Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1448

 

                  

 

 

  2020            12             2                                          2020/ДШМ/1448                               

С.Д, В.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

хохирогч, шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч Д.Батдулам,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1675 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлоор С.Д, В.Бнарт холбогдох 2006004631988 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дугар зайсан овгийн С.Д, 1976 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам ах, эхнэр, охины хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уул 5 дугаар гудамжны 17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 9 дүгээр нийтийн байрны 205 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ШЕ76060173/;

2. Билэгт овгийн В.Б, 1973 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүргэн дүү, дүү, зээ дүүгийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангай гудамжны 237 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 9 дүгээр нийтийн байрны 205 тоотод оршин суудаг, /РД:МЗ73020414/;

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

С.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хуульд заасан хариуцлагыг сануулж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө иргэн Б.Нэргүйг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт,

В.Бнь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ хүнс” дэлгүүрийн арын нийтийн байранд хохирогч С.Дийн биед “эрүүний үүдэн 2 шүд хөдөлсөн, зүүн нүдний зовхи цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцралт, уруулын арьсны зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  Ванчинхорлоогийн Бямбасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Билэгт овогт Ванчинхорлоогийн Бямбасүрэнг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд, Дугар зайсан овогт С.Дийг “Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бямбасүрэнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол шүүх уг ялыг биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.Бямбасүрэнд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Дид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, С.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдаж, хохирогч С.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч В.Бямбасүрэнгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч П.Батдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөний улмаас хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гарахад хүргэсэн гэж үзэж байна. Тодруулбал, насанд хүрээгүй гэрч, гэрчүүдийн мэдүүлэг харилцан зөрүүтэй, зөрүүг гаргахаар нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийсэн боловч мэдүүлгийн зөрүүг өөр нотлох баримт цуглуулах замаар эцэслэн мухарлаж тогтоогоогүй байна. Иймд шинээр гэрч асуух гэх зэргээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

С.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хуульд заасан хариуцлагын сануулж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө иргэн Б.Нэргүйг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт,

В.Бнь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ хүнс” дэлгүүрийн арын нийтийн байранд хохирогч С.Дтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд “эрүүний үүдэн 2 шүд хөдөлсөн, зүүн нүдний зовхи цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцралт, уруулын арьсны зулгаралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг тус тус үйлдсэн болох нь:

С.Дийн хохирогчоор өгсөн “...Нийтийн байрны 3 тоот өрөө рүү орох гэхэд Болдбаатар гэх хүний дүү үл таних залуу миний зүүн талын нүд рүү нэг удаа цохиж үүдэн хоёр шүд хөдөлсөн. ...” /хх-16-20, 21-23, 24-25, 26-27/,

гэрч В.Отгонбаатарын “...Даваадорж ах хэд хэдэн удаа гэрээсээ орж гараад байсан. Өөдөөс харсан айлынхаа хаалгыг тогшоод балбаад байхад аль нэг гараа тохойгоороо дээшээ өргөсөн богинохон мухар ч юм шиг гартай хүн “чи яах гээд байгаа юм бэ, архи дарс уучихаад” гэж байсан. ...Тэр айлынхаа хаалгыг хэд хэдэн удаа тогшоод нөгөө хүмүүс нь  хаалгаа тайлж өгсөн боловч оруулаагүй. ...” /хх-31-32/,

насанд хүрээгүй гэрч Д.Оюунхорлоогийн “...Тэгээд Отгонбаатар ах гэр лүүгээ явж аав согтуу байхдаа том ах Бямбасүрэнг “хоёулаа зодолдьё” гээд өдөж байснаа хамар луугаа 2 удаа цохиулсан. Тэгтэл аавын хамраас цус гарсан. ...” /хх-33-34/,

гэрч С.Мягмарцогтын “...Даваадорж ах миний утас руу залгаад “ах нь хадам ах болон хадам дүү Отгонбаатар нарт зодуулсан” гэсэн. Даваадорж ах маргааш нь цагдаа дээр ирсэн байхад хадам дүү Отгонбаатар ирээд “наашаа хүрээд ир, хоёулаа уулзъя” гээд дагуулж юм яриад байсан. ...Тэгээд Даваадорж ах бид хоёр дээр ирээд “намайг №3 тоот өрөөний залуу зодсон, Отгонбаатар болон хадам ах зодоогүй” гээд эрс өөрчлөгдсөн. Манай ах Отгонбаатар болон хадам ахаасаа айгаад №3 тоот өрөөний залуу зодсон гэж худлаа ярих болсон. ...” /хх-35-38/,

гэрч С.Пагмадуламын “...“Ахыг нь Отгонбаатар ахтайгаа нийлээд зодчихлоо, гараад ирээч” гэхээр нь нөхөр бид 2 гэрээсээ гараад явж байхад хадам ах Даваадорж манай гудамжинд доошоо тонгойгоод суучихсан, нүүр ам нь цус болчихсон байдалтай байсан. ...Ах Даваадорж нь хамгийн анх Оогий гэх хадам дүүдээ зодуулсан гэж хэлж байсан. Тэгтэл маргааш нь Оогийтой уулзаад намайг №3 тоот өрөөний танихгүй залуу зодсон гэж хэлсэн. ...” /хх-39-42/,

гэрч Ю.Болдбаатарын “...2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай нийтийн байрны 5 тоотод амьдарч байсан Соёлмаа нь 88408061 дугаарын утаснаас залгаад “яг үнэн хэрэг дээрээ Давааг Бямбаа ах нь цохисон шүү дээ” гэж хэлсэн. Би Соёлмаад цагдаад дуудагдаж байгаа талаараа хэлэхэд энэ талаар ярьсан. ...” /хх-46-48/,

гэрч Г.Батсайханы “...Даваадорж гэх хүн согтуу, хүнд зодуулсан байдалтай хашааны үүдэндээ хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад түүний эхнэр нь “манай нөхрийг №3 тоот өрөөний хүмүүс зодсон байх” гэсэн. №3 тоот өрөө рүү ороход согтуу хүмүүс унтаж байхаар нь нэгийг нь сэрээгээд авч явж эрүүлжүүлсэн. ...” /хх-49-51/,

гэрч Э.Сарангэрэлийн “...Тухайн үед намайг Даваадорж ахын нийтийн байранд очиход 3 тоотын өрөөнд байгаа хүмүүс архи уугаад тасраад унтаж байсан. Тухайн үед зодоон цохион хийсэн шинжгүй, гэрийн шал нь цус болоогүй байсан. ...” /хх-55-57/,

гэрч Б.Нэргүй “...23 цагийн үед байхаа нэг хүн хаалга тогшоод байхаар нь очиход нийтийн байрны галч Даваа нэлээн согтуу “танайд оръё” гэхээр нь “та согтуу байна, оруулахгүй” гэж хаалгаа хаахад хаалга өшиглөөд байсан, бид нар хаалгаа онгойлгож өгөөгүй. ...Надад хүн зодож, цохих чадал байхгүй, Миний баруун гар, хөл муу мэдээгүй, би 60 хувийн группт, эмчийн хяналтад байдаг. ...” /хх-60-61/,

гэрч А.Соёлмаагийн “...Нийтийн байрны коридорт Даваадоржийг түүний ах Бямбаа зодсон байсан ба Даваадорж өөдөөс нь юм хэлэхээр түүний нүүр лүү цохиод байхаар нь би очоод Бямбаа ахыг “боль” гээд гэр лүү нь оруулсан. ...Даваадоржийг анх коридорт зодож байхыг түүний эхнэр Долгорсүрэн нь хараад зогсож байсан. Долгорсүрэн нь нөхрийгөө Бямбаад зодуулсныг сайн мэдэж байгаа. ...” /хх-62-63/,

В.Бямбасүрэнгийн яллагдагчаар өгсөн “...Даваадорж орж ирээд “чам шиг юмыг шоронд оруулна” гэж согтуурхаад байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа цохиод үснээс нь зулгаан чирч гаргасан. Тэгтэл хамраас нь цус гарсан байсан ба дүү нар луугаа залгаж дуудаад байхаар нь би гэр лүүгээ орсон. ...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх-143-144/,

С.Дийн яллагдагчаар өгсөн “...Надад учруулсан гэмтлийг Нэргүй гэх хүн учруулсан. ...”/хх-78-83/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...С.Дийн биед эрүүний үүдэн 2 шүд хөдөлсөн, зүүн нүдний зовхи цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын арьс зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно ...” гэсэн 999 дугаартай дүгнэлт /хх-70-71/, хохирлын баримтууд /хх-68/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Дийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө иргэн Б.Нэргүйг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт,

В.Бямбасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, В.Бямбасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Бямбасүрэнг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэм бурууд нь тохирсон байна.

Шүүгдэгч С.Дийн  өмгөөлөгч Д.Батдулам “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон С.Дийн 3 удаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч В.Отгонбаатар, Д.Оюунхорлоо, С.Мягмарцогт, С.Пагмадулам, Ю.Болдбаатар, Г.Батсайхан, Э.Сарангэрэл, Б.Нэргүй, А.Соёлмаа нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч С.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Б.Нэргүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн болох нь нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

С.Д нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгсөн баримт хавтас хэрэгт авагдаагүй байхад прокурорын яллах дүгнэлтэд “...2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр. ...” гэж тусгасан нь буруу байгааг тэмдэглэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1675 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ