Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2022/00618

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Гарц гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч Д.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Гэрч:, ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 12 дугаар сургуулийн урд байрлах 6104943524 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмшлийн 000067439 дугаар улсын бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 107 м.кв газрыг 2013 оноос эхлэн эзэмшиж, эргэн тойрны нийтийн эзэмшлийн талбайг өөрийн хөрөнгөөр 40 гаруй сая төгрөг зарцуулж, тохижуулсан. Үүнд: явган хүний зам, авто машины зогсоол, зүлэгжүүлэлт ногоон байгууламж гэх мэт. Манай хөрш “Хюандай” авто машин угаалгын газар нь 2016 оноос нийтийн эзэмшлийн дээрх газрыг өөрийн эзэмшилдээ авах оролдлого хийснийг мэдээд энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсоосон боловч миний эзэмшлийн газарт баригдсан үйлчилгээний зориулалттай барилга байгууламж руугаа чөлөөтэй орох, гарах баруун талын гарцыг хааж, нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал үүссэн. Энэ талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгээр “ ... Иргэн Д.*******ын болон таны эзэмшил газруудын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь хэмжин шалгаж үзэхэд эзэмшил газар давхацсан зөрчил байхгүй..., Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд нэвтрэх, дайран өнгөрөх асуудлаа хөрш газар эзэмшигчтэйгээ хамтран шийдвэрлэх боломжтой болохыг зөвлөж байна...” гэсэн хариу өглөө. Хөрш газар эзэмшигч Д.*******тай энэ талаар хэд хэдэн удаа хандсан боловч зөвшилцөл, шийдвэрт хүрээгүй учир уг асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Д.******* нь Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 107 м.кв газарт баригдсан объектын баруун хаалгыг гарц гаргах боломжгүйгээр хааж, нийтийн ашиглалтын замд хүрэх боломжийг хаасаар байна. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасны дагуу обьектын баруун хаалгыг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байх тул дээрх баруун хаалгыг зориулалтын дагуу ашиглах, нийтийн ашиглалтын замд хүрэх боломжийг олгож өгнө үү.  Миний барьсан барилга 2013 оноос эхэлсэн, хариуцагч газрын зураг гаргаж байгаа хүнийг маань ч таньдаг байсан. Кадастр хийлгээд явж байхад нь өөр газрын хаалга дайраад байна, хаалгыг нь хасуулах уу гэсэн гэж сонсож байсан. Хэрвээ би захиргааны шүүхээр явах юм бол таны газар хүчингүй болох хуультай юм байна, үүнийг та ч мэдэж байгаа, өмгөөлөгч чинь ч мэдэж байгаа. Гэхдээ иргэн хүнийг нь хүндлээд иргэний шүүхээр явж байгаа. Гол асуудал нь гарц гарах замыг нээгээд өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Тиймээс тохиролцохгүй байгаа тул дараагийн асуудалд оръё гэж бодож байна гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгчийн хувьд гарц нь хаалттай байгаа. Барилга хот байгуулалт, захиалагчийн албанаас зохицуулж, шийдвэрлэх боломжуудыг харсан боловч гарц гаргахад Д.*******ын газраар Ч.******* дамжиж өнгөрнө гэж дүгнэлт гарсан байсан. Тиймээс дахин хэргийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2010 онд Орхон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын байршилд, автомашины засвар үйлчилгээний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж, 2010 оны 11-р сарын 18 ны өдрийн 84 тоот гэрээг байгуулсан. 2011 оноос уг эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа эхлүүлэх гэсэн боловч эзэмшил газар дээр маань суудлын автомашин хадгалах зориулалттай гараж барьсан байсан. Холбогдох эрх бүхий байгууллагад хэлэхэд уг гаражийг буулгах шаардлага тавьсан. Гэвч хүний барьж байгуулсан эд хөрөнгийн эрх ашгийг хүндэлж, дахин хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг судлан үзэж, эзэмшлийн газрын талбарыг өөрчилж гэрчилгээ олгосон, 2012 онд барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулсан. 2012 оны газрын байршлын кадастрын зураг дээр анх байсан Ч.*******ын гаражийн зураг тодорхой харагддаг.  2013 оноос миний эхнэр С.Өлзийбүрэнгийн 100% хувьцаа эзэмшдэг Өвчацуу ХХК нь авто засварын үйл ажиллагаа явуулж байна. Хоёр. Иргэн Ж. *******тай хөрш залгаа миний эзэмшил газрын тухайд:

Би эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглаж, автомашины засвар үйлчилгээг явуулж энэ үйл ажиллагааны стандартын шаардлагыг хангах, автомашинд цогц үйлчилгээ хийх шаардлага гарсан тул 2017 оноос өөрийн эзэмшлийн газрын залгаа газрыг өргөтгөл хийх зориулалтаар авах хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг судалж үзээд надад 8*14м /112м.кв/ газрыг олгож , гэрчилгээг шинэчлэн 2019 оны 11 сарын 1 ний өдрийн А/743 тоот шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 12-р сургуулийн урд байрлах 6104943473 нэгж талбарын дугаартай бүгд 485 м.кв /373м.кв одоо барилга байгаа 112м.кв өргөтгөл/ хэмжээтэй газрыг иргэний газар эзэмших эрхийн 000040088 дугаартай гэрчилгээгээр олгосон.

Гурав. Иргэн *******ын нэхэмжлэлд: 2016 оноос иргэн ******* нийтийн эзэмшлийн газрыг авах оролдлого хийж байсныг олж мэдээд таслан зогсоосон гэжээ. Би 2016 онд газар эзэмшихтэй холбогдсон асуудлаар таслан зогсоогдсон шийдвэр, мэдэгдэл, хариу эрх бүхий байгууллагаас авж байгаагүй. Ч. *******ын нэхэмжлэлд дурдсан энэ мэдэгдэл нь эрх бүхий байгууллагаас гарах шийдвэрт нөлөөлж өөрт ашигтайгаар гаргуулдаг байснаа баталж байна гэж бодогдохоор байна. Анх байсан гаражийн газрын талбарын хэмжээ нь одоо баригдчихсан байгаа 3 давхар барилга барихаар боломжит хэмжээ байгаагүйг мэдээллийн сангийн түүх нотолно гэж бодож байна.

Дөрөв.Иргэн *******ын нэхэмжлэлд: миний эзэмшлийн газарт баригдсан барилга байгууламж руугаа чөлөөтэй орох гарах баруун талын гарцыг хааж нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал үүссэн гэжээ. 1-рт: Иргэн Ч. ******* нь миний эзэмшиж байгаа газар луу түрэн орж, миний барилгын дээврийн хэсэг дээр барилгынхаа буланг оруулж барьсан. Үүний улмаас барилгын дээвэр гэмтэж тэр хэсгээр нь бороо цасны ус гоожиж байгаа. Мөн миний газар луу түрэн орж шат байгуулсан. Үүнийгээ гарц гэж нэрлэж нэхэмжлэл гаргасан. Миний эзэмшлийн газар луу нэвтэрч орсон гэдэг нь мэргэжилтэн Ж.Минжийн мэдээллийн сангаас хэвлэж гаргасан хөрш залгаа эзэмшлийн газрын өнөөгийн бодит байдлын кадастрын зургаас тодорхой харагдаж байгаа юм.  Иргэн Ч. *******ын барьсан барилга нь баруун хойд, зүүн, зүүн хойд бүх талдаа нийтийн эзэмшлийн талбай хангалттай байгаа билээ. Энэ бүгдээс дүгнэхэд иргэн Ч.******* Барилгын тухай хуулийн 7.1.1,7.1.2 заалтуудыг зөрчиж байгаа нь барилгаа эхлээд зөвшөөрөлгүй барьсан байж магадгүй гэсэн хардалтыг төрүүлж байна. Мөн Барилгын тухай хуулийн 7.4-ийг зөрчиж зөвшөөрөл бичиг баримтыг шаардахад үзүүлдэггүй байсан ба эмнэлгийн зориулалттай барилга гэж танилцуулдаг байсан. Энэ үед иргэн Ж.*******ын нөхөр гэх хүн надтай харьцдаг байсан. Тав.Нэхэмжлэлд: Хөрш Д.*******тай Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 04 дүгээр 12-ны өдрийн 348 тоот албан бичгийн зөвлөмжийн дагуу хэд хэдэн удаа хандсан боловч зөвшилцөл шийдвэрт хүрээгүй гэжээ.

Иргэн Ч. ******* 2021 оны 5-р сарын 12-нд зөвшөөрөл хүсэх тухай гэсэн албан хүсэлтийг дээрх 348 тоот албан бичгийг хавсарган надад өгсөн. Намайг албан хариу өгч амжаагүй байхад 2021 оны 5-р сарын 16-нд шүүхийн нэхэмжлэл ирсэн. Би Газрын тухай хуулийн 48-р зүйлийн заалтын үндэслэн тулгамдсан асуудлуудыг хөрш газар эзэмшигчтэйгээ хамтран шийдсээр байдаг. Тухайлбал иргэн Ч.*******ын барилга нь миний батлагдсан техникийн нөхцөлөөр барьж байгуулсан инженерийн шугам сүлжээн дээр баригдах болоод байсан тул зөвшилцөж бүгдийг нь зөөж байрлуулсан. Би тухайн үед яагаад барилгын нөхцөл зөвшөөрлийг инженерийн шугам сүлжээн дээр өгдөг юм бол гэж гайхаж байсан боловч эрхийг нь зөрчилгүй хүндэтгэлтэй хандсан. Гэвч иргэн Ч.******* надтай хүндэтгэлгүй хандаж удаа дараа утсаар дарамталж, хэл үгээр хүчирхийлж байсан. Түүнчлэн 2021 оны 5-р сард миний эзэмшлийн газар дээр шороо овоолж бохирын шугам бөглөснөөс түүнийг эрж олж дахин сэргээснээс үүдэж 2 180 000 төгрөгийн хохирол учруулсан.

Иргэн Ч.*******ын үйлдлүүд нь Газрын тухай хуулийн 35.3.5 дахь заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Иргэн Д.******* би хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч Ч.*******ын өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болж хориглон хязгаарласан яах ч аргагүй байдал үүсгээгүй ба харин ч эсрэгээр хууль журмын дагуу эзэмшсэн газар дээр барьсан барилгаа эвдүүлж, эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болчхоод байгаа тул иргэн Ч.*******ын хууль бус ажиллагааг таслан зогсоож, нэхэмжлэлийг хүчингүй болгон миний эзэмшлийн газар дээр барьсан шатыг буулгуулж, газрыг чөлөөлөн шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасны дагуу объектын баруун хаалгыг зориулалтын дагуу ашиглах, нийтийн ашиглалтын замд хүрэх боломж олгож өгнө үү” гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 135.1 дэх хэсэгт “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэж заасан нь нэхэмжлэгч барилгаа бариулахдаа батлагдсан зураг төсөлд зааснаас томсгож, хариуцагчийн эзэмшлийн барилгад тулгаж бариулсан хууль зөрчсөн үйлдэлд хамааралгүй юм. Үүнийг Иргэний хуулийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан өмчлөх эрхийг хэрэгжүүлэх хэмжээ, хязгаарыг зааж өгсөн заалтаас харж болно.

Шинжээчийн дүгнэлтэд “...хариуцагчийн эзэмшил барилгаас тодорхой хэмжээний зайтай байхаар тусгасан боловч газар дээрээ барихдаа тулгаж барьсан...”, “...Барилгын тухай хуулийн 28.2-т заасны дагуу төр, захиргааны байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй байгаа бөгөөд ашиглалтад ороогүй тул мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдээгүй байна...” гэж бичсэн нь барилгыг зөвшөөрөлгүй, дур мэдэн барьсан болохыг нотолж байна.

Нэхэмжлэгч анхнаасаа барилгаа бариулахдаа батлагдсан зураг төслийн дагуу бариулсан бол барилгын баруун талд гаргасан шатаа чөлөөтэй ашиглах боломжтой байх байсан нь хэрэгт авагдсан “Ролби” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зургаас харагдана.

Мөн, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь зүүн болон хойд талаараа нийтийн эзэмшлийн зам, талбайтай хиллэж байгаа учраас Иргэний хуулийн 4-р дэд бүлгийн зохицуулалт хамааралгүй.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заасан. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол өмчлөх эрх зөрчигдсөн асуудлаар, өмчлөгчийн хувиар шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ч.******* нь анх зөвшөөрөл аваагүй барилга барьсан, түүнд Барилгын хяналтын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 12-г үндэслээд торгууль оногдуулсан байна. Хариуцагчийн хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй, харин нэхэмжлэгчийн хууль зөрчсөн асуудал байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Хэрэгт нэхэмжлэгчээс Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичиг, Ч.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн Ч.*******ын офиссын барилгын ажлын зураг, кадастрын зураг, Ч.*******ын офиссын барилгын ажлын зураг,  Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 0063612 дугаартай шийтгэлийн хуудас, 1000000 төгрөгийн торгууль төлсөн төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

6.Хэрэгт хариуцагчаас Д.*******ын Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ, 2010 оны 11 сарын 18-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшиж ашигласны төлбөрийн гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Д.*******ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, газрын фото зураг,  Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичиг, Ч.*******ын хүсэлт, 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Д.*******ын Авто засварын газрын техникийн нөхцөл, эзэмшил газрын бохирын цооногийн гэрэл зураг, техник түрээсэлсэн төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

7. Шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэгж талбарын 6104943524, 6104943473 дугаартай газрын хувийн хэргийн хуулбар /хх-86-159/-ыг нотлох баримтаар бүрдүүлж, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29, 2021 оны 11 сарын 08, 2022 оны 03 сарын 23-ны өдрийн дүгнэлтүүд /хх-177, 178/ гаргуулж, гэрчээр , , нарыг асууж гэрчийг мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******ад холбогдуулан “өөрийн эзэмшлийн 107 м.кв талбайтай газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий объектын баруун хаалгыг ашиглах гарц гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

3.Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/233 дугаартй захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 12 дугаар сургуулийн урд байрлах 63 м.кв газрыг Албан конторын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/110 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар эзэмшил газрынхаа хэмжээг өөрчлүүлж 107 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан,

хариуцагч Д.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 456 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 12 дугаар сургуулийн урд байрлах 372 м.кв газрыг Авто сервис үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаартай “Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар эзэмшил газрынхаа хэмжээг өөрчлүүлж 485 м.кв газрыг 4 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан болох нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн хувийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...миний эзэмшлийн 107 м.кв талбайтай газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий объектын баруун хаалгыг ашиглах боломжгүй байгаа тул хариуцагчаар гарц гаргуулна...” гэж, хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг “...Ч.******* барилгаа зөвшөөрөл авалгүй, барилгын ажлын зурагт заасан хэмжээнээс илүүл гаргаж томруулж барьсан...” гэж тайлбарладаг.

 

5. Зохигч нь хөрш залгаа газар эзэмшигчид байх ба тэдний эзэмшил газрууд хоорондоо давхцаагүй бөгөөд хариуцагч Д.******* нь өөрийн эзэмшлийн газар дээр Авто засварын газрын зориулалттай барилга барьж 2012 оны 09  сарын 04-нд  барилга байгууламжийг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Ч.******* нь  өөрийн эзэмшил газар дээр худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан боловч ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байна.  

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт болон нэхэмжлэгч Ч.*******ын Ролби ХХК-д хийж гүйцэтгүүлсэн барилгын ажлын зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шийтгэлийн хуудсаар Ч.*******ын эзэмшлийн 107 м.кв талбайтай газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилга нь  Ерөнхий төлөвлөгөө, байршлын схемд зааснаар тэнхлэгээрээ 10730х7800 хэмжээтэй төлөвлөгдсөн боловч газар дээрхи хэмжилтээр барилгын гадна ханаараа 11580х 8310 хэмжээтэй баригдсан, мөн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй баригдсан болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 22, 23, 26, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй байгаа тул нэхэмжлэгч Ч.*******ын эзэмшлийн 107 м.кв талбайтай газар дээр баригдсан барилга байгууламжийн гарцыг ашиглахад саад болж байгаа хариуцагчийн үйлдлийг таслан зогсоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

 

7. Иймд Ч.*******ын хариуцагч Д.*******ад холбогдуулан гаргасан “өөрийн эзэмшлийн 107 м.кв талбайтай газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий объектын баруун хаалгыг ашиглах гарц гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.     

 

8. Нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 135 дугаар сарын 135.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******ад холбогдох “өөрийн эзэмшлийн 107 м.кв талбайтай газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий объектын баруун хаалгыг ашиглах гарц гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ