Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 28

 

Ц.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 748 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багт оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА76012310, Б овогт Ц-ийн Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар баг, 4-01 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО77071237, Шарнууд овогт К-ийн Б-д холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсн төлөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4.800.000 төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэгч Ц.Ш нэхэмжлэлийн агуулга болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Ш миний бие 1976 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Тус сумын Баян-Айраг багт харьяалагдан одоог хүртэл мал маллан амьдарч байна.

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үхэр бэлчээрт К.Б-гийн талбай руу нас гүйцсэн эр үхэр-2, тугалтай эх үхэр-2, 1 эм үхэр орж, хортой царгас идсэнээс болоод үхсэн. Тухайн үед К.Б-гийн талбайн хаалга битүүмжлэлгүй, мал амьтан орох нөхцөл бүрдүүлсэн, царгасыг мал шууд идвэл үхэх аюултайг малчдад мэдээллээгүй байсан тул би хохирсон. Иймд 5 үхрийн үнэ 4.800.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь нийт 565 толгой малтай бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр малаа бэлчээрт нь гаргасан. Тэр өдөр мал хөнгөлөх ажилтай байсан тул малаа дагаж яваагүй. Хэсэг хугацааны дараа яваад очиход К.Б-гийн царгасны талбайд 5 үхэр үхсэн байдалтай байсан. Ингээд үхэр үхсэн талаар 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч К.Б-д мэдэгдсэн. Малд задлан хийхэд царгас өвсийг маш ихээр идэж үхсэн болох нь тогтоогдсон.

Царгас гэдэг өвс нь маш хүчтэй малын тэжээл бөгөөд тунг нь тааруулахгүй бол малд аюултай. Малчид энэ талаар мэддэггүй, мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй. Мөн царгас тариалсан тариалангийн талбай нь малчдын бэлчээрт байдаг. Царгас тариалсан хашаа хороогоо сайн хамгаалаагүйгээс болж нэхэмжлэгч Ц.Ш-ын 5 тооны үхэр үхсэн тул гэм хорын хохиролд 4.800.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч К.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн иргэн К.Б миний бие 2008 оноос өнөөг хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Баян-Айраг багийн иргэн Ц.Ш надад холбогдуулсан гэм хорын хохиролд 4.800.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 24.2-т "Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэснийг зөрчиж, хүний хашаатай талбайг сүйтгэж, малаа удаа дараа оруулж хаврын нялх царгас идүүлсэн. Үүний улмаас 5 үхэр манай царгасны талбай дотор 2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө царгас идэж үхсэн байсан.

 Анх би 2015 онд таримал ургамал тарих зориулалтаар 12 га газрыг зохих журмын дагуу авч, 5 дугаар сард газрыг хагалж, голын 4 га орчимд нь малын тэжээлийн олон наст ургамал болох царгас тарьсан сайхан ургаж эхлэхэд мал дайраад идээд хэцүү байсан ингээд 7 дугаар сарын сүүлчээр 5.000.000 төгрөгийн зардлаар 4 тал торон хашаа барьсан.

Дараа жилээс нь буюу 2016, 2017 онуудад тус талбайгаасаа царгасаа хураан авч өөрсдийнхөө малын тэжээлийг бэлтгэн нөөцлөхийн зэрэгцээ хэрэгцээнээсээ илүү гарсныг нь худалдан борлуулж байсан.

Талбай маань төвтэй ойрхон, бас хавь ойрд нь малчид хавар, намар буудаг болохоор байнга хашаагаа эргэж тойрч хамгаалж байдаг. Энэ хавар ханш нээдэг өдөр, мөн 5 дугаар сарын 3-наас 4-ний үед 2 удаа хашаагаа үзсэн хашаа бүтэн ер мал ороогүй байсан.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 13-14 цагийн хооронд албаны ажлаар усжуулах бригад руу явж байхад замдаа хашаагаа харсан. Нэг морь тайлбайд орсон бололтой байхаар нь мал орсон юм байна, маргааш амралтын өдрөөр хашаагаа үзье гэж бодож байтал өглөө 6 цаг орчимд иргэн Д.Агиймаа утасдаж, тугалтай үхэр ирэхгүй байсан чинь танай царгасны талбайд үхсэн байна гэж хэлсэн.

Ингээд сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн менежер Б.Сайнхүү, тус тасгийн байцаагч М.Золзаяа, Баян-Айраг баг хариуцсан малын эмчийн эхнэр С.Хандаа нарыг дагуулан талбай дээрээ очсон. 5 үхэр хашаан дотор цувран үхсэн байсан, хашааны хаалга нээлттэй, өмнө, хойгуур нь торыг тасласан байсан. Ингээд Ц.Ш, түүний эхнэр Д.Агиймаа нар ирсэн “малаа хараагүйгээс болж хашаан дотор мал үхүүллээ гээд хэл ам болоод хашаа хороо цэвэрлэж өг" гэхэд “бидэнд унаа машин байхгүй хүн хүч муу" гэхээр нь төв орж ачааны машин хөлсөлж, мал ачих 5 хүн гуйж ачиж, сумын хогийн цэгт аваачиж хаясан.

Дараа нь Д.Агиймааг буулгахаар гэрт нь очсон Ц.Ш, Д.А, С.Х манай эхнэр бид 5 хэсэг хугацаанд ярьсан энэ үед Д.Агиймаа манай нөхөр урд 2 орой нь очиж үхрээ хурааж авсан нэг гоё ногоон өвстэй хашаанаас очиж авлаа хэний хашаа юм бол" гэж асууж байсан тухай ярьж байсан. Тэгэхээр өөрсдөө царгастай хашаа руу үхэр нь ороод байгааг мэдсээр байж удаа дараа оруулсан. 5 үхэр биш, Ц.Ш-ын 50, 60 үхэр бүгд л орж идэж байсан байгаа.

Ингэж хүний хашаа сүйтгэж, өвс идэж, дээрээс нь ачилт зэрэг зардал болсон. Тэр өдөр мал хөнгөлөөд зав муутай байсан учраас малаа хараагүй гэж бас ярьж  байсан. Ц.Ш өөрсдөө өнгөрсөн өвөл манай өвснөөс 40 боодол өвс, аавынх нь 60 боодол өвс авч малдаа өгч байсан.

Одоо яагаад хортой гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Хортой, хоргүйг нь мэргэжлийн байгууллага тогтоох байлгүй. Хортой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аймгийн Мэргэжлийн хяналтад өвснийхөө дээж өгсөн. Маргааш нь хашаагаа засаж сэлбэсэн.

Ойр хавийн малчид хашааг санаатайгаар задлаж хойд талдаа 2 газар, дээгүүрээ 1 газар торны залгааг хүн тайлж, хоёр тийш нь татаад уясан байсан, мөн царгас дотор морины хомоол, үхрийн баас зөндөө байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Хаврын чийгээр гарсан өвсийг мал идэж, гишгэж, хэвтэж хоносон ул мөр зөндөө байсан. Урд жилүүдэд зүгээр л байдаг. Бид ургац, бас бус зардлаараа хохирч л байна.

Иймд Баян-Айраг багийн иргэн Ц.Ш-ын шүүхэд гаргасан К.Б-гийн тарьсан хортой царгасыг идээд манай 5 үхэр үхсэн тул 4.800.000 төгрөгийг К.Б-гаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

Гэтэл хариуцагч К.Б ямар гэм буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй. Баруунтуруун сумын ард иргэд нь түлхүү газар тариалан эрхэлдэг онцлогтой. Тариалангийн талбай их хэмжээтэй байдаг. К.Б нь царгас тариалсны төлөө буруугүй. Харин нь хашаа хороогоо сайн хамгаалж, цоожилж, тор татсан байсан. Хэдхэн хоногийн өмнө талбайгаа эргээд явж байхад хашаа нь бүрэн бүтэн байсан байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдөө малаа хариулга маллагаатай байлгах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 748 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч К.Бд холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахтухай Ц.Шын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.750 /ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн748 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, хэт нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.Ш нь Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн малчин бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үхрээ бэлчээрт гаргасан. Гэтэл Ц.Шын 5 тооны үхэр хариуцагч К.Бгийн царгасны талбайд орж царгас идэж хордож үхсэн байдаг.

Хариуцагч К.Б нь царгасны талбайгаа хамгаалаагүйгээс нэхэмжлэгч Ц.Шын 5 тооны үхэр уг талбайд орж царгас идэж үхсэн болохыг хэрэгт нэхэмжлэгчийн талаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “Ц.Ш-ын 5 үхэр Ц.Б-гийн царгасны талбай руу орох үед хашаа хамгаалалтгүй байсан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч Ц.Ш-ын 5 тооны үхэр царгас идэж хордож үхсэн нь хариуцагч К.Б царгасны талбайгаа хамгаалаагүй эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна гэж үзэж гэм хорын хохирол нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

......2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу царгас дөнгөж ургаж эхэлж байх үеэр К.Б-гийн талбайд орж царгас идэж хордож үхсэн нь нотлогдож байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...Мөн нотлох баримт дутуу, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлжүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч К.Б-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4.800.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч К.Б эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй “ гэх хуулийн зохицуулалтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

Зохигчдоос гаргаж өгсөн, хэрэгт авагдсан Баруунтуруун сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, гэрч М.Золзаяа, Б.Сайнхүү, Д.Агиймаа нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Шын 5 тооны үхэр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч К.Бгийн царгасны талбайд орж, царгас өвс их хэмжээгээр идэж түгжирч үхсэн гэх үйл баримт тогтоогдсон байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрхи үйлдэлд К.Б-гийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа “нотлох баримт дутуу, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх утга агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл гэрч асуулгах, шинжээч томилуулах эрхтэй.

Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар давж заалдах гомдол хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 91.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 91.750 /ерөн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН