Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00312

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00312

 

 

 

Шунхлайговь ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02311 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Шунхлайговь ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Бодьдаатгал ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 56 012 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Шижирбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёмбо Ай Би ХХК нь манай компанитай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/90 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан дааж Бодьдаатгал ХХК Г/91 тоот Батлан даалтын гэрээг байгуулсан. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт Худалдан авагч нь барааг хүлээн авснаас хойш хуанлийн 20 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй Хуанлийн нэг өдөр хийсэн худалдагчийн нийлүүлэлт, худалдан авагчийн худалдан авалтыг иргэний хуулиар тогтоосон бие даасан үүрэг гэж үзнэ. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт Худалдан авагч нь шатахуун болон барааны төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр /шатахуун болоп барааны нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан. Мөн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/91 тоот Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.16-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь батлан даалтын зүйлээс үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй нийт мөнгөн төлбөр, алданги, шаардлагатай тохиолдолд шүүхийн зардал, хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан болно.

Бид Соёмбо Ай Би ХХК-нд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлж байсан боловч уг компани нь олдохгүй, одоо хаана байгааг нь бид мэдэхгүй байгаа юм. Иймд Соёмбо Ай Би ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/90 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу үндсэн төлбөр 37 341 600 төгрөг хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 18 670 800 төгрөг, нийт 56 012 400 төгрөгийг батлан даагч Бодьдаатгал ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Соёмбо Ай Би ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах Г/90 тоот гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний төлбөр төлөлттэй холбоотой Бодьдаатгал ХХК-тай тус өдөр Г/91 дугаар Батлан даалтын гэрээ байгуулсан байна. Соёмбо Ай Би ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан шатахууны төлбөрийг төлөөгүй нөхцөлд Бодьдаатгал ХХК Батлан даалтын гэрээнд заасан ёсоор төлбөр төлөх агуулгаар тус гэрээ байгуулагдсан байна Нэхэмжлэгч нь Соёмбо Ай Би ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2017/03 дугаар Тооцоо нийлэх актыг үйлдэж, нэхэмжлэгчид төлбөл зохих үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь 37 341 600 төгрөг болохыг баталгаажуулсан байна. Тооцоо нийлсэн актын дагуу төлөгдвөл зохих үндсэн төлбөр, алдангийг Бодьдаатгал ХХК хариуцан төлөх үндэслэлгүй учир нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч Соёмбо Ай Би ХХК-иас тус төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн Батлан даалтын гэрээний 6.1 дэх хэсэгт гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тухай зааж тохиролцсон боловч гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна. Соёмбо Ай Би ХХК-иас эхлээд нэхэмжлэх ёстой. Хариуцагч байгууллага олдохгүй байгаа нь манай байгууллагад шууд хандах үндэслэл болохгүй. Батлан даагч хэзээ хариуцлага хүлээхийг хуульд заасан байгаа. Бид гэрээгээр хамтран үүрэг хүлээгээгүй, мөн үүрэг гүйцэтгэх дараалал тогтоогоогүй. Тиймээс Батлан даалтын гэрээний 6.1, 2.1.1, 2.1.2, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар Бодь даатгал ХХК-нд холбогдох Шунхлайговь ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Шунхлайговь ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 438 012 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь Соёмбо Ай Би ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг удаа дараа шаардсан бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн. Гэтэл шүүхийн зүгээс Нэхэмжлэгч нь Соёмбо Ай Би ХХК-иас шууд үүргийн гүйцэтгэлийг шаардсан эсэхэд дүгнэлт хийхдээ уг нотлох баримтууд нь тус компанийг үүргээ гүйцэтгэж чадахгүй болсныг нотлохгүй байна гэж илтэд буруу тайлбарлан дүгнэсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзнэ гэж заасан байдаг. Иймд бидний шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтууд нь буюу Соёмбо Ай Би ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй баримтууд нь тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй болохыг нотлох баримтууд юм. Нэхэмжлэгч болон хариуцагчдын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 3.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах, хангуулах эрхтэй гэж тохиролцсон. Энэ нь иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Гэтэл шүүхийн зүгээс талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээний тохиролцоог үл ойшоож Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх боломжгүй болохыг нотолж байж батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь хуулийн заалтыг илт буруу ойлгон тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Шүүх хуулийн энэхүү заалтыг илт буруу тайлбарлан хэрэглэхдээ хамгийн чухал зүйл болох талуудын тохиролцоог үл хүндэтгэсэн нь буруу болжээ.

Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар Соёмбо Ай Би ХХК нь олдохгүй байгаа нь үүргийг гүйцэтгэх боломжгүйг нотлохгүй байна гэж үзсэн нь цаашид энэ асуудлаар нэхэмжлэгч нь Соёмбо Ай Би ХХК-ийг шүүхээр эрэн сурвалжлуулах" тухай захирамж гаргуулсан байсан Соёмбо Ай Би ХХК нь үүргийг гүйцэтгэх боломжгүй гэдэг нь нотлогдохгүй байна" гэж үзсээр байх мэтээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсгийн заалтыг илтэд мушгин гуйвуулсан тайлбар болсон байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн зүгээс олдохгүй байгаа, үүргээ гүйцэтгэхээс илтэд зугтаж байгаа үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэх боломжгүй гэдгийг нотлох ямар ч боломжгүй болгох" хэмжээний тайлбар хийсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосоор байх нөхцөлд хүргээд байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн тайлбарыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь Бодьдаатгал ХХК түүнтэй байгуулсан Батлан даалтын гэрээнд хамаарахгүй тул шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Батлан даалтын гэрээний 6.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй тухайд зохигчдын хоорондын Батлан даалтын гэрээний 6.1 дэх хэсэгт гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тухай заасан. Иймд компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарсан нь гэрээг байгуулагдсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй юм. Бид энэ асуудлаар анхан шатны шүүхэд мэтгэлцсэн боловч шүүх гэрээний 6.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй тухай няцаах дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл байвал шүүх бие даасан нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран хуулийн тус заалтыг хэрэглэх ёстой. Зохигчдын хоорондын Батлан даалтын гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм.

Учир нь, Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 1 дэх хэсэгт заасны дагуу даатгагч нь батлан даалтын гэрээ байгуулах нь хууль зөр хэрэг юм. Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4 хэсэгт даатгагч нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж, даатгалтай холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн бол түүнийг Даатгалын тухай зөрчил гэж үзэхээр тодорхой заасан.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.5 дах хэсэгт заасны дагуу мөн нэхэмжилж буй төлбөр даалтын гэрээ байгуулсны дараах борлуулалтын төлбөр тул Батлан даалтын гэрээнд хамаарахгүй юм. Энэ нь цаг хугацаа болон борлуулалтын хэмжээний хувьд Батлан даалтын гэрээнд хамаарахгүй борлуулалтын төлбөр байсан.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч "Соёмбо Ай Би" ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөлтэй Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах Г/90 дүгээр гэрээг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу хийгдэх борлуулалтын төлбөрт Бодьдаатгал ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагчаас нэхэмжилж буй төлбөр нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссанаас хойш хийгдсэн борлуулалтын төлбөр байсан. Тодруулбал нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017/03 дугаар Тооцоо нийлэх актын 1 дэх хэсэгт ... хоёр байгууллагын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрө 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ ... нэг бүрчлэн нийлж үзэхэд гэж, 3 дах хэсэгт Дээрх тооцоо нь зөвхөн тухайн хугацааны тооцоо болно гэж тус тус зааснаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын төлбөр болох нь тогтоогдоно. Соёмбо Ай Би ХХК-иас тайлбар авахад мөн адил тус агуулгаар тайлбар ирүүлсэн болно . Түүнчлэн нэхэмжлэгч "Соёмбо Ай Би" ХХК-тай үйлдсэн 2016/13 болон 2016/14 дугаар Тооцоо нийлэх актад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх борлуулалтын тухай тусгагдсан бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2017/03 дугаар Тооцоо нийлэх актад 2016 оны борлуулалтын төлбөр бус 2017 оны борлуулалтын төлбөр болох нь тусгагдсан нь дээрх байдлыг нотолно.

Борлуулалтын хэмжээний хувьд Батлан даалтын гэрээний 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ 24 000 литр гэж зааж, Батлан даагч нь зөвхөн 24 000 литр газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын төлбөрт батлан даалт гаргасан байна. Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тухай "Соёмбо Ай Би" ХХК-д мэдэгдэж, тайлбар авахад бид анх 24 000 литр бүтээгдэхүүн авахаар төлөвлөж батлан даалт гаргуулсан бөгөөд тус бүтээгдэхүүний төлбөрийг төлсөн гэж тайлбар ирүүлснийг бид шүүхэд гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан 2016/13, 2016/14 дүгээр Тооцоо нийлэх актуудаас харахад Соёмбо Ай Би ХХК нь анх зээлээр худалдаж авсан 24 000 шатахууны төлбөрийг төлж барагдуулсан. Соёмбо Ай Би ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бидэнд ирүүлсэн тайлбарт ... гэрээ байгуулах үед бид ... тус компаниас 24 000 литр газрын тосны бүтээгдэхүүн авахаар тохиролцож байсан. Үүнтэй холбоотой танай компаниас 24 000 литр газрын то бүтээгдэхүүний төлбөр төлөлтөд Батлан даалт гаргуулж, Батлан даалтын гэрээний 2.1 дэх хэсэгт 24 000 литр гэж заасан билээ. ... Бид төлбөр төлбөрөө цаг тухайд нь төлж байсантай холбоотой Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний нөхцөлөөр нэмж шатахуун авч байсан гэх тайлбар нь нэхэмжлэгч болон "Соёмбо Ай Би" ХХК-иуд нь төлбөр төлөлт хэвийн байсантай холбоотой өөрсдөө харилцан тохиролцож газрын тосны бүтээгдэхүүнийг Батлан даалтгүйгээр, зээлээр худалдаж байсныг нотлох юм.

Батлан даалтын гэрээний 2.1.1 дэх заалтыг Иргэнии хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарлах үндэслэлтэй. Бодьдаатгал ХХК нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг хязгааргүй нийлүүлэх их хэмжээний бүтээгдэхүүний 24 000 литрийн борлуулалтын төлбөрт батлан даалт хийх хэрэгцээ, сонирхол байхгүй нь ойлгомжтой.

Бодьдаатгал ХХК анх Батлан даалтын гэрээнд гарын үсэг зурах үед түүнд Шунхлай Говь ХХК болон Соёмбо Ай Би ХХК-иуд 24 000 литр шатахуун зээлээр худалдах учир тус хэмжээнд л Батлан даалт гаргуулж байгаа гэж ойлгуулсан атлаа төлбөр нэхэмжлэх үед өөрт ашигтайгаар гэрээний заалтыг тайлбарлаж байгаа нь Бодьдаатгал ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Батлан даалтын гэрээний 2.1.1-т заасны дагуу хариуцагч нь 24 000 литр бүтээгдэхүүний төлбөр төлөлтөд батлан даалт гаргасан тул бүтээгдэхүүний төлбөр төлөгдсөнөөр хариуцагчийн Батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг хариуцагчтай байгуулсан Батлан даалтын гэрээнд хамааруулж үзэхийн тулд тус төлбөр нь Соёмбо Ай Би ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/90 дүгээр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр байх ёстой. Учир нь, "Бодьдаатгал ХХК нь тус гэрээний төлбөр төлөлтөд батлан даалт гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/90 дүгээр гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр болохыг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/90 дүгээр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 4.6 дах хэсэгт заасны дагуу тус гэрээний огноо, дугаар тэмдэглэгдсэн Тооцоо нийлэх актыг бид тухайн гэрээний салшгүй хэсэг буюу гэрээний дагуу хийгдсэн борлуулалтын төлбөр гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй 2017/03 дугаар Тооцоо нийлэх актад тус гэрээний огноо, дугаар тэмдэглэгдээгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Г/90 дүгээр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 2.5 дах хэсэгт ... шатахууныг хэмжин хүлээн авч, хариу падаан үйлдсэнээр худалдагч шатахууныг нийлүүлсэнд, худалдан авагч шатахууныг хүлээн авсанд тус тус тооцно гэж, гэрээний 2 дугаар хавсралтын 3.1 дах хэсэгт Хэрэв ачаа нь зөрүүгүй ирсэн бол хүлээн авсан хариу падаан үйлдэнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэг Соёмбо Ай Би" ХХК-д тус гэрээний дагуу борлуулалт хийснийг нотлох зүйл нь барааны падаан байх юм. Гэтэл, нэхэмжлэгч нь "Соёмбо Ай Би" ХХК-ийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгатай барааны падааныг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Дээрх үндэслэлүүдийн дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг Батлан даалтын гэрээнд хамааруулан авч үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн дээрх заалтуудыг хэрэглэх тухай өөрчлөлт оруулахыг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Шунхлайговь ХХК нь Бодьдаатгал ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 56 012 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Шунхлайговь ХХК нь Соёмбо Ай Би ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г/90 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулж Бодьдаатгал ХХК нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Соёмбо Ай Би ХХК-ийг батлан дааж, Шунхлайговь ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г/91 дугаартай Батлан даалтын гэрээг үндсэн гэрээний хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу 24 000 литр шатахууны төлбөрийг худалдан авагч төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр тус тус тохиролцсон болох нь худалдах, худалдан авах гэрээ болон батлан даалтын гэрээнүүд, түүний хавсралт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 10, 12-13/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг худалдах, худалдан авах гэрээ болон батлан даалтын үүрэг үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Шунхлайговь ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу Соёмбо Ай Би ХХК-д шатахууныг нийлүүлж, тухай бүрт нь тооцоо нийлж байсан байх бөгөөд эцсийн тооцоо буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 23 338 литр шатахууны нийлүүлсний төлбөрт 37 341 600 төгрөгийг аваагүй, Соёмбо Ай Би ХХК нь уг төлбөрийг төлөхөө удаа дараа мэдэгдэж байсан үйл баримт зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн актууд, Шунхлайговь ХХК-иас Соёмбо Ай Би ХХК-д хүргүүлж байсан мэдэгдлүүд, Соёмбо Ай Би ХХК-иас Шунхлайговь ХХК-д хүргүүлж байсан хариу албан бичгүүд зэргээр тогтоогдсон байна. /хх 14,17-18, 55-56/

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.11, 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар Шунхлайговь ХХК нь эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгч Соёмбо Ай Би ХХК-иас төлбөрийг шаардах эрхтэй байна. /хх 8-10, 12-13/

Батлан даалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд батлан даагч нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Бодьдаатгал ХХК нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар Соёмбо Ай Би ХХК-ийн худалдан авсан шатахууны төлбөрийг хамтран хариуцахаар үүрэг хүлээгээгүй, мөн нөхөх хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болно.

Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох Соёмбо Ай Би ХХК нь өөрийн худалдан авсан шатахууны төлбөрийг төлөх боломжгүй болсон эсэх нь тодорхойгүй, түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Соёмбо Ай Би ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нөхцөл байдлыг нотолсон талаар баримтгүй, тус байгууллагын хаяг тодорхойгүй, олдохгүй байгаа нь батлан даагчаас төлбөрийг шууд шаардах үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт авагдсан Соёмбо Ай Би ХХК-ийн албан бичгүүдээр тус байгууллага нь төлбөрөө төлөхийг зөвшөөрч байгаа зэрэг нь тогтоогдож байхад батлан даагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. /хх 17-18/

Нэхэмжлэгч Шунхлайговь ХХК нь шатахуун худалдсаны төлбөрийг батлан даагч Бодьдаатгал ХХК-иас шууд шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч, нэхэмжлэч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Талуудын хоорондын батлан даалтын гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч даатгалын компани нь батлан даалтын гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тэрээр бусад этгээдийн өмнө үүрэг гүйцэтгэгчийн үүргийг хүлээж хуулийн этгээдийнхээ хувьд гэрээ байгуулсныг тогтмол эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд өөр этгээдийн үүргийг батлан даахаар хуулийн этгээдийн буюу бие даасан иргэний эрх зүйн харилцааны оролцогчийн хувьд хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдийн тооцоо нийлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс шаардаж буй худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн шатахууны үнэ нь тэдний байгуулсан гэрээний харилцаатай хамааралтай байна. /х.х-ийн 14, 16/

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ., 460.2 дах хэсэгт ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал ... батлан даагчаас шаардах эрхтэй гэж заажээ.

Зохигчдын хоорондын батлан даалтын гэрээнд үүргийг шууд хамтран хариуцахаар заагаагүй учраас ердийн батлан даалтын гэрээний нөхцөл болох үндсэн үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд үүргийг нөхөж хариуцах хариуцлагыг тогтоосон гэж үзэхээр байх тул хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчийн өмнө батлан даалтын гэрээний дагуу үүрэг үүсэх үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Шижирбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Шунхлаговь ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438 012 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

 

Б.НАРМАНДАХ