Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/294

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2020/0270/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Д.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч Б.У- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.У-д холбогдох эрүүгийн 2018000590026 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч дүү нарын хамт амьдардаг, урьд 1 удаа шийтгүүлж байсан, Б.У/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг “Шинэ орчин” худалдааны төвийн гутал засварын газраас иргэн Д.Э-гийн 5.2 граммын монетон хос ээмгийг нууцаар хууль бусаар авч 598.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэв.

Хохирогч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим Б.У- гутлаа оёулах гэж орж ирсэн. Тухайн өглөө миний монетон ээмэгний нэг нь мултраад байхаар нь хоёуланг нь тайлаад сэйфэн дээр тавьсан байсан. Гэтэл гаднаас энэ хүү гутлаа оёулах гээд орж ирсэн. Би оёдол ийм байдаг гэж үзүүлэх хооронд ээмгийг минь авсан юм билээ. Камер шүүхэд 2 давхар хүртэл миний ээмгийг үзээд явж байгаа харагдсан. Ингээд цагдаагийн газар өргөдөл бичиж өгсөн.

.. Хохирлыг минь барагдуулбал гомдол, саналгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2018000590026 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 10 өглөө 11 цагийн үед Шинэ орчин төвийн 1 давхарт байх гуталчин эгч дээр ороод гутлаа янзлуулах гээд тайлаад өгсөн юм. Тэгтэл тэр гуталчин эгч “гутал чинь хэрж оёх юм байна болох юм уу чи өөрөө орж ирээд хараадах” гэхээр нь үүдэнд байсан улавчнаас нэгийг өмсөөд лангууных нь араар ороод гутлаа хараад тэр эгчид ариа муухай юм байна гэсэн чинь тэр гуталчин эгч гараар оёдог хүнээр оёулсан дээр гэсэн юм. Тэгээд лангууных нь араас буцаад гарахдаа тэр гуталчин эгчийн сейфэн дээр байсан 2 ширхэг ээмгийг аваад халаасандаа хийсэн юм. Ингээд тэр гуталчин эгчээр гутлаа оёулахаа болиод гараад явсан. Гуталчингаас гараад “Шинэ Орчин” төвөөр явж байгаад гараад “Цуурай Цо”-н 1 давхарт алт мөнгө авдаг нэг эгч дээр очоод гуталчингийн сейфэн дээрээс авсан ээмгээ үзүүлтэл монетон ээмэг байна гээд граммлаж үзээд надад 325,000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөг өгсөн. Яг хэдэн грамм монет болсныг нь би мэдээгүй. Ээмэг авдаг эгч шигтгээнүүдийг нь хасаж тооцно гэж байсан юм. Би ээмэг зарсан мөнгөөрөө Олон улсын худалдааны төвөөс I Phone-6 маркийн гар утас 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн мөнгөөр мөнгөөр нь ууж идээд дуусгасан” гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр 11 цаг өнгөрч байхад Ууганбаатар намайг ээжийн ажил дээр байхад орж ирээд найз нь сая ээмэг оллоо гээд шаргал өнгийн ээмэг харуулж байсан. Энэ төмөр үү монет уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх 11/,

Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цаг өнгөрч байхад нэг танихгүй залуу орж ирээд надад ээмэг үзүүлээд энэ монет мөн үү гэхээр нь би үзээд мөн байна гэсэн чинь та граммлаад үздээ гэхээр нь жинлүүр дээр тавьж үзэхэд 5 грамм монетон ээмэг байсан. Тэгтэл тэр залуу та авах уу гэхээр нь би авнаа хэний ээмэг юм гэж асуухад манай эгчийн ээмэг байгаа юм гэсэн. Ингээд би 1 грамм монетийг 65,000 төгрөгөөр бодоод 325,000 төгрөг болж байна гээд чи зарж болж байгаа юм уу гэхэд “манай эгч зараад мөнгийг нь аваад ир гээд явуулсан юм” гэхээр нь би 325,000 төгрөгийг нь тоолж өгсөн. Уг залуу манай ажлаас гараад явахаар нь араас нь харахад Ихэр могойн урдаас таксинд суугаад явсан.” гэх мэдүүлэг /хх 12/,

Гэрч О.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цаг өнгөрч байхад нэг залуу надаас I Phone-6  маркийн гар утас 250000 төгрөгөөр худалдаж аваад явсан” гэх мэдүүлэг /хх 14/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “монетон ээмэг /5.2 гр/ 1 хос 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 598000 төгрөг байна” /хх 17-18/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/,

 

Шүүгдэгч Б.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 32-34/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 37-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 76/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг “Шинэ орчин” худалдааны төвийн гутал засварын газраас иргэн Д.Э-гийн 5.2 граммын монетон хос ээмгийг нууцаар хууль бусаар авч 598.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

  

Шүүгдэгч Б.У- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.У-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Э-д 598000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.У-, Н.Баярмаа нар нь хохирол төлбөрийг төлөхтэй холбоотой завсарлага авч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.У- энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон /хавтаст хэргийн 128/ 37 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.У-т 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг хорих ялын 37 /гучин долоо/ хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ