Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 119

 

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02449 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЧС” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 20.983.508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Сэргэлэнтэй ТКЕК-MN20145836 тоот Цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулж, зорчигчийн цахилгаан шат 2 ширхэгийг нийт 102.774 ам.доллараар иргэн Д.Сэргэлэнгийн барьж буй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж 22 тоот барилгад нийлүүлж, угсрахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд хэсэгчлэн нийт 96.634 долларыг төлж, 6.140 ам долларын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хойшлуулсаар байна. Иймд хариуцагчаас 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 6.140 доллар буюу 15.096.049 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 5.887.459 төгрөг, нийт 20.983.508 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК болон иргэн Д.Сэргэлэн нар 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан. “Т” ХХК танай компани цахилгаан шатаа эхний ээлжинд хүлээгээд авчих, дараа нь манайх шаардлагатай засварын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж хэлсний дагуу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн актаар уг цахилгаан шатыг хүлээж авсан. Гэвч ажлыг нь хүлээж авснаас хойш засварын ажил нэг ч удаа хийгдээгүй. Үүнээс шалтгаалан манай барилгын цахилгаан шат өнөөдрийг хүртэл дуу чимээ ихтэй, савлалттай, зарим товчлуур ажиллахгүй, цахилгаан шатны түвшин зөрүүтэй, цахилгаан шатны хаалганы порем зөрүүтэй байдалтай байна. Манай компаний зүгээс хууль болон гэрээнд заасан эрхийн дагуу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй. “Т” ХХК нь гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ-Оюутын нэрээр нэхэмжлэл гаргасан. Гэвч манай компанийн зүгээс Б.Эрдэнэ-Оюут захиралтай холбогдоход би нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлд гарын үсэг зураагүй, компани дээрээ 2018 оны 7 дугаар сараас хойш очоогүй гэсэн хариуг өгсөн. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд Тиссен ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ЧС” ХХК-иас 15.096.049 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20.983.508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чойжин сүйтс ХХК-иас 233.430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ЧС” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу хариуцагчаар маргааны зүйл болох гэрээний тал бус манай “ЧС” ХХК-ийг хариуцагчаар татаж, ТКЕК1МN20145836 тоот гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтын талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“ЧС” ХХК нь нэхэмжлэгч байгууллагад дээрх ажлын хөлсний үлдэгдэл 6 410 ам.долларыг төлөхөө илэрхийлж, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 18\10 албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар бусдын төлбөл зохих 6 140 ам.долларын өрийг хүлээн зөвшөөрч өөртөө шилжүүлж авсан гэж үзэв.” гэж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу дүгнэж, хэрэгт ач холбогдолтой гэх нотлох баримтууд нь хууль тогтоомжийн хувьд хүчин төгөлдөр эсэх талаар үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь, Иргэний хуулийн 124 дугээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт заасан хуулийн зохицуулалтаас үзвэл өр шилжихэд үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсан байх шаардлагатай бөгөөд уг гэрээ нь хэлбэрийн хувьд үүрэг бий болгосон гэрээний хэлбэртэй адилхан байна. Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК болон манай компаниудын хооронд Өр шилжүүлэх тохиролцоо бүхий ТКЕК1МN20145836 тоот гэрээтэй адил хэлбэрээр буюу бичгээр байгуулагдсан гэрээ огт байхгүй бөгөөд дээрх агуулга бүхий тохиролцоо хийгээгүй болно. Түүнчлэн манай компани нь Д.Сэргэлэнгийн өмчлөлийн барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаагийн хувьд нэхэмжлэгчийн нийлүүлсэн 2 цахилгаан шатыг хүлээж, ашиглалттай холбоотой зөрчлийг арилгуулах, засвар үйлчилгээг хийлгүүлэх зорилгоор тус компанитай удаа дараа албан бичгээр бусад хэлбэрээр харилцаж байсан бөгөөд анхан шатны шүүхээс “Өр шилжүүлэх хэлцэл” гэж дүгнэсэн, манай компанийн менежер О.Мөнхбаярын гарын үсэг бүхий 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 14\10 дугаартай албан бичиг тэдгээрийн нэг юм. Мөн О.Мөнхбаяр нь Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал биш, эсхүл түүнээс маргаан бүхий асуудлаар аливаа этгээдтэй хэлцээ хийх эрх олгогдсон этгээд биш юм. Гэтэл шүүхээс дээрх уг албан бичгийг Иргэний хуулийн 124.1-д нийцсэн “Өр шилжүүлэх хэлцэл” мэтээр эсхүл өмнө талуудын хооронд өр шилжүүлэх талаар хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасны дагуу хожим манай компанийн хүлээн зөвшөөрсөн мэтээр ойлгомжгүй, нотлох баримтад үндэслээгүй, таамагласан шинжтэй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “ЧС” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 15.096.049 төгрөг, алданги 5.887.459 төгрөг, нийт 20.983.508 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Нэхэмжлэгч “Т” ХХК нь  Д.Сэргэлэнтэй 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Цахилгаан шат нийлүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй иргэн Д.Сэргэлэнгийн барилгад стандарт, чанарын шаардлага хангасан “ThyssenKrupp” брэндийн 2 ширхэг 14 зогсоолтой лифтийг нийлүүлэх, угсарч, суурилуулан хүлээлгэн өгөхөөр, Д.Сэргэлэн нь гэрээний нийт үнэ 102.744 ам долларыг гэрээнд заасан үе шаттайгаар төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоногт 0.3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн  11-16/

Анхан шатны шүүх талуудын хооронд  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

“Т” ХХК нь  2017 оны 3 дугаар сарын 28-нд захиалагчид ажлыг хүлээлгэн өгч акт үйлдсэн, 2017 оны 9 дүгээр сарын 15-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас суурилуулсан лифтүүдэд техникийн магадлал хийн ашиглах зөвшөөрлийг олгож улмаар 3812, 3814 дугаарт бүртгэсэн, “ЧС” ХХК нь нийт  96.634 ам долларыг хуваарийн дагуу нэхэмжлэгчид хэсэгчлэн төлсөн, Д.Сэргэлэнтэй байгуулсан дээрх гэрээний зүйл болох лифтийн ашиглалтыг хариуцаж байгаа,  үлдэх төлбөр 6.140 ам долларыг төлөөгүй зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 5-8,   68-77/

Хариуцагч нь ажлын үр дүнгийн доголдлын талаар тайлбар гаргасан байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байв.

“ЧС” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18/10 албан бичгээр нэхэмжлэгч байгууллагад дээрх ажлын хөлсний үлдэгдэл 6.140 ам долларыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 48/, 2 байгууллагын нягтлан бодогч нар 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлбөр тооцоог нэг бүрчлэн нийлж үзэхэд “ЧС” ХХК 6.140 ам долларын өртэй гарсныг харилцан баталгаажуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн /хх-ийн 5/ зэргийг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь  Д.Сэргэлэнгийн төлбөл зохих 6.140 ам долларын өрийг хүлээн зөвшөөрч өөртөө шилжүүлж авсан гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин талуудын тооцооны үлдэгдлийн баталгаанд алдангийн талаар заагаагүй, анзын гэрээг “ЧС” ХХК-тай байгуулаагүй тул анхан шатны шүүх алдангийг хариуцагчаас тооцон гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Иймд шүүх 6.140 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ам доллар, төгрөгтэй харьцах ханшаар хөрвүүлж хариуцагчаас 15.096.049 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дах хэгсэгт нийцсэн байна.

“ЧС” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18/10 албан бичигт менежер О.Мөнхбаяр гарын үсэг зурсан, тус компанийн нябо Д.Уранцэцэг, менежер О.Мөнхбаяр нар нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш боловч Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй  байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02449 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 233 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                    ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                            Н.БАТЗОРИГ