Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/02311

 

 

 

 

 

 

     2017 оны 11 сарын 28 өдөр

    Дугаар  

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ШГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: БД ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 56,012,400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ш, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч А.Б, Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “САБ” ХХК нь манай компанитай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/90 тоот “Газрын тосны бутээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг нь батлан дааж “БД” ХХК Г/91 тоот Батлан даалтын гэрээг байгуулсан. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт Худалдан авагч нь барааг хүлээн авснаас хойш хуанлийн 20 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй” Хуанлийн нэг өдөр хийсэн худалдагчийн нийлүүлэлт, худалдан авагчийн худалдан авалтыг Монгол Улсын иргэний хуулиар тогтоосон бие даасан үүрэг гэж үзнэ. 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “Худалдан авагч нь шатахуун болон барааны төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр /шатахуун болоп барааны нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан. Мөн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Г/91 тоот Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.16-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь батлан даалтын зүйлээс үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй нийт мөнгөн төлбөр, алданги, шаардлагатай тохиолдолд шүүхийн зардал, хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан болно.

Бид САБ ХХК-нд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлж байсан боловч уг компани нь олдохгүй, одоо хаана байгааг нь бид мэдэхгүй байгаа юм. Иймд САБ ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/90 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үндсэн төлбөр 37,341,600 төгрөг хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 18,670,800 төгрөг, нийт 56,012,400 төгрөгийг батлан даагч “БД” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч нь “САБ” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах Г/90 тоот гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний төлбөр төлөлттэй холбоотой “БД” ХХК-тай тус өдөр Г/91 дугаар Батлан даалтын гэрээ байгуулсан байна. “САБ” ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан шатахууны төлбөрийг төлөөгүй нөхцөлд “БД” ХХК Батлан даалтын гэрээнд заасан ёсоор төлбөр төлөх агуулгаар тус гэрээ байгуулагдсан байна Нэхэмжлэгч нь “САБ” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2017/03 дугаар Тооцоо нийлэх актыг үйлдэж, нэхэмжпэгчид төлөгдвөл зохих үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь 37,341,600 төгрөг болохыг баталгаажуулсан байна. “САБ” ХХК нь тус төлбөрийг төлөөгүйтэй холбоотой нэхэмжлэгч нь манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх боловч тус Тооцоо нийлсэн актын дагуу төлөгдвөл зохих үндсэн төлбөр, алдангийг “БД” ХХК хариуцан төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжпэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч “САБ” ХХК-иас тус төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах болон Батлан даалтын гэрээ байгуулахад нэхэмжлэгч нь өөрийн үйл ажиллагаандаа байнга хэрэглэдэг гэрээний стандарт нөхцөлийг хэрэглэсэн байх бөгөөд Батлан даалтын гэрээний 6.1 дэх хэсэгт гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох тухай зааж тохиролцсон боловч гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна. Тэгээд ч хариуцагч нь манай байгууллага биш. САБ ХХК-иас эхлээд нэхэмжлэх ёстой. Хариуцагч байгууллага олдохгүй байгаа нь манай байгууллагад шууд хандах үндэслэл болохгүй. Батлан даагч хэзээ хариуцлага хүлээхийг хуульд заасан байгаа. Бид гэрээгээр хамтран үүрэг хүлээгээгүй, мөн үүрэг гүйцэтгэх дараалал тогтоогоогүй. Тиймээс Батлан даалтын гэрээний 6.1, 2.1.1, 2.1.2, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ШГХХК нь хариуцагч БД ХХК-нд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 56,012,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг САБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байгаа учир түүний төлбөрийг батлан даагч БД ХХК төлөх ёстой гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд САБ ХХК нь олдохгүй байгаа явдал нь төлбөрийг шууд манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэл болохгүй, бид гэрээгээр хамтран үүрэг хүлээгээгүй, батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцэв.

Нэхэмжлэгч ШГХХК нь САБ ХХК-тай 2016.08.16-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 2016.12.31-ний өдрийг хүртэл байгуулж, уг гэрээний дагуу САБ ХХК-нд түүний захиалгын дагуу шатахуун нийлүүлэх, САБ ХХК нь худалдан авсан шатахууны үнийг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу төлөх, хэрэв төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлөхөөр,

Хариуцагч БД ХХК нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор САБ ХХК-ийг батлан дааж, ШГХХК-тай 2016.08.16-ны өдөр батлан даалтын гэрээг үндсэн гэрээний хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу 24,000 литр шатахуунд хариуцлага хүлээхээр тус тус тохиролцсон болох нь дурдсан гэрээнүүд, түүний хавсралтаар нотлогдсон.

 

Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн бөгөөд уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан хүчин төгөлдөр байдалд нийцэж байна.

 

Нэхэмжлэгч ШГХХК нь 2016.08.16-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу САБ ХХК-нд тохирсон шатахууныг нийлүүлж, тухай бүрт нь тооцоо нийлж байсан байх бөгөөд эцсийн тооцоо буюу 2017.03.31-ний өдрийн байдлаар 23,338 литр шатахууны нийлүүлсний төлбөрт 37,341,600 төгрөгийг аваагүй байгаа, САБ ХХК нь уг төлбөрийг төлөхөө удаа дараа мэдэгдэж байсан үйл баримт зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн актууд, ШГХХК-иас САБ ХХК-нд хүргүүлж байсан мэдэгдлүүд, САБ ХХК-иас ШГХХК-нд хүргүүлж байсан хариу албан бичгүүд зэргээр тогтоогдов.

 

Талуудын байгуулсан батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, үүүрэг хэсгийн 3.1-д “үүрэг гүйцэтгэгчээс, түүнчлэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах, хангуулах эрхтэй”,

 

Батлан даагчийн эрх, үүрэг хэсгийн 3.16-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь батлан даалтын зүйлээс үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй нийт мөнгөн төлбөр, алданги, шаардлагатай тохиолдолд шүүхийн зардал, хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй”,

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”,

 

460 дугаар зүйлийн 460.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.2-т “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Батлан даалтын гэрээ болон Иргэний хуулийн дээрх заалтууд, газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.11, 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаас үзвэл нэхэмжлэгч ШГХХК нь эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгч САБ ХХК-иас төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл батлан даалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд батлан даагч нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг онцлогтой. Харин газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч БД ХХК нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар САБ ХХК-ийн худалдан авсан шатахууны төлбөрийг хамтран хариуцахаар үүрэг хүлээгээгүй, мөн нөхөх хариуцлага хүлээх үндэслэлгүй юм.

Тодруулбал газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох САБ ХХК нь өөрийн худалдан авсан шатахууны төлбөрийг яагаад төлөх боломжгүй болсон нь тодорхойгүй, түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, САБ ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нөхцөл байдал харагдахгүй, энэ талаар баримтгүй, тус байгууллагын хаяг тодорхойгүй, олдохгүй байгаа нь батлан даагчаас төлбөрийг шууд шаардах үндэслэл болохгүй, харин ч хэрэгт авагдсан САБ ХХК-ийн албан бичгүүдээр тус байгууллага нь төлбөрөө төлөхийг зөвшөөрч байгаа нь тогтоогдсон болно.

 

Иймд ШГХХК нь шатахуун худалдсаны төлбөрийг батлан даагч БД ХХК-иас шууд шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар БД ХХК-нд холбогдох ШГХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ШГХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 438,012 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Т.ЭНХТУЯА