Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2018/02520/И |
Дугаар | 91 |
Огноо | 2019-01-09 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 91
“ТИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03173 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “ТИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ЖБд холбогдох
Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэх
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар
Хариуцагч ЖБ
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч “ТИ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТИ” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 3 өрөө орон сууцыг 2011 онд компани байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан хариуцагч Ж.Бийг шагнаж эзэмшүүлсэн. Ингэхдээ 5 жилээс дээш ажилласан ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бөгөөд шагналын орон сууцнууд бүгд компанийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдэж, компаниас халагдах, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тохиолдолд орон сууцыг буцааж өгөх журамтай. ЖБ нь Төлөвлөлт технологи бодлогын албаны геологи хайгуул, гидрогеологийн өрөмдлөгийн хэлтсийн ахлахаар ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр халагдсан. Учир нь Могул гэх компани манайд өрмийн ажил гүйцэтгүүлэхээр хандсаныг ЖБ ажил албан тушаалаа ашиглан олж мэдээд Могул руу өөрийн найзын компанийн өрмийн ажил гүйцэтгэх үнийн санал, бусад мэдээллийг илгээснийг олж мэдсэн. Улмаар ЖБтэй уулзахад гаргасан зөрчлөө хүлээж ажлаас халагдахад гомдолгүй гэсэн. Ингээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч тэрээр шүүхэд хандан, ажилдаа эгүүлэн тогтоолгосон. Улсын дээд шүүх Ж.Бийн гаргасан зөрчил нь тогтоогдсон боловч тушаалд заасан ноцтой зөрчил биш гэж үзээд шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ж.Бийг дуудаж, хурал хийж, шүүхийн шийдвэрээр ажилдаа орох санал тавихад ЖБ эс зөвшөөрч явсан. Тэр үеэс одоог хүртэл сураг чимээгүй болж компанитай харилцаагүй болсон боловч компанийн орон сууцанд амьдарсаар байна. Өмнө компани орон сууцаа буцаан авахаар ЖБд хандсан боловч үр дүн гараагүй.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ж.Бийг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот орон сууцнаас гаргаж, чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЖБ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2007 оноос эхлэн “ТИ” ХХК-д өрмийн туслах, 2009, 2011 онуудад ахлах инженерээр ажиллахдаа 5 жил сайн ажилласан гэж байраар шагнуулсан. Ажиллаж байх хугацаанд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Анх байраар шагнахдаа 5 жил ажиллавал байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Би 5 жил хангалттай ажилласан учраас байр авах нөхцөл нь бүрдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ЖБ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Улсын бүртгэлийн Ү-2205848726 дуаартай Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ЖБ миний нэр дээр шилжүүлж өгөхийг “ТИ” ХХК-д даалгаж өгнө үү. Би анх 2007 онд “ТИ” ХХК-д ажилд орж, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд “ТИ” ХХК-ийн шилдэг ажилтнаар шалгарч, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 3 өрөө орон сууцаар шагнаж, батламж олгосон. Тухайн үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан. Дараа нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар захирлаасаа удаа дараа асуухад байж бай гээд өнөөдрийг хүрсэн. Гэтэл уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээрээ гаргасан. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. “ТИ” ХХК өөрийн өмчлөлийн орон сууцыг ЖБд бэлэглээгүй, худалдаагүй, үнэ төлбөргүй өмчлүүлнэ гэж Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт зааснаар амлаж, нотариатаар орж гэрээ хийсэн баримтгүй. Иргэний хуулийн 420 дугаар зүйлд зааснаар шагнаж амлаж, нийтэд зарлаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Бийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан болохоос биш байрны асуудлыг шүүх шийдээгүй. Байрыг худалдаж авах саналыг хүлээн авч, төлбөр хийхийг мэдэгдсэн боловч тодорхой хугацаанд үүрэг хүлээгээгүй, хүсэлтээ биелүүлээгүй тул орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдлийг Ж.Бийн эхнэр 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан боловч гарын үсэг зураагүй. ЖБ ажлаас халагдах үедээ эзэмшиж буй 3 өрөө байраа худалдан авах тухай санал удирдлагад гаргаж өгөөч гэж удаа дараа надад хүсэлт гаргаж байсан. Орон сууцны журам дээр 5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтныг байраар шагнах шаардлагыг ЖБ хангаагүй. Гэхдээ залуу ажилтны ажилд нь дэмжлэг үзүүлэхийн тулд Ж.Бийг байраар шагнасан. 2011 онд байраар шагнуулж, эзэмших эрх авсан ажилтныг 2012 онд гаргасан журам нь дээр мөн хамаарна гэж заагаад байраар эзэмших эрхээр шагнагдсан хүмүүс 60 буюу түүнээс дээш сараар тогтвор суурьшилтай ажиллана гэж заасан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилждэг. Гэтэл “ТИ” ХХК болон ЖБ нарын хооронд уг орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн хэлцэл байхгүй. Уг байрыг ЖБд үнэ төлбөргүй, эзэмшүүлж ашиглуулж байсан нь “ТИ” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ, байр ашиглаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, ажилчиддаа орон сууц эзэмшүүлэх журам зэрэг баримтуудаар тогтоогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот, 48.5 м.кв талбайтай, гурван өрөө, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248395 дагаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205048726 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Ж.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “ТИ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248395 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205048726 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нь хариуцагч ЖБ мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “ТИ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч ЖБэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 442 950 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.
Ерөнхий захирлын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/227 тоот тушаалаар баталсан Ажилтнуудад орон сууц эзэмшүүлэх тухай журам нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 380 дугаар тушаалаар орон сууцаар шагнагдсан ажилтнуудад нэгэн адил хамаарахаар заасан. Уг журмын 1.3.2-т “компаниас ажилтанд орон сууцаар шагнах тухай шийдвэр гарч орон сууцны батламж олгосныг орон сууц эзэмшүүлэх”, 1.3.3-т “компанийн өмчлөлийн сууцыг” эзэмшиж буй ажилтны өмчлөлд энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу үнэтэй болон үнэгүй шилжүүлэхийг орон сууц өмчлүүлэх" гэж тодорхойлсон. Уг журмын 4.2.1-д "сууц эзэмшигч нь компанид 120 сар болон түүнээс дээш сараар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бол орон сууцыг түүний өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэх эсэхийг Удирдлагын зөвлөл шийдвэрлэнэ" гэж заасан. Ийнхүү “ТИ” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ажилтныхаа нэр дээр шилжүүлэх эсэхийг бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй. Энэ журам нь нийт ажилтнуудад хамаатай бөгөөд орон сууц эзэмшиж буй ажилтнууд энэ журмын дагуу хусэлтээ гаргаж шийдвэрлүүлдэг болох нь ЖБтэй хамт 380 дугаар тушаалаар орон сууцаар шагнагдсан н.Чинзориг, н.Амгаланбаатар нарын хэрэгт авагдсан гэрчүүдийн тайлбараар нотлогдоно. Гэрч н.Чинзоригийн хувьд 2016 оны 3 сард Удирдах зөвлөлийн шийдвэр гарч өмчилж авсан байдаг бол гэрч н.Амгаланбаатарын хувьд орон сууцандаа 7 жил амьдарч байгаа боловч орон сууц өмчлүүлэх тухай Удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй орон сууцаа эзэмшсэн хэвээр байгаа талаар гэрчийн мэдүүлэг өгөх үеэрээ тайлбарласан. Ийнхүү 2011 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр орон сууцанд амьдрах эзэмших эрхээр шагнуулсанд үнэн зөв, тодорхой мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг хариуцагч үгүйсгэж баримтаар няцаагаагүй байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхой биш байна. Энэ нь “ТИ” ХХК орон сууц эзэмшиж байгаа хүн бүрт орон сууцыг өмчлүүлэх үүрэг хүлээж хэлцэл байгуулаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцааны хүрээнд компанийн үйл ажиллагааны тусдаа журмаар ажилтнууд байгууллагынхаа орон сууцыг эзэмших, өмчлөх асуудал зохицуулагдаж байдаг. Ж.Бийн хэлсэнчлэн шагнасан тул өмчлөх ёстой гэсэн ойлголт бусад 20 сууц эзэмшигч нарт анхнаасаа байгаагүй бөгөөд журмын дагуу ажил олгогчид хандаж орон сууц өмчлөх эсэхээ шийдвэрлүүлдэг. Ж.Бийг шагнасан батламж гэх баримтад өмчлүүлэх талаар огт заагаагүй, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг удаа дараа шаардсан гэх баримт байхгүй.
Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Орон сууцны гэрчилгээ нь “ТИ” ХХК-ийг өмчлөх эрхтэй болохыг нотлоно. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Өмчлөх эрхийг шилжүүлэх бол Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар “ТИ” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байна. “ТИ” ХХК үнийг нь 100 хувь төлж, захиалан бариулсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь нийтэд зарласан байхыг мөн түүнчлэн тодорхой үйлдэл хийх үр дүн бий болгохыг шаардсан. Гэвч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хэмжээний шагнал зарласан бус орон сууцыг эзэмших ашиглах эрхээр ажилтнуудаа шагнасан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, компанийн ажилтанд орон сууц эзэмшүүлэх журам зэргээр илэрхийлэгдэнэ. Мөн сөрөг нэхэмжлэл нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.Бийн нэр дээр шилжүүлэхийг даалгах байхад шүүх хариуцагчийн хүсэл зоригоос үзвэл шагнасан орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага гэсэн нь шүүх хөндлөнгийн байх, талууд эрх тэгш байх зарчим алдагдсан. Хариуцагч Ж.Бийг компанийн зүгээс ажилд эгүүлэн авах санал тавихад ажиллахаас татгалзсан. Ажилд орохыг дараа дахин шаардаж, компанитай зөвшилцөөгүй. Ажиллаагүй атлаа “ТИ” ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд амьдарсаар байгаа тул Иргэиий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “ТИ” ХХК нь хариуцагч Ж.Бийн хууль бус эзэмшлээс өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөргөөр нэхэмжилжээ.
Талуудын хооронд 2007 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн, мөн “ТИ” ХХК-ийн ерөнхий захирал 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 380 дугаартай тушаал гарган нэр бүхий ажилчдыг орон сууцаар шагнасан болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан “Ажилтнуудыг шагнах тухай” 380 дугаар тушаал, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна. /1хх-205-207 дахь тал/
Дээрх үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаангүй. Харин маргааны зүйл болох орон сууцны эзэмшил хууль ёсных мөн эсэх, мөн орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх талаар маргажээ.
Нэхэмжлэгч “ТИ” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 380 дугаар тушаалаар компанийн 10 жилийн ойн баяр болон тус оны шинэ жилийн арга хэмжээг тохиолдуулан ажил үйлсээрээ шалгарсан ажилтнуудыг шагнахаар амласан нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Улмаар тушаалд дурдсан шагналын амлалтаа биелүүлж хариуцагч ЖБд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Шинэ хотхоны 8 дугаар байрны 28 тоот 48.5 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэн өгснөөр хариуцагч өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа болох нь хэргийн 165 дугаар хуудсанд авагдсан “батламж” гэх эд мөрийн баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, орон сууцны ашиглалтын зардал төлсөн тухай Төрийн банкны тооцооны баримт, гэрч Г.Өнөрцэцэгийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байна. /1хх-30-147, 164 дэх тал/ Иймд хариуцагч Ж.Бийг 28 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй этгээд гэж үзэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд “ТИ” компани бүртгэлтэй, хариуцагч ЖБ, компанийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон учир орон сууц эзэмших журмын 4.4.1б-д зааснаар орон сууцыг хурааж авах эрх үүссэн” гэж тайлбарладаг.
Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч компанийн ерөнхий захирлын 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 12/227 дугаар тушаалаар “Ажилтнуудад орон сууц эзэмшүүлэх тухай” журам батлан, тус журмаар орон сууц эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахдаа компаниас тухайн орон сууцыг эзэмшигч-ажилтны өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гартал өмчлөгч нь компани байхаар тодорхойлжээ. /1хх-201-204 дэх тал/ Улмаар нэхэмжлэгч тал хариуцагч Ж.Бийн эзэмшиж буй 28 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна. /1хх-224 дэх тал/
Дээрх журам нь хариуцагчид шагнал олгосноос хойш батлагдсан байх тул уг журамд заасан байрыг буцаах нөхцөл бий болсон гэж хариуцагч ЖБэс 28 тоот орон сууцыг буцаан шаардах эрхгүй юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч компани шинээр батлагдсан журмын талаар хариуцагчид танилцуулсан, уг журмыг мэдсэн гэж үзэх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Гэрч Б.Амгаланбаатар, М.Чинзориг нар уг журмын талаар мэдсэн тухайгаа шүүхэд мэдүүлэг өгсөн нь шагналын амлалтыг биелүүлснээс хойш батлагдсан дээрх журмыг хариуцагч ЖБд танилцуулсан, тус журамд заасан үндэслэл бий болсон тохиолдолд хариуцагчийн эзэмшлээс шагналын орон сууцыг нэхэмжлэгч хураан авах эрх үүссэн гэдгийг нотлохгүй. /1хх-197-200 дахь тал/ Иймээс нэхэмжлэгч “ТИ” ХХК нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлсэн хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй гэж үзнэ.
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ч.ЦЭНД