Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2022/00074

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2022/00074

 

 

Ч.******* нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Тугбадрахад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00618 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Тугбадрахад холбогдох,

Гарц гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Д.Тугбадрах, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 12 дугаар сургуулийн урд байрлах 6104943524 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмшлийн 000067439 дугаар улсын бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 107 м.кв газрыг 2013 оноос эхлэн эзэмшиж, эргэн тойрны нийтийн эзэмшлийн талбайг өөрийн хөрөнгөөр 40 гаруй сая төгрөг зарцуулж, тохижуулсан. Үүнд: явган хүний зам, авто машины зогсоол, зүлэгжүүлэлт ногоон байгууламж гэх мэт. Манай хөрш Хюандай авто машин угаалгын газар нь 2016 оноос нийтийн эзэмшлийн дээрх газрыг өөрийн эзэмшилдээ авах оролдлого хийснийг мэдээд энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсоосон боловч миний эзэмшлийн газарт баригдсан үйлчилгээний зориулалттай барилга байгууламж руугаа чөлөөтэй орох, гарах баруун талын гарцыг хааж, нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал үүссэн. Энэ талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгээр ... Иргэн Д.Тугбадрахын болон таны эзэмшил газруудын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь хэмжин шалгаж үзэхэд эзэмшил газар давхацсан зөрчил байхгүй..., Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд нэвтрэх, дайран өнгөрөх асуудлаа хөрш газар эзэмшигчтэйгээ хамтран шийдвэрлэх боломжтой болохыг зөвлөж байна... гэсэн хариу өглөө. Хөрш газар эзэмшигч Д.Тугбадрахтай энэ талаар хэд хэдэн удаа хандсан боловч зөвшилцөл, шийдвэрт хүрээгүй учир уг асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Д.Тугбадрах нь Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 107 м.кв газарт баригдсан объектын баруун хаалгыг гарц гаргах боломжгүйгээр хааж, нийтийн ашиглалтын замд хүрэх боломжийг хаасаар байна. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасны дагуу объектын баруун хаалгыг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байх тул дээрх баруун хаалгыг зориулалтын дагуу ашиглах, нийтийн ашиглалтын замд хүрэх боломжийг олгож өгнө үү. Миний барьсан барилга 2013 оноос эхэлсэн, хариуцагч газрын зураг гаргаж байгаа хүнийг маань ч таньдаг байсан. Кадастр хийлгээд явж байхад нь өөр газрын хаалга дайраад байна, хаалгыг нь хасуулах уу гэсэн гэж сонсож байсан. Хэрвээ би захиргааны шүүхээр явах юм бол таны газар хүчингүй болох хуультай юм байна, үүнийг та ч мэдэж байгаа, өмгөөлөгч чинь ч мэдэж байгаа. Гэхдээ иргэн хүнийг нь хүндлээд иргэний шүүхээр явж байгаа. Гол асуудал нь гарц гарах замыг нээгээд өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Тиймээс тохиролцохгүй байгаа тул дараагийн асуудалд оръё гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай үйлчлүүлэгчийн хувьд гарц нь хаалттай байгаа. Барилга хот байгуулалт, захиалагчийн албанаас зохицуулж, шийдвэрлэх боломжуудыг харсан боловч гарц гаргахад Д.Тугбадрахын газраар Ч.******* дамжиж өнгөрнө гэж дүгнэлт гарсан байсан. Тиймээс дахин хэргийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Д.Тугбадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2010 онд Орхон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын байршилд, автомашины засвар үйлчилгээний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж, 2010 оны 11-р сарын 18 ны өдрийн 84 тоот гэрээг байгуулсан. 2011 оноос уг эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа эхлүүлэх гэсэн боловч эзэмшил газар дээр маань суудлын автомашин хадгалах зориулалттай гараж барьсан байсан. Холбогдох эрх бүхий байгууллагад хэлэхэд уг гаражийг буулгах шаардлага тавьсан. Гэвч хүний барьж байгуулсан эд хөрөнгийн эрх ашгийг хүндэлж, дахин хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг судлан үзэж, эзэмшлийн газрын талбарыг өөрчилж гэрчилгээ олгосон, 2012 онд барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулсан. 2012 оны газрын байршлын кадастрын зураг дээр анх байсан Ч.*******ын гаражийн зураг тодорхой харагддаг. 2013 оноос миний эхнэр С.Өлзийбүрэнгийн 100% хувьцаа эзэмшдэг Өвчацуу ХХК нь авто засварын үйл ажиллагаа явуулж байна. Хоёр. Иргэн Ж. *******тай хөрш залгаа миний эзэмшил газрын тухайд: Би эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглаж, автомашины засвар үйлчилгээг явуулж энэ үйл ажиллагааны стандартын шаардлагыг хангах, автомашинд цогц үйлчилгээ хийх шаардлага гарсан тул 2017 оноос өөрийн эзэмшлийн газрын залгаа газрыг өргөтгөл хийх зориулалтаар авах хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг судалж үзээд надад 8*14м /112м.кв/ газрыг олгож , гэрчилгээг шинэчлэн 2019 оны 11 сарын 1 ний өдрийн А/743 тоот шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 12-р сургуулийн урд байрлах 6104943473 нэгж талбарын дугаартай бүгд 485 м.кв /373м.кв одоо барилга байгаа 112м.кв өргөтгөл/ хэмжээтэй газрыг иргэний газар эзэмших эрхийн 000040088 дугаартай гэрчилгээгээр олгосон. Гурав. Иргэн *******ын нэхэмжлэлд: 2016 оноос иргэн Тугбадрах нийтийн эзэмшлийн газрыг авах оролдлого хийж байсныг олж мэдээд таслан зогсоосон гэжээ. Би 2016 онд газар эзэмшихтэй холбогдсон асуудлаар таслан зогсоогдсон шийдвэр, мэдэгдэл, хариу эрх бүхий байгууллагаас авч байгаагүй. Ч. *******ын нэхэмжлэлд дурдсан энэ мэдэгдэл нь эрх бүхий байгууллагаас гарах шийдвэрт нөлөөлж өөрт ашигтайгаар гаргуулдаг байснаа баталж байна гэж бодогдохоор байна. Анх байсан гаражийн газрын талбарын хэмжээ нь одоо баригдчихсан байгаа 3 давхар барилга барихаар боломжит хэмжээ байгаагүйг мэдээллийн сангийн түүх нотолно гэж бодож байна. Дөрөв.Иргэн *******ын нэхэмжлэлд: миний эзэмшлийн газарт баригдсан барилга байгууламж руугаа чөлөөтэй орох гарах баруун талын гарцыг хааж нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал үүссэн гэжээ. 1-рт: Иргэн Ч. ******* нь миний эзэмшиж байгаа газар луу түрэн орж, миний барилгын дээврийн хэсэг дээр барилгынхаа буланг оруулж барьсан. Үүний улмаас барилгын дээвэр гэмтэж тэр хэсгээр нь бороо цасны ус гоожиж байгаа. Мөн миний газар луу түрэн орж шат байгуулсан. Үүнийгээ гарц гэж нэрлэж нэхэмжлэл гаргасан. Миний эзэмшлийн газар луу нэвтэрч орсон гэдэг нь мэргэжилтэн Ж.Минжийн мэдээллийн сангаас хэвлэж гаргасан хөрш залгаа эзэмшлийн газрын өнөөгийн бодит байдлын кадастрын зургаас тодорхой харагдаж байгаа юм. Иргэн Ч. *******ын барьсан барилга нь баруун хойд, зүүн, зүүн хойд бүх талдаа нийтийн эзэмшлийн талбай хангалттай байгаа билээ. Энэ бүгдээс дүгнэхэд иргэн Ч.******* Барилгын тухай хуулийн 7.1.1,7.1.2 заалтуудыг зөрчиж байгаа нь барилгаа эхлээд зөвшөөрөлгүй барьсан байж магадгүй гэсэн хардалтыг төрүүлж байна. Мөн Барилгын тухай хуулийн 7.4-ийг зөрчиж зөвшөөрөл бичиг баримтыг шаардахад үзүүлдэггүй байсан ба эмнэлгийн зориулалттай барилга гэж танилцуулдаг байсан. Энэ үед иргэн Ж.*******ын нөхөр гэх хүн надтай харьцдаг байсан. Тав.Нэхэмжлэлд: Хөрш Д.Тугбадрахтай Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 04 дүгээр 12-ны өдрийн 348 тоот албан бичгийн зөвлөмжийн дагуу хэд хэдэн удаа хандсан боловч зөвшилцөл шийдвэрт хүрээгүй гэжээ. Иргэн Ч. ******* 2021 оны 5-р сарын 12-нд зөвшөөрөл хүсэх тухай гэсэн албан хүсэлтийг дээрх 348 тоот албан бичгийг хавсарган надад өгсөн. Намайг албан хариу өгч амжаагүй байхад 2021 оны 5-р сарын 16-нд шүүхийн нэхэмжлэл ирсэн. Би Газрын тухай хуулийн 48-р зүйлийн заалтын үндэслэн тулгамдсан асуудлуудыг хөрш газар эзэмшигчтэйгээ хамтран шийдсээр байдаг. Тухайлбал иргэн Ч.*******ын барилга нь миний батлагдсан техникийн нөхцөлөөр барьж байгуулсан инженерийн шугам сүлжээн дээр баригдах болоод байсан тул зөвшилцөж бүгдийг нь зөөж байрлуулсан. Би тухайн үед яагаад барилгын нөхцөл зөвшөөрлийг инженерийн шугам сүлжээн дээр өгдөг юм бол гэж гайхаж байсан боловч эрхийг нь зөрчилгүй хүндэтгэлтэй хандсан. Гэвч иргэн Ч.******* надтай хүндэтгэлгүй хандаж удаа дараа утсаар дарамталж, хэл үгээр хүчирхийлж байсан. Түүнчлэн 2021 оны 5-р сард миний эзэмшлийн газар дээр шороо овоолж бохирын шугам бөглөснөөс түүнийг эрж олж дахин сэргээснээс үүдэж 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан. Иргэн Ч.*******ын үйлдлүүд нь Газрын тухай хуулийн 35.3.5 дахь заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Иргэн Д.Тугбадрах би хөрш залгаа эд хөрөнгө эзэмшигч Ч.*******ын өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болж хориглон хязгаарласан яах ч аргагүй байдал үүсгээгүй ба харин ч эсрэгээр хууль журмын дагуу эзэмшсэн газар дээр барьсан барилгаа эвдүүлж, эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болчхоод байгаа тул иргэн Ч.*******ын хууль бус ажиллагааг таслан зогсоож, нэхэмжлэлийг хүчингүй болгон миний эзэмшлийн газар дээр барьсан шатыг буулгуулж, газрыг чөлөөлөн шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасны дагуу объектын баруун хаалгыг зориулалтын дагуу ашиглах, нийтийн ашиглалтын замд хүрэх боломж олгож өгнө үү гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 135.1 дэх хэсэгт Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заасан нь нэхэмжлэгч барилгаа бариулахдаа батлагдсан зураг төсөлд зааснаас томсгож, хариуцагчийн эзэмшлийн барилгад тулгаж бариулсан хууль зөрчсөн үйлдэлд хамааралгүй юм. Үүнийг Иргэний хуулийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан өмчлөх эрхийг хэрэгжүүлэх хэмжээ, хязгаарыг зааж өгсөн заалтаас харж болно. Шинжээчийн дүгнэлтэд ...хариуцагчийн эзэмшил барилгаас тодорхой хэмжээний зайтай байхаар тусгасан боловч газар дээрээ барихдаа тулгаж барьсан..., ...Барилгын тухай хуулийн 28.2-т заасны дагуу төр, захиргааны байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй байгаа бөгөөд ашиглалтад ороогүй тул мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдээгүй байна... гэж бичсэн нь барилгыг зөвшөөрөлгүй, дур мэдэн барьсан болохыг нотолж байна. Нэхэмжлэгч анхнаасаа барилгаа бариулахдаа батлагдсан зураг төслийн дагуу бариулсан бол барилгын баруун талд гаргасан шатаа чөлөөтэй ашиглах боломжтой байх байсан нь хэрэгт авагдсан Ролби ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зургаас харагдана. Мөн, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь зүүн болон хойд талаараа нийтийн эзэмшлийн зам, талбайтай хиллэж байгаа учраас Иргэний хуулийн 4-р дэд бүлгийн зохицуулалт хамааралгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол өмчлөх эрх зөрчигдсөн асуудлаар, өмчлөгчийн хувиар шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.******* нь анх зөвшөөрөл аваагүй барилга барьсан, түүнд Барилгын хяналтын байцаагч Н.Азхүү нь Зөрчлийн тухай хуулийн 12-г үндэслээд торгууль оногдуулсан байна. Хариуцагчийн хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй, харин нэхэмжлэгчийн хууль зөрчсөн асуудал байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00618 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 135 дугаар сарын 135.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Тугбадрахад холбогдох өөрийн эзэмшлийн 107 м.кв талбайтай газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий объектын баруун хаалгыг ашиглах гарц гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Нэг...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.Тодруулбал: 1.1.... хөрш залгаа газар эзэмшигчид байх ба тэдний эзэмшил газрууд хоорондоо давхцаагүй бөгөөд хариуцагч Д.Тугбадрах нь өөрийн эзэмшлийн газар дээр авто засварын газрын зориулалттай барилга барьж 2012 оны 09 сарын 04-нд барилга байгууламжийг ашиглалт оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Ч.******* нь өөрийн эзэмшил газар дээр худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан боловч ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байна. гэжээ. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үйл баримт гэж үнэлээд байгаа нь буруу юм. 2021-12-30, 2022-03-23-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтээр барилгын баруун талд гадагш гаргасан шат нь барилга байгууламжийн БНБД-д заасны дагуу аваарын гарц тул Д. Тугбадрахын эзэмшлийн газраар дамжин гарах зайлшгүй шаардлагатай болно ... гэсэнд шүүх дүгнэлт хийсэнгүй.Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс давсан ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөөгүй байна. гэсэн нь нэг талыг барьсан шийдвэр болжээ. Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүд\дүгнэлт гаргасан мэргэжилтнүүд \нэхэмжлэгч мэдүүлэг, шийтгэлийн хуудсаар Ч.*******ын эзэмшлийн 107 мкв талбайтай газар дээр баригдсан ... Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу эрх бүхийн байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй баригдсан болох нь тогтоогдож байна." гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Ч.*******ын барилгын талаар мэргэжлийн шинжээчдээс илүү дүгнэлт хийгээд байгаа нь үндэсгүй байна. Шүүх хуралдааны явцад ... Д.Тугбадрахад 2019-11-01 ний өдөр гарц гаргах хэсгийг түүнд эзэмшүүлсэн... байх ба барилгын зурагт энэ эзэмшлийн газар нь ногоон байгууламж байгаа Хотын Ерөнхий архитекторын зураг төсөлд тусгагдсан нь тогтоогдсон.Энэ байдалд дахин шинжээч томилох хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй талаараа шийдвэрт тусгаагүй байна.Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ. Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, 00618 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Давж заалдах гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд Ч.*******, өмгөөлөгчийн хамт оролцоно.

Хариуцагч Д.Тугбадрах давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Д.Тугбадрах миний зүгээс Ч.*******ын эд хөрөнгөө өмчлөх, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан зүйл байхгүй болно. Ч.******* барилгаа зурагт зааснаар бус харин манай эзэмшлийн барилга руу шахаж, хэмжээг нь томсгож барьсан, барилгын тухай хуулийн 28-р зүйлд заасан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй. Мөн хуулийн 48-р зүйлд зааснаар барилга нь ашиглалтад ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Холбогдох хууль тогтоомж зөрчиж барьсан энэ барилгыг улсын комисс хүлээж авахгүй байгаа шалтгаан нь барилга барих газартаа улаан шугам татуулаагүй, эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй. Батлагдсан зураг төслийн дагуу бариулаагүй. Тэгэхээр энэ барилгыг улсын комисс хүлээж авах боломжгүй. Улсын комисс хүлээж аваагүй барилгыг ашиглах эрхгүй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний эзэмшиж байгаа газрыг хотын Ерөнхий архитекторын зураг төсөлд ногоон байгууламжаар тусгагдсан гэж давж заалдах гомдолдоо бичсэн нь үндэслэлгүй. Хэрэгт Ерөнхий архитекторын зураг төсөл авагдаагүй. Засаг даргын 2019 оны 11 сарын 01-ний өдрийн А/743 дугаартай захирамжийг үндэслэн олгосон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр миний бие газраа эзэмшиж байгаа болно. Шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж шинжээчийн дүгнэлттэй холбоотой зүйлүүдийг асууж тодруулсан, шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлэх, ямар дүгнэлт хийх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул анхан шатны шүүхийг шинжээчээс илүү дүгнэлт хийсэн гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдсан гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.Тугбадрахаас өөрийн эзэмшлийн 107 м2 талбайтай газар дээр баригдсан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий объектын баруун хаалгыг ашиглах гарц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд хариуцагч Д.Тугбадрах нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 456 дугаар захирамжаар Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 12 дугаар сургуулийн урд байрлах 372 м2 газрыг Авто сервис үйлчилгээний зориулалттай эзэмших гэрчилгээ авсан, нэхэмжлэгч Ч.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/233 дугаартай захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 12 дугаар сургуулийн урд байрлах 63 м2 газрыг албан конторын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байх ба 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/110 дугаартай Эдэлбэр газрын хэмжээ өөрчлүүлэх тухай захирамжаар эзэмшил газрын хэмжээг өөрчилж 107м2 болгон худалдаа үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээг тус тус авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь эзэмшил газар дээрээ худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан ба түүний объектын баруун талын хаалгыг ашиглах боломжгүй болгож хариуцагч Д.Тугбадрах авто засварын зориулалттай барилга барьсан гэсэн үндэслэлээр талуудын хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч Ч.******* нь объектын баруун талын хаалгыг ашиглах гарц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Тугбадрах нь өөрийн эзэмшлийн газар дээр Авто засварын зориулалт бүхий барилгыг 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр барьж дуусган ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч Ч.******* нь эзэмшил газар дээрээ худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилга барьсан боловч хуульд заасны дагуу эрх бүхий газраас зөвшөөрөл аваагүй, улсын комисст ч хүлээлгэж өгөөгүй үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.******* нь Барилгын тухай хуулийн 22., 23., 26., 27 дугаар зүйлийн 27.1., 35 дугаар зүйлийн 35.1.-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, эрх бүхий байгууллагаас барилга байгууламжийг ашиглалтанд оруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 135. дугаар зүйлийн 135.1.3.-т нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь эзэмшил газартаа худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилга барьсан байгаа боловч Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 21 дүгээр зүйлийн 21.1., 22., 26., 27., 48., 49. дүгээр зүйлд заасан барилга барих зөвшөөрөл аваагүй, улсын комисст хүлээлгэж өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгэлгүй /мэдээллийн санд ороогүй/ байгаа нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3.-т заасан Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй, мөн хуулийн 135.4.-т Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрхгүй юм.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ