Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/01002

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/01002

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г банк нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.Б-д холбогдох

 

гэрээний үүрэг 3,654,012.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч М.Б, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагчтай 2016.03.04-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн эрхтэй картыг бэлэн гүйлгээнд жилийн 42,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2018.03.04-ны өдөр дууссан боловч М.Бнь төлбөрийг төлөөгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхой үндэслэлээр шүүхээс буцааж байсан, банкнаас зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдож, шаардаж байсан ... иймд үндсэн зээлийн төлбөр 999,600 төгрөг, 2016.03.04-ний өдрөөс 2016.03.06-ны өдрийг хүртэл бэлнээр авсан хүүний төлбөр 2,280.66 төгрөг, 2016.03.06-ны өдрөөс 2022.03.01-ний өдрийг хүртэл хүүгийн төлбөр 2,511,732.33 төгрөг, шүүхийн зардал 140,400 төгрөг нийт 3,654,012.99 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016.03.04-ны өдөр Голомт банкны кредит картнаас 1,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед ажлын газрын тушаал гарч хөдөө томилогдон ажилласан. Хөдөө ажиллах хугацаандаа бичиг баримтаа гээгдүүлж тухайн зээлээ мартсан байсан. 2018 оны сүүлээр гэнэт Голомт банкнаас утасдаж, одоо зээлээ төлөөрэй, хүү, алданги 2,7 сая төгрөг болсон гэж тавлах маягаар мэдэгдсэн. Тухайн үед нь мэдэгдсэн бол төлбөрөө төлөх байсан. Миний утасны дугаар өөрчлөгдөөгүй хэвээр байсан ... Зээлийн картын хугацаа дууссан. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019.03.04-ны өдөр дууссан. Мөн 2020 оны коронавируст цар тахал үүссэнээс болж эргэн төлөлтөө төлж чадаагүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд үндсэн зээл 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үлдэгдэл 2,654,012 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2021.08.09-ны өдрийн эрх олгох тухай тушаал, Голомт банкны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, бүтээгдэхүүний нөхцөл 2016.03.04-ний өдрийн №ЗГ/КР16/10 гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.02.02-ны өдрийн 184/ШЗ2021/01278 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.10-ны өдрийн 182/ШШ2021/00987 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.10.16-ны №80, 2020.07.28-ны №122 дугаар тодорхойлолт, 2019.10.11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.10.23-ны өдрийн 181/ШЗ2020/13690 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, утсаар ярьсан тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 182/ШЗ2020/00919 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.19-ны өдрийн 181/ШЗ2019/12999 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг гаргасан.

Хариуцагч тал нотлох баримт гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч М.Б холбогдуулан гэрээний үүрэг 3,654,012 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г банк ХХК болон хариуцагч М.Б нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Голомт банкны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, бүтээгдэхүүний нөхцөл гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 1,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 2 жилийн хугацаатай, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувиар ашиглуулах, хариуцагч нь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүүг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г банк ХХК нь зээл, банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ зээлийн картын хугацаа дууссан, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал бий болсон зэрэг хэд хэдэн үндэслэлийг дурдсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Г банк ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч М.Баттулгаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх зарчимд нийцнэ.

 

  Талуудын байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч анх гэрээний хугацааны хүү 941,749.90 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 403,622.57 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 377,249.13 төгрөг гэж хүүгийн төлбөрийг тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээ байгуулсан өдрөөс хойш 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хүүгийн төлбөрийг жилийн 42 хувиар тооцож нийт 2,514,012.99 төгрөгийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардсан.

 

Хариуцагч М.Б нь кредит картыг ашиглаж бэлэн гүйлгээгээр 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 991,500 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 8,100 төгрөгийн бэлэн гүйлгээ хийж нийт 999,600 төгрөгийн зээл авсан болох нь кредит картын тооцооллын хүснэгт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Тиймээс хариуцагчид үндсэн зээлээс гадна эиллийн 42 хувиар тооцож 2 жилийн хугацааны хүүгийн төлбөр нийт 839,664 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан.

 

Гэвч талууд нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээний талаар гэрээнд тусгаагүй ба энэ талаар харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтай байх тул нэхэмжлэгч Г банк ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд хүүгийн төлбөр шаардах эрхгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч шүүхийн зардал буюу хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч тухайн зардал нь хариуцагчийн үйлдэлтэй шууд холбоотой гэж үзэхгүй ба нэхэмжлэгч өөрийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд үндэслэгдэн гарсан зардал байх тул хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой буюу нэхэмжлэлийг үгүйсгэх аливаа баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн талаар зээлдэгч байгууллага сануулаагүй, коронавируст цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн гэх тайлбар нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцааг үгүйсгэх, цаашлаад хариуцагчийг зээл, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан утсаар ярьсан тэмдэглэл, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр, эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосон тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргээр энэ хугацаанд зээлийн үүргээ биелүүлэхийг шаардаж, мэдэгдэж байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ. Талуудын хувьд зээлийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2 жилийн хугацаатай байгуулсан тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх үүссэн үеэс буюу гэрээний хугацаа дууссан 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоологдоно.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.19-ны өдрийн 181/ШЗ2019/12999 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдогдуулж зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг 2019 онд гаргаж байсан, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Үүнээс хойш 2020, 2021 онд нэхэмжлэлээ дахин гаргасан боловч мөн хариуцагч М.Б оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байх ба хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр 2020, 2021 онд хоёр удаа гарч байсан талаар хэрэгт шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр баримтаар авагджээ.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүх зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 999,600 төгрөг, гэрээний хугацааны хүүгийн төлбөр 839,664 төгрөг нийт 1,839,264 төгрөгийг хариуцагч М.Б гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,814,748 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 85,419 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,378 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б 1,839,264 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,814,748 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б 44,378 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчгуравдагч этгээд, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН