Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 142/шш2022/00658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны   дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В.Б нэхэмжлэлтэй, /утас: 997 3767/

Хариуцагч: Э.Ө холбогдох, /утас: /,

Нэхэмжлэлийн шаардлага: 3 437 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгч В.б,

Хариуцагч Э.ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.енар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Э.өгийн хүсэлтээр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хийморь худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Солонгос бөөний лангуунаас тав, арван төгрөг нэмээд би өөрийн оффисс болох 1-р микрийн 16-р байрандаа тавьж зараад тантай тооцоогоо хийгээд байя гэсэн. Э.өгийн саналыг би хүлээн зөвшөөрч хамтран ажиллах болсон. Ингээд Э.өгаас 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 20, 23, 27, 29, 30,31 мөн пүүз болон хувцас бараа авч явсан тэмдэглэлийг дурдвал 05 дугаар сарын 17-нд 934 000 төгрөг, 05 дугаар сарын 20-нд 335 000 төгрөг, 05 дугаар сарын 22-нд 1893 төгрөг, 05 дугаар сарын 23-нд 571 000+210 000 төгрөг, 05 дугаар сарын 25-нд 335 000+830 000 төгрөг, 05 дугаар сарын 27-нд 595 000+125 000 төгрөг, 05 дугаар сарын 17-нд 425 000 төгрөг, 05 дугаар сарын 30-нд 141 000 төгрөг, 05 дугаар сарын 31-нд 275 000 төгрөг, 06 дугаар сарын 07-нд 130 000 төгрөг, нийт 6 799 000 төгрөгийн бараа авсан. Түүнээс миний данс руу 1 261 000 төгрөгийг өгсөн. Буцсан бараа нь нийт 2 101 000 төгрөг болсон. Ингээд үлдэгдэл 3 437 000 төгрөг үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч хамт тооцоогоо хийж тулгаад 8 дугаар сардаа төлнө бас тооцоо хийгээгүй хүмүүс маш их байгаа гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар сар ч гарсан дуусгах байтугай утсаа ч авахаа больсон. Би хаана байна уулзая гэрт нь очвол ярих юм байнаа гэтэл гэрт очвол цагдаад өгнө үр хүүхэд гэр бүл дарамталлаа гэж өгнө гээд бас л утсаа авахаа больсон. Нэг өдөр охин маань фэйсийн группийнхээ нэг хүнд миний болон ээжийн минь утсыг авахгүй байна залгаад өгөөч гээд бичтэл ө залгасан. Ингээд миний нэр төрийг гутаалаа гээд шүүхэд хандаж 4 500 000 төгрөг нэхэмжилсэн. Э.өгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож одоо миний баримт болох хар дэвтэр хавтаст хэрэгт хавсаргасан байгаа тул миний баримт болох зүйл би товчхон он сар өдрөөр нь бичлээ. Мөн нөхөр хүүхэд нь хүртэл ирж бараа авдаг байсан тул би маш их итгэж байлаа. Одоо би үлдэгдэл 3 437 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

2. Хариуцагч Э.ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Би өөрөө хүсэлт тавьж энэ хүнээс бараа аваагүй. Анх б өөрөө ирж манай оффис дээр пүүз зарж байна, чи зарж өгч тус болооч гэж 22 ширхэг том жижиг нийлсэн пүүз хогийн хар торонд хийсээр барьж орж ирсэн. Манай түрээслэгч надтай хамт байсан болохоор мэдэж байгаа. Маргааш өдөр би 3 ширхэгийг зарсан, 19-г нь авахуу гэж хэлэхэд за тэгье, эгч нь Хийморь худалдааны төв дээр суудаг аваад ир гэж хэлсэн. Би үлдэгдэл 19 ширхэг пүүзээ аваад очсон. Эгчдээ бэлэн хувцас зарж өгөөч гэж хэлсэн. Би за тэгье гээд хувцас /цамц, подволк сүлжээгээр цацаж байсан мөн ээж бтайгаа адилхан нэхэмжлэх гаргасан байсан. Энэ ээж охин хоёр нийлж хуйвалдаж хийж байгаа үйлдэлд би буруугүй. Энэ хоёрт би өглөг байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Охин энь энэ үйлдэлд холбоотой нэхэмжлэл би гаргаж байсан... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл /хх-1-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 206 дугаартай шүүхийн шийдвэр /хх-12-14/, хувийн хар дэвтэр /хх-20-22/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүх талуудаас хар дэвтэр гэх дэвтрийг нотлох баримтаар цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч В.б нь Э.өд холбогдуулан Барааны үнэ 3 437 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...би Э.өд нийт 6 799 000 төгрөгийн барааг заруулахаар өгснөөс 1 261 000 төгрөгийг надад өгсөн, 2 101 000 төгрөгийн барааг буцааж өгсөн тул үлдэгдэл барааны үнэ 3 437 000 төгрөгийг гаргуулна... гэсэн.

4. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...би В.бд барааг нь зараад тооцоо дууссан, би өглөг байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.

5. Хариуцагч Э.ө нь В.бы зарж байсан бараанаас авч зарж, төлбөр тооцоо болон барааг буцааж өгч байсан талаар талууд маргаагүй.

6. Талууд хэдэн төгрөгийн бараа авсан, хэдэн төгрөгийг төлсөн, хэдэн төгрөгийн бараа үлдсэн талаар маргаж байгаа бөгөөд энэ талаар зохигчид хэн аль нь өөр өөр байр суурь илэрхийлсэн.

7. Нэхэмжлэгч нь ямар бараа бүтээгдэхүүнийг Э.өд хэдийд хүлээлгэж өгсөн, хэдэн барааг зарж, хэдэн барааг буцааж авсан, мөн хариуцагч нь хэдэн төгрөгийн бараа зарж хэдэн төгрөг нэхэмжлэгчид өгсөн төлбөр тооцоог яаж дуусгасан талаар хэрэгт бичгийн нотлох баримт ирүүлээгүй.

8. Шүүх талуудын тайлбаруудаас үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын өөр өөрсдийнх нь хөтөлж байсан гэх хар дэвтрийг судлахаар шүүх хуралдааныг хойшлуулж уг дэвтрүүдийг нотлох баримтаар судалсан боловч бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгч байсан цаг хугацаа зөрүүтэй, тоо ширхэг, мөн буцааж төлсөн гэх төлбөр тооцоо, бараа бүтээгдэхүүний тоо ширхэг зөрүүтэй, хар дэвтэрт хэн аль нь төлбөр тооцоо болон бараа бүтээгдэхүүнийг авсан өгсөн талаар харилцан гарын үсэг зураагүй, зөвхөн өөрсдийнх нь тэмдэглэсэн тэмдэглэгээ гэж үзэхээр байна.

9. Тиймээс талуудын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлаа нотлох баримтууд нь /хар дэвтэр/ хоорондоо зөрүүтэй байх тул хар дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д хэргийн оролцогч нь Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байх ба нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 942 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Э.өгаас 3 437 000 төгрөг гаргуулах В.бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69 942 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА