Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00086

 

      2022 оны 01 сарын 07 өдөр

    Дугаар 183/ШШ2022/00086

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ......... тоотод оршин суух Хайтал овогт Д-гийн О /РД:........../,

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....... тоотод оршин суух В  овогт С-ын Г  /РД:../ нарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...........тоотод оршин суух Б овогт Б-ын Б  /РД:............../-д холбогдох,

       Баянгол дүүргийн ....................тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг орон сууцны хувьд Б.Б-йн барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ж.Б хариуцагч Б.Б хариуцагчийн өмгөөлөгч Б.Г/ШТЭҮД:, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

       

ТОДОРХОЙЛОХ   нь:

         1. Нэхэмжлэгч Д.О, С.Г нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О, С.Гнар 2018 оны 01 дүгээр сард өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн ........... тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ........... дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаа ахынхаа хүргэн хүү Ц.Ц-т зээлээр худалдахаар тохиролцсон. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч Ц.Ц нь байрны мөнгөнөөс нэг ч төгрөг төлөхгүй, удаа дараа шаардсаар байтал гэрчилгээг минь бидний нэр дээр буцаан шилжүүлэхгүй байсан. Тиймээс бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг бидний нэр дээр буцаан шилжүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-н0000000000 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг  хариуцагч Ц.Ц-ийн  нэр дээрээс нэхэмжлэгч Д.О, С.Г нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн  хариуцагчийн  зөвшөөрлийг баталсан юм. Бид 102/ШШ2020/0000 тоот шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 102/ШЗ2020/000 тоот шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 000 дугаартай  шүүхийн гүйцэтгэх хуудасны хамт хүсэлтээ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.О 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 0000000 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг гаргаж, төлбөр төлөгч Ц.Ц-т холбогдох гүйцэтгэх баримт бичигтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Бид анх 2019 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас хойш хариуцагч Ц.Ц “итгэмжлэгдсэн төлөөлөгч авна, өмгөөлөгч авна”  гэх мэт шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дэээр бидний байрыг  буцаан шилжүүлэхийг  хүлээн зөвшөөрсөн буюу  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрсөн юм. Харин Ц.Ц нь бидний гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан шүүх хуралдаануудыг элдэв шалтгаануудаар хойшлуулах явцдаа бидэнд огт мэдэгдэлгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэх Эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргагч, зээлдүүлэгч Б.Б-тэй  эвлэрлийн гэрээ байгуулсныг нь үндэслэн тус шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/00000тоот талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж гаргасан байна. Шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргагч Б.Б  нь 2018 оны 8 дугаар сард Ц.Цогдэлгэртэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан гэх иргэн юм. Ц.Цогдэлгэр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр биднээс дээрх 2 өрөө орон сууцыг минь  өөрийн нэр дээрээ шилжүүлэн авангуутаа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж, мөнгийг нь өмнөх өр зээлээ дарах, хувийн хэрэгцээгээ хангахад  ашигласан төдийгүй, уг зээлээ төлж чадахгүй байсаар 2018 оны 8 дугаар сард иргэн Б.Б-ээр  дээрх зээлээ чөлөөлүүлэх замаар зээл авч, энэхүү зээлийнхээ барьцаанд орон сууцыг минь барьцаалсан юм байна. Тиймээс ч Б.ББаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд хандахад нь Ц.Ц түүнтэй эвлэрч тус шүүхээс талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай дээрх захирамжийг гаргасан байна. Энэхүү захирамжид Ц.Ц иргэн Б.Б-эд төлөх зээлээ төлөхгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай бидний орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулсан байсан. Харин Ц.Ц эвлэрлийн гэрээний хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс Б.Ба 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасныг нь бид шийдвэр гүйцэтгэгчээсээ олж мэдсэн. Ингээд бид Ц.Ц-ээс  өөрсдийнхөө орон сууцаа шилжүүлэн авах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгаж байх явцад Ц.Ц нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад тайлбар, мэдүүлэг гаргахдаа “бидний орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авангуутаа барьцаанд тавьж, уг мөнгөөрөө өр  зээлээ дарж, хувийн хэрэглээндээ ашигласан” талаараа өөрөө мэдүүлсэн байсантай танилцсан. Түүний энэхүү тайлбар, мэдүүлгээс тэрээр анхнаасаа бидний орон сууцны үнийг төлөхгүй хуурч мэхлэн, биднийг залилж, 2 өрөө орон сууцыг минь нэр дээрээ шилжүүлэн аваад бусдад барьцаанд тавьж, бидэнд нэг ч төгрөг өгөлгүй өмнөх өр зээлээ дарах зэргээр өөртөө ашиглах зорилготой байсныг нь ойлгоод цагдаагийн байгууллагад 2020 оны 9 дүгээр сард өргөдөл гаргасан.  Ийнхүү Ц.Ц-ийн  дээрх үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/000 тоот  шийтгэх тогтоолоор Боржигон овогт Ц-ийн Ц-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, биднийг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоосон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020/ШЦТ/000 тоот шийтгэх тогтоолдоо: “Иймд хохирогч, шүүгдэгч нарыг  иргэний эрх зүйн  гэрээний харилцаанд орж, үл хөлоөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, харин шүүгдэгч Ц.Цнь гэрээгээр халхавчлан бодит байдлыг гуйвуулах, хуурах замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготойгоор бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөрөө шилжүүлэн авч, захиран зарцуулж залилах гэмт хэрэг үйлдсэн байна” гэж Ц.Ц-ийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг дүгнэж, түүнд 2 жилийн хорих явл оногдуулсан бөгөөд тэрээр одоо ялаа эдэлж байгаа болно. Өөрөөр хэлбэл Ц.Ц нь  байрыг маань биднээс хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч биднийг залилаад зогсохгүй иргэн Б.Б-нээс зээл авахдаа бидний байрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байнга. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний хэргийн  анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн, уг шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна гэж дүгнээд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай  гэсэн тул бид энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Өнөөдрийн байдлаар бид орон сууцандаа гурван хүүхдийнхээ хамтаар амьдарч, хууль ёсны өмчлөгчийн хувьд уг орон сууцаа эзэмшиж, ашиглаж байгаа ч байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуул авч чадахгүй байгаа болно. Иймд Ц.Ц нь бидний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж, гэрээгээр халхавчилж буюу хууль зөрчиж бидний орон сууцыг шилжүүлэн авснаас хойш хийгдсэн хэлцэл буюу Б.Б-тэй байгуулсан барьааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,  хууль ёсны өмчлөгч Д.О, С.Г бидний Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэгдсэн  орон сууцны хувьд Б.Б-ийн барьцааны эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.

            2. Хариуцагч Б.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О, С.Г нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Б миний бие 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Ц-ийн хүсэлтээр түүнд 45 сая төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба  зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн .......... тоот хаягт байрлах, эд хөрөнгийн эрхийн ..........угаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахаар тохиролцон зээлийн болон барьцааны гэрээг тус тус хуульд заасны дагуу үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлдэгч Ц.Ц-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад тэрээ өнөө, маргааш гэх байдлаар хугацаа хойшлуулж байсан тул  миний зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/00000000 дүгээр шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн байдаг. Эвлэрлийн гэрээнд өргөдөл гаргагч Б.Б нь 93.487.500 төгрөгийн шаардлагаас 22.500.000 төгрөгийн  хэмжээнд татгалзаж, эвлэрэлд уригдагч Ц.Цнь 70.987.500 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцсон юм. Эвлэрэлд уригдагч Ц.Ц  нь тохиролцсон хугацаа болоход төлбөр төлөөгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 101/ШЗ2020/0000 тоот  шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх захирамж, 101/ГХ2020/000 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн Ц.Ц-ээс 70.987.500 төгрөгийг гаргуулах, уг төлбөрийг барьцаа хөрөнгөөр буюу Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот, эд хөрөнгийн эрхийн Ү-2205012846 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг  хангуулах тухай  өргөдөл гаргасныг хүлээн аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр авагч Б.Б-ийн өргөдөлтэй, төлбөр төлөгч Ц.Ц-т холбогдох  иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай зэрэгцэн иргэн Д.От Д.Г нарын өргөдөлтэй, Ц.Ц-т холбогдох  иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээсэн бөгөөд уг өргөдлийн тухайд худалдагч буюу Д.О, С.Гнар нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүгчийн захирамжийг албадан  гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэсэн байдаг бөгөөд эцэст нь нэг төлбөр төлөгчтэй, хэд хэдэн төлбөр авагчтай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байтал  төлбөр төлөгч С.О, Д.Г нарын бусдад  залилан мэхлүүлсэн гэх гомдлын дагуу Ц.Ц-т холбогдох  иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  түдгэлзсэн бөгөөд  иргэн Д.О, С.Г нарын бусдад залилуулсан гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болсон байдаг. Барьцаалуулагч болох Ц.Ц нь барьцааны зүйлийн өмчлөгч мөн болох нь эд хөрөнгийн эрхийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, 00000 улсын бүртгэлийн гэрчилгээгээр, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг хэзээ, хэнээс, хэрхэн ямар хэлцлийг үндэслэн олж авсан болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар, мөн барьцааны зүйлийг барьцаалагч газар дээр нь очиж үзэхэд барьцаалуулагчийн буюу Ц.Ц-ийн эхнэр хүүхэд амьдарч байсан бөгөөд мөн барьцаалуулагч  барьцааны зүйлийг бусдад буюу Мони поло  ХХК-т тус тус барьцаалсан байсан зэргээр тогтоогдож байсан юм. Иймд Б.Б Ц.Ц нар нь зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нийцүүлэн бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн,  улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “өөрийн хүргэн дүү Ц.Цогдэлгэрт залилуулсан, Ц.Ц нь байрыг маань биднээс хууль бусаар, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч биднийг залилсан” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийн ёсчлон биелүүлнэ гээд 1. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж,сахин биелүүлэх, 3. Хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэжээ. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ  шударгаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 13.3-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв хууль зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж заасан. Иргэн Д.О, Д.Г, Ц.Ц нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөрбайгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь иргэний эрх, үүргийг  үүсгэх,өөрчлөх,  шилжүүлэх, дуусгавар болгох хүсэл зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэдийн үйлдэл бөгөөд үүнийг Иргэний хуульд хэлцэл гэж тодорхойлсон байдаг. Мөн аливаа хөрөнгийн өмчлөгч нь  бусад этгээдэд  хууль буюу  гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээ, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаар дотор  өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр  чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд мөн өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар  өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглосон байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь бусдын дарамт шахалтгүйгээр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн өөрийн өмч хөрөнгөө бусдад худалдах,  худалдан авах гэрээний үндсэн дээр  шилжүүлсэн атлаа бусдад залилуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.  Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тухайд талууд хэлцлийг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, хуульд заасан хувь хэмжээгээр татвар төлөх, улсын бүртгэлд өмчлөх эрхээ шилжүүлж буй  худалдагч тал мэдүүлэг гаргадаг зэргээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч нарыг бусдад залилуулсан гэж үзэх, мөн иргэн Б.Б, Ц.Ц нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус  хэлцэл байх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар байраа авч байвал хэн нэгэн хохирох нь хамаагүй гэж яваад байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Миний бие бас цагдаагийн байгууллагад  гомдол гаргахаар иргэний эрх зүйн асуудал гээд хүлээн авахаас татгалзсан. Гэтэл нэхэмжлэгч нар гомдол гаргахаар хүлээж аваад эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв

            3. Нэхэмжлэгч Д.О, С.Г нараас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6-7/, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг  даргын тодорхойлолт /хх-8-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-10/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/0000000 дугаартай талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж /хх-11-12/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/000дугаартай  шийтгэх тогтоол /хх-13-21/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2021/0000 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-23/,  үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-62/,  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0000 дугаартай албан бичиг /хх-63/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Д-д гаргасан гомдол /хх-64-65/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-66-67/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай албан бичиг /хх-71/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай албан бичиг /хх-72/,  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-73/,  үл хөдлөх эд хөрөнгө худалдах,  худалдан авах гэрээ /хх-74/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-75/ зэрэг баримтуудыг,

Хариуцагч Б.Б-ээс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ /хх-42/, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээ /хх-43/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-44-47/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-77-89/, төрөл садангийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.О, С.Г нар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан Баянгол дүүргийн 1...........тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг орон сууцны хувьд Б.Б-ийн барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгохоор шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2. Нэхэмжлэгч Д.О, С.Г нар нь Ц.Ц,  Б.Б нарын хооронд байгуулагдсан  2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн  барьцааны гэрээг  хууль зөрчиж байгуулагдсан гэсэн  үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж,  уг орон сууцны хувьд Б.Б-нийн барьцааны эрх дуусгавар болсныг  тогтоолгохоор шаардсан бол хариуцагч Б.Б нь зээлдэгч Ц.Ц нь барьцаа хөрөнгийн өмчлөгч мөн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байснаас гаднаа  барьцааны зүйлийг газар дээр нь очиж  шалгахад үзэхэд эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан учир миний бие  45.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5  хувийн хүүтэйгээр зээлдүүлж, түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг  барьцаалсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь  бусдын дарамт шахалтгүйгээр, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, өөрсдийн өмч хөрөнгөө бусдад худалдах, худалдан авах  гэрээгээр шилжүүлсэн атлаа бусдад залилуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.            

            3. Нэхэмжлэгч Д.О, С.Г нар нь өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ц.Ц-т худалдаж,  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр уг орон сууцыг Ц.Ц-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

            Уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 11.000.000 төгрөг гэж тусгасан боловч худалдан авагч Ц.Ц нь талуудын тохиролцсон орон сууцны бодит үнэ болох  68.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй учир  нэхэмжлэгч Д.О, С.Г нар нь хариуцагч Ц.Ц-т холбогдулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэл  гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            4. Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ц.Ц нь хариуцагч Б.Б-ээс  зээлсэн 45.000.000 төгрөгийн барьцаанд бариулж, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/0000000000 дүгээр шүүгчийн захирамжаар уригдагч тал Ц.Ц нь 70.987.500 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна.

            5. Дээрх шүүгчийн захирамжуудыг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж  байх явцад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/0000дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, урьдын харилцаны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний шүүхээр  шийдвэрлүүлсэн, уг шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр  байна гэж үзээд  хохирогч Д.О, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын  нэхэмжлэлийн шаардлагыг  хэлэлцэхгүй орхижээ.

            6. Нэхэмжлэгч Д.О, С.Г нарын Ц.Ц-тэй байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар  хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус  хэлцэл байна.

            Учир нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  хохирогч Д.О, С.Гнарыг  иргэний эрх зүйн харилцаанд орж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, харин шүүгдэгч Ц.Ц нь  гэрээгээр халхавчлан бодит байдлыг гуйвуулах, хуурах замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан  ашиглаж, хөрөнгийг буцаан өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготойгоор бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулж залилах гэмт хэрэг үйлдсэн  гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгчдэгч Ц.Ц-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

            7. Шүүгдэгч Ц.Ц-ийн бусдыг залилах гэмт хэргийн явцдаа үйлдсэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь  хууран мэхлэх замаар  байгуулагдсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

            8. Мөн хариуцагч Б.Б, Ц.Цнарын хооронд  хийгдсэн  2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн  маргаан бүхий Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ нь  дээр дурдсан хүчин төгөлдөр бус  хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

            9. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар нэхэмжлэгч Д.О, С.Г нарын Ц.Ц-тэй байгуулсан  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч Б.Б-ийн Ц.Ц-тэй байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг  тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй.

 

 

 

 

 

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Цогдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн, уг шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүйгээс Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.О, С.Г нарт шилжүүлэх тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00000 дугаар шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Учир нь  Ц.Ц нь хариуцагч Б.Б-тэй байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн  зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд  2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/00000 дүгээр талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай  шүүгчийн захирамж хүчин төгөлдөр, уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж  байна.

            11. Хариуцагч Б.Б нь 45.000.000 төгрөгийг  сарын 3.5  хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Ц.Ц-ахад зээлсэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд  улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бариулж барьцааны гэрээ байгуулсан нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан боловч анх байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох үндэслэлтэй.

            Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт зааснаар уг орон сууцны хувьд хариуцагч Б.Бат-Эрдэнийн барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоох нь зүйтэй.

           12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512.888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон         

            

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ц нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг орон сууцны хувьд Б.Б-нийн барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 512.888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 512.888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О, С.Г нарт олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР