Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00682

 

 

 

 

 

 

 

 

                

С.Г, Д.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00086 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Г, Д.О нарын хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Г, Д.О нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч С.Г, Д.О нар 2018 оны 01 дүгээр сард өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2205012846 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаа ахынхаа хүргэн хүү Ц.Цогдэлгэрт зээлээр худалдахаар тохиролцсон. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж нилээдгүй хугацаа өнгөрсөн ч Ц.Цогдэлгэр нь байрны мөнгөнөөс нэг ч төгрөг төлөхгүй, удаа дараа шаардсаар байтал гэрчилгээг минь бидний нэр дээр буцаан шилжүүлэхгүй байсан. Тиймээс бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг бидний нэр дээр буцаан шилжүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаартай захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Цогдэлгэрийн нэр дээрээс нэхэмжлэгч Д.О, С.Г нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталсан юм. Ц.Цогдэлгэр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр биднээс дээрх 2 өрөө орон сууцыг минь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авангуутаа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж, мөнгийг нь өмнөх өр зээлээ дарах, хувийн хэрэгцээгээ хангахад ашигласан төдийгүй уг зээлээ төлж чадахгүй байсаар 2018 оны 08 дугаар сард иргэн Б.Бэс дээрх зээлээ чөлөөлүүлэх замаар зээл авч, энэхүү зээлийнхээ барьцаанд орон сууцыг минь барьцаалсан юм байна. Тиймээс ч Б.Б Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандахад нь Ц.Цогдэлгэр түүнтэй эвлэрч тус шүүхээс талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийг гаргасан байна. Энэхүү захирамжид Ц.Цогдэлгэр иргэн Б.Бд төлөх зээлээ төлөхгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205012846 дугаартай бидний орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулсан байсан. Тэрээр анхнаасаа бидний орон сууцны үнийг төлөхгүй хуурч мэхлэн биднийг залилж 2 өрөө орон сууцыг минь нэр дээрээ шилжүүлэн аваад бусдад барьцаанд тавьж бидэнд нэг ч төгрөг өгөлгүй өмнөх өр зээлээ дарах зэргээр өөртөө ашиглах зорилготой байсныг нь ойлгоод цагдаагийн байгууллагад 2020 оны 09 дүгээр сард өргөдөл гаргасан. Ийнхүү Ц.Цогдэлгэрийн дээрх үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/323 тоот шийтгэх тогтоолоор Ц.Цогдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж биднийг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоосон. Өнөөдрийн байдлаар бид орон сууцандаа гурван хүүхдийнхээ хамтаар амьдарч хууль ёсны өмчлөгчийн хувьд орон сууцаа эзэмшиж, ашиглаж байгаа ч байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авч чадахгүй байгаа болно. Иймд Ц.Цогдэлгэр нь бидний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, гэрээгээр халхавчилж буюу хууль зөрчиж бидний орон сууцыг шилжүүлэн авснаас хойш хийгдсэн хэлцэл буюу Б.Бтэй байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцны хувьд Б.Бат-Эрдэний барьцааны эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.О, С.Г нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Б миний бие 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Цогдэлгэрийн хүсэлтээр түүнд 45,000,000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар  хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах, эд хөрөнгийн эрхийн Ү-2205012846 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахаар тохиролцон зээлийн болон барьцааны гэрээг хуульд заасны дагуу үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлдэгч Ц.Цогдэлгэрийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад тэрээр өнөө маргааш гэх байдлаар хугацаа хойшлуулж байсан тул миний зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцсэн бөгөөд тус шүүх 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/02689 дүгээр шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн байдаг. Барьцаалуулагч болох Ц.Цогдэлгэр нь барьцааны зүйлийн өмчлөгч мөн болох нь эд хөрөнгийн эрхийн Ү-2205012846 дугаарт бүртгэлтэй, 000609589 тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр, уг үл хөдлөх эд хөрөнгийг хэзээ хэнээс хэрхэн ямар хэлцлийг үндэслэн олж авсан нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар, мөн барьцааны зүйлийг барьцаалагч газар дээр нь очиж үзэхэд барьцаалуулагч Ц.Цогдэлгэрийн эхнэр хүүхэд амьдарч байсан бөгөөд барьцаалуулагч барьцааны зүйлийг бусдад буюу “Мони поло ББСБ” ХХК-д барьцаалсан байсан зэргээр тогтоогдож байсан юм. Иймд Б.Б, Ц.Цогдэлгэр нар нь зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нийцүүлэн бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний тухайд талууд хэлцлийг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, хуульд заасан хувь хэмжээгээр татвар төлөх, улсын бүртгэлд өмчлөх эрхээ шилжүүлж буй худалдагч тал мэдүүлэг гаргадаг зэргээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч нарыг бусдад залилуулсан гэж үзэх, мөн иргэн Б.Б, Ц.Цогдэлгэр нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Цогдэлгэр нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг орон сууцны хувьд Б.Бат-Эрдэний барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 512,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О, С.Г нарт олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхээс улсын бүртгэлийн Ү-2205012846 дугаарт бүртгэлтэй орон сууцыг нэхэмжлэгч нар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ц.Цогдэлгэрт 11,000,000 төгрөгөөр худалдсан тухай худалдах-худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлсэн мэдүүлэг, орон сууц худалдан борлуулсны орлогод ногдох татвар төлсөн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг судлан үзвэл нэгдүгээрт, хэлцэл хийсэн этгээд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр зохицуулсан байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхдээ дээр дурдсан нөхцөл байдал, хэлцэлд оролцсон этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийлэл, хожим үүсч болох эрх зүйн үр дагаварт дүгнэлт хийсэн байдал зэргийг харгалзан үзэж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах боломжгүй тул үнийг төлүүлэх байдлаар шийдвэрлэх нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд оролцсон талуудын, мөн барьцааны гэрээний талуудын эрх ашигт нийцэхээр байсан гэдэг нь дамжиггүй бөгөөд хэрэв нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзвэл уг хүчин төгөлдөр бус хэлцэлд оролцсон талууд бусдад учруулсан хохирлыг хариуцах учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгохыг хүссэн С.Г, Д.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. С.Г, Д.О нар нь Б.Бд холбогдуулан Б.Б, Ц.Цогдэлгэр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан журмын дагуу хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан гэж маргажээ. 

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2 өрөө орон сууцаа Ц.Цогдэлгэрт зээлээр худалдахаар тохиролцон худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Ц.Цогдэлгэр нь байрны мөнгөнөөс нэг ч төгрөг төлөхгүй биднийг залилсан үйлдэлд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/323 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоосон. Иймд Ц.Цогдэлгэр нь бидний орон сууцыг шилжүүлэн авснаас хойш хийгдсэн хэлцэл буюу Б.Бтэй байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлажээ.  

 

5.а. С.Г, Д.О нар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Цогдэлгэртэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот, 29 м.кв 2 өрөө орон сууцыг худалдсан, Ц.Цогдэлгэр 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Бтэй барьцааны гэрээг байгуулж дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалсан байна.

5.б. Б.Б Ц.Цогдэлгэрт холбогдуулан 93,487,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрүүлэн зуучлагчид хандаж, талууд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дүгээр эвлэрлийн гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Ц.Цогдэлгэр нь 70,987,500 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн байна.

5.в. С.Г, Д.О нар Ц.Цогдэлгэрт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Цогдэлгэрийг хохирогч Д.Оыг залилж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.   

           

            6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

            6.а. С.Г, Д.О болон Ц.Цогдэлгэр нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Ц.Цогдэлгэрт шилжсэн, улмаар улсын бүртгэлд Ц.Цогдэлгэр өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор заасан байна.

            6.б. Барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Цогдэлгэр улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг бүртгэлийг үндэслэж талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр орон сууцыг барьцаалсан Б.Бат-Эрдэнийн хувьд уг улсын бүртгэлд тэмдэглэгдсэн өмчлөх эрхийн талаар маргаантай гэж мэдэх боломжтой байсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй. 

            6.в. С.Г, Д.О болон Ц.Цогдэлгэр нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх нь Ц.Цогдэлгэр, Б.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Б.Б, Ц.Цогдэлгэр нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

           

            7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

            Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Бд холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгохыг хүссэн С.Г, Д.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Бэс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,888 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

  

                                                                                      Д.БЯМБАСҮРЭН