Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0587/З |
Дугаар | 128/ШШ2020/0043 |
Огноо | 2020-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2020/0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар бүхий “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Ө, Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороонд “Гэр хорооллын дахин төлөвлөлт-2013 багц/1” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч төслийн ажлыг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Бид дээрх төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар газар өмчлөгч, эзэмшигч аж ахуй нэгж иргэдийн 80 гаруй хувьтай гэрээ байгуулан сонгосон талбайд ерөнхий төлөвлөгөөний зургаа батлуулан орон сууцны барилга, авто зам, ногоон байгууламж, дэд бүтэц нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль цэцэрлэг, эмнэлэг, 'худалдааны төв зэрэг орон сууцны цогцолбор хорооллыг бий болгохоор зорин ажиллаж байгаа бөгөөдСонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Г блокт Монгол Улсын Засгийн газрын 118, 285 дугаар тогтоол болон түншлэлийн гэрээний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Дэд бүтэц цахилгаан: /ХТП/-13комплект 28 км кабель шугам, 10 кв-н хувиарлах байгууламж /РП/ 1 ком/, 10 кв-н 28 км кабель шугам тавих ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн.
Дулаан хангамжийн тухайд-Ус дулаан дамжуулах -4 тоног төхөөрөмж 1 дүгээр хэлхээний Цэвэр усны 125м, 2 дугаар хэлхээний 446 м цэвэр усан хангамжийн шугамын ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн. Бага төвөгшилтэй ангиллын 324 м хүчин чадал бүхий Ус дулаан дамжуулах төвийн барилга-1, 2, УДДТ-ийн 1, 2, 3 тоног төхөөрөмжийн зориулалттай байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгсөн.
Цэвэр усны хангамжийн тухайд- Гэр хорооллын цэвэр усны Ф100/250мм-ийн 1466м шугамын барилга угсралтын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэж өгсөн.
Бохир усны шугамын тухайд- Гэр хорооллын дунд төвөгшилтэй ангиллын 995 м3 чадал бүхий гадна бохир усны Ф200-300 мм-ийн шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн.
Холбооны тухайд -Холбооны 6 яндантай 1085 метр, 4 яндантай 1268 метр нийт 31 ширхэг стандартын дунд худагтай холбоо мэдээллийн худаг сувагчлалын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж улсын комисстхүлээлгэж өгсөн.
Гадна дулаан хангамжийн 2 дугаар хэлхээний шугамын 2Ф219 мм-ийн 892 м шугам сүлжээний угсралтын ажлыг хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн.
Зам-Эхний ээлжинд бид өөрсдийн хөрөнгөөр нийт 368.8 метр урттай, 6 метрийн өргөнтэй 140 метр асфальт Хучилттай авто зам, 228.6 метр сайжруулсан дайрган хучилттай шороон замыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.
Төслийн нийт талбайд хөндлөнгийн эксперт компаниудаар өндөр өртөг бүхий ТЭЗҮ захиалгаар хийлгүүлж улмаар ерөнхий төлөвлөгөөний зураг батлуулсан.
Орон сууц: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 488 айлын үйлчилгээтэй орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд одоо 96 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг энэ оны 7 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
“Х" ХХК-ийн хувьд төслийн ажлыг эхлүүлснээс хойш Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд дэд бүтцийн трасс болон барилгын суурь болон замын трассд орсон айлуудаа бүгдийг орон сууцанд нь оруулсан. Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас Нийслэлийн засаг даргын захирамж гарсан гээд 2019 оны 06 дугаар сарын 04-ний орой ажлын бус цагаар 21 цаг өнгөрч байхад манай компанийн ажилтан Б.Нандин-Эрдэнийг гэрээс нь дуудаж ахлах мэргэжилтэн П.Алтантөгс, мэргэжилтэн Э.Э нар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн гэр Хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах“ тухай А/202 тоот захирамжийг гардуулсан.
Уг захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул тесөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах” хэрэгжүүлж буй төслийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо В1 хэсэгчилсэн талбайг цуцлахаарзахирамжилсан байгаа нь төсөл хэрэгжүүлэгч компанийн эрх ашгийг ноцтой зөрчөөд зогсохгүй илтэд хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
Бид төсөл хэрэгжүүлэх батламж авснаасаа хойш гадны хөрөнгө оруулагчдад болон санхүүгийн байгууллагуудад хандаж олон улсын форум, хурал болон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож уулзалт зохион байгуулах зэргээр хичээн ажиллаж ирлээ. Хэдийгээр улс орны эдийн засгийн нөхцөл байдал муу, хөрөнгө оруулалтын орчноос хамаарч бидний ажилд хүндрэл учирсан ч багагүй зардал гарган компанийн хөрөнгөөр зам дэд бүтэц байгуулж, барилга барьж тасралтгүй ажилласаар ирсэн.
Уг захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахдаа “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2, 5.3 дугаар зүйлийг үндэслэл болгосон байдаг. Тэгвэл 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.” 5.3-д “гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заасан.
Манай компанийн хувьд төслийн эрхээ авснаас хойш барилгын ажлыг хугацаандаа эхлүүлсэн ба Б1, В1 талбайн хувьд улсаас гүйцэтгэх ёстой дэд бүтцийн асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа, ямар нэгэн зөрчил гаргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй тул Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо В1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай Нийслэлийн 3асаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 тоот захирамжид гомдолтой байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баримтлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 2013, 2014, 2018 онуудад нийт 25 байршил 76 хэсэгчилсэн талбайг баталсан бөгөөд уг 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь Улаанбаатар хотын 8 дүүргийн 1516,6 га талбайн 16317 нэгж талбарыг хамарч байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж ирсэн.
Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.2-д заасны дагуу Төслийн Удирдах Хорооны 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчим” ГХДТ-2013/1 багцын “Б1”, “В1” хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Х” ХХК шалгарсныг батламжилж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/340 дүгээр захирамж гарсан байна.
“Х” ХХК нь 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсанаас хойш 4,5 жилийн хугацаанд сонгосон /В1/ талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гурван талт гэрээ байгуулаагүй, газар чөлөөлөлт хийгээгүй, барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх тухай хугацаатай үүрэг даалгаврыг өгч, удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч төслийн ажлыг эхлүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжаар “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал орчмын “В1” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Х” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.
Уг захирамжийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Х” ХХК-ийн гэрээ хариуцсан ажилтан Н.Нд гардуулсан. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, хийсэн гэх ажлууд ньСонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ханын материал орчим /ГХДТ2013/1 багц Г блокын талбайд хийсэн ажил байх бөгөөд уг ажил нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан В1 талбайд ямар ч хамааралгүй бөгөөд тусдаа байршил юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/202 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар бүхий “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төслийн үйл ажиллагааг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн, улсаас гүйцэтгэх ёстой дэд бүтцийн асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа, ямар нэгэн зөрчил гаргаагүй, гурван талт гэрээний үүргээ зөрчөөгүй...” гэж тодорхойлсныг, хариуцагч “...төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсанаас хойш 4-5 жилийн хугацаанд өмчлөгч, эзэмшигч нартай гэрээ байгуулаагүй..., газар чөлөөлөлт хийгээгүй...барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээгүй... төслийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн боловч арга хэмжээ аваагүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг тус тус баримтлан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7дугаар хороо, Ханын материал орчмын Б1 болон В1 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Х” ХХК-ийг шалгаруулжээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-д заасныг тус тус үндэслэн“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал орчмын В1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Х” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” гэх үндэслэлээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна. Уг актаар нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг бухэлд нь заасан агуулгатай боловч нэхэмжлэгч тал зөвхөн В1 талбайн хувьд маргаж байгаа бөгөөд энэ маргааны хүхээнд цугларсан нотлох баримтуудын хүрээнд мэтгэлцээн явагдсаныг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, 18 дугаар зүйлийн 18.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид “хороо” гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг…төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна.” гэж тус тус заасан байна.
Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3.7-д “Төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн зохих гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ.” 3.9-д “Гурван талт гэрээг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай байгуулна.”, 3.11-д “Төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй.” 3.12-т “Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ.”, 3.13 “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусд эх үүсвэрээс бүрдэж болно. Төсөлд шаардагдах хөрөнгийн тавиас дээш хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлсэн тохиолдолд энэ журмын 3.12-т заагдсан ажлыг гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас төсвийн баталгааг гаргаж өгнө”, 3.15-д “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.”, 4.15-д “Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг авсныг нэг бүрчлэн хийсэн гэрээгээр нотолбол төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанд тооцож, Нийслэлийн Засаг даргад танилцуулна.” гэж тус тус журамласан, уг журмын дагуу нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Дээрхи журмыг үндэслэн нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал орчмын В1 хэсэгчилсэн талбайд нийт 73 нэгж талбар газар эзэмшигч, өмчлөгчтэй 3 талт гэрээ байгуулсан байх ба 2019 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 33 нэгж талбар газрын эзэмшигч, өмчлөгч этгээдүүд гэрээгээ цуцлах санал ирүүлснээр гэрээ цуцлагдсан, одоо хүчин төгөлдөр 40 гэрээ байгаа болох нь тус шүүхэд ирүүлсэн, Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/828 дугаар албан бичиг, түүний хавсралт баримтуудаар тогтоогдсон болно.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын 4.15-д “Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг авсныг нэг бүрчлэн хийсэн гэрээгээр нотолбол төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанд тооцож, Нийслэлийн Засаг даргад танилцуулна” гэж зааснаар тооцогдож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч гэрээнд оролцогч иргэдээс гэрээг цуцлах санал ирүүлснээр 33 гэрээ цуцлагдсан, үүнийг хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид олгосон эрхийг цуцлах нэг үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас төсөл цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээний нэг тал болох иргэд гэрээг цуцлах санал ирүүлж гэрээг цуцалсан нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэснийг нэхэмжлэгч хангахгүй болсон гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсны дараа Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсан, уг журмын 2 дугаар зүйлийн 2.21-д “Үнэлгээний хорооноос шалгаруулсан хуулийн этгээд нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг заасан хугацаанд авч чадаагүй, энэ журмын 2.17-д заасан санал хураалтад оролцсон иргэдийн дэмжлэгийг авч чадаагүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга шалгаруулалтыг дахин зохион байгуулна.” 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна.”, 4.4-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ, Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөний дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдэд нөхөх олговор олгох, нүүлгэн шилжүүлэх газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна.”, 4.8-д “Сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ.” 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, Нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.” 5.3-д“Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус нарийвчлан зохицуулжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрээнүүд, тухайлбал 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07/01 дугаар бүхий нэхэмжлэгч “Х” ХХК болон иргэн Н.Алтанчимэг нарын хооронд байгуулагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-нээс үзвэл уг гэрээ нь гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болохоор, 440 м2 газрыг 40,4 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар солихоор, “Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг” хэсгийн 3.2.1-д “Газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын 75 буюу түүнээс дээш хувьтай энэ гэрээг байгуулсан тохиолдолд гурван талт гэрээ байгуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, 3.2.4-т “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх”, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 4.1.2-т “төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх”, 4.1.4-т “Төсөл хэрэгжүүлэгч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 3.13-д заасан нөхцөлийг хангагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх байршилд барьж байгуулах инженерийн болон нийгмийн дэд бүтцэд зориулан улс, нийслэлийн төсвөөс олгосон мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах” үүрэгтэйг, 6.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд...төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах...”-аар тус тус тохиролцсон байна.
Гэвч нэхэмжлэгч нь төсөлд шалгарснаас хойших хугацаанд дээрхи гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайлбал төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулсан байх урьдчилсан нөхцөл хангагдахгүй байхаас гадна ийнхүү төслийн ажил удааширсан шалтгааныг “инженерийн дэд бүтэц шугам сүлжээ одоо хүртэл очоогүй, Нийслэлийн санхүүжилтийг олгохоор тохиролцсон байсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, уг ажлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцахаар анхнаасаа гэрээгээр тохиролцсон, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэх эрх, үүрэгт энэ талаар заагаагүй байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 4.8-д “Сонгосон талбайд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн хариуцагч Нийслэлийн засаг даргаас нэхэмжлэгч компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойшхи 4,5 жилийн хугацаанд В1 талбайд барилга угсралтын ажил эхлүүлээгүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн явц хангалтгүй гэж үзэж, уг асуудлыг Хяналтын хорооны хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/8 дугаар шийдвэрээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил гаргасан, гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн “Х” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах”-аар шийдвэрлэсний дагуу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн В1 талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь нэхэмжлэгч төсөлд шалгарснаас хойшхи хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил гэх 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц, зочид буудал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар болон холбогдох техникийн нөхцлүүдийг авч, ажлын тайлангаа хүргүүлж байсан боловч тус компанийн хийсэн гэх ажлууд нь Сонигинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын Б1 талбайд хамаарч байх бөгөөд харин В1 талбайд нийт 73 гэрээ байгуулсан боловч тэдгээрийн 33 нь цуцлагдсан, 40 нь хүчин төгөлдөр байгаа нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ныөдрийн А/202 дугаар захирамжийн /В1 хэсэгчилсэн талбай/-д хамаарах хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг... дараах нөхцөлд цуцалж болно, 49.3.1 цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, ... заасан бол гэсэн нийтлэг зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг дарга нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 5.2-т заасан “төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй...нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эрхтэй” гэж заасанд нийцэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Х” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар бүхий “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН