Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1449

 

 

 

 

 

  2020            12               2                                         2020/ДШМ/1449    

 

Я.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,  

шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч Б.Даваадорж, Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/996 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч Б.Даваадорж, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Я.Дд холбогдох 2003003240255 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэрцээ овгийн Я.Д, 1969 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр, 2 охин, 2 хүү, 2 зээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан 10 дугаар багийн 5 дугаар хороолол, 380 дугаар байрны 13 тоотод оршин суудаг, /РД:ТБ69082217/;

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Я.Д нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны шөнийн 22 цаг 43 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн замд “Шар зам ирээдүй” хоршооны эзэмшлийн “Хьюндай Соната-6” загварын 37-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Энхболдыг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Я.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн хэргийн анхан шатны шүүх: Я.Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дгийн B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Я.Дгийн BC ангиллын 311977 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү авто ослын улмаас хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж, гэмшиж байна. Би анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тухайн хэргийн газрыг би орхиж явалгүй хохирогчид эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн. Оршуулгын зардалд 7.087.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид гарах зардал гэж 1.500.000 төгрөг өгсөн. Би ам бүл 8, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээж байсан. Бага насны 2-3 насны хүүхэдтэй, мөн төрөлхийн зүрхний цоорхой, дауны синдром хавсарсан оноштой, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын хүний асаргаанд байдаг нэг хүүхэдтэй. Эхнэр маань гэртээ хүүхдээ асардаг ба ажил хийдэггүй. Миний биеийн эрүүл мэндийн байдал одоогоор муу байгаа бөгөөд зүрхний хэм алдагдаж хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр байдлуудыг минь харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Дгийн өмгөөлөгч Б.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Я.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь ял оногдуулахдаа харгалзан үзэлгүй эрх зүйн байдлыг нь дордуулан шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг. Мөн шүүгдэгч хэргийн газрыг орхиогүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг гармагц хохирогчид шууд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн. 103 болон 102, Тээврийн цагдаагийн алба дуудсан. 103 эмнэлгийн тусламж 1 цагийн дараа хэргийн газар ирсэн байдаг. Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба өөрийн гэм буруугаа хүлээсэн. Шүүгдэгч тусгай зөвшөөрөлтэй “Шар зам ирээдүй” хоршооны эзэмшлийн тээврийн хэрэгслээр албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тухайн өдөр хүн тээвэрлэж Улаанбаатар хотоос тээврийн товчоонд бүртгүүлэн ажил үүргээ гүйцэтгэж явсан. Хохирогчоос бодит хохирол оршуулгын зардал 7.000.000 төгрөг нэхэмжилснийг 7.087.000 төгрөг төлж бүрэн барагдуулсан. Хэдийгээр анхан шатны шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгчээр “Шар зам ирээдүй” хоршооноос хохирогчийг хор уршиг болох 12.000.000 төгрөгийг Иргэний шүүхээр нэхэмжлэхийг дурьдсан боловч шүүгдэгч Я.Д нь 1.500.000 төгрөгийг төлж барагдуулан анхан шатны шүүхэд орсон. Я.Д нь одоо 54 настай, ам бүл 8, бага насны 3 хүүхэд мөн төрөлхийн дауны өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаарддаг 1 хүүтэй, ганцаараа хөдөлмөр эрхэлдэг байсан зэргийг харгалзан Я.Дд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэн миний үйлчлүүлэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Дгийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Я.Д нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан бөгөөд шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байхад хор уршигт төлсөн 1.500.000 төгрөгийг хохиролд оруулан тооцож дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь ам бүл 8, нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай байдаг нь хувийн байдлын хувьд харгалзан үзэх нэг нөхцөл юм. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Иргэний хуульд заасны дагуу “Шар зам ирээдүй” хоршооноос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн миний үйлчлүүлэгч Я.Дд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхэд байдаг тул хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Я.Д нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны шөнийн 22 цаг 43 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн замд “Шар зам ирээдүй” хоршооны эзэмшлийн “Хьюндай Соната-6” загварын 37-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Энхболдыг мөргөж, түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваадуламын “...Жолоочид гомдолтой байна. Би 13, 14 насны насанд хүрээгүй 2 хүүхэдтэй. Оршуулгын зардлыг нөхөн төлүүлмээр байна. Мөн бусад зардлыг гаргуулан авна. ...” /хх-22-24, 25/,  

гэрч Д.Гэрэлмаагийн “...Би арын суудлын голд нь сууж явсан бөгөөд зүүрмэглэсэн байсан. Гэнэт л түс тас хийх чимээ гарч жолооч машинаас буусан. Жолооч талын урд салхины шил хагарсан харагдаж байсан. ...” /хх-41/,

гэрч Б.Пүрэвцогтын “...Би машины урд суудалд суугаад унтаж байсан. Гэнэт чимээ гараад сэрээд хартал жолооч “хүн мөргөчихлөө” гэж хэлээд машинаасаа буусан. ...” /хх-43/,

гэрч Г.Анхзаяагийн “...Би арын суудалд суудлаа налаад унтаж байсан. Гэнэт хүчтэй чимээ гарсан. Жолооч “хүн мөргөчихлөө” гэж хэлсэн. ...” /хх-45/,

гэрч А.Цэлмэгийн “...Би машины арын суудалд сууж явсан бөгөөд зүйрмэглээд явж байтал гэнэт хүмүүс орилсон. Би машинаас буулгүй цонхоор хартал нэг эрэгтэй хүн замын голд дээшээ хараад хэвтэж байсан. ...” /хх-47/,

Я.Дгийн яллагдагчаар өгсөн “...Эмээлтийн пост гараад зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр уруудаад явж байтал өөдөөс ирж явсан 2 машин өнгөрөх үед тэдгээр машины ар талаар юм сүйтэгнэх шиг болсон болохоор нь тоормоз гишгээд баруун гар тийш нь жолооны хүрдээ дартал зүүн талын толь тас гээд явчихсан. Машинаа зогсоогоод буугаад хартал хүн уначихсан замын голд цагаан зураасны оройлцоо хэвтэж байсан. ...” /хх-83-88/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.Энхболдын цогцост хийсэн шинжилгээгээр хоёр уушгины тархмал няцрал, элэг, давсагны няцрал, эрүү ясны олон сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй ил хугарал, зүүн дунд чөмөг, шаант тахилзуур ясны хугарал, зүүн хөмсөг, сарвуунд няцарсан шарх, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачийн цусанд 3.9 промилли, ходоодны шингэнд 7.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1174 дугаартай /хх-51-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 200300324 тоот хавтас хэргийн материалд зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурганд тэмдэглэгдсэн тоормозын мөрийн 29.8 метр уртаар Сонота-6 загварын 37-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 72 км/цаг гарч байна. Нэмэлт зүйл илрээгүй. ...” гэсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3160 дугаартай /хх-73-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 30970 дугаартай /хх-74-76/ дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-5-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-12/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-13-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-21/, хохирлын болон /хх-133-175/, хохирол төлсөн баримтууд /хх-176, 208/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Я.Дг тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2, мөн дүрмийн 12.4-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Энхболдыг мөргөж, түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Я.Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч Б.Даваадорж Б.Минжүүрдорж нарын гаргасан “...хорих ял оногдууулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.       

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Я.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасахдаа уг ялыг хэдийнээс эхлэн тоолох хугацааг зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасанд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Я.Дгийн B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж. ...” гэснийг “...шүүгдэгч Я.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж. ...” гэж өөрчлөлт оруулж, шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч Б.Даваадорж, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/996 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дгийн B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч Б.Даваадорж, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ