Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2022/00069

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2022/00069

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.*******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00491 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.*******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.*******ийн хүсэлтээр 2021 оны 7 дугаар сард 09-ний өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 1.000.000 төгрөгийг Т.*******т зээлсэн. 1 сарын хугацаатай зээлнэ гэж авсан. Сар болгоод өгнө гэсэн боловч өгөхгүй хүүгээ өгч сунгаж явсан. 3-4 сарын дараа мөнгөө авъя гэж хэлсэн боловч дахин 1 сараар сунгаж явсан. Сүүлд мөнгөө нэхсэн боловч өгч чадахгүй 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. 6-7 сар сунгасан. Хүүд 700.000 төгрөгийг авсан санагдаж байна. Зээлсэн мөнгөө авах хүсэлтэй байна. 2022 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын хүү 200.000 төгрөг байгаа. Нийт 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.*******гаас 1.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Тохирсон ёсоор би өөрийн дансаар Б.*******гийн данс руу нийт 500.000 төгрөг хийсэн. 1 дүгээр сард аавын бие муу Дархан аймагт сэхээнд орж 10 гаруй хонож ярих боломжгүй байсан ба буцаагаад залгахад утас нь холбогдохгүй, 5 өдөр ярьж нэг дэх өдөр мөнгийг нь зохицуулаад өгье гэсэн. Би барилгын ажил хийж байсан. Цалин орохгүй байсаар хэд хэдэн удаа сунгаж мөнгийг өгч байсан. 1.000.000 төгрөгийг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн, хүүд 700.000 төгрөгийг өгсөн. Үндсэн 500.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00491 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Тайж овогт Түвшинбаярын ******* /РД:ФВ85100404/-ээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 700.000 /долоон зуун мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагч Т.*******ээс хоорондоо тохирсон гэрээний дагуу зээлдүүлсэн 1.000.000 төгрөгөө бүрэн авах хүсэлтэй байгаа шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Тайж овогт Түвшинбаярын ******* /РД:ФВ85100404/-ээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 700.000 /долоон зуун мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******т 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийн хүүгийн төлбөр гэж хариуцагч нь 700.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж 500.000 төгрөгийг хариуцагч Т.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ .

Нэхэмжлэгч нь зээлдүүлсэн 1.000.000 төгрөгөө бүрэн авах хүсэлтэй байгаа шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч хавтас хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан 1.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, үүнээс өөр үндсэн зээл болон хүүнд хэдэн төгрөг өгч авалцсан баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан ...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 21.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00491 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 21.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР