Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2022/00235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Д.М-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Б.Т-д холбогдох

машины мотор солиулахад гаргасан зардал 2,640,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 01 сарын 07-нд иргэн Б.Т-с Toyota Belta маркийн автомашин худалдаж авсан. 2 өдөр аймагт унаад 3 дахь өдөр буюу 01 сарын 10-нд Дарив сум явахад Дарив сум орохоос 2 километр дутуу байхад моторын улаан гэрэл ассан. Тосоо шалгаж үзэхэд хэвийн байсан. Б.Т-тэй эргээд холбогдоход маслоны шүүр, маслоо солиод үз гэсэн. Солиод мөн адил асаж байсан. Дарив сумаас аймаг руу ачиж ирсэн. Toyota Belta сонирхогчдын группт хүмүүсээс зөвлөгөө авах гэж ороход Б.Т нь маслоны насос, уклаадаш сурагласан байсан. Надад зарахдаа ямар ч асуудалгүй, 2 жил юм хийлгэхгүй машин гэж өгсөн. Маслоны шүүр, уклаадаш хоёр нь моторын гол зүйл юм байна. Эргээд Б.Т-тэй холбогдоод энэ тухай хэлэхэд намар Хөхморьтоос ирж байгаад давааны цаана хахаад авч ирж засварчин М-ээр уклаадаш янзлуулсан гэж хэлсэн. Та надад 3 хоног явахгүй машин өгсөн байна буцъя, эсвэл мотор авч өг гэхэд мөнгө байхгүй, машин авсан чи Цагаан сар болохоос өмнө мотор авч бай, би цагаан сараас өмнө амжуулаад мөнгө олж өгье гэсэн боловч утсаа авахгүй таг болсон тул энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Машин ачуулсан 200,000 төгрөг, хот явсан зардал 140,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг, мотор тавиулсан 300,000 төгрөг нийт 2,640,000 төгрөг гаргуулна. Мотор авах гэж аймгаас хот руу явахдаа хувийн машинтай явсан. Мотор 1.500.000 төгрөг, ажлын хөлстэй нийлээд нийт 2.000.000 сая төгрөг болсон. Уг нь моторын үнэ 2.800.000 төгрөг байсан. Тэгээд шүүхэд баримт хэрэгтэй гээд баримт авахад ийм зүйл явуулсан байсан. Нийт 2 сая төгрөгийн зарлага гарсан. Энэ хүн рүү мөнгөө  дансаар шилжүүлсэн. Дарив сумаас машин ачуулж ирээд хот руу хувийн машинаар яваад мотор аваад наашаа ирэхдээ автобусаар ирсэн. Мотороо дахиад 300.000 төгрөгөөр тавиулсан гэв.

2.1. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

-Гүүдмоторс ХХК-ийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн Зарлагын баримт,

- Д.М олгосон хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар.

 

2.2. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: байхгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас моторын үнэ 2,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн замын зардал 52,000 төгрөг, нийт 2,052,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 588,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Т-д холбогдуулан машин ачуулсан 200,000 төгрөг, хот явсан зардал 140,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг, мотор тавиулсан 300,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

5. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Т-с 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Toyota Belta маркийн автомашиныг худалдан авсан, худалдан авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 01 сарын 10-нд Дарив сум явахад Дарив сум орохоос 2 километр дутуу байхад моторын улаан гэрэл асч явахаа байсан тул аймаг руу машинаа ачуулж, улмаар машины моторыг сольсон гэх үйл баримт нь:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд уригдсан тал Б.Т нь “...2022 оны 01 сарын 07-нд энэ хүнд ямар ч асуудалгүй машиныг худалдаж хүлээлгэж өгсөн.Би 8 сая төгрөгнөөс яриад өгсөн. Өөрөө унаж үзээд авсан. Ямар ч асуудалгүй байсан машин. Д.М унаж үзээд өөрөө мэдээд л авсан байлгүй. Би хүчээр зарсан биш. Уул руу унаж явж байж амраагаад явахгүй яасан юм. Халаагаад хөргөхгүй явахгүй. Тосол нь гоожсон ирсэн байсан. Би нэхэмжилж байгаа 2,660,000 төгрөгийг төлөхгүй зөвшөөрөхгүй байна...” гэж тайлбар гаргасан болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5 дахь тал/

6. Хариуцагч Б.Т нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд шүүхээс хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр хугацаа олгосон байна. /хавтаст хэргийн 12 дахь тал/ Хариуцагч Б.Т нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хавтаст хэргийн 21 дэх тал/.

6.1. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

6.2. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

6.4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

8. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Т-с машиныг худалдан авснаас 3 хоногийн дараа буюу 2022 оны 01 сарын 10-ны өдөр машины мотор эвдэрсний улмаас машины моторыг солиулжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж,

251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Талууд худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Гэтэл машин авснаас хойш 3 хоногийн дараа машины моторын улаан гэрэл асч, маслоны шүүр, маслоо сольсон боловч машин өөрөө явах боломжгүй, Дарив сумаас аймгийн төв рүү ачиж ирүүлсэн, улмаар машины моторыг сольсон, эргээд Б.Т-тэй холбогдож энэ тухай хэлэхэд намар Хөхморьтоос ирж байгаад давааны цаана хахаад авч ирж засварчин М-ээр уклаадаш янзлуулсан гэж хэлсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул худалдан авах үед машины мотор доголдолтой байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж,

254.7-д “Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ” гэж тус тус зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор буюу худалдан авснаас хойш 3 хоногийн доголдлыг илрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.

9. Нэхэмжлэгч нь машины мотор эвдэрсэн буюу худалдан авсан эд хөрөнгөнд биет байдлын доголдол илэрсэн даруйд хариуцагч Б.Т-д доголдлын талаар мэдэгдсэн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж,

253.2-т “Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна” гэж тус тус зааснаар хариуцагч Б.Т нь машины моторыг сольж өгөх болон үүнтэй холбогдон гарсан тээвэр болон ажлын хөлсийг хариуцах үүрэгтэй байна.

10. Худалдагч доголдолтой холбоотой үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.М нь машины моторыг солиулах, үүүнтэй холбогдон гарсан зардыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

11. Нэхэмжлэгч нь машин ачуулсан 200,000 төгрөг, хот явсан зардал 140,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг, мотор тавиулсан 300,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байх боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Гүүдмоторс ХХК-ийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн Зарлагын баримтад “мотор 1,500,000, ажлын хөлс 450,000, тос 50,000 нийт 2,000,000” гэж, Д.М-д олгосон хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарт Улаанбаатараас Говь-Алтай Есөнбулаг 52,000 гэх бичилт хийгдсэн байх тул шүүх нотлогдож байгаа зардлын хэмжээгээр буюу нийт 2,052,000 төгрөгийг хариуцагч Б.Т-ээс гаргуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин машин ачуулсан, хот руу хувийн унаагаар явсан, мотор тавиулсан гэх зардлууд нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 588,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

12. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-ээс моторын үнэ 2,000,000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан замын зардал 52,000 төгрөг, нийт 2,052,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 588,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 2,052,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-ээс моторын үнэ 2,000,000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан замын зардал 52,000 төгрөг, нийт 2,052,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 588,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 2,052,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ