Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 87

 

Б.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0270/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       Б.У-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 294 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ын У-т холбогдох, 2018000590026 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ын У-.

Б.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг “Шинэ орчин” худалдааны төвийн гутал засварын газраас иргэн Д.Э-гийн 5.2 граммтай монетон хос ээмгийг хулгайлан  авч 598.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 294 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Б-ын У-ыг бусдын эд хөрөнгийг  авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.У-ыг 10 /арав/ сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 10 /арав/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2.т зааснаар шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1.д “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг.

Б.У-ын эцэг, эх нь нас барж бүтэн өнчин өссөн байдал нь түүний хүмүүжил доголдоход хүргэсэн байгаа. Б.У-ыг нийгэм, хамт олон, гэр бүлээс нь тусгаарлан хорихгүйгээр нийгэмших боломжийг олгох арга хэмжээ авах нь олон сараар хорихоос илүү үр дүнтэй засарч хүмүүжих бололцоо нөхцөл болно. Манай улсын хорих байгууллага өнөөдөр хэнийг ч болов хүмүүжүүлж гаргасан уу гэвэл үгүй л гэж хэн ч хэлнэ. Архаг гэмт хэрэгтнүүд хоригдож буй ялтангуудтай цуг байснаар хэзээ ч сайн зүйлийг сурахгүй.

Гэмт хэрэгт холбогдсон залуу хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын бодлого нь нийгэм, хамт олон, найз нөхөд, гэр бүлээс тусгаарлан гэмт хэрэгтэн гэдэг мэдрэмжийг нэмэгдүүлэхэд бус нийгэмд эргэн ороход нь туслах замаар итгэл үзүүлэхэд чиглэгдэх нь илүү үр дүнтэй арга гэж өмгөөлөгч би дүгнэж байна. Б.У- нь өнгөрсөн цагдан хоригдсон хугацаандаа гэмт хэрэг үйлдэх нь хэчнээн буруу зүйл гэдгийг маш сайн ухамсарлан ойлгож цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ хэлдэг.

Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байдал, хөдөлмөр хийж засран хүмүүжих боломжийг олгох үүднээс хорих ялыг нийтэд тустай ажил хийх ялаар сольж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.У- тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлж хүндрэл учруулсан байдаг. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл Б.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг “Шинэ орчин” худалдааны төвийн гутал засварын газраас иргэн Д.Э-гийн 5.2 граммтай монетон хос ээмгийг хулгайлан  авч 598.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. 

Шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Э-гийн мэдүүлэг, гэрч  М.Б-,  Н.А-, О.Ц- нарын мэдүүлэг, “Капитал зууч” ХХК-н  шинжээчийн  2020-01-13-ны өдрийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан хохирлын  хэмжээг зөв тооцож, гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт  заасан  төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Гэвч шүүгдэгч Б.У- нь үйлдсэн хэргээ үнэн, зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан болон хохирогч гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан буюу тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 294 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-р заалтыг:

          -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч  Б.У-ыг 720  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй гэж.,

          - шүүгдэгч Б.У- энэ хэрэгт 109 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн тооцож 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай гэж., өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                    ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ