Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 118

 

 “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/02350 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч   “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О” ХХК-д холбогдох

24.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгт, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч  “ЭТ” ХХК-ийн төлөөлөгч Ш.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭТ” ХХК нь гүний худгийн өрөмдлөг хийх ажил үйлчилгээ эрхэлдэг. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “О” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн урд талын ууланд баригдаж буй барилгын талбайд цооног өрөмдөх ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж уг ажлыг гүйцэтгэсэн. Бид гэрээ ёсоор 150 тууш метр гүн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн боловч усны нөөц туйлын хангалтгүй байсан тул хоёр талаас дахин усны хайгуул судалгааг хийлгэсний үндсэн дээр дахин цооног өрөмдөх, холбогдох зардлыг “О” ХХК санхүүжүүлэх болзолтойгоор өөр цэгт дахин 160 тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн болно. Усны хайгуул судалгааг “Далд эрдэнэ мөнх” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн байсан бөгөөд “О” ХХК-ийн худалдан авсан 380 вт-ын 150 метрээс 1 цагт 5 тн ус шахдаг “DAFU” 7,5 кв-ын насос болон 3х4 ийн 3 фазын 155 метр цахилгааны кабель зэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр суурилуулж өгсөн. Нийт 310 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд гэрээ байгуулагдсан үед урьдчилгаа төлбөрт 7.000.000 төгрөг хүлээн авсан. Ингээд нийт 310 метр өрөмдлөг хийсэн тул 31.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Одоо үлдэгдэл 24.000.000 төгрөгийг аваагүй байна. Иймд цооног өрөмдөлгийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөг, худгийн цооногт насос суулгах ажилд 150 метр ус өргөх “ПВС” хоолойн үнэ 450.000 төгрөг, 310 метр 6 инчийн троссны үнэ 310.000 төгрөг, нийт 24.760.000 төгрөгийг “О” ХХК-иас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан хариуцагч ПВС хоолой болон троссыг ашиглаагүй буцаагаад өгч болно гэж байгаа тул буцаагаад авъя, харин гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “О” ХХК нь 2017 оны 7 дугаар сард олон жил усны хайгуул, худаг өрөмдлөгийн ажил хийсэн туршлагатай хүн гэх Батмөнх гэдэг инженертэй уулзан зөвлөгөө авч, гүний худаг гаргуулах ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд өөрийн дүү нарын компани гэх  “ЭТ” ХХК-ийн захирал Ш.Ганбаттай уулзуулан 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж 24-ний өдөр урьдчиллгаа болох 7.000.000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн. Худаг гаргах эхний цэгийг Батмөнх зааж өгсөн бөгөөд тэр цэгээс нь ус гараагүй тул дахин хайгуул хийж 2 дах цооногийг өрөмдсөн. “ЭТ” ХХК нь хоёр дахь өрөмдлөг хийж гүйцэтгэсэн ажлаа гэрээнд заасан ёсоор бидэнд хүлээлгэж өгөөгүй, ажлаа хаяж явсан. “ЭТ” ХХК нь цооногийн өрөмдлөгийг усны ундарга бүхий гүнд хүргэж хийгээгүй, насосыг усны хангалттай, ундаргагүй түвшинд хуурай ажиллуулснаас шатаасан. “ЭТ” ХХК нь гэрээ ёсоор өрөмдлөгийн ажлыг товлосон өдөр эхлүүлж 3 хоногт багтаан гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч сар хагасын хугацаа өнгөрөхөд гүйцээж хийлгүй дутуу орхиж, ажлаа хүлээлгэж өгөлгүй явсан. Бидний хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлд “Талууд нь 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцох ба гүний худгийн цооногийн өрөмдлөгийн нийт ажлыг гүний цооног түүний тоноглол 1 цагт 5 тн шахах хүчин чадалтай “FROG 380 KW” маркийн гүний насосоос бусад тоноглол, тээврийн зардлын хамт нийт 14.000.000 төгрөгөөр” тооцохоор тохиолцсон. Энэ заалтын дагуу ПВС хоолой болон троссны үнэ нь гэрээний үнэд багтсан тул эдгээр материалын үнийг манай компани төлөх үүрэггүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ПВС хоолой болон троссыг ашиглаагүй тул буцааж өгөх боломжтой, хэрэв нэхэмжлэгч өөрөө ирээд авбал буцаагаад өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “О” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр  “ЭТ” ХХК-тай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах талбайд гүний худгийн ажил гүйцэтгүүлэхээр 14.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулсан. Бид гэрээнд зааснаар урьдчилгаа 7.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр  “ЭТ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. “ЭТ” ХХК нь ажлаа бүрэн хийлгүйгээр дутуу орхиж яваад хэсэг хугацааны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын эхээр ирж ажлаа үргэлжлүүлсэн боловч гэрээнд заасан ажлаа бүрэн хийлгүйгээр гүний усны хангалттай ундаргагүй түвшинд насосыг ажиллуулж шатаасан. “Солана Дриллинг” ХХК-тай гэрээ байгуулж худгийн цооногийг нэмж өрөмдүүлэн шинээр ус өргөх насос болон бусад дагалдах хэрэгслүүдийг суурилуулан худгийг ажиллагаанд оруулж 12.723.000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан. “ЭТ” ХХК гүний худгийн насосыг авч ирэхдээ дагалдах хяналтын самбарыг авч ирээгүй, насосыг ажиллагаагүй болгон манай компанид 3.240.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан. Худгийн насосыг ажиллагаагүй болгосны дараа түүнийг өргөж гарган шалгахын тулд кран хөлслөх мөнгө хэрэгтэй байна гээд Ш.Ганбат 600.000 төгрөг авсан боловч ажлаа гүйцээлгүй орхиж явсан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр  “ЭТ” ХХК-ийн ажилтан н.Тэмүүлэнгийн Хаан банкны дансанд шатахууны зардал гээд 450.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд бидний хооронд хийгдсэн гэрээний урьдчилгаа 7.000.000 төгрөг, кран хөлслөхөд шилжүүлсэн 600.000 төгрөг, шатахууны үнэд шилжүүлсэн 450.000 төгрөг, насосны үнэ 3.240.000 төгрөг, тухайн ажлыг дахиж гүйцэтгүүлсэн 12.723.000 төгрөг, нийт 24.013.000 төгрөгийг  “ЭТ” ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Уст цэг тодорхойлох усны хайгуул судалгааны ажлыг “О” ХХК-ийн зүгээс Н.Батмөнх гэх инженерээр хийж гүйцэтгүүлсэн байсан. Бид гэрээ ёсоор 150 тууш метр гүн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн боловч усны нөөц туйлын хангалтгүй байсан тул хоёр талаас дахин усны хайгуул судалгааг “Далд Эрдэнэ мөнх” ХХК-иар хийлгүүлсний үндсэн дээр дахин цооног өрөмдөхөд холбогдох зардлуудыг “О” ХХК санхүүжүүлэх болзолтойгаар өөр цэгт дахин 160 тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн болно. Барилгын ажил явагдаж гүний худгийг газар доогуур замын доор шугамд холбох гэсэн үндэслэлээр насосыг хавар суурилуулахаар тохирсон. “О” ХХК-ийн худалдан авсан байсан 380 вт-ын 150 метрээс 1 цагт 5тонн ус шахдаг DAFU 7,5 кв-ийн насос дээр 3х4 ийн 3 фазын 155 метр цахилгааны кабель, 150 метр 32 мм-ийн ус өргөх хоолой, 300 метр тросс , худгийн таглаа зэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай компани худалдан авч суурилуулж өгсөн. Тухайн үед бүх төхөөрөмж хэрэгсэл, холболт монтажийг норм дүрмийн дагуу 150 метрийн гүнд суулгасан ба ус хэвийн гарч байсан. Бид нийтдээ 310 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн ба гэрээ байгуулах үед урьдчилгаа 7.000.000 төгрөгийг хүлээн авсан өөр ямар нэгэн төлбөр аваагүй. Ш.Ганбат миний данс руу хийсэн гэх 600.000 төгрөгийг усны хайгуул хийсэн “Далд Эрдэнэ мөнх” ХХК-ийн В.Мөнхболдод ажлын хөлс гэж өгсөн. “ЭТ” ХХК-д н.Тэмүүлэн гэдэг хүн ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй тиймээс бусдад шатахууны үнэ гэж шилжүүлсэн 450.000 төгрөгийг манай компани хариуцахгүй, кран хөлсөлсөн төлбөр 600.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компани кран хөлслөөгүй, энэ 600.000 төгрөгийг ажлын хөлс гэж авсан нь үнэн тул гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хасаж тооцоход татгалзах зүйлгүй юм. Насосны үнэ 3.240.000 төгрөгийг мөн хариуцахгүй учир нь бид насосыг шатаагаагүй, биднийг ажил хийж дуусахад насос ажиллаж байсан, хэрэгт авагдсан фото зургаас харагдаж байгаа, бидний суурилуулсан насос ус шахаж ажиллаж байгааг харуулсан зураг юм. Бид ажлаа хийж дуусгаад энэ зургийг авч байхад “О” ХХК-ийн ажилтан н.Билэгсайхан хараад зогсож байсан. “ЭТ” ХХК гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн тул хийсэн ажлын хөлсөө л нэхэмжилсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 7.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “ЭТ” ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 450.000 төгрөгийн үнэтэй ПВС хоолой болон 310.000 төгрөгийн үнэтэй 310 метр троссыг буцааж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.100.000 төгрөгийн шаардлага болон нэхэмжлэгч  “ЭТ” ХХК-иас 24.013.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “О” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаарнэхэмжлэгч “ЭТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан  төлсөн 281.750 төгрөг, хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.015 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 153.510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах болсон үндэслэлээ тайлбарлахдаа: “...тачуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 4, 5-т заасны дагуу гүйцэтгэгч "ЭТ" нь 130-140 метрийн гүнтэй, 219 мм-ийн диаметр бүхий 1 ширхэг гүний худаг өрөмдөх, цооногт ган хоолойг хөрсний бохирдолт сэвсгэр үеийг дуустгал хийж, гүний насосыг иж бүрэн тоноглон, худаг доторх цахилгаан монтаж, ус өргөх хоолой угсрах зэрэг ажлыг хийх үүрэгтэй байна" гэж гэрээний үр дүнг буруу тодорхойлсон байдаг. Энэ нь үндэслэлгүй. Учир нь, талуудын байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн "Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4-т цооногт 219 мм суултын ган хоолойг хөрсний бохирдолт сэвсгэр үеийг дуустал хийж, гүний насосыг иж бүрэн тоноглон худаг доторх цахилгааны монтаж ус өргөх хоолой угсрах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцов. 6-т гүний усны ундарга нь цагт 5 тн багагүй байна. 22-т гүний өрөмдлөгийг шаардлагатай хэмжээнд хүртэл хийсний дараа захиалагчийн цахилгаан үүсвэрээс тог татаж тоног төхөөрөмжүүдийг суурилуулан захиалагч талд хүлээлгэн өгнө. 27-т газрын гүнээс ус гарахгүй, энэхүү гэрээний 6-д зааснаас бага ундаргатай тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх ба нэмэлт хайгуул хийж шинээр өрөмдлөг хийнэ гэж тус тус зааснаас үзвэл гэрээт ажлын үр дүн нь 219 мм-ийн диаметр бүхий, иж бүрэн тоноглогдсон, цагт 5 тн-оос багагүй ундарга бүхий худаг байна.

Гэтэл "ЭТ" ХХК-ийн ухсан эхний цооног төдийгүй дараагийн цооногоос ус гараагүй, гэрээний 11, 16, 22 дугаар зүйлүүдэд заасан журмаар хүлээлгэн өгөөгүй. Өөрөөр хэлбэл 1 дэх болон 2 дах өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн боловч гэрээнд заасан үр дүн гараагүй тул "О" ХХК нь Иргэний хуулийн 343.1, 344.1, гэрээнд заасан үндэслэлээр ажлын хөлс буюу 24.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, харин  “ЭТ” ХХК нь Иргэний хуулийн 355.6-д зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байж болох юм.

“ЭТ” ХХК-ийн дутуу хийж орхиж явсан ажлыг гүйцэтгүүлэхээр "Солана дриллинг" ХХК-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Г-0718 тоот "Гүний худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу тус компанийн хийж гүйцэтгэсэн 12.723.000 төгрөгийн ажилд багтсан 5.500.000 төгрөгийн үнэ бүхий нэмэлт ажил нь "Экпресс трейд" ХХК-ийн зохих ёсоор гүйцэтгээгүй цооногийг сэргээн өрөмдөх, цооногийг сэтэлж өргөтгөх ажил байсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т "доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг догодлыг арилгаж, түүнтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй" гэж зааснаар энэхүү 5,500,000 төгрөг нь  “ЭТ” ХХК-ийн дутуу буюу зохих ёсоор гүйцэтгээгүй ажлыг засварлагдахад зарцуулагдсан тул хэрэв "О" ХХК нь "ЭТ" ХХК-д хөлс төлөх үүрэгтэй гэж үзвэл ажлын хөлснөөс хасагдах ёстой гэж үзэж байгаа юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд дээр дурдсанаар  “ЭТ” ХХК нь гэрээнд заасан 219 мм-ийн диаметр бүхий, иж бүрэн цоноглогдсон, цагт 5 тн-оос багагүй ундарга бүхий худаг гаргах үүргээ биелүүлээгүй тул "О" ХХК нь гэрээг цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар буцаан шаардаж байгаа.

Мөн насосны үнэ 3,240,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд шүүх "2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн "Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ"-ний 10-т зааснаар "О" ХХК нь 1 тууш метрийг 100,000 төгрөгөөр тооцох ба гүний худгийн цооногийн өрөмдлөгийн нийт ажлыг гүний цооног, түүний тоноглол “frog 380 kw” маркийн 1 цагт 5 тн шахах хүчин чадалтай гүний насосоос бусад тоноглол, тээврийн зардлын хамт нийт 14,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх тул 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “О” ХХК худгийн насос, хяналтын самбарын төлбөр гэсэн утгатай 3,240,000 төгрөгийг гүйцэтгэгч төлөх үүрэггүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож шийдвэрлэсэн байна. "О" ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 3,240,000 төгрөгөө бус харин тус насосыг хуурай ажиллуулж эвдэлсний улмаас учирсан хохирлыг мөнгөөр үнэлж нэхэмжилсэн. Дээр дурдсанаар "О" ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3,240,000 төгрөгийг насос худалдан авах мөнгийг шилжүүлсэн. Энэ худгийг  “ЭТ” ХХК хуурай ажиллуулж эвдэлсэн учраас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "Тэнгэрийн чимээ" ХХК-иас 3,150,000 төгрөгөөр дахин насос худалдан авч илүү зардал гаргаж хохирсон тул Иргэний хуулийн 350.1.4-т "ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй, мөн ийм хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан тул энэхүү 3,240,000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан. “ЭТ” ХХК нь ийнхүү насосыг эвдэлсэн талаар нотлуулах, "Солана дрилинг" ХХК-ийг ажил гүйцэтгэх үед насос ямар байдалтай байсныг тодруулахаар "Солана дрилинг" ХХК-ийн гүйцэтгэх захирлыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, шаардлагагүй гэж үзэж шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг хариуцагчид олгоогүй билээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/02350 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “ЭТ” ХХК-ийн 24,760,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус компаниас 15,740,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч  “ЭТ” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажлын хөлс, материалын үнэ 24.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээг цуцалсан болон ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой гарсан зардал, 24.013.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж,  уг гэрээгээр ЭТ ХХК нь цооногийн гүнийг  130-140 метрийн гүнтэй, 219 мм-ийн диаметр бүхий 1 ширхэг гүний худаг өрөмдөх, цооногт ган хоолойг хөрсний бохирдолт сэвсгэр үеийг дуустал хийж, гүний насосыг иж бүрэн тоноглон, худаг доторхи цахилгааны монтаж, ус өргөх хоолой угсрах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх, О ХХК нь 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцох ба гүний худгийн цооногийн өрөмдлөгийн нийт ажлыг гүний цооног, түүний тоноглол,/FROG 380KW маркийн 1 цагт 5 тн ус шахах хүчин чадалтай FROG 380 KW, /гүний насосоос бусад тоноглол/ тээврийн зардлын хамт нийт 14.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.  /хх-ийн 6-9/

Нэхэмжлэгч  “ЭТ” ХХК нь эхний цэгт  150 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн боловч ус гараагүй, дахин өөр цэгт 155 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн, хариуцагч “О” ХХК нь 2017-07-24-ний өдөр 7.000.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 600.000 төгрөг төлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх гүйцэтгэгч  “ЭТ” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч захиалагч “О” ХХК-д акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй, хүлээн аваагүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дах хэсэгт зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж дүгнэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 130-140 метрийн гүнтэй өрөмдлөг хийхээр тохиролцсон боловч 155 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн болох нь  “Солана Дриллинг” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан тодорхойлолтоор нотлогдсон ба  О ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Солана Дриллинг” ХХК-тай Гүний худгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээний дагуу цооногийг цааш нь 186 метр хүртэл өрөмдөж, гүний насосыг 183 метрийн гүнд суурилуулсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-10, 56, 63-67, 93, 99-100 дугаар хуудас/

Иймд шүүх хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч  “ЭТ” ХХК-д Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээнд 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тохиролцсоны  дагуу хийсэн ажлын хөлс 15.500.000 төгрөгийг төлөхөөс 7.600.000 төгрөгийг төлснийг хасч үлдэх 7.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт “...гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасантай нийцсэн байна.

Талуудын хоорондох өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 27-д “Газрын гүнээс ус гарахгүй, эсвэл энэхүү гэрээний 6-д зааснаас бага ундаргатай тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй...” гэж заасан тул шүүх “О” ХХК нь эхний 150 метр өрөмдлөгийн ажлын хөлсийг  “ЭТ” ХХК-д төлөх үүрэггүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин шүүх  хариуцагч нь 450.000 төгрөгийн үнэтэй ПВС хоолой, 310.000 төгрөгийн үнэтэй 6 инчийн троссыг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хүлээн зөвшөөрснийг батлахдаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад багтаасан нь буруу болсон тул өөрчлөх нь зүйтэй байна.

Хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэгч  “ЭТ” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 7.000.000 төгрөг, гүйцэтгэгчийг кран хөлслөхөд зарцуулсан 600.000 төгрөг, шатахууны үнэд шилжүүлсэн 450.000 төгрөг, насосны үнэ 3.240.000 төгрөг, тухайн ажлыг дахин гүйцэтгүүлсэн ажлын хөлс 12.723.000 төгрөг, нийт 24.013.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

“О” ХХК-иас ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 7.000.000 төгрөгийг болон Ш.Ганбатын дансанд шилжүүлсэн 600.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй болохыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дүгнэсэн тул уг 7.600.000 төгрөгийг хариуцагч буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах  үндэслэлгүй байхаас гадна  Тэмүүлэнгийн дансанд шилжүүлсэн гэх 450.000 төгрөгийг  “ЭТ” ХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэсгүй болохыг  шүүх зөв дүгнэжээ.

Гэрээний 10 дах хэсэгт зааснаар нийт үнэ 14.000.000 төгрөгт гүний насосны үнэ ороогүй байх бөгөөд уг гүний насос гүйцэтгэгчийн буруугаас шатсан гэх байдал нотлогдоогүй тул худагийн насос, хяналтын самбарын төлбөр 3.240.000 төгрөгийг, түүнчлэн ажлын үр дүнгийн доголдлын талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн болон доголдлыг арилгах хугацаа тогтоосон гэх  баримт хэрэгт авагдаагүй тул “Солана Дриллинг” ХХК-иар үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн ажлын хөлс 12.723.000 төгрөгийг хангах үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч  “ЭТ” ХХК-иас 24.013.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Харин шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй  байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг 1 дэх заалтад оруулсан нь буруу болсон тул өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/02350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.4, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 7 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “ЭТ” ХХК-д олгон,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 100 000 төгрөгийн хэсгийг болон нэхэмжлэгч  “ЭТ” ХХК-иас 24 013 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “О” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь  тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, өөрчлөн найруулж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 450 000 төгрөгийн үнэтэй ПВС хоолой болон 310 000 төгрөгийн үнэтэй 310 метр троссыг буцааж өгөхийг хариуцагч  хүлээн зөвшөөрснийг баталсугай”  гэсэн 2 дах заалтыг нэмж, 2 дах заалтыг 3, 3 дах заалтыг 4 болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                               Н.БАТЗОРИГ