Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2022/000491

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг 11-р хороолол ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-т холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 11ий өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.*******ийн хүсэлтээр 2021 оны 7 дугаар сард 09-ний өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 1,000,000 төгрөгийг Т.*******т зээлсэн. 1 сарын хугацаатай зээлнэ гэж авсан. Сар болгоод өгнө гэсэн боловч өгөхгүй хүүгээ өгч сунгаж явсан. 3-4 сарын дараа мөнгөө авъя гэж хэлсэн боловч дахин 1 сараар сунгаж явсан. Сүүлд мөнгөө нэхсэн боловч өгч чадахгүй 500,000 төгрөг өгнө гэж хэлсэн. 6-7 сар сунгасан. Хүүд 700,000 төгрөгийг авсан санагдаж байна. Зээлсэн мөнгөө авах хүсэлтэй байна. 2022 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын хүү 200,000 төгрөг байгаа. Нийт 1,200,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******гаас 1,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Тохирсон ёсоор би өөрийн дансаар Б.*******гийн данс руу нийт 500,000 төгрөг хийсэн. 1 дүгээр сард аавын бие муу Дархан аймагт сэхээнд орж 10 гаруй хонож ярих боломжгүй байсан ба буцаагаад залгахад утас нь холбогдохгүй, 5 өдөр ярьж нэг дэх өдөр мөнгийг нь зохицуулаад өгье гэсэн. Би барилгын ажил хийж байсан. Цалин орохгүй байсаар хэд хэдэн удаа сунгаж мөнгийг өгч байсан. 1,000,000 төгрөгийг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн, хүүд 700,000 төгрөгийг өгсөн. Үндсэн 500,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна  гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, Б.*******гийн Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан 1,200,000 төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т.*******ийн хүсэлтээр 1,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Хүүний мөнгө 700,000  төгрөг авсан. Иймд Т.*******ээс зээлсэн мөнгө 1,000,000 төгрөг, 2 сарын хүү 200,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч Т.******* нэхэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...зээлсэн мөнгөнөөс 700,000 төгрөгийг төлсөн, нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй...” гэж тайлбарладаг.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******т  2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, талууд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд  хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөр гэж 700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, зохигч энэ талаар маргахгүй байна.

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх,  зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,  тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг  тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан бөгөөд Б.*******,  Т.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан байх ба зохигч зээлийн гэрээг сунгаж, бичгээр гэрээ байгуулаагүй атлаа нэхэмжлэгч зээлийн хүүний төлбөрт 700,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

7. Талуудын хооронд  2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг, хүүнд 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг төлөх ёстой бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 700,000 төгрөг төлснийг уг төлбөрөөс хасахад үлдэгдэл 400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байгаа хэдий ч хариуцагч Т.******* нь шүүх хуралдаанд 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 500,000 төгрөгийг хариуцагч Т.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* /РД:/-ээс 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 700,000  /долоон зуун мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ