Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2018/01121

 

 

 

 

 

 

    2018 оны 05 сарын 29 өдөр

     Дугаар 182/ШШ2018/01121

            Улаанбаатар хот

 

                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Б-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

СЭХХК-ийн 2018.01.25-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  З.Б нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.11-ний өдрийн 7631 дугаартай захирамжаар Б.Б-с95,656,000 төгрөг гаргуулж Дроад ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах Ү-****  дугаарт бүртгэлтэй гуравдагч этгээд Б.Огийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг үнэлсэн. Үнэлгээ хийсэн СЭХХК нь тус 2 өрөө орон сууцыг 80,995,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээг НШШГГ бидэнд 2018.01.26-ны өдрийн 4/1794 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг 2018.02.12-ны өдөр шуудангаас хүлээн авч, гомдлоо гаргасан. Гомдол хуулийн хугацаандаа байгаа. СЭХХК-ийн уг үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур байна. Учир нь үнэлгээ хийлгэсэн 2 өрөө орон сууц нь хотын А зэрэглэлд байршилтай, үйлдвэр үйлчилгээнд ойр, сүүлд баригдсан шинэ байр юм. Мөн үнэлгээний тайланд заасан шаардлага хангахгүй, битүүмжилж хураагаагүй эд хөрөнгөд үнэлгээ хийсэн, 7631 дугаар шийдвэрт заагаагүй эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа хийсэн байх тул уг үндэслэлүүдээр СЭХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.11-ний өдрийн 7631 дугаартай захирамжаар Б.Б-с95,656,000 төгрөг гаргуулж Дроад ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Б.О нь Б.Б-ны зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, 48,43 м.кв, Ү-****  дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг ПББСБ-д барьцаалан улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. Төлбөр төлөгч Б.Б-ны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тус орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2017.09.12-ны өдрийн 3/22255 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О-н төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Тусгайлан хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ НЬ:

           

          Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч НШШГГ холбогдуулж СЭХХК-ийн 2018.01.25-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргасан байна гэж дүгнэлээ.

 

          Учир нь нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч НШШГГ-*ын2018.01.26-ны өдрийн 4/1794 дугаартай шинжээчийн тогтоосон үнийн талаарх албан бичгийг буюу мэдэгдлийг 2018.02.12-ны өдөр шуудангаас хүлээн авч, 2018.02.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүний үндэслэж байгаа шуудангийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй хэдий ч хариуцагч энэ талаар маргаагүй бөгөөд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

          Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг СЭХХК-ийн үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур, үнэлгээ хийлгэсэн 2 өрөө орон сууц нь хотын А зэрэглэлд байршилтай, үйлдвэр үйлчилгээнд ойр, сүүлд баригдсан шинэ байр, мөн дүгнэлт нь үнэлгээний тайланд заасан шаардлага хангахгүй, битүүмжилж хураагаагүй эд хөрөнгөд үнэлгээ хийсэн, 7631 дугаар шийдвэрт заагаагүй эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа хийсэн гэж тайлбарласныг хариуцагч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

          Бид даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О нь нэхэмжлэгч Б.Б-ны нэхэмжлэлийг дэмжсэн болно.

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.11-ний өдрийн 7631 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Бнь 95,656,000 төгрөгийг ПББСБ-д тодорхой графикийн дагуу төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.28-ны өдрийн 12533 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, 2016.03.28-ны өдөр 1359 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар уг албадан захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу гүйцэтгэх ажиллагааг үүсгэн холбогдох ажиллагааг явуулсан байх ба, уг ажиллагааны үнэлгээ болон хоёр удаагийн албадан дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч Б.Бгомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.18-ны өдрийн 213 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Түүнчлэн НШШГГ-*ынулсын байцаагчийн 2017.04.11-ний өдрийн 17 дугаартай актаар шийдвэр гүйцэтгэгч Ж.О-н 2016.08.12-ны өдрийн 119/08 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүйд тооцсон, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О нь уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.02-ны өдрийн 1595 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь эд хөрөнгө хураах ажиллагаанаас шинээр эхэлсэн байх бөгөөд НШШГГ-*ын2017.04.22-ны өдрийн 119/09 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О-н өмчлөлийн ПББСБ-ын зээлийн барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, 48,43 м.кв, Ү-****  дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хураан, тэмдэглэл хөтөлж, нэхэмжлэгч Б.Б-сэд хөрөнгийн талаарх үнэлгээг авсан, тэрээр 2017.10.31-ний өдөр маргаан бүхий орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч ПББСБ зөвшөөрөөгүй байна.

 

Иймд НШШГГ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д зааснаар маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, 48,43 м.кв, Ү-****  дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэхээр 2017.11.28-ны өдрийн 345 дугаартай тогтоолоор СЭХХК-ийг томилсон байх бөгөөд СЭХХК-ийн 2018.01.25-ны өдрийн үнэлгээний тайлангаар тухайн эд хөрөнгийг 80,995,000 төгрөгөөр үнэлсэн, НШШГГ нь уг үнэлгээний талаар нэхэмжлэгч Б.Б-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгджээ.

 

Дээрх үйл баримтууд нь зохигчдын тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд, эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тогтоол хүчингүй болгох тухай акт, эд хөрөнгө хураасан тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол, үнэлгээний тайлан, үнэлгээний талаарх мэдэгдэл, ПББСБ-ын албан бичиг, Б.Б-ны үнийн санал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн талаарх лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл дээр дурдсан үйл баримтуудын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь СЭХХК-ийн үнэлгээ яагаад бодитой бус, зах зээлийн ханшаас доогуур байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар баримтаар нотолж чадсангүй.

 

Тодруулбал СЭХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа “дүгнэлт нь үнэлгээний тайланд заасан шаардлага хангахгүй, битүүмжилж хураагаагүй эд хөрөнгөд үнэлгээ хийсэн, 7631 дугаар шийдвэрт заагаагүй эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа хийсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь СЭХХК-ийн үнэлгээчин Г.О нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тайлан гаргасан байх бөгөөд уг тайлан нь яагаад шаардлага хангаагүй болох нь тодорхойгүй, маргааны зүйл болсон эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан болон маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, 48,43 м.кв, Ү-****  дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц нь төлбөр авагч ПББСБ-ын зээлийн барьцаанд байгаа үйл баримтууд нэгэнт тогтоогдсон болно.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018.02.13-ны өдөр хүлээн авч, 2018.02.20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн төлөөлөгчид 2018.04.03-ны өдөр эрх, үүрэг тайлбарлан өгсөн байх бөгөөд иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч тал нь маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, 48,43 м.кв,                               Ү-****  дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргах боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд эрхээ хэрэгжүүлэхэд шүүх саад болоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд НШШГГ-т холбогдох СЭХХК-ийн 2018.01.25-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Б-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Ж.О-лд 2018.05.10-ны өдөр шүүх хуралдааны товыг түүний 89 дугаарын утсаар залгаж мэдэгдсэн, түүнчлэн байгууллагын оршин байрлах хаягаар хурлын товыг хүргэсэн байх бөгөөд хариуцагч талыг шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ. Хариуцагчийн төлөөлөгч Ж.О нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, хэргийн материал танилцах зэргээр эрх, үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох СЭХХК-ийн 2018.01.25-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Б-ны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Б.Б-стэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Т.ЭНХТУЯА