Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2022/00557

 

,

 

 

 

                                         

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 20-р хороо Чингисийн өргөн чөлөө Номин Юнайтед төвийн ******* “” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ФБ59110590/-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага:  эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  *******, ******* /цахим/, /цахим/,

Хариуцагч И.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов. 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Дамдин овогтой Гоётуул нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан Орхон аймаг, Баян-өндөр сум, 3-р баг, 12-р байр, 17 тоот орон сууцыг даатгуулсан. 2021 оны 08 дугаар сарын 11-ний шөнө хариуцагч И.*******ын 22 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас даатгуулагчийн өмчлөлийн байранд 707 000 төгрөгийн хохирол учирсан болохыг “” ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож хохирлыг бүрэн барагдуулсан болно. Монгол улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, мөн Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.9-д заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг тул дээрх даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох 707 000 /долоон зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2.Хариуцагч И.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Ичинхорлоо овогтой ******* 3-р микрийн 12-р байрны 22 тоотод оршин суудаг. Манай гэр бүлийнхэн зун амрахаар 2021 оны 8 дугаар сарын 08 ны өдөр Хөвсгөл явсан бөгөөд биднийг гэртээ байхгүй хооронд буюу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай гал тогооноос бага зэрэг ус алдсан байсан бөгөөд доод давхрын 19 тоотын айл руу ус орж ирэхэд дуудлага өгч хаалга эвдэж орж ус алдалтыг зогсоосон байсан.

СӨХ-оос ярихаар нь яараад буцаж ирсэн. Бид нар ирээд байж байхад нэг настай хүн орж ирсэн. Тэр настай хүн ус орсон засвар гэж ярихаар нь бид 19-н тоотын айлын хүн гэж ярилцаад 19 тоотын яг доод айлдаа санаа зовоод засвар энэ тэр гэж бодоод орж харсан доод айлын хүн бага зэрэг ус хана дагаж орсон тул санаа зоволтгүй гэсэн болохоор нь зүгээр орхисон. Гэтэл одоо 19 тоот биш бүр 2 дугаар давхрын 17 тоотын айлд хохирол гарсан гэхээр их гайхаж байна. Манайх 4 давхарт байдаг 3 давхрын айлууд зүгээр байтал яагаад 2-р давхрын айлд манайх засварын зардал гаргаж өгөх болсон юм бол, мөн тэр 17-н тоотын айлууд хэрэв тэр ус алдалтаар хана туурга нь засвар хийх шаардлагатай байсан бол биднийг дуудаж үзүүлж ярилцахгүй ямар нөхцөлөөр дүгнэлт гаргуулж биднээс засварын мөнгө нэхэмжилж байгааг шалгуулах хэрэгтэй гэж бодож байна. Доод давхрын айлууд бол манайхаас болж гэж хар ухаанаар бодож үзэх байлаа. Гэтэл бүр 2 дугаар давхрын айл гэхээр гайхаж байна. Ямар засвар хийсэн болоод 707,000 төгрөгний засвар хийгдсэн, яагаад 2-р давхрын айлын засварын зардлыг манайх гаргах учиртай юм. Бид нарт үзүүлж харуулаагүй, яаж тэр ус алдалтаас шалтгаалж засвар хийсэн гэж үзэж байгаа юм. Манайх 3-р давхрын айлуудын гомдол бол шийдэж өгнө. Харин 2-р давхар болохоор дахиж шалгуулах хүсэлтэй байна. Би энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

 

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “...даатгалын компани нь тухайн хүнтэй учраа олох хэрэгтэй юм байна. Хохирлыг үнэн зөвөөр тогтоож, мэргэжлийн хүмүүс нь оролцоод яг хариуцагчийн буруу мөн эсэхийг шударгаар тогтоогоосой гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан.

 

4.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, -ийн Голомт банкин дахь дансны хуулга, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ, Д.Гоётуулын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, “Шинэ өргөө 11” СӨХ-ны тодорхойлолт, Д.Гоётуулын -ийн Орхон салбарт гаргасан өргөдөл, даатгалын нөхөн төлбөр 707000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт, Орон сууцны даатгалын нөхөн төлбөрийн шийдвэр, даатгалын тохиолдлын тэмдэглэл, “” ХХК-ийн үнэлгээний тайлан, ус алдсан байрны гэрэл зургуудыг ,

Хариуцагчаас: *******, 3-12-19, 3-12-17 тоот байрны хаалганы тайлбар хийсэн гэрэл зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

 

            Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч И.*******д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хариуцагч И.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүх болон шүүх хуралдаанд гаргасан.

 

3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч И.*******ын амьдардаг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн ******* тоот орон сууцны гал тогооноос 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ус алдсан.

 

Тус байрны 3-12-17 тоот орон сууцны өмчлөгч Д.Гоётуул нь нэхэмжлэгч “” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээг 2020 оны 09 сарын 23-нд 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 12.00 цагт “” ХХК-ийн Орхон салбарт дээд айл буюу хариуцагч И.*******ын амьдардаг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн ******* тоот орон сууцнаас ус алдсаны улмаас “обой норж, шарласан, таазны шохой норж шарласан, хаалга норж гажсан” хохирол учирч даатгалын тохиолдол үүссэн  талаар мэдэгдсэн байна.

 

-нь гэрээнд зааснаар “” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, “Шинэ өргөө 11” СӨХ-ны тодорхойлолтод үндсэн даатгуулагч буюу Д.Гоётуулд даатгалын нөхөн  төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 707000 төгрөгийг шийдвэрлэж, шилжүүлсэн байна.

 

4. Ийнхүү даатгуулагчид нөхөн төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “...гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “...буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж заасны дагуу хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид хуулиар шилжсэн бөгөөд  нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгөд  учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх үүссэн байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийнхаас ус алдсаныг СӨХ тогтоосон бөгөөд хохирлын хэмжээг ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон, даатгалын байгууллага ус юунаас болж алдсан болон гэм бурууг шалгаж тогтоохгүй...” гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн.

6. Хариуцагч И.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Манайх 4 давхарт байдаг 3 давхрын айлууд зүгээр байтал яагаад 2-р давхрын айлд манайхаас ус алдсаны улмаас засвар хийх шаардлагатай болсон юм. 17-н тоотын айлд хэрэв тэр ус алдалтаар хана туурга нь засвар хийх шаардлагатай байсан юм бол биднийг дуудаж үзүүлж ярилцахгүй ямар нөхцөлөөр дүгнэлт гаргуулж биднээс засварын мөнгө нэхэмжилж, ямар засвар хийсэн болоод 707,000 төгрөгний засвар хийгдсэн, яагаад 2-р давхрын айлын засварын зардлыг манайх гаргах учиртай юм...” гэж  гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

7. Хариуцагч И.*******ын амьдарч буй орон сууц нь 4 давхарт байдаг бөгөөд ус алдсанаас болж хохирол учирсан гэх тус байрны 3-12-17 тоот нь уг байрны 2 дугаар давхарт байдаг болох нь тогтоогддог бөгөөд хариуцагчийнхаас ус ямар шалтгаанаар алдсан, ус алдсаны улмаас 3-12-17 тоот орон сууцанд хохирол учирсныг эрх бүхий мэргэжлийн байгууллага шалгаж тогтоогоогүй, зөвхөн уг орон сууцыг хариуцаж ажилладаг СӨХ-ны тодорхойлолтод үндэслэн хариуцагчийг гэм буруутай гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас,эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.  Өөрөөр хэлбэл гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь ... гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүсдэг.

9. Нэхэмжлэгч тал “...2021 оны 08 дугаар сарын 11-ний шөнө хариуцагч И.*******ынхаас ус алдсаны улмаас даатгуулагчийн өмчлөлийн байранд хохирол учирсан...” гэж, хариуцагч И.******* “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай гал тогооноос ус алдсан...” гэж, даатгуулагч буюу орон сууцны өмчлөгч Д.Гоётуул “...2021 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ус алдсан гэж даатгалын компанид 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12,00 цагт даатгалын тохиолдлыг мэдэгдсэн...”, “Шинэ өргөө 11” СӨХ “...******* тоотод оршин суух иргэн нь 2021 оны 08 дугаар сарын 10-наас 8 сарын 11-нд өөрсдийн болгоомжгүй хариуцлагагүй үйлдлээс болж ус алдаж доод айл буюу 3-12-17 тоотод хохирол учруулсан...” гэж ус алдсан үйл баримтын талаар зөрүүтэй тайлбар, тодорхойлолт гаргаж байгаа бөгөөд хариуцагч  И.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас ус  хэзээ алдсан, ус алдсаны улмаас даатгуулагчийн өмчлөлийн орон сууцанд хохирол учирсныг шалгаж тогтоосон баримт байхгүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

10. Иймд дээрх үндэслэлүүдээр болон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон ийн “...хохирлыг үнэн зөвөөр тогтоож, мэргэжлийн хүмүүс нь оролцоод яг хариуцагчийн буруу мөн эсэхийг шударгаар тогтоогоосой гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтэд үндэслэн  нэхэмжлэгч “” ХХК-ийн хариуцагч И.*******аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-ийн хариуцагч И.*******аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                            Б.ХИШИГДАВАА 

                                                                Ц.ДАГИЙМАА