Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2022/00043/и |
Дугаар | 183/ШШ2022/00143 |
Огноо | 2022-01-14 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2022/00143
2022 оны 01 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2022/00143 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .. оршин суух А овогт Ба-ын Ц /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... оршин суух Т овогт Б О /РД:....................../-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц , хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О-тэй 2008 онд танилцаж, бие биенээ мэддэг болсон. Улмаар 2012 оноос бие биенийхээрээ орж гарч байгаад 2014 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин О.Ану төрсөн. Охиноо төрөхөд бид Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг авч охин маань эцгээрээ овоглосон. Эцэг Б.О нь зөвшөөрсөн учир 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охиноо би өөрийн нэрээр овоглон овог сольсон. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Б.О-д гэртээ хүүхдийнхээ дэргэд зодуулж, цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлгийнд дүгнэлт гаргуулан шүүхээр орж Б.О-д торгуулийн арга хэмжээ авч байсан. Хамт амьдрах хугацаанд удаа дараа зодож хүнд болон хөнгөн гэмтээж байсан. Б.О-гийн гэр бүлээс гадуурх харилцаанаас болж бид 2019 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин Ц.А нь энэ жил 1 дүгээр ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.А-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2008 онд танилцаад хамт амьдарсан нь үнэн. Би дахин дахин зодсон зүйл байхгүй. Нэг удаа тийм байдал гаргаад буруу зүйл хийснээ ухаарч ойлгосон. Би 70 настай ээжтэйгээ цуг хөдөө байдаг. Би бүх буруугаа өөрөө хүлээж байгаа. Хүүхдийн тэтгэлэг төлөөд явахад татгалзах зүйлгүй. Би энэ хугацаанд хөдөө ээжийгээ асарч явж байсан гэв.
3. Нэхэмжлэгч Б.Ц-ээс иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.О-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Зохигчид 2008 онд танилцан улмаар 2014 оноос хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Ц.А төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.
3.Гэвч талууд хоорондын таарамжгүй байдлын улмаас 2019 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч охин Ц.А-г эх Б.Ц асран хүмүүжүүлж ирсэн бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад хэрэглээний зардлуудыг ганцаар хариуцахад хүндрэлтэй байна гэсэн үндэслэлээр эцэг Б.Отгонсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.
4.Хариуцагч Б.О нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Ц.Ануд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хариуцагч Б.О-гээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
5.Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.
6.Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37.779 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.А-г эх Б.Ц-ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ц.А-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Онь тэжээн тэтгэсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 37.779 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР