Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/02350

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/02350

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:О ХХК / /-д холбогдох

24.760.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.М, гэрч Н.Б, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Э ХХК нь гүний худгийн өрөмдлөг хийх ажил үйлчилгээ эрхэлдэг. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр О ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн урд талын ууланд баригдаж буй барилгын талбайд цооног өрөмдөх ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж уг ажлыг гүйцэтгэсэн.

Уст цэг тодорхойлох усны хайгуул судалгааны ажлыг О ХХК-ийн зүгээс Н.Батмөнх гэх инжинерээр хийж гүйцэтгүүлсэн байсан.

Бид гэрээ ёсоор 150 тууш метр гүн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн боловч усны нөөц туйлын хангалтгүй байсан тул хоёр талаас дахин усны хайгуул судалгааг хийлгэсний үндсэн дээр дахин цооног өрөмдөх, холбогдох зардлыг О ХХК санхүүжүүлэх болзолтойгоор өөр цэгт дахин 160 тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн болно. Усны хайгуул судалгааг Далд эрдэнэ мөнх ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн байсан бөгөөд О ХХК-ийн худалдан авсан байсан 380 вт-ийн 150 метрээс 1 цагт 5тн ус шахдаг DAFU 7,5 кв-ийн насос болон 3х4 ийн 3 фазын 155 метр цахилгааны кабель зэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр суурилуулж өгсөн.

Тухайн үед бүх төхөөрөмж хэрэгсэл холболт монтажийг норм дүрмийн дагуу 150 метрийн гүнд суулгасан бөгөөд ус хэвийн гарч байсан. Бид ажил хүлээлцсэн акт үйлдээгүй боловч ажлын үр дүнг захиалагч тал хүлээж авсан. Бид нийт 310 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд гэрээ байгуулагдсан үед урьдчилгаа төлбөрт 7.000.000 төгрөг хүлээн авсан. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй болно.

Гэрээнд нэг тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцохоор тохирсон бөгөөд эхний цооногийг 150 метр, дараагийн цооногийг 160 метр өрөмдөж хоёр дахь цооногоос худаг гарсан. Ингээд нийт 310 метр өрөмдлөг хийсэн тул 31.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Одоо үлдэгдэл 24.000.000 төгрөгийг аваагүй байна.

Иймд цооног өрөмдөлгийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөг, худгийн цооногт насос суулгах ажилд 150 метр ус өргөх ПВС хоолойн үнэ 450.000 төгрөг, 310 метр 6 инчийн троссны үнэ 310.000 төгрөг, нийт 24.760.000 төгрөгийг О ХХК-иас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан хариуцагч ПВС хоолой болон троссыг ашиглаагүй буцаагаад өгч болно гэж байгаа тул буцаагаад авъя, харин гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай О ХХК нь 2017 оны 7 дугаар сард олон жил усны хайгуул, худаг өрөмдлөгийн ажил хийсэн туршлагатай хүн гэх Батмөнх гэдэг инжинертэй уулзан зөвлөгөө авч, гүний худаг гаргуулах ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд өөрийн дүү нарын компани нэх ЭХХК-ийн захирал Ш.Ганбаттай уулзуулан 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж 24-ний өдөр урьдчиллгаа болох 7.000.000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн.

Худаг гаргах эхний цэгийг Батмөнх зааж өгсөн бөгөөд тэр цэгээс нь ус гараагүй тул дахин хайгуул хийж 2 дах цооногийг өрөмдсөн.

ЭХХК өрөмдлөгийг 2017 оны 7 дугаар сарын сүүлээр эхлүүлж 9 дүгээр сарын дунд хүртэл гүйцэтгэсэн.

Манай компани Тэнгэрийн чимээ компаниас ус шахах насос, холбогдох цахилгааны самбарыг худалдан авч бэлдсэн боловч нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн ажлаа дуусгалгүй 2018 оны хавар хүргэсэн. Ажлаа дуусгаж хүлээлгэж өгөх талаар захирал Ш.Ганбат руу удаа дараа залгасан боловч утасаа авахгүй их удсаны эцэст 2018 оны 4 дүгээр сард ирж ус шахах насосыг суурилуулан эхний туршилтын ус шахалт хийсэн боловч хэдэн минут ажиллаад насос ажиллахгүй болсон.

Тухайн үед ажил гүйцэтгэж байсан Э ХХК-ийн ажилчид насосыг дахин ажиллуулах гэж оролдсон боловч чадаагүй, насосыг буцааж гарган шалгахаар оролдоод гаргаж дийлээгүй. Ингээд Ш.Ганбат утсаар ярьж насосыг буцаан гаргахад бидэнд кран хэрэгтэй байна. Кран хөлслөх мөнгө шилжүүлээд дараа үлдэгдэл төлбөрөөс тооцоё гэсний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 600.000 төгрөгийг Ш.Ганбатын данс руу шилжүүлсэн.

Үүнээс хойш ЭХХК сураггүй алга болсон тул бид өөрсдийн ажил төрлөө бодож 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Солана Дриллинг ХХК-тай гэрээ байгуулж худгийн цооногийг нэмж өрөмдүүлэн шинээр ус өргөх насос болон бусад дагалдах хэрэгслүүдийг суурилуулан худгийг ажиллагаанд оруулсан.

Э ХХК-ийн нэхэмжилж буй 24.760.00 төгрөгийг өгөх боломжгүй юм. Учир нь: нэхэмжлэгчийн өрөмдлөг хийгээд ус гараагүй өрөмдлөгийн зардлыг манай компани хариуцахгүй бөгөөд 150 метр өрөмдсөн гэж байгаа боловч энэ талаар ямар ч баримт байхгүй, яг хэдэн метр өрөмдсөн нь тодорхойгүй байна.

Мөн Э ХХК нь хоёр дахь өрөмдлөг хийж гүйцэтгэсэн ажилаа гэрээнд заасан ёсоор бидэнд хүлээлгэж өгөөгүй, ажлаа хаяж явсан. Э ХХК- нь цооногийн өрөмдлөгийг усны ундарга бүхий гүнд хүргэж хийгээгүй, насосыг усны хангалттай, ундаргагүй түвшинд хуурай ажиллуулснаас шатаасан.

Э ХХК нь гэрээ ёсоор өрөмдлөгийн ажлыг товлосон өдөр эхлүүлж 3 хоногт багтаан гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч сар хагасын хугацаа өнгөрөхөд гүйцээж хийлгүй дутуу орхиж, ажлаа хүлээлгэж өгөлгүй явсан. Ийм учраас үлдэгдэл 24.000.000 төгрөгийг өгөх боломжгүй.

Бидний хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлд Талууд нь 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцох ба гүний худгийн цооногийн өрөмдлөгийн нийт ажлыг гүний цооног түүний тоноглол / 1 цагт 5 тн шахах хүчин чадалтай FROG 380 KW маркийн гүний насосоос бусад тоноглол/ тээврийн зардлын хамт нийт 14.000.000 төгрөгөөр тооцохоор тохиолцсон.

Энэ заалтын дагуу ПВС хоолой болон троссны үнэ нь гэрээний үнэд багтсан тул эдгээр материалын үнийг манай компани төлөх үүрэггүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ПВС хоолой болон троссыг ашиглаагүй тул буцааж өгөх боломжтой, хэрэв нэхэмжлэгч өөрөө ирээд авбал буцаагаад өгнө.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

О ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ЭХХК-тай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах талбайд гүний худгийн ажил гүйцэтгүүлэхээр 14.000.000 төгрөгийн үэн бүхий гэрээг байгуулсан.

Тус гэрээний дагуу гүйцэтгэгч Э ХХК нь өөрийн машин тоног төхөөрөмж, тээвэрлэлт,түлш, тослох материал, дагалдах материал тухайлбал гүний насосоос бусад цагт 5 тн ус шахах хүчин чадал бүхий тоноглол, ажиллах хүч зэргийг ашиглан өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж худгийг ажиллагаанд оруулж актаар хүлээлгэн өгөх, захиалагч О ХХК нь Иргэний хуулийн 343.1-т заасны дагуу ажлын үр дүнг хүлээн авч ажлын хөлс төлөх үүргийг хүлээж, 1 тууш метрийг 100.000 төгрөөөр тооцон урьдчилгаа 50 хувь, ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдэн үлдэгдэл 50 хувийг төлөх үүрэг хүлээсэн.

Бид гэрээнд зааснаар урьдчилгаа 7.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Э ХХК-ийн дансанд шилжүүлсэн. ЭХХК нь 130-140 метрийн гүнтэй цооног ухах, 219 мм-ийн ган хоолойг хөрсний бохирдолт сэвсгэр үеийг дуустал хийж гүйцэтгэх, гүний насосыг иж бүрэн тоноглол, ус өргөх хоолойн хамт угсрах, сантехникийн хоолой, шугам, цахилгаан кабель монтажыг стандарт норм дүрмийн дагуу холбох, насосын тусламжтайгаар гүний усны ундарга цагт 5тн-оос багагүй байх хэмжээний ус гарч байх нь гэрээний дагуу хийгдэх ажлын үр дүн байсан.

Э ХХК нь ажлаа бүрэн хийлгүйгээр дутуу орхиж яваад хэсэг хугацааны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын эхээр ирж ажлаа үргэлжлүүлсэн боловч гэрээнд заасан ажлаа бүрэн хийлгүйгээр гүний усны хангалттай ундаргагүй түвшинд насосыг ажиллуулж шатаасан.

Үүнээс хойш ЭХХК сураггүй алга болсон тул бид өөрсдийн ажил төрлөө бодож 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Солана Дриллинг ХХК-тай гэрээ байгуулж худгийн цооногийг нэмж өрөмдүүлэн шинээр ус өргөх насос болон бусад дагалдах хэрэгслүүдийг суурилуулан худгийг ажиллагаанд оруулж 12.723.000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан.

ЭХХК гүний худгийн насосыг авч ирэхдээ дагалдах хяналтын самбарыг авч ирээгүй, насосыг ажиллагаагүй болгон манай компанид 3.240.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан. Худгийн насосыг ажиллагаагүй болгосны дараа түүнийг өргөж гарган шалгахын тулд кран хөлслөх мөнгө хэрэгтэй байна гээд Ш.Ганбат 600.000 төгрөг авсан боловч ажилаа гүйцээлгүй орхиж явсан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ЭХХК-ийн ажилтан Тэмүүлэнгийн Хаан банкны дансанд шатахууны зардал гээд 450.000 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд бидний хооронд хийгдсэн гэрээний урьдчилгаа 7.000.000 төгрөг, кран хөлслөхөд шилжүүлсэн 600.000 төгрөг, шатахууны үнэд шилжүүлсэн 450.000 төгрөг, насосны үнэ 3.240.000 төгрөг, тухайн ажлыг дахиж гүйцэтгүүлсэн 12.723.000 төгрөг, нийт 24.013.000 төгрөгийг ЭХХК-иас гаргуулан өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Манай ЭХХК нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр О ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн урд талын ууланд барилгын талбайд цооног өрөмдөх ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн. Уст цэг тодорхойлох усны хайгуул судалгааны ажлыг О ХХК-ийн зүгээс Н.Батмөнх гэх инжинерээр хийж гүйцэтгүүлсэн байсан.

Бид гэрээ ёсоор 150 тууш метр гүн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн боловч усны нөөц туйлын хангалтгүй байсан тул хоёр талаас дахин усны хайгуул судалгааг Далд Эрдэнэ мөнх ХХК-иар хийлгүүлсний үндсэн дээр дахин цооног өрөмдөхөд холбогдох зардлуудыг О ХХК санхүүжүүлэх болзолтойгаар өөр цэгт дахин 160 тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн болно. Барилгын ажил явагдаж гүний худгийг газар доогуур замын доор шугамд холбох гэсэн үндэслэлээр насосыг хавар суурилуулахаар тохирсон.

О ХХК-ийн худалдан авсан байсан 380 вт-ын 150 метрээс 1 цагт 5тонн ус шахдаг DAFU 7,5 кв-ийн насос дээр 3х4 ийн 3 фазын 155 метр цахилгааны кабель, 150 метр 32 мм-ийн ус өргөх хоолой, 300 метр тросс , худгийн таглаа зэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай компани худалдан авч суурилуулж өгсөн.

Тухайн үед бүх төхөөрөмж хэрэгсэл, холболт монтажийг норм дүрмийн дагуу 150 метрийн гүнд суулгасан ба ус хэвийн гарч байсан. Бид нийтдээ 310 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн ба гэрээ байгуулах үед урьдчилгаа 7.000.000 төгрөгийг хүлээн авсан өөр ямар нэгэн төлбөр аваагүй. Гэрээнд 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцохоор тохирсон тул 31.000.000 төгрөг авах ёстойгоос үлдэгдэл 24.000.000 төгрөгийг аваагүй байна. Ш.Ганбат миний дансруу хийсэн гэх 600.000 төгрөгийг усны хайгуул хийсэн Далд Эрдэнэ мөнх ХХК-ийн В.Мөнхболдод ажлын хөлс гэж өгсөн. Манай ЭХХК-д Тэмүүлэн гэдэг хүн ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй тиймээс бусдад шатахууны үнэ гэж шилжүүлсэн 450.000 төгрийг манай компани хариуцахгүй, кран хөлсөлсөн төлбөр 600.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компани кран хөлслөөгүй, энэ 600.000 төгрөгийг ажлын хөлс гэж авсан нь үнэн тул гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хасаж тооцоход татгалзах зүйлгүй юм.

Насосны үнэ 3.240.000 төгрөгийг мөн хариуцахгүй учир нь бид насосыг шатаагаагүй, биднийг ажил хийж дуусахад насос ажиллаж байсан, хэрэгт авагдсан фото зургаас харагдаж байгаа , бидний суурилуулсан насос ус шахаж ажиллаж байгааг харуулсан фото юмаа. Бид ажилаа хийж дуусгаад энэ зургийг авч байхад О ХХК-ийн ажилтан Билэгсайхан хараад зогсож байсан. ЭХХК гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн тул хийсэн ажлын хөлсөө л нэхэмжилсэн. Хариуцагч О ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Н.Батбилэг, Ц.Билэгсайхан нарын мэдүүлгийг сонсов.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

НЭГ.Үндсэн нэхэмжлэлийн тухайд.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 24.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 4, 5-д заасны дагуу нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ ЭХХК нь цооногийг 130-140 метрийн гүнтэй, 219 мм-ийн диаметр бүхий 1 ширхэг гүний худаг өрөмдөх, цооногт ган хоолойг хөрсний бохирдолт сэвсгэр үеийг дуустал хийж, гүний насосыг иж бүрэн тоноглон, худаг доторхи цахилгааны монтаж, ус өргөх хоолой угсрах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн үр дүнгээ захиалагчид хүлээлгэн өгөх,

хариуцагч /захиалагч/ О ХХК нь гэрээний 10-д заасны дагуу 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцох ба гүний худгийн цооногийн өрөмдлөгийн нийт ажлыг гүний цооног, түүний тоноглол,/FROG 380KW маркинй 1 цагт 5 тн ус шахах хүчин чадалтай FROG 380 KW, гүний насосоос бусад тоноглол/ тээврийн зардлын хамт гэрээний нийт үнийн дүнг 14.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-9-р хуудас/

Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 7.000.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн талаар маргаагүй болно.

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус гэрээний 4, 5, 7, 10, 22-т зааснаас үзвэл нэхэмжлэгч ЭХХК нь гэрээнд заасан 130-140 метрийн гүнтэй, 219 мм-ийн диаметртэй 1 ширхэг гүний худаг өрөмдөх ажлыг 2017 оны 7 дугаар сарын 25-наас 2017 оны 8 дугаар сарын 05-ны хооронд эхлүүлэн 3 хоногт багтаан гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, хариуцагч /захиалагч/ О ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч гэрээнд тохирсноор 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн зэргээс дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

Дээрх Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний

13. Захиалагч тал нь гүний худгийн цооногийг гүйцэтгэгчийн хайгуул хийж санал болгосон газарт өрөмдүүлнэ гэж,

20.Усны хайгуулын дүнг үндэслэн харилцан тохиролцож цэг тогтоосон газарт өрөмдлөг хийнэ гэж ,

27.Газрын гүнээс ус гарахгүй, эсвэл энэхүү гэрээний 6-д зааснаас бага ундаргатай тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх ба нэмэлт хайгуул хийж шинээр өрөмдлөг хийнэ гэж,

28....Газрын гүнээс гарсан усны найрлага, физик химийн урвал шинж чанар, хэмжээнд гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй ба захиалагч тал хариуцлага ногдуулахгүй гэж,

35.Цэвдэгтэй, нуралттай гэх мэт хөрсний онцлогоос шалтгаалан нэмэлт кабель ПВС хуванцар хоолой суурилуулах тохиолдолд гарах зардлыг захиалагчаас гаргуулах бөгөөд ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2 өдөр хойшлуулж болно гэж тус тус тохиролцжээ.

Гүйцэтгэгч ЭХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч захиалагч О ХХК-д акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй, хүлээн аваагүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Захиалагч О ХХК-ийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4.-т зааснаар ... ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн хуулийн 351.2.-т зааснаар Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.

Захиалагч О ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Солана Дриллинг ХХК-тай Гүний худгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн урд ууланд зайсан клубын талбайд орших гүний худгийн цооногийг сэтэлж, сэргээн нэмэлт өрөмдлөгийн ажлыг гүний усны нөөц бүхий үе хүртэл гүйцэтгэх, ПВС хуванцар хоолой суулган насос тавьж тоноглон хүлээлгэж өгөх, цооног сэргээх ажлын төлбөрт 5.500.000 төгрөгөрөмдөлгийн ажлыг 1 тууш метр нь 100.000 төгрөг байхаар тохиролцжээ./хх-ийн 54-55-р хуудас/

Солана Дриллинг ХХК нь дээрх гэрээний дагуу ажлыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эхлэн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааанд хийж гүйцэтгэхээр О ХХК-тай тохиролцсон боловч 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ажил хүлээлцсэн акт үйлдэн захиалагч О ХХК-д гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хүлээгэн өгчээ./хх-ийн 56-58,63-р хуудас/

Солана Дриллинг ХХК-иас О ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан тодорхойлолтдоо:

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсанд байрлах гүний худагт нэмэлт өрөмдлөг хийж, шинээр насос болон бусад тоноглолоор тоноглож, турүшилтын шавхалт хийж хүлээлгэн өгөв. Уг худгийн хуучин цооног нь 155 метрийн гүнтэй, насосыг 140 метрт суурилуулсан, хуурай ажиллуулснаас гүний насос шатсан байдалтай байсан. Цооногийг цааш нь 186 метр хүртэл өрөмдөж, гүний насосыг 183 метрийн гүнд суурилуулж туршилтын шавхалт хийхэд ундарга 1,3л/сек болсон гэжээ.

Энэ бүхнээс үзэхэд О ХХК нь Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг тодорхой хэмжээгээр хүлээн авч, цааш нь Солана Дриллинг ХХК-иар гүйцэтгүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна/хх-ийн 6-10,56,63-67,93,99-100-р хуудас/

ЭХХК нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсанд байрлах гүний худгийн 2 дахь цооногийг 160 м өрөмдсөн гэж маргаж байгаа боловч Солана Дриллинг ХХК, О ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу уг ажлын хуучин цооног нь 155 метрийн гүнтэй, насосыг 140 метрт суурилуулсан байсаныг цааш нь 186 метр хүртэл өрөмдөж, гүний насосыг 183 метрийн гүнд суурилуулж өгсөн болох нь Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, Гүний худгийн ажил гүйцэтгэх гэрээ, Ажил хүлээлцсэн акт, Солана Дриллинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, зардлын тооцоо зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн54-58,63-67- р хуудас/

Иймээс ЭХХК-ийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр О ХХК-тай байгуулсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 155 метр гүнтэй өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар захиалагч нь ажлын хөлс төлөх үүрэгтэй.

Гүйцэтгэгч Э ХХК-ийн захирал Ш.Ганбатын Хаан банкны 5087178157 дугаартай дансанд 600.000 төгрөгийг хариуцагчаас худгийн ажлын төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 600.000 төгрөгийг худгийн ажлын хөлсөнд авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул түүний нийт ажлын хөлснөөс хасаж тооцох нь зүйтэй.

Хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-д Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлс 15.500.000 төгрөгийг /155 м х 100.000 төгрөг = 15.500.000 төгрөг/ төлөх үүрэгтэй боловч 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр урьдчилгаа 7.000.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 600.000 төгрөгийг худгийн ажлын хөлсөнд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон банкны гүйлгээний мэдэгдлээр тогтоогдож байна./хх-ийн 49,53-р хуудас/

Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч О ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 27.-д Газрын гүнээс ус гарахгүй, эсвэл энэхүү гэрээний 6-д зааснаас бага ундаргатай тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй... гэж талууд тохиролцсон байх тул захиалагч О ХХК нь эхний 150 метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн төлбөрийг гүйцэтгэгч ЭХХК-д төлөх үүрэггүй байна.

Иймд хариуцагч О ХХК-иас 7.900.000 /15.500.000-7.000.000-600.000 =7.900.000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгон, нэхэмжилсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 16.100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Мөн хариуцагч О ХХК нь 450.000 төгрөгийн үнэтэй ПВС хоолой, 310.000 төгрөгийн үнэтэй 6 инчийн троссыг нэхэмжлэгчид буцаан өгөх, нэхэмжлэгч хүлээн авахаар харилцан хүлээн зөвшөөрснийг батлах нь зүйтэй байна.

 

ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 7.000.000 төгрөг, гүйцэтгэгчийг кран хөлслөхөд зарцуулсан 600.000 төгрөг, шатахууны үнэд шилжүүлсэн 450.000 төгрөг, насосны үнэ 3.240.000 төгрөг, тухайн ажлыг дахин гүйцэтгүүлсэн ажлын хөлс 12.723.000 төгрөг, нийт 24.013.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч О ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч ЭХХК нь гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэн үр дүнгээ захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч О ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээжээ.

а.Захиалагч О ХХК нь гүйцэтгэгч Э ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг тодорхой хэмжээгээр хүлээн авч, цааш нь Солана Дриллинг ХХК-иар гүйцэтгүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 7.000.000 төгрөгийг буцаан нэхэмжлэх үндэсгүй.

б.2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэгч ЭХХК-ийн захирал Ш.Ганбатын Хаан банкны 5087178157 дугаартай дансанд 600.000 төгрөгийг хариуцагчаас худгийн ажлын төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 600.000 төгрөгийг худгийн ажлын хөлсөнд авсан тул үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцохыг хүлээн зөвшөөрч байх тул түүнийг кран хөлслөхөд зарцуулсан гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 53-р хуудас/

в.2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Тэмүүлэнгийн Хаан банкны 5087214483 дугаартай дансанд 450.000 төгрөгийг О ХХК худгийн дизелийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэнийг гүйцэтгэгч Э ХХК-руу шилжүүлсэн гэж үзэх үндэсгүй юм. /хх-ийн 50-р хуудас/

г. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр захиалагч О ХХК болон гүйцэтгэгч ЭХХК-ийн хооронд байгуулагдсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 10.-т хариуцагч /захиалагч/ О ХХК нь 1 тууш метрийг 100.000 төгрөгөөр тооцох ба гүний худгийн цооногийн өрөмдлөгийн нийт ажлыг гүний цооног, түүний тоноглол/FROG 380KW маркинй 1 цагт 5 тн ус шахах хүчин чадалтай FROG 380 KW, гүний насосоос бусад тоноглол/ тээврийн зардлын хамт гэрээний нийт үнийн дүнг 14.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх тул 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр О худгийн насос, хяналтын самбарын төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн 3.240.000 төгрөгийг гүйцэтгэгч төлөх үүрэггүй байна. /хх-ийн 6,7,51,52-р хуудас/

 

Иймд нэхэмжлэгч ЭХХК-иас 24.013.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 7.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 450.000 төгрөгийн үнэтэй ПВС хоолой болон 310.000 төгрөгийн үнэтэй 310 метр троссыг буцааж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.100.000 төгрөгийн шаардлага болон нэхэмжлэгч Э ХХК-иас 24.013.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281750 төгрөг, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278015 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 153510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ч.ИЧИНХОРЛОО