Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 1

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2018/00160 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХШ” ХХК-нд хариуцагдах “Ажилласан хугацааны 6  сарын цалин 617 261 төгрөг, амралтын мөнгөний олговор 403 737 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 013 998 төгрөгөөс алданги 506 999 төгрөг, нийт 1 520 997 төгрөг гаргуулах, “ХШ” ХХК-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ: “ХШ” ХХК-д 2015 оны 12 дугаар сард нягтлан бодогчоор  ажилд орсон. Гэтэл 2016 оны 6 сард цаашид хамтран ажиллах боломжгүй болсон хэмээн намайг ажлаас халсан. Ажлаас халагдах үед  2016 оны 6 сарын бодогдсон гарт олгогдох цалин 617216 төгрөг, ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгөний олговор болох 403736,84 төгрөг нийт 1013998 төгрөгийг надад олгоогүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-д зааснаар хөдөлмөрийн хөлс олгоогүй хоног тутамд 0,3% алданги төлнө гэсэн заалтыг үндэслэн авах ёстой 1013998 төгрөгөөс олгоогүй өдөр тутмын алданги нь 2016 оны 6-р сараас 2017 оны 10 дугаар сарын хугацаанд нийт 515 хоног,  1 өдрийн алданги нь 3042 төгрөг болно, тооцож үзэхэд 1566627 төгрөг бодогдож байна. Мөнгөн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалтыг үндэслэн, 506999 төгрөгийг алдангид нэхэмжилж, хийт 1520997 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б  2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 тоот “Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ”-г байгуулан ажиллаж эхэлсэн. Уг гэрээний 1.10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу туршилтын хугацааг гэрээнд оролцогч талууд 6 сар байхаар тохиролцсон. Уг хугацаа 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дуусч, “ХШ” ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу сунгагдсан гэж миний бие бодож байсан тул, энэ хугацаанд ажил үүргээ хэвийн, үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан.

 Гэтэл 2016 оны 06 дугаар сарын сүүлээр компаний менежер С.Б  надтай уулзаж “чамайг компанид цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүй, ажил олгогчийн санаачилгаар чамайг ажлаас халж байна" гэж хэлсэн. Ажлаас халсан тушаалаа гардаж аваагүй учраас ямар шалтгаанаар ажлаас халж байгаа талаар ойлгоогүй, намайг ажилдаа очиход компаний удирдлагууд ажлын байраа орхи, дахиж ажиллах шаардлагагүй, эндээс яв гэх мэт байдал 3, 4 хоног давтагдаж, аргагүй эрхэнд ажлаа орхиж явахад хүргэсэн. Үүнээс хойш би захирал Ш.О , менежер С.Б  нар руу удаа дараа залгаж, ажлаас халсан тушаал, Хөдөлмөрийн гэрээний 1 хувь, халагдах тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны цалин, компанид ажилласан хугацааны амралтын олговор зэргийг авах талаар ярилцсан боловч маргааш, нөгөөдөр ирж ав гэдэг, эсхүл утсаа авахгүй нөхцөл байдал үүссэн.

Мөн компанийн Баянзүрх дүүрэг Хужирбуланд байрлах ажлын байранд очиход эрх бүхий хүмүүс эзгүй байна гэх мэтээр надаас зугатааж хугацааг хойшлуулж явсаар өнөөг хүрсэн.

Ажлаас халсан тушаалыг надад өгөөгүй учраас Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргасны дагуу шүүгчээс захирамж гаргаж, хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу “ХШ” компаний захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот тушаалыг Г.Б  миний бие хариуцагч тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн өдрөөр гардан авсанд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасны дагуу ажлаас буруу халсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Г  2018 оны 7 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжпэгч Г.Б  нь “ХШ” ХХК-нд оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор 2016 оны 06 сарын 24-ний өдөр хүртэл буюу нийт 7 сар хугацаанд ажилласан.

2016 оны 06 сарын 20-ны үеэр Г.Б  “ХШ" ХХК- ийн удирдлагуудтайгаа уулзсан. Тэгэхэд чамайг ажлаас халж байна. Тийм учраас  зохих төлбөр тооцоо хийсэн асуудлуудаа ярилцаад ажлыг хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш компанитай төлбөр тооцоо, мөнгөний талаар тооцоогоо хийх гэсэн боловч одоог хүртэл боломж олдоогүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хувьд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Г.Б  “ХШ” ХХК-д 14 хоног ажилласан цалин болох 617,217 төгрөгийг, ажлаас халж байгаа бол ажилтантай ээлжийн  амралтын тооцоог заавал хийх ёстой байдаг. Үүний дагуу 7 сар ажилласан ажилд ногдох ажлын 403,736 төгрөг, хөдөлмөрийн хуульд зааснаар цалин хөлсийг хугацаанд нь өгөөгүй алданги 506,999 төгрөг нийтдээ 1,520,997 төгрөгийг “ХШ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн “ХШ” ХХК нь Г.Б ийг халахдаа ямар нэгэн халах болсон үндэслэлээ дурдаагүй. Ажлаас халсан тушаал дээрх үндэслэл нь ажлаа хаяж явсан гэсэн үл ойлгогдох бүхий ажлаас халсан тушаал гаргаж ажлаас халсан. Уг хугацаанд Г.Б ийг компани дээрээ ажил хөдөлмөрөө хэвийн гүйцэтгээд албан тушаал, хөдөлмөрийн гэрээ болон журмын дагуу байгууллагатай тооцоо нийлүүлэх ёстой байдаг. Гэтэл тооцоо нийлүүлэх гэсэн боловч “ХШ” ХХК Г.Б ийг тийм үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй. Мөн ажилласан 14 хоногийн цалинг нь өгөөгүй. Хатуугаар хэлбэл Г.Б ийг хөөж явуулсан шинжтэй байна. Түүнээс хойш Г.Б  нь “ХШ” ХХК-тай ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Хуучин ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Хужирбулант хаягт байрлаж байсан ажлын байран дээрээ очиход “ХШ” ХХК-ийн удирдлагууд байдаг ч уулздаггүй.

“ХШ” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг удирдлагууд нь 2 компанийн хувьцаа эзэмшдэг. 2 компани үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд “ХШ” ХХК одоо энд байхгүй, цаашид ирэх шаардлагагүй байдаг. Ажлаас халсан тушаалаа ч авч чаддаггүй мөн ажилласан хөдөлмөрийнхөө хөлсийг ч авч чаддаггүй. Тэгээд эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Тийм учраас “ХШ” ХХК-ийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 16/24 тоот ажлаас чөлөөлөх тухай албан бичиг нь ажлаас үндэслэлгүй халсан байх тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Шүүх хуралдаанд  оролцож байгаа замын зардлыг Г.Б  нь хүсэлт гэж өгсөн. Бидний хайхрамжгүй байдлаас болж зөрүүтэй байдал үүссэн учир нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн байдал гэж үзэхэд хүндрэлтэй болоод байна. Тийм учраас замын зардлын нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  шүүхэд хариу гаргасан тайлбартаа: Г.Б  нь “ХШ” ХХК-д нягтлан бодогчоор 2015 оны 12 сард ажилд ороод 2016 оны 06 сард ажлаа хаяж явсан. Тэгээд араас нь утасдаад дуудаад ирэхгүй байхаар нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халсан тушаалыг гаргасан. Би халагдсан тушаалыг аваад гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байсан. Миний дугаарыг авахаа байсан. Тэгээд өөр ажилтнуудын дугаараас залгаад утсаа аваагүй. “ХШ” ХХК-ийн ажлын байр, захирлууд, Б тэй уулзаж чадахгүй байсан гэдэг нь үндэслэлгүй байна. 1 жил 4 сарын дараа ажлаас гэнэт халсан, шалтгаангүй халагдсан гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

Г.Б ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас харахад “ХШ” ХХК-д ажиллаж байх үедээ 6 дугаар сард Хай спийд ХХК-д ажиллаж байсан байна. Үүнээс ажил хаяж яваад ажлыг цалгардуулсан нь тодорхой харагдаж байна. Ажил хаяж явсантай холбоотой компанийн ажилтнуудаа илүү цагаар ажиллуулах шаардлагатай болсон. Үүнтэй холбоотой зардлын баримтыг “ХШ” ХХК гаргаж ирж нэхэмжлээгүй байгаа.

Өмнөх шүүх хурал дээр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг. Энэ асуудлын дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Г.Б  ажил хаяж явсан нь тодорхой байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2018/00160 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасныг баримтлан хариуцагч “ХШ” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны 6 дугаар сарын цалин 617,261 төгрөг, амралтын мөнгөний олговор 403,736 төгрөг, хөдөлмөрийн хөлс олгоогүй алданги 506,999 төгрөг, нийт 1,520,997 төгрөг гаргуулах, “ХШ” ХХК-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, зам зардал 403,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч Г.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар илүү төлсөн тэмдэгтийн хураамж болох 109 486 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Б т олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  давж заалдах гомдолдоо: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00160 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах гомдлын үндэслэл: Шүүгч нь хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дэхь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 1. Ажлаас буруу халсан шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зуйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас халсан тушаалыг хулээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байгаа. “ХШ” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу ажлаас халсан тушаалыг ажилтанд өгөх үүрэгтэй.

Гэтэл компани нь ажилтан Г.Б т уг тушаалыг өгөхгүй, өөрөө авах гээд утсаар холбогдож, өмнө ажиллаж байсан ажлын байран дээрээ очиход тухай бүрт нь шалтаг хэлсээр тушаалыг өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар “ХШ” ХХК ажлаас халагдсан тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаас үзэхэд үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргах эрх нь тушаалыг гардан авсан өдрөөс эхлэн тоологдох учиртай. Харин ажлаас халагдсан тушаалыг өгөх үүрэг нь ажил олгогч буюу компанид байгаа. Гэтэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа компанийн буруутай үйл ажиллагаа байхад ажилтан буруутай мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. 2. Ажилласан өдрийн цалин, амралтын олговор, алданги 1,520,997 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагын хувьд шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйпийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т зааснаар гэж дүгнэжээ. Гэтэл хуулийн 128 дугаар зүйлд шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргааныг нэг бүрчлэн дурьдсан байгаа. Шүүх Хөдөлмөрийн тухуй хуулийн 128 дугаар зүйлийг шийдвэрийн хууль зүйн үндэслэл болгож байгаа бол эхлээд Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандсаны дараа, зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандах эрхт байхаар шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байх ойлголт юм.  

Харин Хөдөлмөрмйн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг шийдвэрийн үндэслэл болгож байгаа бол энэхүү заалт нь нэхэмжлэгч шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн тухай ойлгопт болно. Гэтэл 117 дугаар шийдвэрт 128 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй байна гэж дүгнээд, 129 дүгээр зүйлээр шаардлага гаргах хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байгаа нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хуулийн заалтыг ашиглаж шийдвэр гаргасан байгаа юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00160 дугаар шийдвэр нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Үүнд:

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Б , хариуцагч “ХШ” ХХК-ий хооронд хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан үүссэн болох нь тогтоогдож байна.

1. Ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг маргааны зүйл болон шийдвэрлэх байгууллагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх гэж ангилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр шийдвэрлэх маргааныг нэрлэн зааж, харин тэдгээрээс бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулжээ.

Нэхэмжлэгч Г.Б  нь анхны нэхэмжлэлдээ “ХШ” ХХК-иас олгогдоогүй 2016 оны 6 дугаар сарын цалин 617261 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 403736 төгрөг 84 мөнгө, тогтоосон хугацаанд цалин, олговор олгоогүйн алданги 506999 төгрөг нийт 1520997 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хэргийн 01, 02 дугаар хуудас/

Маргааны зүйл нь шүүхэд харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй цалин хөлс, олговортой холбоотой маргаан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гарган шийдвэрлүүлэх байтал гомдлоо гаргасан байдал тогтоогдохгүй байна.  /хэргийн 01, 02 дугаар хуудас/

Хэрвээ тухайн байгууллагад уг комисс байхгүй бол хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой. Аль ч тохиолдолд хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан эсэхийг тогтооход шаардах эрх үүссэн хугацаа тогтоогдсон байх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлсийг сард хоёр удаа ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар дээрх байдал тогтоогдоогүй боловч 2016 оны 6 дугаар сард олговол зохих байсан цалин гэдэгт талууд маргаагүй тул энэ үеэс шаардлага гаргах хугацааг эхлэн тоолох нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасантай нийцнэ.  Гэтэл шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “ХШ” ХХК-ий захирлын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг анхны нэхэмжлэл гаргаснаас хойш долоон сар гаруй хугацаа өнгөрсний дараа буюу хэргийг хэлэлцсэн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан байна. /хэргийн 115 дугаар хуудас/

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрээ халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн өдрөөр гардан авсанд тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж тайлбарлажээ. /хэргийн 141 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн  76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх зүйн баталгааг тогтоож өгсөн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт  ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш гомдол гаргах хугацааг тоолохоор заасан нь ажилтан хөдөлмөрлөх эрхээ зөрчигдснийг мэдсэн, мэдэх боломжтой байсан үеийг тодорхойлох, улмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг ажилтанд олгож буй хуулийн зохицуулалт юм.

 Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б   нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байна.

Хэрэв нэхэмжлэгч Г.Б  нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заажээ.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна” гэснээс өөр  үндэслэл заагаагүй тул Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хуульд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохоор заасан нөхцөл байдал, үндэслэлийг адилтган үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1-д “... хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх/...” гэсэнтэй тус тус нийцнэ.

Бусад хуульд буюу Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлдийн 221.2 дахь хэсэгт  хүндэтгэн үзэх үндэслэл гэж заасан нөхцөл байдал гэж тусгагдсан зохицуулалтаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан “...хүндэтгэн үзэх шалтгаан...” гэдэгт мөн хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацаанд гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгохоор байна.

Нэхэмжлэгч нь маргаанаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлж байсан, эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна.

Г.Б  анхны нэхэмжлэлдээ “.. 2016 оны 6 сард цаашид хамтран ажиллах боломжгүй гэж намайг гэнэт халсан...” гэж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагадаа “...2016 оны 6 сарын сүүлээр ...ажил олгогчийн санаачилгаар чамайг халж байна гэж хэлсэн...дараагийн өдрөөс эхлэн намайг ажилдаа очиход компанийн удирдлагууд ажлын байраа орхи гэх мэтээр шаардаж ажлаа үргэлжлүүлэх гүйцэтгэх боломжгүй болсон...энэ байдал 3, 4 хоног давтагдаж аргагүйн эрхэнд ажлаа орхиж явахад хүргэсэн...” гэж бичснээс түүнийг ажлаас халагдснаа энэ үед бүрэн мэдсэнг, мөн нэмэгдүүлсэн шаардлагадаа “...Үүнээс хойш захирал О , менежер Б  нар луу удаа дараа залгаж, ажлаас халсан тушаал, ...гэрээ, ...цалин олговор зэргийг авах талаар ярилцсан боловч маргааш нөгөөдөр ирж ав гэдэг, эсхүл утсаа авахгүй нөхцөл байдал үүссэн... ” гэж бичснээс ажил олгогч ажлаас халсан үйлдлээ Г.Б т илэрхийлж байсныг тус тус нотолж байна гэж үзнэ. 

Харин Г.Б  нь ажлаар, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох зэрэг үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлж ажил олгогчид хандаж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй тул ажлаас халсан тушаалыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн өдрөөс эрх зөрчигдсөнөө мэдэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэх гомдол үндэслэлгүй төдийгүй тушаалыг өгөөгүй нь гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх бололцоогүй байсан гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 129 дугаар зүйлийн 129.2-т заасантай нийцэхгүй.

Г.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн тайлбар хэргийн 21, 129 дугаар хуудсанд авагдсан байх боловч хариуцагчийн гаргасан уг тайлбаруудыг нэхэмжлэгч талаас эсэргүүцсэн, няцаасан хариу тайлбарыг  ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбарт тусгагдсан үйл баримтыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасантай нийцнэ.

Дээрх үндэслэлээр Г.Б ийн гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж мөн зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар уг хугацааг сэргээн тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Г.Б-гийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хэрэгжүүлэх эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан баримт хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан байна. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар ирүүлээгүй боловч тодорхой хүсэлтүүд гаргаж шүүхээр шийдвэрлүүлж байжээ. Шүүхээс нэхэмжлэгчийн болон хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна гэж үзэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2018/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                   П.ДОЛГОРМАА