Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2022/00076

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2022/00076

 

 

В.*******ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00658 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: В.*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.*******д холбогдох,

Барааны үнэ 3.437.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч В.*******ы гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Э.*******гийн хүсэлтээр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хийморь худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Солонгос бөөний лангуунаас тав, арван төгрөг нэмээд би өөрийн оффис болох 1-р микрийн 16-р байрандаа тавьж зараад тантай тооцоогоо хийгээд байя гэсэн. Э.*******гийн саналыг би хүлээн зөвшөөрч хамтран ажиллах болсон. Ингээд Э.*******гаас 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 20, 23, 27, 29, 30,31 мөн пүүз болон хувцас бараа авч явсан тэмдэглэлийг дурдвал 05 дугаар сарын 17-нд 934.000 төгрөг, 05 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 05 дугаар сарын 22-нд 1.893 төгрөг, 05 дугаар сарын 23-нд 571.000+210.000 төгрөг, 05 дугаар сарын 25-нд 335.000+830.000 төгрөг, 05 дугаар сарын 27-нд 595.000+125.000 төгрөг, 05 дугаар сарын 17-нд 425.000 төгрөг, 05 дугаар сарын 30-нд 141.000 төгрөг, 05 дугаар сарын 31-нд 275.000 төгрөг, 06 дугаар сарын 07-нд 130.000 төгрөг, нийт 6.799.000 төгрөгийн бараа авсан. Түүнээс миний данс руу 1.261.000 төгрөгийг өгсөн. Буцсан бараа нь нийт 2.101.000 төгрөг болсон. Ингээд үлдэгдэл 3.437.000 төгрөг үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч хамт тооцоогоо хийж тулгаад 8 дугаар сардаа төлнө бас тооцоо хийгээгүй хүмүүс маш их байгаа гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар сар ч гарсан дуусгах байтугай утсаа ч авахаа больсон. Би хаана байна уулзъя гэрт нь очвол ярих юм байна аа гэтэл гэрт очвол цагдаад өгнө үр хүүхэд гэр бүл дарамталлаа гэж өгнө гээд бас л утсаа авахаа больсон. Нэг өдөр охин маань фейсбүүкийн группийнхээ нэг хүнд миний болон ээжийн минь утсыг авахгүй байна залгаад өгөөч гээд бичтэл ******* залгасан. Ингээд миний нэр төрийг гутаалаа гээд шүүхэд хандаж 4.500.000 төгрөг нэхэмжилсэн. Э.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож одоо миний баримт болох хар дэвтэр хавтаст хэрэгт хавсаргасан байгаа тул миний баримт болох зүйл би товчхон он сар өдрөөр нь бичлээ. Мөн нөхөр хүүхэд нь хүртэл ирж бараа авдаг байсан тул би маш их итгэж байлаа. Одоо би үлдэгдэл 3.437.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Би өөрөө хүсэлт тавьж энэ хүнээс бараа аваагүй. Анх ******* өөрөө ирж манай оффис дээр пүүз зарж байна, чи зарж өгч тус болооч гэж 22 ширхэг том жижиг нийлсэн пүүз хогийн хар торонд хийсээр барьж орж ирсэн. Манай түрээслэгч надтай хамт байсан болохоор мэдэж байгаа. Маргааш өдөр би 3 ширхгийг зарсан, 19-г нь авах уу гэж хэлэхэд за тэгье, эгч нь Хийморь худалдааны төв дээр суудаг аваад ир гэж хэлсэн. Би үлдэгдэл 19 ширхэг пүүзээ аваад очсон. Эгчдээ бэлэн хувцас зарж өгөөч гэж хэлсэн. Би за тэгье гээд хувцас /цамц, подволк сүлжээгээр цацаж байсан мөн ээж *******тайгаа адилхан нэхэмжлэх гаргасан байсан. Энэ ээж охин хоёр нийлж хуйвалдаж хийж байгаа үйлдэлд би буруугүй. Энэ хоёрт би өглөг байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Охин Энхсайханд нь энэ үйлдэлд холбоотой нэхэмжлэл би гаргаж байсан... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00658 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******гаас 3.437.000 төгрөг гаргуулах В.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.942 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Э.*******гаас барааны үнэ 3.437.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд талууд бие биендээ бараа өгч лангуунд тавьж заруулахаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Э.*******д нийт 6.799.000 төгрөгийн бараа заруулахаар өгсөн. Миний данс руу 1.261.000 төгрөгийг шилжүүлсэн. 2.101.000 төгрөгийн бараа буцаасан үлдэгдэл 3.437.000 төгрөгийг өгөөгүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч Э.******* нь би өөрөө хүсэлт тавьж барааг нь аваагүй, пүүз зарж өгч тус болооч гэж гуйгаад 22 ширхэг пүүз авчирсан 3 пүүзийг зарж 19 ширхэг пүүзийг буцааж өгсөн. Тэгэхэд эгчдээ бэлэн хувцас зарж өгөөч гэсэн би зөвшөөрсөн. Би өглөг байхгүй хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гарган маргасан байна.

Зохигчид хэд хэчнээн тооны хэдэн төгрөгийн үнийн дүн бүхий бараа заруулахаар хүлээлгэн өгсөн, ямар бараа хүлээн авсан болон зарж борлуулсан, хэд хэчнээн тооны бараа буцаан өгсөн болох нь тодорхойгүй, энэ талаар өөрсдийн тэмдэглэл хийсэн дэвтрийг ирүүлсэн байх боловч түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хүлээлгэж өгсөн болон хүлээн авсан барааны талаар тодорхойгүй, гарын үсэг зурж, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч В.*******ы давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2022/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч В.*******ы гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч В.*******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 69.942 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ