөд барилга бүрэн ашиглалтад орж, эрх бүхий албан тушаалтан хүлээн авсаны дараа ажлын үр дүнгээ захиалагчид хүлээлгэн өгөх,

гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч /захиалагч/ Б.Бнь 1м.кв талбайг 1.000.000 төгрөгөөр тооцож Баянгол дүүргийн 20 дугаар хороо Саппоро төвийн урд баригдаж буй 5 давхар барилгын 4 давхрыг бүхэлд нь захиалж нийт 309.640.000 төгрөгийг /2016 оны 6 дугаар сарын 19-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 17.495.800 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 27.495.800 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 27.495.800 тоөгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 27.495.800 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаар 27.495.800 төгрөгийг тус тус төлж үлдэх 172.161.000 төгрөгт нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тайгам Алтай ХХК-ийн барьж буй 126 айлын 8 дугаар давхарын 46,47 тоот 46,36 м.кв, 46070 м.кв талбайтай байрыг 1 м.кв-ыг 1.850.000 төгрөгөөр тооцон/ төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-11-р хуудас/

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө оруулалтаар худалдаа, үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний төлбөр төлөгдсөн талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус гэрээний 1.1., 1.3., 2.2., 3.2.,4.2-т зааснаас үзвэл хариуцагч З.Онь гэрээнд заасан барилгын 4 давхрын 309,64 м.кв талбайг барьж гүйцэтгэж, 2016 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд уг гэрээг байгуулж байхад гэрээнд заасан барилгын 309,64 м.кв талбайтай 4 давхрын үйлчилгээний талбай бодитоор бий болоогүй, гэрээний агуулга, хариуцагч 4 давхрын худалдаа үйлчилгээний байрыг /талбайг/ гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэх үүрэг хүлээсэн зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.От гэрээгээр тохирсон 309.640.000 төгрөгт мөнгө, үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн байх ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

Гүйцэтгэгч З.О нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж эрх бүхий албан тушаалтан барилгыг хүлээн авсаны дараа ажлын үр дүнгээ захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхээр гэрээгээр тохирсон 309,64 м.кв талбайг дараах байдлаар захиалагч Б.Бд хүлээлгэн өгчээ.Үүнд:

Хариуцагч З.О, нэхэмжлэгч Б.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулж

1.Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 406 тоот хаягт байрлах 40,91 м.кв талбайтай 1 өрөө оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гээр Хос бэрс ХХК-ийн захирал Б.Бд шилжүүлсэн байх бөгөөд мөн өдөртөө улсын бүртгэлийн Ү-2205066238 дугаарт бүртгэж, 000617235 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 12,17-р хуудас/

2. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 405 тоот хаягт байрлах 30,09 м.кв талбайтай 1 өрөө оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гээр Хос бэрс ХХК-ийн захирал Б.Б-д шилжүүлсэн байх бөгөөд мөн өдөртөө улсын бүртгэлийн Ү-2205066251 дугаарт бүртгэж, 000617234 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 13,18-р хуудас/

3. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 402 тоот хаягт байрлах 48,25 м.кв талбайтай 1 өрөө оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гээр Хос бэрс ХХК-ийн захирал Б.Б-д шилжүүлсэн байх бөгөөд мөн өдөртөө улсын бүртгэлийн Ү-2205066249 дугаарт бүртгэж, 000617232 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 14,19-р хуудас/

4. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 401 тоот хаягт байрлах 43,22 м.кв талбайтай 1 өрөө оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гээр Хос бэрс ХХК-ийн захирал Б.Б-д шилжүүлсэн байх бөгөөд мөн өдөртөө улсын бүртгэлийн Ү-2205066244 дугаарт бүртгэж, 000617231 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 15,20-р хуудас/

5. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 404 тоот хаягт байрлах 39,86 м.кв талбайтай 1 өрөө оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гээр Хос бэрс ХХК-ийн захирал Б.Бд шилжүүлсэн байх бөгөөд мөн өдөртөө улсын бүртгэлийн Ү-2205066250 дугаарт бүртгэж, 000617233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүлээн авсан авсан байна. /хх-ийн 16,21-р хуудас/

Хариуцагч /гүйцэтгэгч/ З.Онь нэхэмжлэгч /захиалагч/ Б.Бд Саппоро төвийн урд Гурвалжин-2 төвийн баруун талд Иек Монгол ХХК-ийн зуун талд баригдаж буй 5 давхар худалдаа үйлчилгээний барилгыг барьж гүйцэтгэн захиалагчийн захиалсан худалдаа үйлчилгээний байрны 4 давхрын 309,64 м.кв талбайнаас /40,91+37,09+ 48,25+43,22+39,86=209,33 м.кв/ 209,33 м.кв талбайг дээрх байдлаар хүлээлгэн өгчээ. /хх-ийн 12-23-р хуудас/

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч З.Онь 309,64 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг талбайг хүлээлгэж өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 63,29 м.кв талбайтай, 403 тоотын өмчлөгчөөр тогтоох үндэстэй байна./хх-ийн 22,23,79,80,102,111-р хуудас/

ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч З.Онь нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөрт хүлээгэн өгөх байрны /Тайгам Алтай ХХК-ийн байр/ талбайн зөрүүд 3,71 м.кв талбайн үнэ 6.863.500 төгрөгийг гаргуулах,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 403 тоот 63,29 м.кв талбайг сарын 900.000 төгрөгөөр түрээслүүлэн 13 сарын турш олох байсан орлого 11.700.000 төгрөгийг гаргуулах,

Улсын бүртгэлийн Ү-2205066250,Ү-2205066259,Ү-2205066238,Ү-05066251, Ү-2205066244 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.Оын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Б.Б З.О нар нь Хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээ дүгнэн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийжээ./хх-ийн 104-р хуудас/

            Б.Б нь Төлбөр барагдуулах гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 1-6 тоот , нийт 6 ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн талбайн зөрүү болох 31.785.000 төгрөгийг гэрээний хугацаа хожимдуулсан алданги 0,1%-иар тооцож 214 хоногийн алдангийн хамт нийт 45.037.592 төгрөгийг Б.Б-д төлөхөөр болж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2891 дугаартай шүүгчийн захирамжаар нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж уг захирамж биелэгдсэн байна. /хх-ийн 104, 107,109-110-р хуудас/

З.Онь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 406 тоот улсын бүртгэлийн Ү-2205066238, 405 тоот улсын бүртгэлийн Ү-2205066251, 404 тоот хаягт байрлах Ү-2205066250, 401 тоот Ү-2205066244, 402 тоот хаягт байрлах Ү-2205066249 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хос бэрс ХХК-ийн захирал Б.Бд худалдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан байсан тул үл хөдлөх хөрөнгийн татварыг төлж чадаагүйн улмаас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч байна. Ямар нэгэн маргаан гарган бэлэглэлийн гэрээг цуцлахгүй болно гэсэн тодорхойлолтыг Б.Бд өгсөн байна. /хх-ийн 112-р хуудас/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлэлгүй, энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог. Ийм төрлийн хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тус хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Улсын бүртгэлийн Ү-2205066250,Ү-2205066259,Ү-2205066238,Ү-05066251, Ү-2205066244 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийн тухайд талуудын эрмэлзэж буй зорилго хэлцэл хүчин төгөлдөр байхад биелэхээр байх бөгөөд З.О нь уг гэрээний талаар маргахгүй гэсэн тайлбарыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, мөн өдөртөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд Хосбэрс ХХК-ийн захирал Б.Б-ын нэр дээр гарсан байх тул уг хэлцлийг дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэсгүй юм.

Мөн З.О нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн мөртлөө хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдийг тайлбарлаж, дурдаж байгаа нь ойлгомжгүй байна.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 403 тоот 63,29 м.кв талбай нь Б.Б-ын өмч болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байхад бусдын өмчийг түрээслүүлэн олох байсан орлого 11.700.000 төгрөгийг З.Онэхэмжлэх үндэсгүй.      

Иймд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 7 дугаар байрны 403 тоот 63,29 м.кв талбайг сарын 900.000 төгрөгөөр түрээслүүлэн 13 сарын турш олох байсан орлого 11.700.000 төгрөгийг гаргуулах, Улсын бүртгэлийн Ү-2205066250,Ү-2205066259,Ү-2205066238,Ү-05066251, Ү-2205066244 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээр захиалагч Б.Б нь 309.640.000 төгрөгний 172.161.000 төгрөгт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 126 айлын орон сууцны барилгаас 8 дугаар давхрын 46,47 тоот 46,37 м.кв, 46,70 м.кв талбайтай байрыг м.кв-ыг нь 1.850.000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохирсон боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, Үйлдвэрийн гудамж 52а байрны 46 тоот нь 44,43 м.кв талбайтай, мөн хаягт байрлах 47 тоот нь 44,72 м.кв талбайтай болох нь зохигчийн тайлбар Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 6-8,85-86-р хуудас/

Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд тохирсон талбайн хэмжээ нь 46,36 м.кв, 44,70 м.кв талбайтай гэсэн байхад Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар 46 тоот нь 44,43 м.кв талбайтай, 47 тоот нь 44,72 м.кв талбайтай гэжээ./хх-ийн 85,86-р хуудас/

Дээрх талбайн зөрүү нь /46,36-44,43 = 1.93 м.кв, 46,70-44,72= 1,98 м.кв, нийт 1,93+1,98=3,91 м.кв / 3,91 м.кв байх боловч нэхэмжлэгч талбайн зөрүүг 3,71 м.кв гэж тооцон түүний үнэ 6.863.500 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэстэй.

Иймд Б.Б-аас 6.863.500 төгрөгийг гаргуулан З.О-т олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон олох ёстой байсан орлого 11.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ыг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /1600/ Москва гудамж, 7 дугаар барилгын 4 давхрын 63,29 м.кв талбайтай, 403 тоотын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Б.Баас сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 6.863.500 төгрөгийг гаргуулан хариуцагч З.О-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.700.000 төгрөгийг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 543200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.263.100 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагч З.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 543200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д, нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжд 124.766 төгрөгийг гаргуулж хариуцагч З.О-т тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО