Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00710

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2018/00160 дугаар шийдвэртэй,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2019/00001 дугаар магадлалтай, 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

ХШ ХХК-д холбогдох, 

6 дугаар сарын цалин 617.261 төгрөг, ээлжийн амралтын олговор 403.737 төгрөг,  алданги 506.999 төгрөг, хохирол хохиролд 403.320, нийт 1.931.317 төгрөг гаргуулах, ХШ ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2015 оны 12 дугаар сард ХШ ХХК-д нягтлан бодогчоор ажилд орсон. Гэтэл 2016 оны 6 сард цаашид хамтран ажиллах боломжгүй болсон хэмээн намайг ажлаас халсан. Ажлаас халагдах үед 2016 оны 6 сарын бодогдсон гарт олгогдох цалин 617.216 төгрөг, ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгөний олговор болох 403.736,84 төгрөг нийт 1.013.998 төгрөгийг надад олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-д зааснаар хөдөлмөрийн хөлс олгоогүй хоног тутамд 0,3% алданги төлнө гэсэн заалтыг үндэслэн авах ёстой 1.013.998 төгрөгөөс олгоогүй өдөр тутмын алданги нь 2016 оны 6-р сараас 2017 оны 10 дугаар сарын хугацаанд нийт 515 хоног, 1 өдрийн алданги нь 3042 төгрөг болно, тооцож үзэхэд 1.566.627 төгрөг бодогдож байна. Мөнгөн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалтыг үндэслэн, 506.999 төгрөгийг алдангид нэхэмжилж, хийт 1.520.997 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хөдөлмөрийн гэрээний 1.10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу туршилтын хугацааг гэрээнд оролцогч талууд 6 сар байхаар тохиролцсон. Уг хугацаа 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусч, ХШ ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу сунгагдсан гэж миний бие бодож байсан тул, энэ хугацаанд ажил үүргээ хэвийн, үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын сүүлээр компаний менежер С.Бат-Эрдэнэ надтай уулзаж чамайг компанид цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүй, ажил олгогчийн санаачилгаар чамайг ажлаас халж байна" гэж хэлсэн. Ажлаас халсан тушаалаа гардаж аваагүй учраас ямар шалтгаанаар ажлаас халж байгаа талаар ойлгоогүй, намайг ажилдаа очиход компаний удирдлагууд ажлын байраа орхи, дахиж ажиллах шаардлагагүй, эндээс яв гэх мэт байдал 3, 4 хоног давтагдаж, аргагүй эрхэнд ажлаа орхиж явахад хүргэсэн. Ажлаас халсан тушаалыг надад өгөөгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу ХШ компаний захирлын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот тушаалыг Г.Б- миний бие хариуцагч тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн өдрөөр гардан авсанд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасны дагуу ажлаас буруу халсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Г.Б- нь нягтлан бодогчоор 2015 оны 12 сард ажилд ороод 2016 оны 6 сард ажлаа хаяж явсан бөгөөд утасдаад дуудаад ирэхгүй байхаар нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халах тушаалыг гаргасан. Би халагдсан тушаалыг аваад гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байсан. Миний дугаарыг авахаа байсан. 1 жил 4 сарын дараа ажлаас гэнэт халсан гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Г.Б- ХШ ХХК-д ажиллаж байх үедээ 6 дугаар сард Хай спийд ХХК-д ажиллаж байсан. Үүнээс ажил хаяж яваад ажлыг цалгардуулсан нь тодорхой харагдаж байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Г.Б- ажил хаяж явсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2018/00160 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасныг баримтлан хариуцагч ХШ ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны 6 дугаар сарын цалин 617.261 төгрөг, амралтын мөнгөний олговор 403.736 төгрөг, хөдөлмөрийн хөлс олгоогүй алданги 506.999 төгрөг, нийт 1,520,997 төгрөг гаргуулах, ХШ ХХК-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, зам зардал 403.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар илүү төлсөн тэмдэгтийн хураамж болох 109.486 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2019/00001 дугаар магадлалаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2018/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч тал нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нь Г.Б-ийг 2016 оны 6 сарын 24-ний өдөр хүртэл 14 хоног ажиллуулаад 2016 оны 6 сарын 24-ний өдөр ажлаас халсан. Уг 2016 оны 6 сард ажиллуулсан 14 хоногийн цалинг 617.261 төгрөг гэж тооцон, уг цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг холбогдох байгууллагуудад төлсөн байдаг. Харин ажилтан Г.Б-т уг цалинг олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу 617.261 төгрөгийг цалин болгож ХШ ХХК-аас нэхэмжлэх эрхтэй. Уг эрхээ хэрэгжүүлэн өөрийн цалингийн мөнгийг авахаар 2017 оны 10 сар хүртэл удаа дараа компаний эрх бүхий хүмүүстэй уулзаж, тэд хариуд нь удахгүй өгнө, одоо шилжүүлнэ гэсээр өнөөг хүрсэн байгаа. Мөн Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалыг тус тус үндэслэн ажлаас халагдаж байгаа ажилтантай ээлжийн амралтын тооцоог заавал хийж, олговрыг олгох ёстой байдаг. Г.Б- нь ХШ ХХК-д 7 сар ажилласан тул бодолт хийх аргачлалын дагуу 403.737 төгрөгийг ээлжийн амралтын олговорт авах учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин, хөлсийг олгох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар алданги төлөх хуулийн зохицуулалттай учир цалин, ээлжийн амралтын олговор 1.013.998 төгрөгөөс алданги 506.999 төгрөгийг ажилтанд олгоно. Иймд ХШ ХХК-аас цалин, ээлжийн амралтын олговор 1.013.998 төгрөг, алданги 506.999 төгрөг, нийт 1.520.997 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Мөн 2016 оны 6 сарын 24-ний өдрийн ХШ ХХК-ийн захирлын 16/24 тоот тушаалын 1 дэх хэсэгт ажлаас халах болсон үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг гэсэн байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэг байдлаар сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй болно. ХШ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу ажлаас халсан тушаалыг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл компани нь ажилтан Г.Б-т уг тушаалыг өгөхгүй, өөрөө авах гээд утсаар холбогдож, өмнө ажиллаж байсан ажлын байран дээрээ очиход тухай бүрт нь шалтаг хэлсээр тушаалыг өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ажлаас халагдсан тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаас үзэхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргах эрх нь тушаалыг гардан авсан өдрөөс эхлэн тоологдох учиртай. Харин ажлаас халагдсан тушаалыг өгөх үүрэг нь ажил олгогч буюу компанид байгаа. Хариуцагч ХШ ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад ажилтан буруутай мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийг шийдвэрийн хууль зүйн үндэслэл болгож байгаа бол эхлээд Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандсаны дараа, зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандах эрхтэй байхаар шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байх ойлголт юм. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг шийдвэрийн үндэслэл болгож байгаа бол энэхүү заалт нь нэхэмжлэгч шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн тухай ойлголт болно. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй гэж дүгнээд, 129 дүгээр зүйлээр шаардлага гаргах хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хуулийн заалтыг ашиглаж шийдвэр гаргасан. Иймд шийдвэр, магадлал нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Б- ХШ ХХК-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын олгогдоогүй цалин 617.261 төгрөг, ээлжийн амралтын олговор 403.737 төгрөг, алданги 506.999 төгрөг, нийт 1.520.997 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ХШ ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хохиролд 403.320 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, Иргэний хуулийн 76 дугаар зүйлд  заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч цалин гаргуулах, ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэлээ эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан үеэс хөдөлмөрийн маргаан таслах комисс, уг комисс байхгүй бол шүүхэд гурван сарын дотор, ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б- хариуцагч ХШ ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр туршилтын 6 сарын хугацаагаар нягтлан бодогчийн ажилд орсон, тэрээр 2016 оны 6 дугаар сарын сүүлчээс ажил үүргээ гүйцэтгээгүйг зохигч хэн аль нь маргаагүй байна.

Дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч анх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандаж, ажиллаж байх хугацааны цалин, ээлжийн амралтын олговор гаргуулах нэхэмжлэл, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилд эгүүлэн тогтоолгох, хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг хүлээн авсан эсэх нь ажлаас буруу халсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй бөгөөд хэтрүүлсэн хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2018/00160 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2019/00001 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

        ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ