Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01348

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

               

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/01002 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн хариуцагч М.Б-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 3,654,012.99 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М.Бтай 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн эрхтэй картыг бэлэн гүйлгээнд жилийн 42,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч М.Б төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүхээс нэхэмжлэлийг буцааж байсан, зээлээ төлөхийг шаардаж байсан. Иймд М.Бас үндсэн зээл 999,600 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх бэлнээр авсан хүү 2,280.66 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүү 2,511,732.33 төгрөг, шүүхийн зардал 140,400 төгрөг, нийт 3,654,012.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “ГБ” ХХК-ийн кредит картнаас 1,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед хөдөө ажиллаж байсан ба бичиг баримтаа гээгдүүлж зээлээ мартсан байсан. 2018 оны сүүлээр ГБнаас утсаар холбогдож зээлээ төл, хүү, алданги 2,700,000 төгрөг болсон гэж мэдэгдсэн. Тухайн үед нь мэдэгдсэн бол төлбөрөө төлөх байсан. Хариуцагчийн утасны дугаар өөрчлөгдөөгүй. Зээлийн картын хугацаа дууссан. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дууссан. 2020 онд коронавируст цар тахлаас болж зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд үндсэн зээл 1,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэгдэл 2,654,012 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бас 1,839,264 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ГБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,814,748 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,419 төгрөгийг улсын орлогод үлдээн хариуцагч Д.Бас 44,378 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ГБ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 1,814,748 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд, “ГБ” ХХК нь зээлийн гэрээ, Иргэний хууль, Банк эрх бүхий этгээд зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийг эргүүлэн төлж дуусах хүртэл хүүгийн төлбөр шаардах эрхтэй. Иргэний хууль болон Банк, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар гэрээний хугацааг хэтрүүлсэн бол зээлийн хүүг төлөхөөс гадна, нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр зохицуулсан. Шүүх “ хугацаандаа байгаа зээлийн хүү, зээлийн хугацаа дууссанаас хойш хүү” гэж тус тусдаа байдаг мэт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлд дурьдсан үнийн дүнгээс 99 мөнгийг орхигдуулж шийдвэрлэсэн. Иймд М.Бас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,654,012.99 төгрөг гаргуулан “ГБ” ХХК-д олгох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн зээл, хүү, хохиролд нийт 3,654,012.99 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.Б 1,000,000 төгрөг төлж барагдуулна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3.Хариуцагч М.Б 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “ГБ” ХХК-тай зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээг карт эзэмших хугацаа 2 жил, зээлийн эрхийн хэмжээ 1,000,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 2,0 хувь, бэлэн мөнгөний хүү 3,5 хувь байх нөхцөлтэй байгуулсан байна. /хх6/

4.Тэрээр хариуцагч нь бэлэн гүйлгээгээр 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр   991,500 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 8,100 төгрөг нийт 999,600 төгрөгийн зээл авсан, гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дууссан, зээлийг хүүгийн хамт буцаан өгөх үүрэг биелэгдээгүй үйл баримт тогтоогджээ. 

5.Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг буруу тодорхойлжээ.  Талууд гэрээний 3.2-т карт эзэмшигч нь зээлийн эрхээс бэлэн мөнгө авсан бол гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн төлөх өдөр хүртэл хугацаанд бэлэн зарлагын гүйлгээний дүнд бэлэн мөнгөний хүү тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг үүргийг шаардах эрхтэй.

6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч М.Б-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр 2 шийдвэр хэрэгт авагдсан, нэхэмжлэгч хэрэг тус бүрт улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эрэн сурвалжилах ажиллагаа явагдаж байхад дахин уг асуудлаар шүүхэд хандаж гаргасан зардал нь хариуцагчид хамаарахгүй, өмнөх шүүхийн зардал болох 70,200 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардана. /хх33, 44-46/

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн хариу төлбөр нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү байна. Гэтэл нэхэмжлэгч хуульд байхгүй “эрх хэтрүүлсний хүү” гэж 377,249 төгрөг  шаардаж байгаа нь үндэслэлгүй, эрх хэтрүүлсэн гэх үүргийн зөрчил тодорхойгүй, нотлох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

8.Хариуцагч үндсэн зээл 999,600 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны /гэрээний болон хэтэрсэн хугацааны/ хүүд 1,345,372,47 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 2,415,172,47 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.   

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/01002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 1,839,264 ...” гэснийг “... 2,415,172.47 ...” гэж, “... 1,814,748 ...” гэснийг “... 1,238,840.52 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 43,986 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

                         

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

                                           ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                               А.МӨНХЗУЛ