Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2022/00021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 133/ШШ2022/00235 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-39 тоотод оршин суух, Б овгийн Д.М /РД: ДП92031351/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-15 тоотод оршин суух, Ж овгийн Бийн Тт /РД: ДК87060215/ холбогдох

Машины мотор солиулахад гаргасан зардал 2,640,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч нь  машины мотор солиулахад гаргасан зардал 2,640,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

 Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 01 сарын 07-нд иргэн Б.Таас Toyota Belta маркийн автомашин худалдаж авсан. 2 өдөр аймагт унаад 3 дахь өдөр буюу 01 сарын 10-нд Дарив сум явахад Дарив сум орохоос 2 километр дутуу байхад моторын улаан гэрэл ассан. Тосоо шалгаж үзэхэд хэвийн байсан. Б.Ттай эргээд холбогдоход маслоны шүүр, маслоо солиод үз гэсэн. Солиод мөн адил асаж байсан. Дарив сумаас аймаг руу ачиж ирсэн. Toyota Belta сонирхогчдын группт хүмүүсээс зөвлөгөө авах гэж ороход Б.Т нь маслоны насос, уклаадаш сурагласан байсан. Надад зарахдаа ямар ч асуудалгүй, 2 жил юм хийлгэхгүй машин гэж өгсөн. Маслоны шүүр, уклаадаш хоёр нь моторын гол зүйл юм байна.

Эргээд Б.Ттай холбогдоод энэ тухай хэлэхэд намар Хөхморьтоос ирж байгаад давааны цаана хаяаад авч ирж засварчин Мижээгээр уклаадаш янзлуулсан гэж хэлсэн. Та надад 3 хоног явахгүй машин өгсөн байна буцъя, эсвэл мотор авч өг гэхэд мөнгө байхгүй, машин авсан чи Цагаан сар болохоос өмнө мотор авч бай, би цагаан сараас өмнө амжуулаад мөнгө олж өгье гэсэн боловч утсаа авахгүй таг болсон тул энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Машин ачуулсан 200,000 төгрөг, хот явсан зардал 140,000 төгрөг, моторын үнэ 2,000,000 төгрөг, мотор тавиулсан 300,000 төгрөг нийт 2,640,000 төгрөг гаргуулна. Мотор авах гэж аймгаас хот руу явахдаа хувийн машинтай явсан. Мотор 1.500.000 төгрөг, ажлын хөлстэй нийлээд нийт 2.000.000 сая төгрөг болсон. Уг нь моторын үнэ 2.800.000 төгрөг байсан. Тэгээд шүүхэд баримт хэрэгтэй гээд баримт авахад ийм зүйл явуулсан байсан. Нийт 2 сая төгрөгийн зарлага гарсан. Энэ хүн рүү мөнгөө дансаар шилжүүлсэн. Дарив сумаас машин ачуулж ирээд хот руу хувийн машинаар яваад мотор аваад наашаа ирэхдээ автобусаар ирсэн. Мотороо дахиад 300.000 төгрөгөөр тавиулсан гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Таас моторын үнэ 2,000,000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан замын зардал 52,000 төгрөг, нийт 2,052,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 588,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Таас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 2,052,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож ..... шийдвэрлэжээ.

 Хариуцагч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-15 тоотод оршин суугч иргэн Б.Т би 2022.01.07-нд иргэн Д.Мд Тоуоtа Веltа маркын автомашинаа худалдсан. Тухайн үед иргэн Д.М нь машиныг өөрөө үзэж хараад, үнэ тохиролцоод авсан. Миний машиныг ямар ч хийх юмгүй, асуудалгүй машин гэдгийг хүлээн зөвшөөрөөд авсан. Д.М нь 2022.01.13-ны орой Дарив сум орж ирж байна. “Машины Чек-ний гэрэл асчихлаа. Гэрэл л ассанаас бусдаар унаад явахад зүгээр байна” гэж утсаар ярьсан. Тэр үед наймаагаа буцаах талаар юу ч яриагүй. Маргааш нь буюу 2022.01.14-ний өдөр “Моторын тос, маслын шүүрээ шалгаад үз, 2019 он хавар тийм гэрэл асаад тосны шүүрээ цэвэрлүүлээд 1 ширхэг укладаш тосны суваг гаргуулсан талаар хэлсэн. Тэрний дараа өөр асуудал гараагүй. Өөрийн эд хөрөнгөндөө засвар үйлчилгээ хийх нь эзэн хүний асуудал учраас миний хаанаас хэнээс машины сэлбэг хэрэгсэл сонирхож асуусаныг баримт болгож тухайн үед асуудалтай байсан гэж дүгнэж болохгүй.

 Миний зүгээр байсан эд хөрөнгийг худалдаж аваад эвдрэл гэмтэл учруулсаны дараа дахиад надаас мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Би тухайн үед Японоос орж ирсэнээс ялгаагүй 160.000 гаруй км зам туулсан, ямарч асуудалгүй машинаа өгсөн. Д.М тухайн машиныг моторын хүчин чадал /3 цилиндртэй хүчин чадал бага/-ыг тооцоололгүй уулын өгсүүр замд ачаалал өгч хэт их халааж эвдрэл үүсгэсэн байсныг 2022.01.18-нд аймгийн төвд ирсэн байхад нь би өөрөө очиж харсан. Тэр өглөө Д.М нь “наймаагаа буцъя" гэж надад хэлсэн, эсвэл “надад моторын мөнгө өг” гэсэн. Би тухайн үед Ховд аймгаас машин авсан байсан. Тухайн машины эвдрэл гэмтлийг нь мэдээгүй авсан учраас сэлбэг хэрэгсэлд мөнгө их зарсан мөн цагаан сар болох гэж байсан тул дараа мөнгө олж өгөх талаар хэлээд явсан. Миний саналыг хүлээж аваагүй шүүхэд өгнө гэж утсаар хэлсэн.

 Д.М нь шүүхэд өгсөн тайлбартаа “3 хоноод эвдэрсэн, Б.Т утсаа авахгүй болсон, намар Хөхморьтоос ирж байхад мотор халаад ирж засварт өгсөн” гэх мэтээр цаг хугацааны болон намайг илт буруутгасан байдлаар худлаа тайлбар өгсөн байсан.

  Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б.Т миний бие 2022.04.25-ны өдрийн 14.30 цагийн шүүх хуралдаанд оролцож тайлбар өгөх гэж ирэхдээ 4 минут хоцорч ирсэн. Н.О шүүгчийн туслах руу хэлсэн боловч хоцорч ирсэн тул оруулах боломжгүй гэсэн. Б.Т надад хэргийн материал танилцуулаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй хэргийг шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх  хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь машины мотор солиулахад гаргасан зардал 2,640,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Т эс зөвшөөрч маргажээ.

 

Харин хариуцагчийн  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй байна.  Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Б.Тт хуулиар олгогдсон хэргийн материалтай танилцах эрхийг хангасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул  анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна. /Хавтас хэргийн 22 дахь тал/

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хариуцагчийг эсрэг талын  шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг нь хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх ёстой эрхийг хязгаарласан гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн дүгнэлт нь хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай.

Эдгээр нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бөгөөд хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсаны үндсэн дээр  шүүх шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохын тулд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болдгийг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 133/ШШ2022/00235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 47782 /дөчин долоон мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЖАРГАЛСАЙХАН

ШҮҮГЧИД                                                Ч.ЭНХТӨР

                                                                Ш.БАТТОГТОХ