Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 748

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багт оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА76012310, Борлууд овогт Цан-Алагийн Шагдарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар баг, 4-01 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО77071237, Шарнууд овогт Колягийн Баяраад холбогдох,

     Гэм хорын хохирол 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, иргэдийн төлөөлөгч Т.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Шагдар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цан-Алаг овогтой Шагдар миний бие 1976 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Тус сумын Баян-Айраг багт харьяалагдан одоог хүртэл мал маллан амьдарч байна. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үхэр бэлчээрт К.Баяраагийн талбай руу 2 нас гүйцсэн эр үхэр, 2 тугалны эх, 1 эм үхэр орж8 хортой царгас идсэнээс болоод үхсэн. Тухайн үед тус К.Баяраагийн талбайн хаалга битүүмжлэлгүй, мал амьтан орох нөхцөл бүрдүүлсэн, царгасыг мал шууд идвэл үхэх аюултайг малчдад мэдээллээгүй байсан тул би хохирсон. Иймд 5 үхрийн үнэ 4.800.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Шагдарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь нийт 565 толгой малтай бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр малаа бэлчээрт нь гаргасан. Тэр өдөр мал хөнгөлөх ажилтай байсан тул малаа дагаж яваагүй. Хэсэг хугацааны дараа яваад очиход К.Баяраагийн царгасны талбайд 5 үхэр үхсэн байдалтай байсан. Ингээд үхэр үхсэн талаар 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч К.Баяраад мэдэгдсэн. Малд задлан хийхэд царгас өвсийг маш ихээр идэж үхсэн болох нь тогтоогдсон. Царгас гэдэг өвс нь маш хүчтэй малын тэжээл бөгөөд тунг нь тааруулахгүй бол малд аюултай. Малчид энэ талаар мэддэггүй, мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй. Мөн царгас тариалсан тариалангийн талба нь малчдын бэлчээрт байдаг. Царгас тариалсан хашаа хороогоо сайн хамгаалаагүйгээс болж нэхэмжлэгч Ц.Шагдарын 5 тооны үхэр үхсэн тул гэм хорын хохиролд 4.800.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч К.Баяраа шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн иргэн К.Баяраа миний бие 2008 оноос өнөөг хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Баян-Айраг багийн иргэн Ц.Шагдар надад холбогдуулсан гэм хорын хохиролд 4.800.000 төгрөг гаргуулахаар тус шуухэд нэхэмжлэл гаргажээ. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 24.2-т "Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэснийг зөрчиж, хүний хашаатай талбайг задлаж, малаа удаа дараа оруулж хаврын нялх царгас идүүлсэн. Үүний улмаас 5 үхэр манай хашаатай талбай дотор 5 сарын 19-нйи өглөө царгас идэж үхсэн байсан. Анх би 2015 онд таримал ургамал тарих зориулалтаар 12 га газрыг зохих журмын дагуу авч, 5 сард газрыг хагалж, голын 4 га орчимд нь малын тэжээлийн олон наст ургамал болох царгас тарьсан сайхан ургаж эхлэхэд мал дайраад идээд хэцүү байсан ингээд 7 сарын сүүлчээр 5.000.000 төгрөгийн зардлаар 4 тал торон хашаа барьсан. Дараа жилээс нь буюу 2016, 2017 онуудад тус талбайгаасаа царгасаа хураан авч өөрсдийнхөө малын тэжээлийг бэлтгэн нөөцлөхийн зэрэгцээ хэрэгцээнээсээ илүү гарсныг нь худалдан борлуулж байсан. Талбай маань төвтэй ойрхон, бас хавь ойрд нь малчид хавар, намар буудаг болохоор байнга хашаагаа эргэж тойрч хамгаалж байдаг. Энэ хавар ханш нээдэг өдөр, мөн 5 сарын 3-4 хавьцаа /Харцагаан усруу тариа тарихаар явахынхаа өмнө/ гээд 2 удаа хашаагаа үзсэн хашаа бүтэн ер мал ороогүй байсан. Мөн 5 дугаар сарын 18-ны өдөр 13-14 цагийн хооронд албаны ажлаар Усжуулах бригад руу явж байхад замдаа хашаагаа харсан. 1 морь байхлаар нь мал орсон юм байна, маргааш амралтын өдрөөр хашаагаа үзье гэж бодож байтал өглөө 6 цаг орчим иргэн Д.Агиймаа утасдаж, саадаг үхэр ирэхгүй байсан чинь танай хашаанд үхсэн байна гэж хэлсэн. Ингээд сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн менежер Б.Сайнхүү, тус тасгийн байцаагч М.Золзаяа, Баян-Айраг баг хариуцсан малын эмчийн эхнэр С.Хандаа нарыг дагуулан талбай дээрээ очсон. 5 үхэр хашаан дотор цувран үхсэн байсан, хашааны хаалга онгорхой, энд тэндүүр бүтэн торыг тасласан байсан. Ингээд Ц.Шагдар эхнэр Д.Агиймаа нар ирсэн М"алаа хараагүйгээс болж хашаан дотор мал үхүүллээ энэ тэр гээд хэл ам болоод хашаа хороо цэвэрлэж өг" гэсэн Б"ид унаа машин байхгүй хүн хүч муу" гэхээр нь төв орж ачааны машин хөлсөлж, мал ачих 5 хүн гуйж ирж ачиж, сумын хогийн цэгт аваачиж хаясан. Дараа нь Д.Агиймааг буулгахаар гэрт нь очсон Ц.Шагдар, эхнэр Д.Агиймаа, С.Хандаа манай эхнэр бид 5 баахан ярьсан энэ үед Д.Агиймаа М"анай нөхөр урд 2 орой нь очиж үхрээ хурааж авсан нэг гоё ногоон өвстэй хашаанаас очиж авлаа хэний хашаа юм болоо" гэж асууж байсан гэж ярьж байсан тэгэхлээр өөрсдөө царгастай хашаа руу үхэр нь ороод байгааг мэдсээр байж удаа дараа оруулсан. Энэ чинь 5 биш, тэр айлын 50, 60 үхэр бүгд л орж идэж байсан байгаа. Ингэж хүний хашаа сүйтгэж, өвс идэж, дээрээс нь ачилт энэ тэр гэж зардал болсон. Тэр өдөр мал хөнгөлөөд зав муутай байсан учраас малаа хараагүй гэж бас ярьж л байсан. Энэ айл өөрсдөө өнгөрсөн өвөл манай өвснөөс 40 боодол өвс, аавынх нь 60 боодол өвс авч малдаа өгч л байсан. Тэгээд яагаад хортой энэ тэр гээд батлагдаагүй юм хэлээд байгаа. Хортой, хоргүйг нь мэргэжлийн байгууллага хэлж өгөх байлгүй. Хортой гэдэг дээр эсэргүйцэж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтад өвснийхөө дээж өгсөн. Маргааш нь хашаагаа засаж сэлбэсэн. Ойр хавийн малчид хашааг санаатайгаар задлаж хойд талдаа 2 газар, дээгүүрээ 1 газар торны залгааг хүн тайлж, хоёр тийш нь татаад уясан байсан, мөн царгас дотор морины хомоол, үхрийн баас зөндөө байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Хаврын чийгээр гарсан өвсийг мал идэж, гишгэж, хэвтэж хоносон ул мөр зөндөө байсан. Урд жилүүдэд зүгээр л байдаг. Бид ургац, бас бус зардалаараа хохирч л байна. Иймд Баян-Айраг багийн иргэн Ц.Шагдарын шүүхэд гаргасан К.Баяраагийн тарьсан хортой царгасыг идээд манай 5 үхэр үхсэн тул 4.800.000 төгрөгийг К.Баяраагаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулий 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч К.Баяраа ямар гэм буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй. Баруунтуруун сумын ард иргэд нь түлхүү газар тариалан эрхэлдэг онцлогтой. Тариалангийн талбай их хэмжээтэй байдаг. К.Баяраа нь царгас тариалсны төлөө буруугүй. Харин нь хашаа хороогоо сайн хамгаалж, цоожилж, тор татсан байсан. Хэдхэн хоногийн өмнө талбайгаа эргээд явж байхад хашаа нь бүрэн бүтэн байсан байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдөө малаа хариулга маллагаатай байлгах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   Иргэдийн төлөөлөгч Т.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэмгүй, үндэслэлгүй” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Ц.Шагдар нь хариуцагч З.Баяраад холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

     Нэхэмжлэгч Ц.Шагдарын 5 тооны үхэр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч К.Баяраагийн царгасны талбайд орж, царгас өвс их хэмжээгээр идэж түгжирч үхсэн болох нь  Увс аймгийн Баруунтуруун сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.Золзаяагийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, гэрч М.Золзаяа, Б.Сайнхүү, Д.Агиймаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

    Гэвч Ц.Шагдарын 5 тооны үхэр нь хариуцагч К.Баяраагийн гэм буруутай үйлдлийн улмаас үхсэн болох нь тогтоогдохгүй байна.

    Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

    Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаантай холбоотой байх, хариуцагч нь гэм буруутай байхыг шаарддаг.

    Нэхэмжлэгч Ц.Шагдар нь “К.Баяраагийн талбайн хаалга битүүмжлэлгүй байсан, мал амьтан орох нөхцөл бүрдүүлсэн, царгасыг мал шууд идвэл үхэх аюултайг малчдад мэдээлээгүй” гэж тайлбарлан, энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 11 ширхэг гэрэл зураг, мөн хариуцагчаас 9 ширхэг гэрэл зургийг ирүүлсэн байх боловч эдгээр гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хаана, хэзээ, ямар эрх бүхий этгээд бэхжүүлсэн нь тодорхойгүй байна.

      Мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас Ц.Шагдарын 5 тооны үхэр К.Баяраагийн царгасны талбай руу орох үед хашаа, хамгаалалтгүй байсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 5 тооны үхэр үхсэн, нэхэмжлэгчид 4.800.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоох боломжгүй юм.

    Нөгөө талаар, нэхэмжлэгч нь мал аж ахуй эрхэлж байгаагийн хувьд тэрээр өөрийн малыг хаана бэлчээрлэдгийг хянаж, байнгын хариулагатай байлгах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгааг дурдах нь зүйтэй.  

    Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч К.Баяраад холбогдох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Шагдарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Шагдарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч К.Баяраад холбогдох эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Ц.Шагдарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Шагдарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.750 /ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

         

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.БОЛОР

                                    ШҮҮГЧИД                                                   Н.ГЭРЭЛТУЯА

                                                                                                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ