Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2022/00070

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2022/00070

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч И.*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2022/00557 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.*******д холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярсайхан, Э.Төгсжаргал, Б.Сансар нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Сансар /цахим/, хариуцагч И.*******, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярсайхан, Э.Төгсжаргал, Б.Сансар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Даатгуулагч Дамдин овогтой Гоётуул нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК-тай Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулан Орхон аймаг, Баян-өндөр сум, 3-р баг, 12-р байр, 17 тоот орон сууцыг даатгуулсан. 2021 оны 08 дугаар сарын 11-ний шөнө хариуцагч И.*******ын 22 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас даатгуулагчийн өмчлөлийн байранд 707 000 төгрөгийн хохирол учирсан болохыг Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож хохирлыг бүрэн барагдуулсан болно. Монгол улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, мөн Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.9-д заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг тул дээрх даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох 707.000 /долоон зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч И.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ичинхорлоо овогтой ******* 3-р микрийн 12-р байрны 22 тоотод оршин суудаг. Манай гэр бүлийнхэн зун амрахаар 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл явсан бөгөөд биднийг гэртээ байхгүй хооронд буюу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай гал тогооноос бага зэрэг ус алдсан байсан бөгөөд доод давхрын 19 тоотын айл руу ус орж ирэхэд дуудлага өгч хаалга эвдэж орж ус алдалтыг зогсоосон байсан. СӨХ-оос ярихаар нь яараад буцаж ирсэн. Бид нар ирээд байж байхад нэг настай хүн орж ирсэн. Тэр настай хүн ус орсон засвар гэж ярихаар нь бид 19-н тоотын айлын хүн гэж ярилцаад 19 тоотын яг доод айлдаа санаа зовоод засвар энэ тэр гэж бодоод орж харсан доод айлын хүн бага зэрэг ус хана дагаж орсон тул санаа зоволтгүй гэсэн болохоор нь зүгээр орхисон. Гэтэл одоо 19 тоот биш бүр 2 дугаар давхрын 17 тоотын айлд хохирол гарсан гэхээр их гайхаж байна. Манайх 4 давхарт байдаг 3 давхрын айлууд зүгээр байтал яагаад 2-р давхрын айлд манайх засварын зардал гаргаж өгөх болсон юм бол, мөн тэр 17-н тоотын айлууд хэрэв тэр ус алдалтаар хана туурга нь засвар хийх шаардлагатай байсан бол биднийг дуудаж үзүүлж ярилцахгүй ямар нөхцөлөөр дүгнэлт гаргуулж биднээс засварын мөнгө нэхэмжилж байгааг шалгуулах хэрэгтэй гэж бодож байна. Доод давхрын айлууд бол манайхаас болж гэж хар ухаанаар бодож үзэх байлаа. Гэтэл бүр 2 дугаар давхрын айл гэхээр гайхаж байна. Ямар засвар хийсэн болоод 707.000 төгрөгний засвар хийгдсэн, яагаад 2-р давхрын айлын засварын зардлыг манайх гаргах учиртай юм. Бид нарт үзүүлж харуулаагүй, яаж тэр ус алдалтаас шалтгаалж засвар хийсэн гэж үзэж байгаа юм. Манайх 3-р давхрын айлуудын гомдол бол шийдэж өгнө. Харин 2-р давхар болохоор дахиж шалгуулах хүсэлтэй байна. Би энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Тунгалаг

Даатгалын компани нь тухайн хүнтэй учраа олох хэрэгтэй юм байна. Хохирлыг үнэн зөвөөр тогтоож, мэргэжлийн хүмүүс нь оролцоод яг хариуцагчийн буруу мөн эсэхийг шударгаар тогтоогоосой гэж хүсэж байна... гэсэн дүгнэлт гаргасан.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2022/00557 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч И.*******аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярсайхан, Э.Төгсжаргал, Б.Сансар нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Номин Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгсжаргал, Б.Сансар, П.Баярсайхан бид шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2022/00557 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дор дурдсан гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Номин Даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохиролд 707.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ 9....... И.*******ын гэмбуруутай үйлдлийн улмаас ус хэзээ алдсан, ус алдсаны улмаас даатгуулагчийн өмчлөлийн орон сууцанд хохирол учирсныг шалгаж тогтоосон баримт байхгүй байхгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй" гэжээ. Хариуцагчийн орон сууцнаас ус алдсан болохыг Шинэ-Өргөө 11 Сууц өмчлөгчдийн холбоо тодорхойлсон, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярсайхан өөрийн биеэр очиж даатгуулагчийн байранд үзлэг хийсэн. Харин хариуцагч И.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа Уурхайчин багийн харьяа 3-р баг, 12-р байрны 22 тоотод оршин суух байрнаас 2021 оны 08 дугаар г сарын 11-ний өдөр манай гал тогооноос бага зэрэг ус алдсан байсан бөгөөд доод давхрын 19 тоотын айл руу ус орж ирэхэд дуудлага өгч хаалга эвдэж орж ус алдалтыг зогсоосон байсан. ...бага зэрэг ус хана дагаж орсон тул санаа зоволтгүй гэсэн болохоор зүгээр орхисон гэж маргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч гэрээс нь ус алдсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан үндэслэлээ нотлох үүргээ мөн биелүүлээгүй. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзалтай холбоотой баримтыг өөр, өөр байдлаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх бүхий мэргэжлийн байгууллагаар шалгаж тогтоолгоогүй гэсэн байна. Иймд нэхэмжлэгч нь хууль ёсны эрх ашгаа хамгаалахаар ОСНААУГ-аас тодорхойлолт авах, мөн ус алдалтыг зогсоосон сан техникийн ажилтнаас тухайн үеийн нөхцөл байдлын тухай гэрчийн мэдүүлэг авах зэрэг байдлаар хариуцагчийн гэм бурууг нотлох боломжтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч И.*******д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч И.*******аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч И.*******ын амьдардаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-12-22 тоот орон сууцны гал тогооноос ус алджээ.

Нэхэмжлэгч Д.Гоётуул нь 2020 оны 09 дүгээр сарын 23-нд ******* ХХК-тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулжээ.

2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 12.00 цагт ******* ХХК-ийн Орхон салбарт дээд айл буюу хариуцагч И.*******ын амьдардаг 3-12-22 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас обой норж, шарласан, таазны шохой норж шарласан, хаалга норж гажсан хохирол учирч даатгалын тохиолдол үүссэн талаар мэдэгджээ.

******* ХХК нь гэрээнд зааснаар Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Шинэ өргөө 11 СӨХ-ны тодорхойлолтыг үндэслэн үндсэн даатгуулагч буюу нэхэмжлэгч Д.Гоётуулд даатгалын нөхөн төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 707.000 төгрөгийг шилжүүлжээ.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д ...гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д ...буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж  зааснаар хохирол нэхэмжлэх эрх ******* ХХКд шилжсэн байна.

******* ХХК нь хариуцагч И.*******аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч И.*******аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 707.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Н.Тунгалагийн гаргасан дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэл болгож хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярсайхан, Э.Төгсжаргал, Б.Сансар нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 21.518 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2022/00557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярсайхан, Э.Төгсжаргал, Б.Сансар нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярсайхан, Э.Төгсжаргал, Б.Сансар нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 21.518 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР